Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 209

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

Улсын яллагч Д.Дэлгэрмаа,

Шүүгдэгч Э.Төгөлдөр, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Энхболдын Төгөлдөрт холбогдох, 201625031795 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт амьдардаг, Чингэлтэй  дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 82-1174 тоотод оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Энхболдын Төгөлдөр (РД:УИ95051715),

            нь (яллах дүгнэлтэд тэмдэглэснээр) 2016 оны 9 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 00-01 цагийн үед Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт гудамжинд архидан согтуурсан үедээ хохирогч Ө.Оюунцэрэнг “миний мөнгийг буцааж өг” гэж үл ялиг зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Э.Төгөлдөрөөс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Тэр өдөр би гэрийнхээ ойролцоо байж байтал Энхтүвшин тааралдаад эмнэлэгээс гарлаа шүү дээ ганц юм ууя гэхээр нь би дэлгүүр орж 0.75 литрийн нэг шил архи аваад бид хоёр хоёулаа хувааж уусан чинь Энхтүвшин согтоод гэр рүүгээ явсан. Орой нь би микроны кондуктор хийх санаатай явж байтал танил ах тааралдаад бид хоёр 2.5 литрийн пиво хоёрыг аваад уул руу гарч уусан. Тэгээд хоёр сав пивоо ууж дуусгаад бид хоёр гэр рүүгээ харихаар явж байтал замд Сайханбилэг тааралдаад дэлгүүр орж тамхи авъя гэхээр нь би хамт дэлгүүр орж тамхи авч татсан. Бид хоёр харих гээд байж байтал Энх-Отгон тааралдаад Энхтүвшингийн гэр рүү явж байна гэхээр нь Сайханбилэг бид хоёр хамт явсан. Бид нар Энхтүвшингийн гэрийн гадаа очоод утас руу нь залгаж Энхтүвшинг дуудаж гаргаж ирсэн. Бид тэнд хэсэг юм ярьж байгаад би явлаа гэтэл Энхтүвшин “ганц пиво хувааж уугаад салая” гэж хэлсэн. Энх-Отгон 5000 төгрөг, Энхтүвшин 1000 төгрөг гаргаад 2.5 литрийн пивоноос нэг савыг авч гудамжинд хувааж уусан. Тэр пивоо хувааж дуусаад явах гэтэл Энхтүвшин “миний утсыг дэлгүүрт барьцаалж байгаад дахиад ганц том пиво аваад ууя” гэхээр нь бүгдээрээ зөвшөөрсөн. Бид нар автобусны эцсийн буудал ороод би таньдаг дэлгүүртээ Энхтүвшингийн утсыг 6000 төгрөгний барьцаанд тавьж 2.5 литрийн нэг том пиво хувааж ууж байгаад цаашаа юу болсон талаар санахгүй байгаа юм. Нэг мэдсэн автобусны эцэс дээр нэг өвөөтэй барилцаад авчихсан зогсож байсан. Тэгээд би ухаан ороод байж байтал цагдаа нар ирээд намайг аваад явсан. Маргааш нь цагдаагийн газар байхад нөгөө ах ирээд “чи намайг хоёр удаа цохьж, нэг удаа өшиглөсөн” гэж хэлж байсан. Тэр ахын хацар нь хөхөрсөн байсан гэжээ.

Хохирогч Ө.Оюунцэрэнгээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Би 2016 оны 9 дүгээр сарын 03-ны орой 21 цагийн үед гэрээсээ гараад Хайлаастын эцэст байдаг найз Ганхуягийн гэрт нь очоод айраг болон бага зэрэг архи уусан ба найзындаа жаахан юм ярьж сууж байгаад шөнийн 00:30 минутанд найзынхаасаа гараад хүү Нямаагийн гэр рүү нь очих гээд Хайлаастын замаар уруудаад ганцаараа алхаж байсан юм. Тэгтэл Хайлаастын ХААН банкны эцсийн буудлын орчимд миний урдаас мод барьчихсан 20 гаран насны нэг залуу чи миний 6000 төгрөгийг авчихлаа, мөнгө буцааж өг гээд намайг зуураад авсан. Тэгэхээр нь би тэр залууг барьж аваад модыг нь гараас алдуулж унагаад доошоо зугтаатал нөгөө залуу миний араас хөөсөн. Би модоороо цохьчих байх гэж бодоод эргэж хараад нөгөө залуутай зууралдаад авсан юм. Тэр залуу намайг заамдаж аваад миний нүүр рүү хоёр удаа гараараа цохьсон. Би тэр залууд хандаж би чиний мөнгийг аваагүй, би хүний мөнгө авах хүн биш, чи ахыгаа тавьчих, би чам шиг хүүтэй хүн гэж хэлсэн. Тэр залуутай зууралдаад зам дээр байж байтал араас 20 орчим насны өндөрдүү биетэй туранхай залуу гүйж ирээд нөгөө надтай зууралдаж байсан залууг чи болиоч гэж хэлээд салгах гэж байсан юм. Удалгүй машинтай цагдаа нар ирээд намайг зодсон залууг барьж аваад явсан. Би тухайн үед өөртөө байсан эд зүйлээ бүртгээд үзтэл миний савхин хантаазны халаасанд байсан түрийвч алга болчихсон байсан ба хантаазны нэг энгэр нь урагдаад унжчихсан байсан. Миний түрийвч бол тэр хантаазны халаасанд байсан. Тэр согтуу залуутай зууралдаж байтал нэг машинтай залуу зогсож байхаар нь “чи ахдаа цагдаа дуудаад өгөөч, энэ залуу намайг дээрэмдэх гээд байна” гэтэл нөгөө машинтай залуу цагдаа дуудаж байх шиг байсан. Намайг мод гартаа барьсан залуу гараараа нүүрэн тус газар 2 удаа цохьсон. Нөгөө найз нь болох туранхай өндөр залуу нь намайг цохиогүй. Цагдаа ирсний дараа эд зүйлээ шалгахад халаасанд байсан миний хэтэвч алга болсон байсан. Бусад эд зүйл нь байсан. Би хэтэвчээ 5000 төгрөгөөр авч байсан ба дотор нь тэтгэврийн 108.000 төгрөг байсан. Төгөлдөр надад хохирол 250.000 төгрөг өгсөн тул надад нэхэмжлэх зүйлгүй цаашид гомдол саналгүй гэжээ.

Мөрдөн байцаалтад гэрчүүдээс мэдүүлэхдээ:

1.Э.Энх-Отгоноос:-Бид нар пиво хувааж уугаад дуустал Төгөлдөр гэнэт агсам тавьж байгаа бололтой хашааны нэг тал банз барьчихаад бид нарыг цохих гээд байхаар нь Сайханбилэг, Энхтүвшин бид нар хол очиж зогсоод эргээд хартал Төгөлдөр байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь Сайханбилэгийг автобусны эцсийн зогсоол руу очиж Төгөлдөрийг хараад ир гээд явуулсан. Сайханбилэгийн араас Энхтүвшин бид хоёр яваад очтол Төгөлдөр автобусны эцсийн зогсоол дээр нэг настай ахтай заамдалцаад зогсож байсан. Хажууд нь Сайханбилэг зогсож байсан. Энхтүвшин бид хоёр очоод Төгөлдөрийг тэр ахаас салгах гэтэл Төгөлдөр тэр ахын хувцаснаас зуурчихаад тавихгүй байж байтал цаана нь нэг ах цагдаа дуудна гэхээр нь бид нар Төгөлдөрийг орхиод яваад өгсөн юм. Бид нарыг очих үед Төгөлдөр миний мөнгийг өг гээд настай хүнээс нэхээд байсан. Би ямар учиртай мөнгө нэхээд байгааг нь мэдээгүй. Миний мэдэхээр Төгөлдөр тэр ахыг гараараа 1-2 удаа цохьж авч байсан. Бид нар боль гэхээр бид нарын үгийг тоохгүй байсан. Миний мөнгийг өг гээд тэр ахаас нэхээд байсан. Төгөлдөр нь нилээн согтсон байсан. Ямар ч байсан гараараа нүүрэн тус газар цохьж байсан гэжээ.

2.Л.Энхтүвшингөөс:-Төгөлдөр их согтсон бололтой айлын хашаа тулж тавьсан банзыг аваад Сайханбилэг, Энх-Отгон бид нарыг цохих гээд хөөхөөр нь бид 3 зугтаагаад нэг газар очиж зогсоод Төгөлдөрийг хартал алга болчихсон байсан. Энх-Отгон бид хоёр Сайханбилэгт хандан “Төгөлдөр энэ хавиар байгаа байх гайгүй байвал цаадахаа олоод ир” гэж хэлсэн. Сайханбилэг яваад 5-10 минут болоод ирэхгүй байхаар нь Энх-Отгон бид 2 Сайханбилэгийн араас автобусны эцсийн зогсоол руу яваад очтол Төгөлдөр нэг ахтай заамдалцаад зогсож байсан. Тэгэхээр нь Энх-Отгон бид 2 очоод Төгөлдөрийг тэр ахаас салгах гэтэл зуурч авчихаад тавихгүй байхаар нь би “наадахаа наанаа орхи” гэж хэлээд Энх-Отгон, Сайханбилэг бид 3 гэр рүүгээ харьсан. Төгөлдөр тэр ахтай зууралдаад салахгүй байсан. Бас тэр ахыг гараараа 1-2 удаа цохьж аваад бид нарыг боль гэсэн боловч болихгүй байхаар нь бид нар яваад өгсөн гэжээ.

3.С.Сайханбилэгээс:-Бид нар автобусны эцсийн буудлаас хойно байрлах өндөр хүчдэлийн доор очиж пиво ууцгаасан. Ууж дуусах үед Төгөлдөр нилээн согтсон харагдаж байсан. Бид нар юм яриад зогсож байтал Төгөлдөр гэнэт хашаа тулдаг мод аваад Энхтүвшин, Энх-Отгон бид гурвыг цохих гээд байхаар нь бид нар зугтаагаад харанхуйд нуугдсан чинь Төгөлдөр алга болсон байна. Төгөлдөрийг тэр хавиар явж байгаа байх гэж бодоод автобусны эцсийн буудал руу очтол Төгөлдөр нэг настай ахтай зууралдчихсан хоорондоо маргалдаад байгаа бололтой байхаар нь очтол Төгөлдөр нөгөө ахын хувцаснаас нь зуураад зогсож байсан. Би явж очоод тэр ахынг салгах гэсэн боловч тэр хоёрыг салгаж дийлэхгүй байсан. Төгөлдөр тэр ахын хувцаснаас нь зуураад тавихгүй байхаар нь тэр настай ахад, та байж байгаарай манай найз нар энүүхэнд байгаа байх би яваад дуудчихаад ирье гэж хэлээд дөнгөж гудамж тойрч байтал Энхтүвшин, Энх-Отгон 2 өөдөөс гараад ирсэн. Тэгээд буцаж очоод Төгөлдөрийг арай гэж салгаж автал Төгөлдөр “за би одоо зүгээр байна, найзыгаа тавьчих” гээд байхаар нь тавьтал Төгөлдөр машин тойрч очоод дахиад нөгөө ахыг зуурч аваад миний мөнгийг аваад ир гээд байсан. Намайг очих үед Төгөлдөр “миний мөнгийг өг” гээд настай хүнээс мөнгө нэхээд байсан. Би ямар учиртай мөнгө нэхээд байгааг нь мэдээгүй. Миний мэдэхээр Төгөлдөр тэр ахыг гараараа цохьж авсан. Арай гэж салгатал гүйж очоод дахиад бариад авсан. Барьж авахдаа хөл рүү нь өшиглөх шиг болсон. Төгөлдөр нилээн согтсон байх шиг байсан гэжээ.

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2013.12.30-ны №286 тоот актын дүгнэлтэд:

1.Ө.Оюунцэрэнгийн биед тархи доргилт, баруун нүдний доод зовхи, баруун хацрын төвгөрийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Э.Төгөлдөр нь 2016 оны 9 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 00-01 цагийн үед Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт бусадтай архи ууж согтуурсан үедээ гудамжинд явж байсан үл таних Ө.Оюунцэрэн гэгчид шалтаг шалтгаангүйгээр “миний мөнгийг буцааж өг” хэмээн агсам тавьж, зодсоноос хохирогчийн биед тархи доргилт, баруун нүдний доод зовхи, баруун хацрын төвгөрийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаанд шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогчийн “Хайлаастын ХААН банкны эцсийн буудлын орчимд миний урдаас мод барьчихсан хорь гаран насны нэг залуу чи миний 6000 төгрөгийг авчихлаа, мөнгө буцааж өг гээд намайг зуураад авсан. Тэгэхээр нь би тэр залууг барьж аваад модыг нь гараас алдуулж унагаад, доошоо зугтаатал нөгөө залуу миний араас хөөсөн. Би модоороо цохьчих байх гэж бодоод эргэж хараад нөгөө залуутай зууралдаад авсан юм. Тэр залуу намайг заамдаж аваад миний нүүр рүү хоёр удаа гараараа цохьсон.” гэх мэдүүлэг, гэмт хэрэг гарах үед шүүгдэгчтэй хамт явж байсан гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2016.9.05-ны ¹12366 тоот акт, 250.000 төгрөг хүлээн авсан гэх хохирогчийн тайлбар, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Боржигон овогт Энхболдын Төгөлдөрийг догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тус тус харгалзан үзлээ.

Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн шүүгдэгч Э.Төгөлдөрийн хувийн байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Боржигон овогт Энхболдын Төгөлдөрийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч Э.Төгөлдөрийг 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Э.Төгөлдөрт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Э.Төгөлдөрт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавих үүргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

            6.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Төгөлдөрт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Г.БУЯННЭМЭХ