| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0375/З |
| Дугаар | 221/МА2025/0138 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2025/0138
“С з” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э
Нэхэмжлэгч: “С з” ХХК
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 936 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 08/6436, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 08/5777, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 08/1330 тус тус дугаартай албан бичгүүдийг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийн хугацааг сунгахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгах” тухай
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дэлгэрмөрөн
Хэргийн индекс: 128/2023/0798/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “С з” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 08/6436, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 08/5777, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 08/1330 тус тус дугаартай албан бичгүүдийг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийн хугацааг сунгахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 936 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “С з” ХХК-ийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 08/6436, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 08/5777, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 08/1330 тус тус дугаартай албан бичгүүдийг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийн хугацааг сунгахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-аас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:
3.1. ...Нэхэмжлэгч С з ХХК нь Горхи тэрэлжийн тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар 3 га газрыг ашигладаг байсан бөгөөд уг газрын хугацаа нь 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр дууссан байдаг. “Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана:
37.1.1 газар эзэмших эрхийн гэрчилгээ
37.1.2 газрын төлбөрийг төлсөн тухай баримт
37.1.3 байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаархи тодорхойлолт” гэж заасан бөгөөд үүний дагуу холбогдох баримт, хүсэлтийг ирүүлэх байсан бөгөөд нэхэмжлэгч “С з” ХХК нь хуульд заасан журмын дагуу гаргаагүй тул яамнаас 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 08/6436 дугаартай албан бичиг, 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 08/5777 дугаартай албан тоот, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 08/13330 дугаартай албан бичгүүдээр хугацаа сунгах боломжгүй талаарх хариуг хүргүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл, газрын төлбөр төлсөн баримтыг хавсаргаагүй, 2023 оны 07 дугаар сард Налайх дүүргийн газрын албанаас тооцоо нийлсэн актаар 179.000.000 төгрөгийн өртэй байсан. Энэ нь хуулийн шаардлага хангахгүй учраас үнийг хангуулахаар хэд хэдэн хариу хүргүүлсэн байдаг. Иймээс газрын хугацаа сунгагдаагүй нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
3.2. Нэхэмжлэгч нь хэд хэдэн албан бичгийг дурддаг, гэвч яамнаас хариу өгөхдөө хуулийн шаардлага хангаагүй талаар дурдаж хариу өгсөн байдаг бөгөөд үүнээс хойш 5 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхээ алдсан буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй. Мөн нөгөөтэйгүүр сунгахаас татгалзсаныг мэдсэнээс хойш 5 сарын хугацаа өнгөрч байгаа нь тухайн газрыг цаашид ашиглах сонирхолгүй гэж ойлгогдоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “С з” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 08/6436, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 08/5777, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 08/1330 тус тус дугаартай албан бичгүүдийг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийн хугацааг сунгахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Нэхэмжлэгчээс “...анхны газар ашиглах хугацаа сунгуулах хүсэлт гаргаснаас хойш ...бичиг баримт бүрдүүлж байгаа процесс бол зөвхөн газар ашиглах эрхийн хугацааг сунгуулахтай холбоотой байсан, ...манай компани газар ашиглахтай холбоотой ямар ч зөрчил гаргаагүй, Төрийн эрх бүхий байгууллагаас ямар зөрчил, хэзээ гаргасан, тухайн зөрчлийг хэзээ олж тогтоосон талаар бидэнд мэдэгдээгүй, ...газар ашиглах гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй, эсхүл сунгах хүсэлтээ дахин гаргах боломжтой гэсэн агуулга бүхий ...албан бичгүүдийг захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэрийн шинжтэй гэж үзэж байна, ...хууль бус эдгээр шийдвэрийн улмаас “С з” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж, хариуцагчаас “...газар ашиглах эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын төлбөрийг төлсөн тухай баримт, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт зэрэг баримт бичгүүдийн хамт ирүүлэх ёстой ч энэ бүрдүүлбэрийг “С з” ХХК нь хангаагүй, ...шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, ...маргаан бүхий албан бичгүүд эрх зүйн үр дагавар үүсгээгүй” гэж тус тус тайлбарлан маргасан.
4. Маргааны үйл баримтын тухайд:
4.1. Анх “С з” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/222 дугаар тушаалаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Ч ө нэртэй газарт 30.004,3 м.кв талбайг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхтэй болж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/412 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэл сунгаж, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах 2022/70 дугаартай гэрээг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулжээ.
4.2. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээс үзэхэд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын бааз байгуулах төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийж, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 18/3062 тоот албан бичгээр хүргүүлсэн ба тус албан бичгээр байгаль орчны нарийвчилсан үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэх талаар мэдэгдсэний дагуу нэхэмжлэгчээс “Н п” ХХК-иар Ч ө эко жуулчны бааз байгуулах төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн байх бөгөөд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 22/836 тоот албан бичгээр “С з” ХХК-ийн Ч ө-нд байрлах аялал жуулчлалын цогцолборын байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний ажлын тайланг Байгаль орчны үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг дэмжиж байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд мэдэгдсэн байна.
4.3. Улмаар нэхэмжлэгч “С з” ХХК-иас 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 05/01 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандан “...газрыг тодорхой зориулалтаар ашиглах зөвшөөрлийн хугацаа 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр дуусгавар болж байгаа бөгөөд бид газар ашиглах зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар холбогдох баримт бичгээ бүрдүүлэн ажиллаж байгаа боловч ...нарийвчилсан үнэлгээнд жуулчны баазын ерөнхий төлөвлөгөөний загвар зургийг холбогдох албаны байгууллагаар заавал батлуулж оруулдаг болсонтой холбогдуулан бидэнд тодорхой хугацаа хэрэгтэй байх тул манай нарийвчилсан үнэлгээг хүргүүлэх хугацааг сунгаж өгөхийг хүсье” гэх хүсэлтийг хүргүүлжээ.
4.4. Үүний дараа, нэхэмжлэгчээс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 10/02 тоот, 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11/01 тоот албан бичгүүдээр “...газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг БОАЖЯ-ны хууль дүрмийн хүрээнд сунгаж өгөхийг хүсье” гэх хүсэлтүүдийг гаргасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 08/5777 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “...Газрын тухай хуулийн 35.3.1 “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх” гэж, 37.1 “...30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах хүсэлтээ гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана” гэж тус тус заасныг зөрчсөн байх тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна. ...зөрчлийг арилган ашиглаж буй газрын газар ашиглах гэрээ дүгнэсэн хуудас, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, торгууль төлсөн баримт зэргийг эх хувиар хавсарган материалын бүрдлийг ханган дахин ирүүлнэ үү” гэх,
2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 08/6436 тоот “Эх материал буцаах тухай” албан бичгээр “...Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргах” гэж заасныг зөрчсөн тул танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна. ...Иймд Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт заасан зөрчлийг арилгаж, хугацаа сунгах хүсэлтэд торгууль төлсөн баримт, газар ашиглах гэрээ дүгнэсэн хуудас, газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг эх хувиар хавсарган ирүүлэх, түүнчлэн хүсэлтээ www.e-business.mn цахим системээр дамжуулан илгээнэ үү” гэх хариуг хүргүүлсэн байна.
4.5. Дээрх хариу албан бичгүүдийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01/014 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан “...2023 оны 12 дугаар сарын 14-ний 08/6436 тоот албан бичигт дурдагдсан шийдвэрийг эргэн харж, газар ашиглах эрхийн хугацааг сунган өгч, ...туслалцаа үзүүлнэ үү” гэх хүсэлтийг гаргасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 08/1330 тоот албан бичгээр “...Өмнө нь танай компанид Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 08/5777 дугаар албан бичгээр зөрчил арилгуулах талаар хариу өгсөн... Иймд илэрсэн зөрчлийг арилгасны дараа хугацаа сунгуулах хүсэлтээ гаргах нь зүйтэй” гэх хариуг нэхэмжлэгч компанид хүргүүлсэн зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгчээс дээрх албан бичгүүд болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 08/6436, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 08/5777, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 08/1330 тус тус дугаартай албан бичгүүдийг хууль бус болохыг тогтоолгохоор маргасан.
5.1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар “захиргааны акт” гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгохоор зохицуулжээ.
5.2. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...албан бичгүүд нь захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэрийн шинжтэй, ...хууль бус эдгээр шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” гэж тодорхойлон маргасан.
5.3. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 08/5777, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 08/6436 тоот албан бичгүүд нь нэхэмжлэгчээс гаргасан газар ашиглах эрхийн хугацааг сунгуулахаар гаргасан хүсэлтийн дагуу “...хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг хүргүүлсэн, нэг асуудлыг шийдвэрлэж, утга агуулгын хувьд адил үр дагавар үүсгэсэн гэж үзэхээр байх төдийгүй нэхэмжлэгчийн зүгээс тухайн 2 албан бичгийг нэг шуудангаар ирүүлснийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсан гэж тайлбарлан маргасныг хариуцагч тал няцааж маргаагүй энэ тохиолдолд эрх бүхий захиргааны байгууллагаас хамгийн сүүлд хариу өгсөн буюу 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 08/6436 тоот албан бичиг нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрх дуусгавар болох үр дагавар үүсгэж байх тул тус албан бичиг нь дээрх хуульд заасан захиргааны актын шинжийг хангаж байна гэж үзлээ.
5.4. Иймд шүүхээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 08/6436 тоот албан бичиг хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгч шийдвэрлэх нь зүйтэй байна.
6. Энэ талаар анхан шатны шүүхийн “...газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгах хүсэлтийг Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн үндэслэлээр шийдвэрлэх боломжгүй гэх агуулгаар татгалзсан хариу өгсөн хэрнээ мөн хуулийн 37.1-д заасан аль шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь ойлгомжгүй, ...хүсэлтээ www.e-business.mn цахим системээр дамжуулан илгээх талаар хоёрдмол утгатай хариу өгсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байх шаардлагыг хангаагүй, ...захиргааны байгууллага нэхэмжлэгч хуулийн этгээдийг Газрын тухай хуулийг зөрчсөн, улмаар Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж буруутгаж байгаа боловч нэхэмжлэгч уг зөрчлийг үйлдсэн эсэхийг шалган тогтоогоогүй, энэ талаар түүнд мэдэгдээгүй хэрнээ Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээсэн байх шаардлага тавьж газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах хууль ёсны зарчимтай нийцээгүй, хууль бус шийдвэр байна” гэх дүгнэлт үндэслэл бүхий байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...газрын хугацаа сунгагдаагүй нь хууль зүйн үндэслэлтэй” гэх давж заалдах гомдол үгүйсгэгдэж байна.
6.1. Түүнчлэн, нэхэмжлэгч “С з” ХХК нь 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 05/01 дугаартай албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандан газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг гаргаж, хүсэлтдээ ...нарийвчилсан үнэлгээ хийлгэхэд холбогдох баримт бичгийг бүрдүүлэн ажиллаж байгаа боловч нарийвчилсан үнэлгээнд жуулчны баазын ерөнхий төлөвлөгөөний загвар зургийг холбогдох албаны байгууллагаар заавал батлуулж оруулдаг болсонтой холбогдуулан бидэнд тодорхой хугацаа хэрэгтэй байгаа талаар дурдаж, Нийслэлийн ерөнхий архитекторын баталсан 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн МЗХ2023-04-010 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, Газар ашиглах гурвалсан гэрээ, гэрээний дагуу хийгдсэн ажлын тайлан, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээний хавсралт зэргийг хавсарган өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаанаас хэтрүүлэн газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах хүсэлт гаргасан гэж үзэх үндэслэлгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
6.2. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:, 14.1.1-д дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол гэж тус тус заасны дагуу газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтэд шийдвэрлэх боломжгүй талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бодлого зохицуулалтын газрын даргын өгсөн хариутай холбогдуулан тус яамны сайдад шийдвэрийг эргэн харах агуулга бүхий хүсэлт гаргасан, уг хүсэлтийн хариуг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
6.3. Дээр дурдсан үндэслэлүүдээр маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 08/6436 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан нь хууль бус гэж үзэхээр байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн нь хуульд нийцжээ.
6.4. Харин анхан шатны шүүхээс “...хариуцагчид “С з” ХХК-ийн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Ч ө нэртэй газарт орших 30.004,3 м.кв талбай бүхий газрын ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгаж” шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.
6.5. Учир нь хариуцагчаас хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, хуульд заасан шаардлагыг хангасан баримтыг ирүүлсэн эсэх, түүний бүрдлээс хамааран хугацааг сунгах, эсхүл хугацааг сунгахаас татгалзах шийдвэр гаргах тул шүүхээс хариуцагч тухайн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлээгүй энэ тохиолдолд хугацааг сунгахыг даалгах боломжгүй, энэ хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй.
6.6. Тодруулбал, нэхэмжлэгчээс газар ашиглах эрхийн хугацаа сунгуулахаар гаргасан хүсэлтийг хүлээн авч, зохих журмын дагуу буюу Газрын тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэх боломжтой.
Өөрөөр хэлбэл, тухайн газар эзэмших эрх нь хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор үүсэх бөгөөд энэхүү эрхийн гэрчилгээний хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэхдээ уг үндэслэлүүдийг дахин хянаж, тухайн эзэмших эрхийн зориулалт, болзол, хугацаа зэрэг эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах эсэхийг хянаж шийдэх нь төрийн эрх бүхий байгууллагын үүрэг байх тул нэхэмжлэгчийн гаргасан “хугацааг сунгуулах тухай” хүсэлтийг Газрын тухай хуульд заасан зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
7. Харин үлдэх шаардлага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 08/1330 тоот албан бичгээр “...Өмнө нь танай компанид Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 08/5777 дугаар албан бичгээр зөрчил арилгуулах талаар хариу өгсөн... Иймд илэрсэн зөрчлийг арилгасны дараа хугацаа сунгуулах хүсэлтээ гаргах нь зүйтэй” гэх хариуг нэхэмжлэгч компанид хүргүүлсэн байгаагаас үзэхэд тус албан бичиг нь өмнө шийдвэрлэсэн асуудлаар хариу өгсөн, нэхэмжлэгчид эрх зүйн үр дагавар шууд бий болгосон захирамжилсан буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй байна.
7.1. Тодруулбал дээрх албан бичиг нь маргаан бүхий асуудлаар бие даасан, захирамжилсан шийдвэр биш, эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул захиргааны хэргийн шүүх хянах хууль зүйн үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2. Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүгч бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу “захиргааны шүүхийн харьяалалын бус” үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
8. Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 936 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 39 дүгээр зүйлийн 39.1, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “С з” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 08/6436 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийн хугацаа сунгах хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгасугай” гэж өөрчилж, 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан “2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 08/5777, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 08/1330 тус тус дугаартай албан бичгүүдийг хууль бус болохыг тогтоох” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай” гэсэн 2 дахь заалтыг нэмж, 2 дахь заалтын дугаарыг 3 гэж, ...хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэснийг ...70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, үлдэх хэсгийг хэвээр үлдээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН