| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2023/0029/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/39 |
| Огноо | 2023-02-08 |
| Зүйл хэсэг | 17.12.2.4., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч Г.Бат-Оргил,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа,
Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г-д холбогдох эрүүгийн 2230000000356 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын ....-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .... дугаар баг .......... тоотод түр оршин суух,
урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар оногдуулсан 1 жил 10 сарын хугацаагаар хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд дүйцүүлэн 30 хоног буюу 1 сараар тооцон нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 11 сарын хугацаагаар хорих ялаар,
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн,
Х овогт Г-ын Г
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.Г нь 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр өөрийн эзэмшлийн “Crown 175” маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хохирогч Б.Э-ы 5 тооны хонийг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын .... дугаар багийн нутаг “*******” гэх газраас хулгайлж 800,250 төгрөгийн хохирол,
мөн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр өөрийн эзэмшлийн “Crown 175” маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хохирогч У.Х-ийн 2 тооны хонийг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутагт “*******” гэх газраас хулгайлж 400,250 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Эрүүгийн 2230000000356 дугаартай хэргээс:
“Toyota Crown-175” маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авахдаа аймгийн зарын группээс 2021 оны 06 дугаар сард 1,200,000 төгрөгөөр худалдан авсан. Харин хэн гэдэг хүнээс авсан гэдгээ санахгүй байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь 2022 оны 09 дүгээр сард эвдрэхээр нь задлаад зарсан, одоо тухайн тээврийн хэрэгсэл надад байхгүй.” гэх /хх 67-68 дугаар хуудас/
- Хохирогч Б.Э-ы “2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хонио бэлчээгээд манай нөхөр гэртээ байж байсан. Гэтэл хонь бэлчсэн зүгээс 1 бараан өнгийн машин манай гэрийн хажуугаар өнгөрөхдөө машиных нь арын багааж нь онгорхой савлаад явж байсан. Тэгээд дурандаж харахад ардаа хонь ачсан хар хөх өнгийн суудлын жижиг машин байсан. Багаажаа онгойсон байсныг татаж уяад яваад өгсөн. Тэгэхээр нь нөхөр бид хоёр хонин дээрээ очоод хонио зүсээр нь бүртгэж үзэхэд 2 содон эр хонь дутсан байсан. Тэгээд аймагт ирээд “Зүүн бүсийн худалдааны төв”-д байх малын ченж Дариа эгчтэй уулзахад манай 5 хонийг Г гэдэг залуу зарсан байсан. 2 эр хонь, 3 төлөг авчирч өгсөн байсан.” гэх /хх 16-17 дугаар хуудас/,
- Гэрч Д.Д-ийн “Миний санаж байгаагаар 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр шиг санаж байна. “Зүүн бүс худалдааны төв”-д махаа зараад байж байхад Г.Г гээд хүн ирээд “хонь авах уу” гэхээр нь үзэж байгаад авахаар болсон. Тэгээд тухайн хүнээс хэдэн хонь байгааг асуухад “7 хонь байна” гэхээр нь хонинуудыг нь үзэж байгаад авахаар тохиролцож наймаа хийсэн. Харин Г.Г-д хэзээ мөнгийг нь өгсөн гэдгээ мэдэхгүй байна. Тэгэхэд Б.Э, У.Х гэх хүмүүс над руу ирээд “Галхүү гэх хүн танд хонь өгсөн үү” гэхээр нь “тиймээ, би тухайн хүнээс хонь авсан” гээд хонинуудаа үзүүлэхэд тэр хүмүүс “манай хонинууд мөн байна, им нь хүртэл мөн байна” гэхээр нь “та хэд Галхүү гэх залууг олж ирээд миний мөнгийг гаргуулж өгөөд хонинуудаа авч болно” гэсэн. Уг хүмүүс нь Галхүүг авч ирээд миний хохирлыг барагдуулаад өөрсдийнхөө хонинуудыг аваад явсан.” гэх /хх 23-24 дүгээр хуудас/,
- Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2202464 дугаартай “нас гүйцсэн 2 тооны эр хонины зах зээлийн үнэлгээ 400,250 төгрөг, 3 төлгөн хонины зах зээлийн үнэлгээ 400,000 төгрөг, нийт 5 тооны хонины зах зээлийн үнэлгээ 800,250 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх 30-39 дүгээр хуудас/,
- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 96 дугаартай “Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай” прокурорын тогтоол /хх 97-98 дугаар хуудас/,
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр өөрийн эзэмшлийн “Crown 175” маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хохирогч Б.Эы 5 тооны хонийг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “*******” гэх газраас хулгайлж 800,250 төгрөгийн,
мөн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр өөрийн эзэмшлийн “Crown 175” маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хохирогч У.Хийн 2 тооны хонийг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутагт “*******” гэх газраас хулгайлж 400,250 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хохирогч Б.Э, У.Х, гэрч Д.Д нарын мэдүүлэг, хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2202463, 2202464 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна.
1.2 Эрх зүйн дүгнэлт:
1.2.1. Мал хулгайлах гэмт хэрэг гэдэгт: бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй, өөрийн өмчийн адил захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгоно. Энэ зүйлд “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна.
Машин механизм гэж: “Зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгсэл”-ийг ойлгохоор хуульчилжээ.
Тодруулбал, шүүгдэгч Г.-Г нь хохирогч Б.Э-ы 5 тооны хонь, хохирогч У.Х-ийн 2 тооны хонь нийт 7 тооны бог малыг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн дэвсгэрээс өөрийн эзэмшлийн “Crown 175” маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж, тээвэрлэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд авчирч худалдан борлуулснаар хулгайлах гэмт хэрэг төгссөн байна.
1.2.2. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын өмчлөх эрхэд санаатай хохирол учруулан гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
1.2.3. Прокуророос шүүгдэгч Г.Г-г машин механизм ашиглаж мал хулгайлсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “машин механизм ашиглаж мал хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1 Шүүхээс шүүгдэгч Г.Г-г машин механизм ашиглаж мал хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.2 Шүүгдэгч Г.Г-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг нь “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан гэмт хэрэг бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “Шүүгдэгч Г.Ганхүүгийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хор уршгийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жил 5 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хохирогч нарын зүгээс хохирол төлбөртэй холбоотой нэхэмжилсэн зүйлгүй. Шүүгдэгч нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдоогүй тул эдлэх ялд оруулах саналгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ........... улсын дугаартай цэнхэр өнгийн “Crown” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 2,625,000 төгрөгийг шүүгдэгч Г.Ггээс гаргуулж улсын орлогод оруулах.” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаагаас “Г.Г нь анхнаасаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан. Ар гэрийн хувьд охин нь зүрхний өвчтэй учир ар гэрийн байдлыг харгалзан улсын яллагчийн сонсгосон ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэх саналыг гаргаж, мэтгэлцсэн.
2.3 Шүүгдэгч Г.Г нь хүнд гэмт хэрэг үйлдсэн, урьд энэ төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жил 5 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
3. Хохирол, хор уршгийн талаар
3.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Г нь хохирогч Б.Э, У.Х нарын эд хөрөнгөд санаатай хохирол учруулсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
4. Бусад асуудлаар
4.1. Шүүгдэгч Г.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд зүйл байхгүй, иргэний хувийн бичиг баримт хураагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Г нь өөрийн эзэмшлийн “Crown 175” маркийн ..... улсын дугаартай автомашиныг ашиглан гэмт хэргийг үйлдсэн.
Шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдсэнээс хойш зарж борлуулсан байх тул Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2202510 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 2,625,000 төгрөг /хх 46-56/-ийг шүүгдэгчээс гаргуулж хуульд заасны дагуу улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Г-ын Г-г машин механизм ашиглаж мал хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Г-г 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Г-д оногдуулсан 1 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шатанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Г.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Б.Э, У.Х нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Г-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Crown 175” маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 2,625,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ