Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/10

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Д.Алимаа,

Нарийн бичгийн дарга: Н.Ням, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дашцэрэн,

Шүүгдэгч: Ү.Даваабаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаагийн шүүгдэгч Боржигон овогт Үржинхандын Даваабаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2327000000012 дугаартай, 146/2023/*****/Э индекстэй хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, **** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, *** настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн Хархорин сумын ******** багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2017 оны **** дүгээр сарын 13-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 01 жил 06 сарын хугацаагаар тэнссэн,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны *** дугаар сарын 08-ны өдрийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тус хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны *** дугаар сарын 22-ны өдрийн ****** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, Боржигон овогт Үржинхандын Даваабаяр /РД: ЙР97102777/

                                       Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн байранд тус цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа ажилтай ******** албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан өмсөж байсан албаны хувцсыг нь санаатайгаар урж гэмтээн хүч хэрэглэж эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг улсын яллагчаас шинжлэн судлав. Үүнд:

хохирогч ****** мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/, гэрч ****** мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/, гэрч ****** мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/, Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан ***** дугаартай дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 67-68 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/ зэрэг болно.

                                           Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан болно.

Шүүгдэгч ****** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн байранд тус цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа ажилтай ****** албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан өмсөж байсан албаны хувцсыг нь санаатайгаар урж хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан

хохирогч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 20 цагаас 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 цаг хүртэлх хугацаанд ...томилгооны дагуу хяналт шалгалт хийж байх үед ********* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодож явж байсан тул цагдаагийн хэлтсийн байранд хүргэгдэн ирж согтуурал хэмжих багаж ашиглан согтуурлыг шалгуулах талаар тайлбарлаж өгөхөд үлээхээс татгалзсан. ...Гар утсыг нь авсан чинь эсэргүүцэж миний тухайн үед өмсөж байсан өвлийн ногоон хантаазны энгэр хэсгээс хоёр гараараа барьж аваад санаатай татаж урж гэмтээсэн. Саатуулах байрны үүдэнд очихоос өмнө замын цагдаагийн алба хаагч нарын өрөөнд байх үедээ 2 удаа утсаар ярьсан. Ар гэрийн хүмүүст мэдэгдэж ярьж хэлсэн. Согтуурал хэмжигч багажаар шалгуулах талаар тайлбарласан боловч гар утсаа өгөхгүй би 2 пиво уусан сумын төвд найзыгаа хүргэж өгөөд буцаад явах гэж байна би байнга ингэж явдаггүй шүү гэх мэтээр тавьсан шаардлага биелүүлэхгүй эсэргүүцэж эхэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...****** ойртож очих үед архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй танаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байна цагдаагийн хэлтсийн байранд очиж согтуурал хэмжигч багажаар шалгуулах шаардлагатай байна гэдгийг тайлбарлаж хэлж өгсөн. Эхлээд за тэгье гэж ярьж байснаа удалгүй би машинд чинь сууж явахгүй би чадахгүй би яагаад та нартай хамт явах ёстой юм та нар тэгээд яах юм хэзээ ийм болчихсон юм гэж эсэргүүцэж өгсөн. ...Саатуулах байрны үүд хэсэгт очоод цагдаагийн дэд ахлагч ****** тухайн иргэнд хандаж гар утсаа хураалгах талаар 2-3 удаа сануулсны дараагаар гар утсыг нь авсан чинь ****** албаны дүрэмт хувцасны гадуур өмсдөг гэрэл ойлгогч өвлийн ногоон хантаазны энгэр хэсгээр хоёр гараараа барьж байгаад доош нь дугтарч татаад урчихсан... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

гэрч ********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Шүүхийн шийтгэврээр Цагдаагийн хэлтсийн баривчлах байранд 6 хоног болж байна. ...Тухайн үед надтай цуг байсан 7 хүн бүгд хувцсаа өмсөөд гадагш гарах гэж байсан. Тухайн зөрчил гаргасан эрэгтэй хэлэхдээ “та нар ийшээ хийхгүй шүү гэж намайг явуул” гэж орилж байсан. Хоёр цагдаагийн алба хаагч зөрчил гаргасан гэх эрэгтэйн дэргэд байсан. Тэгсэн гэнэт хувцас урагдах шиг болсон чинь нэг цагдаа нь хувцас урчихлаа гэж хэлж байсан. Яг хувцас урагдаж байхыг бол хараагүй. Ойрхон байсан учраас хувцас урагдаж байгаа чимээ нь тод сонсогдсон. Ханз татчих шиг болсон. Зодож цохиогүй. Эрүүлжүүлэх саатуулах байрны эмч ирж тухайн иргэний биеийн байдлыг үзээд хэвийн байна гэж ярьж байсан. Алба хаагч нар зүй бус харьцаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 12 дугаар сарын 27-ны зах зээлийн үнэлгээгээр нийт 18,000 /арван найман мянган төгрөг/-р үнэлэгдэв...” гэх ****** дугаартай дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 67-68 дугаар хуудас/,

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, эд мөрийн баримт,

шүүгдэгч ********* шүүх хуралдаанд ...би гэм буруугаа ойлгож байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн байранд тус цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа ажилтай ********г албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан өмсөж байсан албаны хувцсыг нь санаатайгаар урж хүч хэрэглэж эсэргүүцсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэх шинжийг бүрэн хангаж байх бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч ******** нь албан үүргээ гүйцэтгэж хууль ёсны шаардлага тавьсан хууль сахиулагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, эсэргүүцэл үзүүлж хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч ******** хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан нь үндэслэлтэй.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Д.Дашцэрэн нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргахгүй гэв.

Шүүхээс шүүгдэгч ********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож байна.

Хохирогч ****** шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд суухгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

                                     Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгчид оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.

Шүүгдэгч түүний өмгөөлөгч Д.Дашцэрэн нар улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж зэргийг харгалзаж улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** овогт ************* хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгчид оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээв.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********* овогт ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** овогт ************ хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгчид оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг Сиди бичлэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ДУЛМАА