| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2019/01810/и |
| Дугаар | 01931 |
| Огноо | 2019-07-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 01931
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 65 дугаар байрны 2 дугаар орц 0 өрөөнд байрлах Чандмань гурван өргөө СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 65 дугаар байрны 15 тоотод оршин суух, Алтан хонгор овогт Сандагжавын Отгончимэг /РД:ЧИ81062461/-д холбогдох,
714,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтанцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Очирбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Аюушцэрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Чандмань гурван өргөө СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 65 дугаар байрны 15 тоотод оршин суух С.Отгончимэг нь 2013 оны 12 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарыг дуустал хугацааны СӨХ-ны дундын өмчлөлийн засвар үйлчилгээний 65 сарын хугацааны төлбөр 1,254,500 төгрөгний төлбөрийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй тул хөөн хэлэлцэх хугацааны 28 сарын 540,400 төгрөгийг хасч, 2016 оны 3 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарыг дуустал хугацааны 37 сарын төлбөр 714,100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Очирбат шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2013 оны 12 сараас эхлэн СӨХ-ны мөнгийг төлөөгүй. Учир нь СӨХ-ны үйлчилгээ муу, жижүүр байдаггүйгээс болоод манай орцонд архичид хонодог болсон. Гэхдээ нэхэмжилж байгаа үнийн дүн буюу 714,100 төгрөгнөөс 2018 оны 10 дугаар сард 320,000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 394,100 төгрөгийг төлж болно гэв.
Шүүх хуралдаанаар: зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Чандмань гурван өргөө СӨХ нь хариуцагч С.Отгончимэгт холбогдуулан 714,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Чандмань гурван өргөө СӨХ нь нэхэмжлэлийн үндэслэлдээ... С.Отгончимэг нь 2013 оны 12 сараас эхлэн СӨХ-ны төлбөрийг төлөөгүй боловч сүүлийн 3 жилийн хугацаа буюу 2016 оны 3 дугаар сараас 2019 оны 04 дүгээр сарыг дуусталххугацааны буюу нийт 37 сарын СӨХ-ны төлбөрт 714,100 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлаж байгаа бол хариуцагч нь ...СӨХ-ны үйлчилгээ муу, жижүүр байдаггүйгээс болоод манай орцонд архичид хонодог болсон тул 2013 оны 12 сараас эхлэн СӨХ-ны мөнгийг төлөхгүй байж байгаад 2018 оны 10 дугаар сард 320,000 төгрөгийг төлсөн. Иймд уг мөнгийг хасч тооцуулан үлдэх 394,100 төгрөгийг төлж болно...гэж тайлбарлан нэхэмжлэлийн зарим шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Хариуцагч С.Отгончимэг нь Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 65 дугаар байрны 15 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч мөн болохоо хүлээн зөвшөөрч байх ба зохигч маргахгүй байна.
Нэхэмжлэгч Чандмань гурван өргөө СӨХ нь Баянгол дүүргийн 1 болон 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 64, 65, 66 дугаар байрны сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалан ажилладаг болох нь Баянгол дүүргийн Засаг даргаас 2004 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон гэрчилгээ болон тус СӨХ-ны дүрмээр тогтоогдож байх тул Чандмань гурван өргөө СӨХ нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нараас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдон гарах зардлыг шаардах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад ...төлнө гэжээ.
Хэдийгээр хариуцагч С.Отгончимэг нь СӨХ-ны төлбөрийг төлөөгүй үндэслэлээ... СӨХ-ны үйл ажиллагаа хангалттай биш, орцны засвар үйлчилгээ, цэвэрлэгээг муу хийдэг, жижүүр байдаггүйгээс орцонд архичид хонодог гэж тайлбарлаж байх боловч энэ талаар холбогдох байгууллагуудад гомдол гарган шийдвэрлүүлж байгаагүй байхаас гадна энэ үндэслэлээр түүнийг өөрийн өмчлөлийн орон сууцны халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Нэхэмжлэгч нь хариуцагч С.Отгончимэгээс 2018 оны 10 дугаар сард СӨХ-ны төлбөрт 320,000 төгрөг авсанаа хүлээн зөвшөөрч маргахгүй байх ба уг мөнгийг 2016 оны 03 дугаар сараас өмнөх хугацааны СӨХ-ны төлбөрт тооцсон гэх тайлбарыг гаргаж байгааг буруутгах үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3 дахь хэсэгт тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэжээ.
Сууц өмчлөгчийн өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөр төлөх үүрэг нь тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгт хамаарч байх тул хариуцагч С.Отгончимэгээс 2016 оны 04 дүгээр сараас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх 3 жилийн хугацааны түүний өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд хариуцагч Б.Болормаагаас шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнөх 3 жилийн хугацааны буюу 2016 оны 04 дүгээр сараас 2019 оны 04 дүгээр сарыг дуусталх хугацааны төлбөрт 694,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 19,300 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 75 дугаар зүйлийн 75.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.Отгончимэгээс 694,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Чандмань гурван өргөө Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, үлдэх 19,300 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,688 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Отгончимэгээс улсын тэмдэгтийн хураамжинд 21,225 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Чандмань гурван өргөө Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА