| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2019/01129/и |
| Дугаар | 01876 |
| Огноо | 2019-06-24 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 01876
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Соёмботын 1-20а тоотод оршин суух, Боржигин овогт Пүрэвсүрэнгийн Болор /РД:ЗЮ81053103/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Эрин интернэшнл байранд байрлах Монголын бүтээмжийн төв ТББ /РД:8014264/-д холбогдох,
Захирлын 19/18 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Болор, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батбилэг, Г.Оюунтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Болор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч П.Болор би 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Монголын бүтээмжийн төв ТББ-д экспертийн албан тушаалд ажилд орсон. Ажилд орсон үеэс хойш 14 сар ямар нэгэн зөрчил гаргалгүй ажиллаж байгаад жирэмсэн болж, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр охин Ц.Итгэлийг төрүүлж, хүүхэд асрах амралттай байх хугацаандаа буюу 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүү Ц.Мэргэнийг төрүүлсэн. Миний бие Монгол улсын иргэн хүний хувьд жирэмсний болон хүүхэд асрах чөлөөг МУ-ын Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуульд заасны дагуу эдэлж, үр хүүхдүүдээ асран хүмүүжүүлж байгаа билээ. Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 19/18 тоот тушаалаар ажлаас халагдсанаа 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мэдэж, мөн өдөр тушаалаа гардаж авсан. Би хүүгээ 3 нас хүртэл нь асрах хүсэлтэй байгаагаа илэрхийлж хуульд заагдсан чөлөөтэй байгаа гэж ойлгон үр хүүхдээ асарч байгаа. Ажлаас халагдах тушаал гарах хүртэл нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж байсан. Гэтэл Монголын бүтээмжийн төв ТББ нь намайг хүүхэд асрах чөлөө аваагүй мөн ажилдаа эргэж ороогүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан. Иймд тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Монголын бүтээмжийн төв ТББ-ын 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 19/18 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батбилэг, Г.Оюунтунгалаг нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч П.Болортой 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Энэ үед ажилтан жирэмсэн болж ар гэрийн нөхцөл байдлыг нь харгалзан байгууллагын зүгээс нийгмийн даатгалыг нь төлж байсан. Манай байгууллагын зүгээс 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг тасралтгүй төлсөн. Энэ хугацаанд ажилдаа эргээд орох эсэхийг албан бус байдлаар асууж тодруулсан. Нэхэмжлэгч П.Болор нь ажилд орох тухай бодолгүй байна гэсэн хариултыг тухайн үед өгч байсан. Нэхэмжлэгч П.Болор нь хүүхэд асаргааны чөлөө хүсч байгаагүй мөн хамт ажилладаг хүмүүс ажилдаа эргээд орох эсэхийг лавлаж байсан ч орох сонирхолгүй гэсэн хариу өгсөн байсан. Иймд Монголын бүтээмжийн төв ТББ нь 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 18/19 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг зогсоосон. П.Болорт 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тушаал гарч байна гэж мэдэгдсэн. Нэхэмжлэгч утсаар залгаад тушаалын агуулгыг хэлээд өгөөч гэж байсан. Хүсэлтийн дагуу тушаалын агуулгыг утсаар тайлбарлаж өгсөн. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүнээр өргөдөл ирүүлсэн ба тэр өргөдлийг харахад хүүхэд асрах чөлөө олгож өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн байсан. Тэр үед би нэхэмжлэгч П.Болорт ажлаас чөлөөлөх тушаал гарсан байхад одоо боломжгүй гэж хэлсэн. П.Болор нь тушаалаа авахгүй байсан шалтгаан нь хугацаа хожих гэсэн арга байсан гэж үзэж байна. 2018 оны 12 дугаар сарын 03-ний өдөр нийгмийн даатгалаа тасалдуулваа гэдгийг сануулж байсан. Ажлаас халагдах тушаал гарсныг мэдсээр байж ирж аваагүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхээ тасалдуулсан нь хувь хүний хариуцлагагүй байдалтай холбоотой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч П.Болорын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар: Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Болор нь хариуцагч Монголын бүтээмжийн төв ТББ-д холбогдуулан захирлын 19/18 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч П.Болор нь 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Монголын бүтээмжийн төв ТББ-д экспертийн ажлын байранд ажиллаж байгаад жирэмсний болон амаржсаны амралтаа авч, улмаар 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр охин Ц.Итгэлийг төрүүлж, ийнхүү хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа буюу 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүү Ц.Мэргэнийг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч Монголын бүтээмжийн төв ТББ-ын дэд захирал Ц.Батбилэгийн 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 19/18 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар П.Болорыг ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байх ба тушаалын үндэслэлээ...жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт эдэлсний дараа ажилдаа эргэж ороогүй... гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 9.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажлаас халах тушаал гаргасныг нэхэмжлэгч П.Болор нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гардан авсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй гэжээ.
Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...нэхэмжлэгч П.Болорт ажлаас халсан тушаалыг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдэж, ирж ав гэсэн боловч ирж аваагүй гэж тайлбарлан, энэ өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байсан тул Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарлан, энэхүү тайлбараа нотлохоор 70000298 дугаарын утасны биллийг хэрэгт нотлох баримтаар өгсөн байна.
70000298 дугаарын утасны биллийг Монголын цахилгаан холбоо ХК-аас Эрин интерэншнл ХХК-д гарган өгсөн баримт байхаас гадна уг дугаараас нэхэмжлэгч П.Болорын 91910880 дугаарлуу залгасныг ажил халсан тушаал гардуулан өгөх хуульд заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй юм.
Иймд П.Болор нь тушаалыг гардан авсан 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн түүний шүүхэд гомдол гаргах хугацааг тоолох үндэслэлтэй байх тул түүнийг шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.
Түүнчлэн, хариуцагч Монголын бүтээмжийн төв ТББ-ын дүрмийн 6.3.5-д хөдөлмөрийн гэрээгээр ажилтан ажилд авах, ажлаас чөлөөлөх, халах эрхийг гүйцэтгэх захирлын эрх хэмжээнд хамааруулсан байна.
Гэтэл нэхэмжлэгч П.Болорыг ажлаас халах тухай тушаалыг дэд захирал Ц.Батбилэг гаргасан байх ба дэд захирал Ц.Батбилэгт гүйцэтгэх захирлын ажилтныг ажлаас халах эрх хэмжээг шилжүүлсэн, гүйцэтгэх захирлын эзгүйд түүний эрх, үүргийг хэрэгжүүлэх эрх олгосон гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд П.Болорыг ажлаас халах эрхгүй этгээд ажлаас халсан гэж үзэх үндэслэлтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэжээ.
Нэхэмжлэгч П.Болор нь 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүү Ц.Мэргэнийг төрүүлж, улмаар байгууллагаараа дамжуулан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмж авч байсан, хүү Ц.Мэргэнийг төрүүлсэний дараа дэд захирал Ц.Батбилэг нь хамт олны төлөөллийн хамт нэхэмжлэгчийн гэрт нь очиж байсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг 3 хүртэлх насны хүүхэдтэй гэдгийг мэдэж байсан гэж үзэхээр байна.
Иймд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 19/18 дугаартай тушаалаар ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэгч П.Болорыг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь захирлын 19/18 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч уг шаардлага нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа бөгөөд цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул шүүхээс уг шаардлагыг шийдвэрлэх шаардлагагүй гэж үзлээ.
Иймд дээр үндэслэлээр нэхэмжлэгч П.Болорыг Монголын бүтээмжийн төв ТББ-ын экспертийн ажилд эгүүлэн тогтоож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Монголын бүтээмжийн төв ТББ-д даалгаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118,160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2,128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Болорыг Монголын бүтээмжийн төв ТББ-ын экспертийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Болорын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Монголын бүтээмжийн төв ТББ-д үүрэг болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Монголын бүтээмжийн төв ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА