Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 09

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Эрдэнэ сумын газар төрсөн, ... настай, эрэгтэй, малчин, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Дөрвөлж багт оршин суух, Х овогт С.Б-н нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 12 сарын 12-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А, нэхэмжлэгч С.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь С.Б нь 1975 оноос 1992 оныг дуустал Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлд ямаачнаар ажиллаж байсан бөгөөд нэгдлийн боловсон хүчний сейф шатаж миний бичиг баримт үрэгдсэн. Нэгдэл мандаххайрхан хоршоо болж өөрчлөгдөн архивт өгсөн цалингийн баримт дутуу байгаа тул 1975 оноос 1992 оны 12 сарын 31-ний өдөр дуустал ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б нь 1975 оноос 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч С.Б нь 1976 оны 01 сарын 01-нээс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь 2018 оны 09 сарын 05-ны өдрийн 543 дугаартай Дорноговь аймаг Засаг даргын Тамгын газар Архивын тасаг цалингийн тодорхойлолт, 1980 оны 06 сарын 20-ны өдрийн 48 дугаартай Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдлийн даргын тушаал, 1987 оны 08 сарын 11-ний өдрийн 53 дугаартай Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдлийн даргын тушаал, 2018 оны 08 сарын 01-ний өдрийн 05/5338 дугаартай Тагнуулын Ерөнхий газрын тусгай авхивын лавлагаа, гэрч Д.Б “...Миний бие нь 1980 онд Улаанбаатар хотод Хөдөө аж ахуйн дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжилээр төгсөөд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлд туслах нягтлан бодогчоор томилогдож ирсэн. Намайг 1980 онд ирэхэд С.Б нь Цагаан хөтөл бригадад ээж, аавын хамт мал маллаж байсан. С.Б нь 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл нэгдэлд мал маллаж байгаад 1992 оны 12 сарын 31-ний өдрөөс хойш нэгдэл тарж хувийн малаа одоог хүртэл маллаж байгаа.” гэх мэдүүлэг, гэрч С.М “...1975 онд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлд малчнаар орж ажилласан. 1977 онд цэргийн албанд Сүхбаатар аймгийн Онгон суманд яваад 1980 онд халагдаж ирээд тус нэгдэлдээ малчнаар орсон. 1983 онд гэр бүлтэй болж тусдаа гарсан. Хоньчин, ямаачин хийж байгаад 1987 оноос 1992 оныг дуустал үхэр маллаж байсан.” гэх мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

С.Б нь 1975 онд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэх боловч 1976 оны 05 сарын 27-ны өдрийн 15 дугаартай нөхөн томилох тухай Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдлийн даргын тушаалын хавсралтад С.Б-н нэрийг нөхөж гараар бичсэн, гэрч Д.Б, С.М нар нь 1975 онд С.Б-тай хамт ажиллаж байгаагүй, 1980 оноос хойш уг нэгдэлд ажиллаж байсан нь тэдний шүүхэд өгсөн гэрчийн мэдүүллэгээр тогтоогдож байх тул С.Б-г 1975 онд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь нотлох баримтын хүрээнд тогтоогдож чадахгүй байна гэж шүүх үзлээ.    

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар нэхэмжлэгч С.Б-г 1976 оны 01 сарын 01-нээс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х овогт С.Б-г 1976 оны 01 сарын 01-нээс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож, 1975 оны 01 сарын 01-нээс 1975 оны 12 сарын 31-ныг хүртэл хугацаанд ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.Б