| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2019/02216/и |
| Дугаар | 02101 |
| Огноо | 2019-07-31 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 02101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 14/25 тоотод оршин суух, Боржигон овогт Батдэлгэрийн Адъяасүрэн /РД:ЧМ57040402/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байранд байрлах, Оюунмэнд ХХК /РД:2579847/-д холбогдох
285,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 523,775 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа хариуцагчийн төлөөлөгч Л.Батбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан, гэрч Л.Янжмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Адъяасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Адъяасүрэн нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Оюунмэнд ХХК-тай Арвидах худалдааны төвийн В1 давхрын в5 дугаартай талбайг түрээслэхээр гэрээ байгуулсан. Б.Адъяасүрэнгийн түрээсэлдэг хорооллын барилгын материалын худалдааны төв өөр хүний эзэмшилд шилжиж байгаагаас түрээслэхээ болих сураг гарсан. Тухайн үед Арвидах худалдааны төв талбай түрээслүүлэх зар гаргасан байсан. Зарын дагуу хорооллын барилгын материалын лангууны түрээслэгч нар бүгдээрээ Арвидах худалдааны төвийн эрх бүхий албан тушаалтантай уулзаж, Оюунмэнд ХХК-иас түрээслэх талбайн зургийг гаргаж, сонгуулан гэрээ байгуулсан. Гэрээний 4.1-д талууд гарын үсэг зурж, гэрээний 1.1-д заасан талбайг хүлээлгэн өгөх, хүлээж авах акт үйлдэнэ гэж заасан. Гэтэл Б.Адъяасүрэн түрээсийн гэрээ байгуулсан талбайд үйл ажиллагаа явуулаагүй. Оюунмэнд ХХК өмнө Арвидах худалдааны төвд хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг байсан ч Мэргэжлийн хяналтын газраас подвольд хүнсний бүтээгдэхүүн худалдахгүй гэснээр барилгын материал зарахаар болсон байсан. Арвидах худалдааны төвд шууд барилгын материал худалдаалах боломжгүй учраас компаниас бид засварын ажил оруулахаар өөр компанитай гэрээ байгуулсан та бүхэн түр хүлээж байгаарай, өнөө маргаашгүй талбайд оруулна гэснээр түрээслэгч нар хүлээхээс өөр аргагүй болсон. Гэрээ байгуулснаас хойш 3 сарын хугацаа өнгөрсөн ч түрээслэгч нарыг худалдааны төвд оруулаагүй. Түрээслэгч нар гэрээнээс татгалзаж, мөнгөө авъя гэсэн ч өгөөгүй. Иймд барьцаа болон түрээсийн төлбөр нийт 285,000 төгрөгийг Оюунмэнд ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Б.Адъяасүрэн нь Хороолол барилгын материалын захад олон жил барилгын материалын бизнес хийж байгаа. Хороолол барилгын материалын байрыг бүхэлд нь Номин их дэлгүүр худалдаж авч байгаа учраас биднийг ажлын байраа 2019 оны 4 дүгээр сард багтаан суллаж өг гэсэн тул бид ажлын байргүй болчихлоо, хүнсний захаа татан буулгаад барилгын материалын зах болгооч, бид үйлчлүүлэгчдээ дагуулаад ирнэ хэмээн нийт 19 түрээслэгч санал тавьж, харилцан тохиролцсоны үндсэн дээр Арвидах худалдааны төвд барилгын материалын худалдааны чиглэлээр павильон түрээслэн ажиллуулахаар 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Б.Адъяасүрэнтэй гэрээ байгуулсан. Оюунмэнд ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 15 өдрийн 1/5 тоот Барилгын захын нийт түрээслэгчдэд зориулан гаргасан Мэдэгдлийн дагуу 19,400,000 төгрөгийн өртөгтэйгээр павильоныг захиалан хийлгүүлж, 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр барилгын материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахад ажлын байрыг 100 хувь бэлэн болгосон байсан. Барилгын материалын захад тусгайлан зориулан вакум хаалтуудыг Ноц цонх ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэрээ хийж, ажил гүйцэтгүүлж төлбөрийг шилжүүлсэн. Гэрээний дагуу 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Б.Адъяасүрэн нь үйл ажиллагаа эхлүүлэх байсан болов ч Б.Адъяасүрэн болон 19 түрээслэгчийн хэн нь ч ирээгүй. Оюунмэнд ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 5/8 тоот мэдэгдэл хүргүүлж түрээслэгч Б.Адъяасүрэнг түрээсэлсэн лангуу, павильондоо үйл ажиллагаагаа эхлүүлэхийг албан ёсоор мэдэгдсэн. Б.Адъяасүрэнгийн одоо ажиллаж байгаа Хороолол барилгын материалын дэлгүүрийн байрыг Номин их дэлгүүр худалдан авахаа больсон учраас манай компанитай хийсэн гэрээгээ цуцлах үндсэн шалтгаан болсон гэж үзэж байна. Б.Адъяасүрэн нь дээрхи үндсэн шалтгаанаар биш, Оюунмэнд ХХК-ийг гэрээгээ зөрчсөн мэтээр шалтаг шалтгаан гаргаж байгааг гэрээнээс үндэслэлгүй татгалзаж байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан. Оюунмэнд ХХК-иас түрээслэгч нарыг гэрээнд хүчээр гарын үсэг зуруулаагүй, түрээслэгч нар сайн дураараа гэрээнд гарын үсэг зурсан. Талууд гэрээ байгуулсан талаар маргадаггүй, гэрээнд Б.Адъяасүрэн, Оюунмэнд ХХК-ийн менежер Л.Янжмаа эөхгарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ юм. Түрээслэгч тал гэрээнээс үндэслэлгүй татгалзаж байна. Гэрээнд түрээсийн талбайд хэзээ үйл ажиллагаа явуулах хугацааг нарийн заагаагүй ч, амаар 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс үйл ажиллагаа явуулахаар тохирсон. Оюунмэнд ХХК-иас түрээслэгч нарын хүсэлтээр талбайд барилгын материал худалдахаар Ноц цонх ХХК-иар ажил гүйцэтгүүлэх болсныг мэдэгдэж, түрээслэгч нараар гарын үсэг зуруулсан. 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Оюунмэнд ХХК Арвидах худалдааны төвд түрээслэгч нарыг талбайд үйл ажиллагаа явуулахад бэлэн болгосон байсан. Гэтэл түрээслэгч нар тохирсон хугацаанд түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулаагүй. Түрээслэгч нар хуучин ажиллаж байсан газартаа үргэлжлүүлэн ажиллахаар гэрээнээс татгалзсан. Түрээслэгч нар гэрээнээс татгалзсанаар компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан. Түрээслэгч нарыг нэг загварын гэрээнд гарын үсэг зуруулсан. Талууд амаар 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр түрээсийн талбайд орохоор хатуу тохирсон байсан. Тиймээс заасан хугацаанаас өмнө түрээсийн талбайд нэг ч түрээслэгч ороогүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв
Хариуцагч Оюунмэнд ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Адъяасүрэн болон 19 түрээслэгчдийн одоо ажиллаж байгаа Хороолол барилгын материалын дэлгүүрийн байрыг бүхэлд нь Номин их дэлгүүр худалдаж авч байгаа тул, бид ажлын байргүй болчихлоо танай хүнсний захын талбайг бүхэлд нь түрээслэе хэмээн санал тавьсны үндсэн дээр манай Оюунмэнд ХХК-нь 3 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байсан Арвидах худалдааны төвийн хүнсний захын үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөн,100 хувь талбай дүүргэлттэй барилгын материалын захын чиглэлээр ажиллуулахаар 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр В/5 тоот Арвидах худалдааны төвийн талбай түрээслэх гэрээг Б.Адъяасүрэнтэй байгуулсан. Б.Адъяасүрэн түрээсэлсэн талбай 5,5 м.кв хэмжээтэй юм. Оюунмэнд ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1/5 тоот Барилгын захын нийт түрээслэгчдэд зориулан гаргасан Мэдэгдлийн дагуу 19.400.000 төгрөгийн өртөгтэйгээр вакум павильоныг захиалан хийлгүүлж, 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр бүх павильоны вакум хаалтыг Ноц цонх ХХК-иар ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгүүлэн гэрээний үүргээ биелүүлсэн. Түрээслэгч Б.Адъяасүрэн нь 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гэрээнийхээ дагуу үйл ажиллагаагаа эхлүүлэх байсан болов ч Хороолол барилгын материалын байрыг Номин их дэлгүүр худалдан авахаа больсон учраас, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үйл ажиллагаагаа явуулалгүй гэрээний үүргээ зөрчиж хохирол учруулсан. Оюунмэнд ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 17 өдрийн 5/8 тоот мэдэгдэл хүргүүлж, түрээслэгч Б.Адъяасүрэнг түрээсэлсэн лангуу павильондоо үйл ажиллагаагаа эхлүүлэхийг албан ёсоор мэдэгдсэн. Б.Адъяасүрэн нь нэхэмжлэлдээ 1 сарын дараа павильон бэлэн болгохоор тохиролцсон гэж ташаа бичсэн байна. Гэрээ ёсоороо 4 дүгээр сарын 15-ны өдрөөс ажиллаж эхлэх байсан. 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Б.Адъяасүрэнтэй гэрээ хийхдээ 4 дүгээр сарын түрээсийн төлбөр авсан. Оюунмэнд ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс хойш түрээслэгчгүй болж үүнээс үүдэн манай компани нь дараах алдагдлыг хүлээгээд байна. Б.Адъяасүрэнд оногдох талбайн ашиглалтын зардал нь 5,5 м.кв 8600 * 5,5 м.кв = 47,300 төгрөг, 47,300 * З сар = 141,900 төгрөг, Б.Адъяасүрэнгийн түрээсэлсэн талбайд оногдох вакум хаалт хаалга 5,875 м.кв * 65,000 төгрөг = 381,875 төгрөг, Иймд Оюунмэнд ХХК нь Б.Адъяасүрэнтэй байгуулсан гэрээнээс учирсан хохирол болох цахилгаан дулааны зардал 141,900 төгрөг, вакум хаалт хаалганы 381,875 төгрөг, нийт 523,775 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулан тайлбар гаргахдаа:
Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох вакум хаалт, хаалга, тог цахилгааны мөнгө гэх 523,775 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Оюунмэнд ХХК талбайг түрээсийн үйл ажиллагаа явуулахад бэлэн болгох үүрэгтэй. Б.Адъяасүрэн Оюунмэнд ХХК-тай түрээсийн гэрээ байгуулснаас хойш нэг ч удаа үйл ажиллагаа явуулаагүй мөртлөө яагаад тог цахилгааны мөнгө төлөхөөр болдог юм бэ. Б.Адъяасүрэнгийн түрээсийн гэрээ байгуулсан гэх 5.5 м.кв талбайд Оюунмэнд ХХК вакум хаалт, хаалга хийснийг нотолсон нэг ч баримт байхгүй. Хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Адъяасүрэн нь хариуцагч Оюунмэнд ХХК-д холбогдуулан 285,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Оюунмэнд ХХК нь нэхэмжлэгч Б.Адъяасүрэнд холбогдуулан 523,775 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Талууд 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Арвидах худалдааны төвийн талбай түрээслэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Арвидах худалдааны төвийн в5 тоот талбайг жижиглэн худалдааны чиглэлээр түрээслүүлж, сарын 150,000 төгрөгний түрээсийн төлбөртэйгээр 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаагаанд түрээслэхээр харилцан тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба уг түрээсийн гэрээний 1 сарын төлбөрт 135,000 төгрөгийг, барьцааны төлбөрт 150,000 төгрөг, нийт 285,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид төлсөн болох нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ, кассын орлогын баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний шинж, талуудын эрх, үүрэг зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэхүү гэрээний зүйл болох Арвидах худалдааны төвийн барилга нь Л.Батбаатарын өмч байх ба Оюунмэнд ХХК-ийн ганц хувьцаа эзэмшигч нь, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Л.Батбаатар мөн болох нь хэрэгт авагдсан хариуцагч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа болон хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчөөр Л.Батбаатар өөрийн биеэр оролцсон бөгөөд тэрээр өөрийн хувийн өмчөө компанийн нэр дээр захиран зарцуулж, компанийн нэр дээр бусдад ашиглуулахаар гэрээ байгуулсанаа хүлээн зөвшөөрч маргахгүй байна. Иймд Оюунмэнд ХХК-ийн захирал Л.Батбаатарыг өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө өөрийнх нь 100 хувийн эзэмшилд байдаг компанийн нэрээр захиран зарцуулсаныг буруутгах үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Тус гэрээний 4.1-д энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар гэрээний 1.1-д заасан талбайг хүлээлгэн өгөх, хүлээн авах актаар түрээслэгчид шилжүүлэн өгнө гэж заасны дагуу түрээсийн зүйл болох Арвидах худалдааны төвийн в5 дугаартай талбайг хариуцагч нь нэхэмжлэгч талд гэрээ байгуулсан өдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өгөх ёстой гэж маргаж байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа... гэрээ байгуулах үед түрээслэсэн гэх талбайг шууд ашиглах боломжгүй байсан. Оюунмэнд ХХК-ийн зүгээс Ноц цонх ХХК-иар талбайг өөрчлүүлж бэлэн болгохоор гэрээ байгуулсан, өнөө маргаашгүй бэлэн болгоно гэсэн... гэх тайлбарыг гаргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэл болдог.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан энэхүү тайлбараас үзэхэд гэрээ байгуулах үед талбай бэлэн болоогүй, өөрөөр хэлбэл гэрээний 4.1-д заасан гэрээнд гарын үсэг зурснаар талбайг хүлээлгэн өгнө гэсэн заалт хэрэгжих боломжгүй байсан гэдгийг талууд мэдэж байсан гэж үзэхээр байна
Хороолол барилгын материалын захад үйлчилгээ эрхэлдэг байсан нэхэмжлэгч Б.Адъяасүрэн болон нэр бүхий 19 иргэн Арвидах худалдааны төвд талбай түрээслэхээр гэрээ байгуулсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч Оюунмэнд ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1/5 дугаартай мэдэгдлийг нийт түрээслэгч нарт хүргүүлсэн байх ба уг мэдэгдэлд...уг гэрээний үүргийн дагуу барилгын материалын төв 2019 оны 04 дүгээр сарын 15-д үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болно... гэсэн байх бөгөөд уг мэдэгдэлд в5 дугаартай талбайг түрээслэгчээр Оюунчимэг гэдэг хүн гарын үсэг зурсан байна.
Хариуцагч байгууллага нь ...ихэнх түрээслэгч нар 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэрээ байгуулсан. Харин Б.Адъяасүрэн нь сүүлд ирж гэрээ байгуулаад Оюунчимэгийн оронд в5 дугаартай талбайг түрээслэхээр болсон гэж тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгэхгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...талбай бэлэн болоогүй байсан, ...Ноц цонх ХХК-иар талбайг өөрчлүүлж бэлэн болгоно гэсэн гэх тайлбар болон хариуцагч Оюунмэнд ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1/5 дугаартай мэдэгдэл, гэрч Л.Янжмаагийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, хариуцагч компанийн Ноц цонх ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ зэргийг үндэслэн талууд түрээсийн гэрээний зүйл болох в5 дугаартай талбайг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэжээ.
Нэхэмжлэгч тал нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс татгалзах тухайгаа хариуцагч талд 2019 оны 03 дугаар сард мэдэгдсэн гэж тайлбарлаж байх боловч энэ тухай баримт хэрэгт авагдаагүй.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зүйлд заасан журмыг зөрчсөн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийг гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагч талыг гэрээний 4.1-д заасан үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.Адъяасүрэнгийн хариуцагч Оюунмэнд ХХК-д холбогдуулан гаргасан 285,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч Оюунмэнд ХХК нь нэхэмжлэгч Б.Адъясүрэнгээс гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд буюу в5 талбайд вакум хаалт хийлгэсний үнэ 381,875 төгрөг, тог, цахилгаан, дулааны зардалд 141,900 төгрөг, нийт 523,775 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Л.Батбаатарын цахилгаан болон дулааны төлбөр төлсөн баримтууд болон Ноц цонх ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, баримтуудыг хэрэгт нотлох баримтаар өгсөн ба уг баримтуудаар хариуцагч талаас гэрээнд заасан үүргээ биелүүлэхтэй холбоотойгоор тодорхой хэмжээний зардал гарсан болох нь тогтоогдож байх боловч эдгээр баримтаар нэхэмжлэгч Б.Адъяасүрэн гэрээний үүргээ зөрчсөний улмаас хариуцагч талд 523,775 төгрөгний хохирол учирсан гэж үзэх боломжгүй юм.
Иймд хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 227 дугаар 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчБ.Адъяасүрэнгийн хариуцагч Оюунмэнд ХХК-д холбогдуулан гаргасан 285,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Оюунмэнд ХХК-ийн нэхэмжлэгч Б.Адъяасүрэнд холбогдуулан гаргасан 523,775 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Адъяасүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,200 төгрөгийг, хариуцагч Оюунмэнд ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,363 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээрсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА