Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/46

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянгаа,

Улсын яллагч М.Мөнхтайван,

 Хохирогч *******, *******,

 Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Пэнт овогт ******* холбогдох 2226004430001 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.                                   

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 1998 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, төрсөн эхийн хамт, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 19-06 тоотод оршин суух хаягтай, Улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. Пэнт овогт Билэгжаргал /РД:*******/,

            Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч ******* нь иргэн ******* 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 12 цагийн орчимд монголын үхэр зарна гэж хуурч, зохиомол нөхцөл байдлыг зориуд бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж 1.100.000 төгрөгийг 5286111673 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “монголын үхэр зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох замаар төөрөгдөлд оруулж, түүнээс 700.000 төгрөгийг Хаан банкны харилцах 5286111673 дугаарын дансыг ашиглан шилжүүлэн авч залилсан,

2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2-р багийн нутаг дэвсгэрт “... би бүх махыг чинь авъя, өдөр 15 цаг гэхэд мөнгийг чинь хийе. ..” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн *******йг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 1,185,000 төгрөгийн үнэ бүхий 158 килограмм адууны мах авч залилсан,

2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт “үхэр зарна” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 500,000 төгрөгийг өөрийн Хаан банкны харилцах 5286111673 тоот дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7-р багийн нутаг дэвсгэрт “үхэр зарна” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 800,000 төгрөгийг өөрийн Хаан банкны харилцах 5286111673 тоот дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэн театрын Түмэнжаргал дарга танаас телевизор зээлээд аваад ир гэж хуурч, зохиомол нөхцөл байдлыг зориуд бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулах замаар Монел маркийн 50 инчийн телевизор залилан авч 1.050.000 төгрөгийг хохирол учруулсан,

2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багт Хүнс барааны захын хойно гэрийн мод, гэр ахуйн барааны худалдаа эрхэлдэг иргэн *******ыг хуурч, төөрөгдөлд оруулж зохиомол байдлыг зориуд бий болгон  5 ханатай иж бүрэн гэрийн мод, 7 ширхэг эсгийг залилан авч 3.580.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр иргэн ******* нь дүү нь барилга дээр ажилладаг юм. Наадмаар манай дүү гэр барих гээд байгаа юм. Мөнгийг нь 07 дугаар сарын 27, 28-ны үеэр өгнө гэж хэлээд гэрийн мод, 7 эсгийний хамт авсан. ...Үнэлгээгээр гарсан 3,580,000 төгрөгөө нэхэмжилнэ. Залуу хүн ухаарч байгаа байлгүй дээ. Миний гомдлыг барагдуулчихвал надад гомдоод байх зүйл байхгүй” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би 11 дүгээр сард идэшний үеэр адуу хийгээд захын хойно зогсоод зарж байсан. Өглөө эрт байсан болохоор 1 ч кг мах зараагүй байж байтал ******* ирээд үдээс хойш 3 цагийн үед хотоос ахаас мөнгө ирэх юм. Тэгэхээр мөнгийг нь хийе, махыг чинь авъя гэсэн. Тэр өдөр  махаа *******ын хашаанд нь аваачиж буулгаж өгөөд тэр өдрөө мөнгө нь орж ирээгүй.  Маргааш нь Бумбат дэлгүүрийн хажууд *******тай уулзаад 185,000 төгрөг авсан. Үлдсэн 1,000,000 төгрөгийг аваагүй байгаа тул 1,000,000 төгрөг нэхэмжилж байна. Хохирлыг минь барагдуулчихвал гомдол санал байхгүй” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Би 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багт байх гэртээ байж байтал манай аав Рэгжийбуу надад үхэр зарах хүн байна, чи холбогдоорой гэсэн. Тэгээд 80417111 дугаарын гар утсыг нь аваад залгатал 30 орчим л настай гэмээр эрэгтэй хүн яриад үхэр зарах юм уу гэж би түүнээс асуутал би Улаанбаатар хотод байр авч явж байгаа юм, өнөөдөр Өвөрхангай гарна, соёолон үхэр 1.300.000 төгрөг гэж байна, та надад урьдчилгаа мөнгө болгож 5286111673 дугаарын дансанд 800.000 төгрөгийг шилжүүлээрэй гэсэн. Тэгэхээр нь би тус дансанд нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Үхрийн урьдчилгаа мөнгө гэх гүйлгээний утгатай мөнгө шилжүүлсэн. Би тухайн үед мөнгөө шилжүүлэхдээ хэр найдвартай эсэх, хэзээ авч болох эсэхийг сайтар асуусан. Тэрээр хэлэхдээ 11 дүгээр сарын 23-ний өдөр аймагт ирнэ гэж байсан. Тэрээр 11 дүгээр сарын 24-ний өдөр манай гэрт өөрөө ирж уулзсан юм. ******* гэх залуу хэлэхдээ би өнөөдөр хөдөө явна, маргааш гэхэд үхрийг чинь авч ирнэ, өнөөдөр явахад бас бензиний мөнгө төгрөг хэрэгтэй байна гэж хэлээд дахиад 300.000 төгрөгийг 5286111673 дугаарын дансаараа мөн авсан юм. Тэгээд тэрнээс хойш залгахаар утас нь холбогдох боломжгүй, унтраасан байдаг. Тухайн үед буюу 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ирж уулзахдаа надад дахиад 3 үхэр байна авах хүн байвал та надтай холбоод өгөөч гэхээр нь би өөрийн найз Буянжаргал, мөн ажлын газрын Сумъяа нарт хэлсэн. Тэд нар бас *******тай холбогдоод Буянжаргал найз маань 700.000 төгрөг, Сумъяа ах 700.000 төгрөгийг тус тус 5286111673 дугаарын данс руу нь шилжүүлсэн гэсэн. Тэр хоёр ч гэсэн надтай хамт өргөдөл гаргаж ирсэн байгаа. Би *******тай бол ямар нэгэн холбоо байхгүй, манай аавын найз нь таксинд явдаг ах л хэлсэн. Тэр таксины ахтай ******* байнга  такси барьж 7 дугаар хорооны тэнд буудаг тэгээд таньдаг болсон гэсэн. Би одоо *******ыг харвал танина гэхдээ би нэг удаа л харж байсан. Би гомдолтой байна. Залилуулсан 1.100.000 төгрөгөө буцааж авмаар байна” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 7 дугаар хуудас/,

            Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Би 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө найз Батчимэгийн ажил дээр очтол тэрээр “...би үхэр авах гэж байгаа тэр хүнд дахиад хямдхан зарах үхэр байгаа гэсэн" гэж ярьсан. Гэртээ очоод байж байтал удалгүй над руу 80417111 дугаарын утаснаас "...та үхэр авна гэсэн үү, би нөгөө үхэр зарах гэж байгаа хүн байна, таны утсыг би найзаас чинь авлаа" гэсэн. Тэгэхээр нь би түүнээс хэд гэж байгаа юм гэсэн чинь “1,400,000 төгрөгөөр өгнө” гэсэн. Би одоо сумын төв дээр байна эндээс гарал үүслийн бичгээ авах гээд байна, тэгээд ч нэгэнт хөдөө явж байгаа юм чинь, өвс тэжээлээ аваад явмаар байна, та миний 5286111673 дугаарын дансанд урьдчилгаа 700.000 төгрөгийг шилжүүлээрэй гэсэн. Би ч тухайн үед эргээд ярья гэж хэлээд салгаад Батчимэг найз руугаа залгаад энэ хүн чинь надаас урьдчилгаа өг гээд байна, чи мөнгө өгсөн юм уу? гэтэл тэрээр би урьдчилгаа мөнгө өгчихсөн байгаа, эсхүл чи манай махыг ирэхээр харж байгаад авах юм уу? гэхээр нь за хүнд дахин дахин төвөг удаад яах вэ гэж бодоод би тэр залуу руу буцаж холбогдоод урьдчилгаа мөнгийг чинь шилжүүлье, найдвартай биз дээ гэсэн чинь, би юу гэж худлаа хэлэхэв дээ, орой 20 цагт танай найзын үхэртэй цуг 2 үхрээ янзлаад авч ирээд өгье гэсэн. Тэгэхээр нь би 5286111673 дансанд урьдчилгаа мөнгө гэж 700.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд орой 20 цагийн үед утас руу нь холбогдтол "... би сумын төв дээр ирсэн байна, сая нэг хүн үхэр авна гэж ярилаа. Тэр хүнийг хүлээгээд байна, болчихвол буцаж хөдөө яваад тэр хүний үхрийг хийж ирээд гарна, үгүй гэвэл нэг мөсөн шууд гарах гээд байна, шөнөдөө очих байхаа" гэсэн. Тэгээд шөнө хүнд мах өгөөд яах вэ маргааш нь ярья гэсэн. Маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр би ирэх байх гэж бодчихоод Батчимэг найз руугаа ярьтал бас л нөгөө шалтгаан хэлээд л байна, утас нь бас холбогдохгүй байгаад байна гэсэн. Тэгээд би өчигдөр өглөө залгатал Хайрхандулаанд явж байна, 70 км юухан байх вэ би ороод шууд гэрт чинь хүргэж өгье гэсэн. Тэгсэн Батчимэгт бол тэр өдрөө хүргэж өгч чадахгүй шүү тосож аваарай гэж хэлсэн гэсэн. Тэгээд л ер нь залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандаж байна” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 73 дугаар  хуудас/,

Хохирогч *******йн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Би 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4-р багт гэртээ бүдүүн гүү төхөөрсөн юм. Тус гүүнийхээ махыг хөлдөөж хоноод 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ачаад Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ирж борлуулахаар болсон. Тухайн өдөр 10 цагийн үед захын ар талын мах зардаг зогсоол дээр ирээд зогсож байтал нэг залуу ирээд адууны мах хэд вэ гэсэн. Би 1 кг нь 7,500 төгрөг гэж байна, би ирээд нэг ч кг мах зараагүй байна гэсэн чинь за тэгвэл би бүх махыг чинь авъя. Өдөр 15 цаг гэхэд мөнгийг чинь хийе гэж хэлсэн. Би тэр залууд итгээд Арвайхээр сумын 2-р багт байх гэрт нь гэх газарт очоод адууны махаа хиллээд өгсөн. Тухайн үед 158 кг мах болоод нийт үнэ нь 1,185,000 төгрөг болсон. Би тэр залуугийн нэр ус, утсыг нь аваад явсан. Тэгээд өдөр залгатал мөнгө арай бүтэхгүй байна, маргааш 12 цагаас өмнө хийе гэж хэлсэн. Тэрнээс хойш 1 хоногийн дараа 185,000 төгрөгийг нь би хийе, үлдсэн 1,000,000 төгрөг нь удахгүй араас нь орно гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш утсаа аваагүй, заримдаа аваад ярихдаа одоо хийлээ гээд л алга болчихдог юм. Тэрнээс хойш өнөөдрийн хүртэл огт мөнгө өгөөгүй байгаа. Би тэр залууг огт танихгүй, өмнө нь харж байгаагүй, 80417111 дугаарын утастай, 5286111673 дугаартай данстай байсан. Тэр залуутай анх уулзаад нэрээ хэлээч гэтэл Билгээ гэчихээд огт хэлэхгүй байсан. Тэр залуу тухайн үед машин тэрэггүй, нэг цэнхэр өнгийн приус загварын машинтай такси авч явж байсан. Тэрийгээ гэртээ очоод явуулчихсан. Би тус залууг одоо харвал танина. Би тэр Билгээ гэх залууд 158 кг адууны мах, залилуулсан. Тэр залуугаас нийтдээ 185,000 төгрөгийг л авсан байгаа. Би гомдолтой байна, ер нь залилуулсан 1,000,000 төгрөгөө эсхүл адууны махаа буцааж авмаар байна” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 107 дугаар хуудас/,

Хохирогч М.Отгонтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 11 цагийн орчим манай нөхөр Сумъяа ярихдаа хямдхан үхэр зарна гэнэ, манай нярав найзтайгаа цуг авч байгаа юм гэсэн. Арай хямдхан юм 1,300,000 төгрөгөнд соёолон үхэр гэсэн. Явдал суудалгүй нядлаад авч ирж өгнө гэсэн гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би нөхрийнхөө өгсөн дугаар руу залгатал би Нарийнтээл сумын Билгээ гэж хүн байна, үхэр хямдхан зарна эхлээд та урьдчилгаа 500,000 төгрөгөө шилжүүлчих гээд над руу дансаа мессежээр явуулсан. Тэр залуу хэлэхдээ таны үхрийг маргааш буюу 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр янзлаад гэрт чинь хүргэж өгнө, угаасаа 2 үхэр авсан байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би 5286111673 дугаарын данс руу 500,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 11 цагийн үед гүйлгээний утга дээр нь үхэр гэж бичээд шилжүүлсэн. Маргааш өглөө нь залгатал би эмнэлэг дээр байна, эмээгийн бие муу байгаа гэж хэлээд л салгаад хаячихсан. Тэрнээс хойш утас нь холбогдоогүй. ...Би гомдолтой байна, залилуулсан гэх 500,000 төгрөгөө буцааж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 140 дүгээр хуудас/,

 

Хохирогч С.Отгоны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 12 цагийн орчимд над руу танихгүй дугаар залгаад ярьсан. Би тэр хүнээс нэр усыг нь асуух завдалгүй таньтай уулзах чухал ажил байна гэсэн. Тэгэхээр нь би түүнд 7 дугаар багт гэрийнхээ гадаа хашааны үүдэнд машин дээрээ байна гэсэн. Тэр залуу надаар гэр заалгаад манай гадаа давхиад ирсэн. Тэрээр өөрийгөө Билэгжаргал гэж танилцуулсан. Би аймагт музейн барилга дээр ажиллаж байгаа. Таньд би 2 тооны монголын эр үхэр хийж өгье, та урьдчилгаа 800,000 төгрөгийг өгч туслаач гэсэн. Би ч өөрөө “Янзага” гээд зоогийн газар ажиллуулдаг учир хүн бүр л мал хуй зарж байдаг. Тухайн үед би нэг их эргэлзээгүй залуугийн үгэнд итгээд “хаанаас ирэх үхэр бэ” гэтэл Хайрхандулаан сумаас ирэх үхэр шүү оройдоо багтаад тань дээр ирнэ гэсэн. Би тухайн үед Билэгжаргал гэх залууд итгээд данс руу нь 800,000 төгрөгийг тэр залуугийн хэлсэн Хаан банкны данс руу хийсэн. .. Билэгжаргал гэх залууд мобайл банкаар 800,000 төгрөг шилжүүлсний дараа тэрээр орой ирээд ярья ахаа гэсэн. Би ч тэр залууд итгээд үлдсэн. Тэр өдөр би ингэс хийгээд мартсан байсан. Маргааш өглөө нь түүний 80417111 дугаарын утас руу залгасан. Тэр дугаараас анх над руу залгасан. Би түүн лүү залгаж ярьтал би Бажийн дөрөлж дээр 2 тооны үхрээ ачаад цэнхэр өнгийн портер маркийн машинтай зогсож байна, та өмнөөс хүрээд ирээ гэсэн. Би ч тэр залууд итгээ Бажийн дөрөлж дээр давхиад очтол байхгүй байсан. Би тэндээ 2 цаг орчим хүлээгээд ирэхгүй болохоор Хайрхандулаан сум руу айлд очоод ойр зуурын юм эмхлүүлсэн. Би маргааш нь үүрээр буюу 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө 04 цагийн үед аймагт ирж хоносон. Тэр өдрөө Билэгжаргал гэх залуу руу 10 цагийн үед залгатал ах дүүгийн хүн нас барсан би эмнэлэг дээр мэдүүлэг өгч байна гэж хэлсэн. Тэгээд та Арвайхээр сумын 2-р багийн Улаан худаг дээр хүлээж ба, таны 2 тооны үхэр 2-р багийн 25-03 тоот хашаанд уяатай байгаа гэсэн. Тэгэхээр нь би тэнд очоод мөн л хүлээгээд ирэхгүй болохоор нь 2 цаг орчим зогссон. Тэгээд арга ядаад тус 25-03 тоот хашаанд очоод үзтэл тэнд ямар ч амьтангүй, эзэнгүй хашаа байсан. ...Тэр өдөр Билэгжаргал гэх залуу руу залгаад байхад утсаа авахгүй байсан. Маргааш өглөө буюу 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 11 цагийн үед мөн 80417111 дугаарын утас руу залгатал би Уянга суманд явна. 2 тооны үхэр өнөөдөр Уянга сумаас ачаад очно гэхээр нь чи ер нь худлаа яриад хүн хуураад байгаа юм бэ гэтэл үгүй ээ ахаа би өнөөдөр яг үдээс хойш ачаад очно гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл миний залгасан дуудлагыг огт авахгүй авахгүй байгаа. Би тус мөнгийг Арвайхээр сумын 7-р багийн 32-05 тоот хашааны үүдэнд байхдаа шилжүүлсэн. Тэр Билэгжаргал гэх залуу хажууд байсан. ...Би гомдолтой байна, 800,000 төгрөгөө буцааж авмаар байна” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 169-170 дугаар хуудас/,

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13 цагийн орчим 30 орчим насны залуу миний ажиллуулдаг “Дөрвөн марал” худалдааны төвд орж ирээд театрын дарга Түмэнжаргал надаар камер тавиулж байгаа юм, би камерын инженер нь байгаа юм, камер тавихад дэлгэцээр ашиглах телевизор хэрэг болоод Түмэнжаргал дарга руу ярихад танаас зээлээд авчих би хотод байгаа гэж байна гэхээр нь би Түмэнжаргалтай өөртэй нь ярьж байж өгнө гэхэд гарч яваад буцаад ороод ирсэн. Удалгүй над руу 96328436 дугаарын утсаар залгаад би Түмэнжаргал байна, наад залуудаа телевизорыг нь өгчих би хотод байна гэхээр нь би итгээд 50 инчийн хэмжээтэй Монел маркийн телевизороо өгөөд явуулсан. Манай худалдааны төв 1,100,000 төгрөгөөр худалдан борлуулж байсан, 50 инчийн хэмжээтэй Монел брэндийн хар хүрээтэй телевизор байгаа. Би өнөөдөр Түмэнжаргалын 99327979 дугаарын утсаар холбогдоход надад телевизор авхуулсан асуудал байхгүй, чи залилуулсан байх цагдаагийн байгууллагад хандсан дээр байх гэсэн. Би залилуулсан телевизороо эсвэл учирсан хохирлоо төлүүлж хохиролгүй болмоор байна” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 120 дугаар хуудас/,

 

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багт Хүнс барааны захын хойно гэрийн мод, гэр ахуйн барааны худалдаа эрхэлдэг юм. Тэгсэн ойр зуур юм авдаг байсан зүс таних Билэгжаргал гэх залуу 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ирээд дүү нь Хаус хороололд барилга барьж байгаа манай компани дүүд гэр барьж өгөх гээд гэрийн хэрэгтэй боллоо гэсэн.  Тэгээд барилгын санхүүжилтийн мөнгө орж байсан, наадам таарчихаад орж ирэхгүй байна. Мөнгө нь 2022 оны 07 дугаар сарын 27-нд орно. Тэгэхээр өгье гэсэн. Тэгээд 5 ханатай эрээн гэрийн мод, 7 ширхэг эсгийтэй авсан. Гэрийн мод нь 2,800,000 гээд 7 ширхэг эсгийг нэг бүрийг нь 140,000 төгрөгөөр бодоод нийт 3,780,000 төгрөгөөр зарсан.  Мөнгөө өгөөгүй. 07 сарын 28 нд ярьсан чинь мөнгө орж ирээгүй байна, наадам болоод орж ирээгүй гэж хэлсэн. Тэгээд ер нь би зөндөө л залгасан. Би эргээд холбогдьё, одоо өгнө гээд өгдөггүй. 8 сард ярихад Хайрхандулаан суман дээр дулааны шугам тавьж байна. Тэрний мөнгийг орж ирэхээр өгье гээд байсан.  9 сард бас Уянгад дулааны шугам тавьж байна, энэ ажпыг дуусахаар өгнө гэсэн. Тэгээд өгөөгүй. Дараа нь бас төрийн сан дээр Улаанбаатарт явж байна төрийн сангаас мөнгө орж ирэхээр өгнө гээд байсан” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 55  дугаар хуудас/,

 

Гэрч Н.Сумъяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би Арвайн Элч ХХК-д галч хийдэг юм. 2022 оны 11 дүгээр сарын 25-ны орой ажил дээрээ хонож байсан юм. Манай ажлын Батчимэгийн найз ч гэл үү нэг хүн үхэр хямд зарах сураг байсан гэж ярьж байсан. Би тухайн үед Батчимэг гэх нярав руугаа холбогдоод үхэр зарах хүн байгаа юм уу гэж асуутал тэрээр би захиалчихсан байгаа би тань руу дугаарыг нь явуулъя гэж хэлсэн. Тэгээд би маргааш өглөө нь буугаад эхнэр энэ дугаартай хүн үхэр зарна гэж байсан чи залгаад яриадах гэсэн юм. Би тэр хүнийг харж байгаагүй, огт танихгүй. Батчимэг яриад найдвартай юм шиг байхаар нь бид нар захиалсан юм” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 143 дугаар хуудас/,  

 

Гэрч Д.Түмэнжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би урд өмнө нь “Дөрвөн марал худалдааны төв”-өөс зээлээр эд зүйл, бараа материал худалдан авч байгаагүй. Би телевизор авхуулахаар хэн нэгнийг явуулаагүй, харин Цэвээндулам 12 сарын 07-ны өдөр над руу залгаад зээлсэн телевизорынхоо мөнгийг хэзээ өгөх вэ гэхээр нь юун телевизор болох талаар асуухад таны нэрийг бариад телевизор манайхаас аваад явсан гэхээр нь би надад телевизор авах шаардлага байхгүй цагдаагийн байгууллагад хандаж шалгуул гэж мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 2012 дугаар хуудас/,

 

Гэрч Ч.Ундрахбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  .... Би үүрэн телефоны скайтелын 96328436 дугаарыг 2017 оноос хойш ашиглаж байна. Д.Цэвээндуламыг зүс танина. 2021 оны эхээр надаас бараа авдаг байсан юм тэгээд зүс таньдаг болсон.  2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр надаас 250.000 төгрөг өгөөч гэж ирэхээр нь өгөхгүй гэхэд үдээс хойш нь өөрийн иргэний үнэмлэхний хуулга болон болон эмэгтэй хүний мөнгөн ээмэг бөгж авч ирж өгөөд мөнгө гуйгаад байхаар нь барьцаанд нь авч бараа авдаг хүн болохоор итгээд өгөөд явуулсан. Одоогоор надаас авсан мөнгөө өгөөгүй байгаа. Би худалдан авалт хийж байгаа болон утсаар чинь ярья гэсэн хүмүүсийг үнэгүй ярьдаг болохоор яриулчихдаг. Тухайн хүмүүс бол миний хажууд ярьдаг, харин тухайн өдөр сайн санахгүй байна Билэгжаргал миний ажиллуулдаг лангуун дээр ирээд утсаар чинь яриадахъя гэж орж ирээд миний утсыг авч гарч ярьж байгаад оруулж ирээд өгсөн би утсаа аваад үзэхэд тухайн дугаараа блок хийсэн байсан би тухайн үедээ залгасан дугаарыг нь харж л байсан сайн санахгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 236 дугаар хуудас/,

 

2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 17-20 дугаар хуудас/,

 

2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 114-117 дугаар хуудас/,

 

2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 184-187 дугаар  хуудас/,

 

2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 228-230 дугаар хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 137 дугаартай “158 кг адууны махыг 1,185,000 төгрөгөөр үнэлсэн”  хөрөнгө үнэлсэн тухай тайлан /хх-ийн 1хх-ийн 212-122 дугаар хуудас/,

 

 Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн  2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 142 дугаартай “50 инчийн лед дэлгэцтэй Монел маркийн телевизорыг 1,050,000 төгрөгөөр” үнэлсэн хөрөнгө үнэлсэн тухай тайлан /1хх-ийн 218 дугаар  хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10 дугаартай “5 ханатай гэрийн мод хаалга, тооно, багана нь нарс модоор хийсэн, хаалга 6 ястай, хана нь зүсмэл шинэс, унь нь зүсмэл хар модон эрээлж хийсэн 1 дүгээр будагтай, Бат-Өлзий суманд хийсэн шинэ-2,600,000 төгрөг, Эсгий туурга Арвайхээр сумын Ноос ирээдүй үйлдвэрт үйлдвэрлэгдсэн, цагаан эсгий, дунджаар 1.8х4.8 м хэмжээтэй, 7 ширхэг шинэ-1,400,000 төгрөг, нийт 3,580,000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгө үнэлсэн тухай тайлан /2хх-ийн 58-60 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 36/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-34 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-244 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

          Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч ******* нь хохирогч  ******* 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 12 цагийн орчимд монголын үхэр зарна гэж хуурч 1.100.000 төгрөгийг авсан, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “монголын үхэр зарна” гэж хуурч аас 700.000 төгрөгийг авсан, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч *******ас 158 килограмм адууны мах авч 1,185,000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр үхэр зарна гэж  хохирогч аас 500,000 төгрөгийг шилжүүлэн авсан, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч С.Отгоноос 800,000 төгрөгийг шилжүүлэн авсан, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэн театрын Түмэнжаргал дарга танаас телевизор зээлээд аваад ир гэж хуурч, зохиомол нөхцөл байдлыг зориуд бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулах замаар Монел маркийн 50 инчийн телевизор залилан авч 1.050.000 төгрөгийг хохирол учруулсан, 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр иргэн *******ыг хуурч, төөрөгдөлд оруулж зохиомол байдлыг зориуд бий болгон 3,580,000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай иж бүрэн гэрийн мод, 7 ширхэг эсгийг авч залилсан  гэмт хэрэг үйлдсэн. Хохирогч *******, *******, Д.Цэвээндулам, Р.Батчимэг, , М.Отгонтуяа, С.Отгон нарын мэдүүлэг, гэрч Сумъяа, Түмэнжаргал, Ундрахбаяр нарын мэдүүлгүүд, 2022 оны 12 дугаар сарын 03, 05, 22-ны өдрүүдийн таньж олуулах ажиллагааны тэмдэглэлүүд, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээчин Т.Дагвасүрэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10 дугаартай хөрөнгө үнэлсэн тайлан, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 137 дугаартай хөрөнгө үнэлсэн тайлан, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 142 дугаартай хөрөнгө үнэлсэн тайлан зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ. ...Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг  гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,     

 

         Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч ******* нь гэм буруугийн асуудлаар маргаан байхгүй. Өмгөөлөгч миний тооцоолсноор хохирогч нарт нийт 7,780,000 төгрөгийн хохирол учруулсан. Хохирогч *******д 185,000 төгрөгийг төлсөн. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг  гаргаж байна”  гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

           Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд

 

Шүүгдэгч ******* нь иргэн ******* 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 12 цагийн орчимд монголын үхэр зарна гэж хуурч, зохиомол нөхцөл байдлыг зориуд бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж 1.100.000 төгрөгийг 5286111673 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “монголын үхэр зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох замаар төөрөгдөлд оруулж, түүнээс 700.000 төгрөгийг Хаан банкны харилцах 5286111673 дугаарын дансыг ашиглан шилжүүлэн авч залилсан,

2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2-р багийн нутаг дэвсгэрт “... би бүх махыг чинь авъя, өдөр 15 цаг гэхэд мөнгийг чинь хийе. ..” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн *******йг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 1,185,000 төгрөгийн үнэ бүхий 158 килограмм адууны мах авч залилсан,

2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт “үхэр зарна” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 500,000 төгрөгийг өөрийн Хаан банкны харилцах 5286111673 тоот дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7-р багийн нутаг дэвсгэрт “үхэр зарна” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 800,000 төгрөгийг өөрийн Хаан банкны харилцах 5286111673 тоот дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэн театрын Түмэнжаргал дарга танаас телевизор зээлээд аваад ир гэж хуурч, зохиомол нөхцөл байдлыг зориуд бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулах замаар Монел маркийн 50 инчийн телевизор залилан авч 1.050.000 төгрөгийг хохирол учруулсан,

2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багт Хүнс барааны захын хойно гэрийн мод, гэр ахуйн барааны худалдаа эрхэлдэг иргэн *******ыг хуурч, төөрөгдөлд оруулж зохиомол байдлыг зориуд бий болгон 5 ханатай иж бүрэн гэрийн мод, 7 ширхэг эсгийг залилан авч 3.580.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тус тус тогтоогдсон бөгөөд шүүгдэгч *******ын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч Пэнт овогт Билэгжаргал нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч *******ын “...2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр иргэн ******* нь дүү нь барилга дээр ажилладаг юм. Наадмаар манай дүү гэр барих гээд байгаа юм. Мөнгийг нь 07 дугаар сарын 27, 28-ны үеэр өгнө гэж хэлээд гэрийн мод, 7 эсгийний хамт авсан. ...Үнэлгээгээр гарсан 3,580,000 төгрөгөө нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг, хохирогч *******йн “...Би 11 дүгээр сард идэшний үеэр адуу хийгээд захын хойно зогсоод зарж байсан. Өглөө эрт байсан болохоор 1 ч кг мах зараагүй байж байтал ******* ирээд үдээс хойш 3 цагийн үед хотоос ахаас мөнгө ирэх юм. Тэгэхээр мөнгийг нь хийе, махыг чинь авъя гэсэн. Тэр өдөр махаа *******ын хашаанд нь аваачиж буулгаж өгөөд тэр өдрөө мөнгө нь орж ирээгүй.  Маргааш нь Бумбат дэлгүүрийн хажууд *******тай уулзаад 185,000 төгрөг авсан. Үлдсэн 1,000,000 төгрөгийг аваагүй байгаа тул 1,000,000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг,

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: Хохирогч ”...Би 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багт байх гэртээ байж байтал манай аав Рэгжийбуу надад үхэр зарах хүн байна, чи холбогдоорой гэсэн. Тэгээд 80417111 дугаарын гар утсыг нь аваад залгатал 30 орчим л настай гэмээр эрэгтэй хүн яриад үхэр зарах юм уу гэж би түүнээс асуутал би Улаанбаатар хотод байр авч явж байгаа юм, өнөөдөр Өвөрхангай гарна, соёолон үхэр 1.300.000 төгрөг гэж байна, та надад урьдчилгаа мөнгө болгож 5286111673 дугаарын дансанд 800.000 төгрөгийг шилжүүлээрэй гэсэн. Тэгэхээр нь би тус дансанд нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Үхрийн урьдчилгаа мөнгө гэх гүйлгээний утгатай мөнгө шилжүүлсэн. ...Тэгээд тэрнээс хойш залгахаар утас нь холбогдох боломжгүй, унтраасан байдаг” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 7 дугаар хуудас/, хохирогч ”...Би 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө найз Батчимэгийн ажил дээр очтол тэрээр “...би үхэр авах гэж байгаа тэр хүнд дахиад хямдхан зарах үхэр байгаа гэсэн" гэж ярьсан. Гэртээ очоод байж байтал удалгүй над руу 80417111 дугаарын утаснаас "...та үхэр авна гэсэн үү, би нөгөө үхэр зарах гэж байгаа хүн байна, таны утсыг би найзаас чинь авлаа" гэсэн. Тэгэхээр нь би түүнээс хэд гэж байгаа юм гэсэн чинь “1,400,000 төгрөгөөр өгнө” гэсэн. ...би 5286111673 дансанд урьдчилгаа мөнгө гэж 700.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд орой 20 цагийн үед утас руу нь холбогдтол "... би сумын төв дээр ирсэн байна, сая нэг хүн үхэр авна гэж ярилаа. Тэр хүнийг хүлээгээд байна, болчихвол буцаж хөдөө яваад тэр хүний үхрийг хийж ирээд гарна, үгүй гэвэл нэг мөсөн шууд гарах гээд байна, шөнөдөө очих байхаа" гэсэн. Тэгээд шөнө хүнд мах өгөөд яах вэ маргааш нь ярья гэсэн. Маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр би ирэх байх гэж бодчихоод Батчимэг найз руугаа ярьтал бас л нөгөө шалтгаан хэлээд л байна, утас нь бас холбогдохгүй байгаад байна гэсэн. Тэгээд би өчигдөр өглөө залгатал Хайрхандулаанд явж байна, 70 км юухан байх вэ би ороод шууд гэрт чинь хүргэж өгье гэсэн. Тэгсэн Батчимэгт бол тэр өдрөө хүргэж өгч чадахгүй шүү тосож аваарай гэж хэлсэн гэсэн. Тэгээд л ер нь залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандаж байна” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 73 дугаар  хуудас/, хохирогч *******йн ”...Би 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4-р багт гэртээ бүдүүн гүү төхөөрсөн юм. Тус гүүнийхээ махыг хөлдөөж хоноод 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ачаад Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ирж борлуулахаар болсон. Тухайн өдөр 10 цагийн үед захын ар талын мах зардаг зогсоол дээр ирээд зогсож байтал нэг залуу ирээд адууны мах хэд вэ гэсэн. Би 1 кг нь 7,500 төгрөг гэж байна, би ирээд нэг ч кг мах зараагүй байна гэсэн чинь за тэгвэл би бүх махыг чинь авъя. Өдөр 15 цаг гэхэд мөнгийг чинь хийе гэж хэлсэн. Би тэр залууд итгээд Арвайхээр сумын 2-р багт байх гэрт нь гэх газарт очоод адууны махаа хиллээд өгсөн. Тухайн үед 158 кг мах болоод нийт үнэ нь 1,185,000 төгрөг болсон. Би тэр залуугийн нэр ус, утсыг нь аваад явсан. Тэгээд өдөр залгатал мөнгө арай бүтэхгүй байна, маргааш 12 цагаас өмнө хийе гэж хэлсэн. Тэрнээс хойш 1 хоногийн дараа 185,000 төгрөгийг нь би хийе, үлдсэн 1,000,000 төгрөг нь удахгүй араас нь орно гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш утсаа аваагүй, заримдаа аваад ярихдаа одоо хийлээ гээд л алга болчихдог юм. ...Тэр залуугаас нийтдээ 185,000 төгрөгийг л авсан байгаа” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 107 дугаар хуудас/, хохирогч М.Отгонтуяагийн ”...2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 11 цагийн орчим манай нөхөр Сумъяа ярихдаа хямдхан үхэр зарна гэнэ, манай нярав найзтайгаа цуг авч байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би нөхрийнхөө өгсөн дугаар руу залгатал би Нарийнтээл сумын Билгээ гэж хүн байна, үхэр хямдхан зарна эхлээд та урьдчилгаа 500,000 төгрөгөө шилжүүлчих гээд над руу дансаа мессежээр явуулсан. Тэр залуу хэлэхдээ таны үхрийг маргааш буюу 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр янзлаад гэрт чинь хүргэж өгнө, угаасаа 2 үхэр авсан байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би 5286111673 дугаарын данс руу 500,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 11 цагийн үед гүйлгээний утга дээр нь үхэр гэж бичээд шилжүүлсэн. Маргааш өглөө нь залгатал би эмнэлэг дээр байна, эмээгийн бие муу байгаа гэж хэлээд л салгаад хаячихсан. Тэрнээс хойш утас нь холбогдоогүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 140 дүгээр хуудас/, хохирогч С.Отгоны ”...2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 12 цагийн орчимд над руу танихгүй дугаар залгаад ярьсан. Би тэр хүнээс нэр усыг нь асуух завдалгүй таньтай уулзах чухал ажил байна гэсэн. ...Тэрээр өөрийгөө Билэгжаргал гэж танилцуулсан. Би аймагт музейн барилга дээр ажиллаж байгаа. Таньд би 2 тооны монголын эр үхэр хийж өгье, та урьдчилгаа 800,000 төгрөгийг өгч туслаач гэсэн. Би ч өөрөө Янзага гээд зоогийн газар ажиллуулдаг учир хүн бүр л мал хуй зарж байдаг. Тухайн үед би нэг их эргэлзээгүй залуугийн үгэнд итгээд хаанаас ирэх үхэр бэ гэтэл Хайрхандулаан сумаас ирэх үхэр шүү оройдоо багтаад тань дээр ирнэ гэсэн. Би тухайн үед Билэгжаргал гэх залууд итгээд данс руу нь 800,000 төгрөгийг тэр залуугийн хэлсэн Хаан банкны данс руу хийсэн....Тэр өдөр Билэгжаргал гэх залуу руу залгаад байхад утсаа авахгүй байсан. Маргааш өглөө буюу 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 11 цагийн үед мөн 80417111 дугаарын утас руу залгатал би Уянга суманд явна. 2 тооны үхэр өнөөдөр Уянга сумаас ачаад очно гэхээр нь чи ер нь худлаа яриад хүн хуураад байгаа юм бэ гэтэл үгүй ээ ахаа би өнөөдөр яг үдээс хойш ачаад очно гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл миний залгасан дуудлагыг огт авахгүй авахгүй байгаа” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 169-170 дугаар хуудас/, хохирогч ”...2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13 цагийн орчим 30 орчим насны залуу миний ажиллуулдаг “Дөрвөн марал” худалдааны төвд орж ирээд театрын дарга Түмэнжаргал надаар камер тавиулж байгаа юм, би камерын инженер нь байгаа юм, камер тавихад дэлгэцээр ашиглах телевизор хэрэг болоод Түмэнжаргал дарга руу ярихад танаас зээлээд авчих би хотод байгаа гэж байна гэхээр нь би Түмэнжаргалтай өөртэй нь ярьж байж өгнө гэхэд гарч яваад буцаад ороод ирсэн. Удалгүй над руу 96328436 дугаарын утсаар залгаад би Түмэнжаргал байна, наад залуудаа телевизорыг нь өгчих би хотод байна гэхээр нь би итгээд 50 инчийн хэмжээтэй Монел маркийн телевизороо өгөөд явуулсан. ...Би өнөөдөр Түмэнжаргалын 99327979 дугаарын утсаар холбогдоход надад телевизор авхуулсан асуудал байхгүй, чи залилуулсан байх цагдаагийн байгууллагад хандсан дээр байх гэсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 120 дугаар хуудас/, хохирогч *******ын ”...Зүс таних Билэгжаргал гэх залуу 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ирээд дүү нь Хаус хороололд барилга барьж байгаа манай компани дүүд гэр барьж өгөх гээд гэрийн хэрэгтэй боллоо гэсэн.  Тэгээд барилгын санхүүжилтийн мөнгө орж байсан, наадам таарчихаад орж ирэхгүй байна. Мөнгө нь 2022 оны 07 дугаар сарын 27-нд орно. Тэгэхээр өгье гэсэн. Тэгээд 5 ханатай эрээн гэрийн мод, 7 ширхэг эсгийтэй авсан. Гэрийн мод нь 2,800,000 гээд 7 ширхэг эсгийг нэг бүрийг нь 140,000 төгрөгөөр бодоод нийт 3,780,000 төгрөгөөр зарсан.  Мөнгөө өгөөгүй. 07 сарын 28 нд ярьсан чинь мөнгө орж ирээгүй байна, наадам болоод орж ирээгүй гэж хэлсэн. Тэгээд ер нь би зөндөө л залгасан. Би эргээд холбогдьё, одоо өгнө гээд өгдөггүй. 8 сард ярихад Хайрхандулаан суман дээр дулааны шугам тавьж байна. Тэрний мөнгийг орж ирэхээр өгье гээд байсан.  9 сард бас Уянгад дулааны шугам тавьж байна, энэ ажпыг дуусахаар өгнө гэсэн. Тэгээд өгөөгүй. Дараа нь бас төрийн сан дээр Улаанбаатарт явж байна төрийн сангаас мөнгө орж ирэхээр өгнө гээд байсан” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 55  дугаар хуудас/, гэрч Н.Сумъяагийн  “...2 Манай ажлын Батчимэгийн найз ч гэл үү нэг хүн үхэр хямд зарах сураг байсан гэж ярьж байсан. Би тухайн үед Батчимэг гэх нярав руугаа холбогдоод үхэр зарах хүн байгаа юм уу гэж асуутал тэрээр би захиалчихсан байгаа би тань руу дугаарыг нь явуулъя гэж хэлсэн. Тэгээд би маргааш өглөө нь буугаад эхнэр энэ дугаартай хүн үхэр зарна гэж байсан чи залгаад яриадах гэсэн юм. Би тэр хүнийг харж байгаагүй, огт танихгүй. Батчимэг яриад найдвартай юм шиг байхаар нь бид нар захиалсан юм” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 143 дугаар хуудас/,  гэрч Д.Түмэнжаргалын  “...Би урд өмнө нь “Дөрвөн марал худалдааны төв”-өөс зээлээр эд зүйл, бараа материал худалдан авч байгаагүй. Би телевизор авхуулахаар хэн нэгнийг явуулаагүй, харин Цэвээндулам 12 сарын 07-ны өдөр над руу залгаад зээлсэн телевизорынхоо мөнгийг хэзээ өгөх вэ гэхээр нь юун телевизор болох талаар асуухад таны нэрийг бариад телевизор манайхаас аваад явсан гэхээр нь би надад телевизор авах шаардлага байхгүй цагдаагийн байгууллагад хандаж шалгуул гэж мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 2012 дугаар хуудас/, гэрч Ч.Ундрахбаярын “... Би үүрэн телефоны скайтелын 96328436 дугаарыг 2017 оноос хойш ашиглаж байна. ...Билэгжаргал миний ажиллуулдаг лангуун дээр ирээд утсаар чинь яриадахъя гэж орж ирээд миний утсыг авч гарч ярьж байгаад оруулж ирээд өгсөн би утсаа аваад үзэхэд тухайн дугаараа блок хийсэн байсан би тухайн үедээ залгасан дугаарыг нь харж л байсан сайн санахгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 236 дугаар хуудас/, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 17-20 дугаар хуудас/, 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 114-117 дугаар хуудас/, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 184-187 дугаар  хуудас/,2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 228-230 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 137 дугаартай “158 кг адууны махыг 1,185,000 төгрөгөөр үнэлсэн”  хөрөнгө үнэлсэн тухай тайлан /хх-ийн 1хх-ийн 212-122 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн  2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 142 дугаартай “50 инчийн лед дэлгэцтэй Монел маркийн телевизорыг 1,050,000 төгрөгөөр” үнэлсэн хөрөнгө үнэлсэн тухай тайлан /1хх-ийн 218 дугаар  хуудас/, Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10 дугаартай “5 ханатай гэрийн мод хаалга, тооно, багана нь нарс модоор хийсэн, хаалга 6 ястай, хана нь зүсмэл шинэс, унь нь зүсмэл хар модон эрээлж хийсэн 1 дүгээр будагтай, Бат-Өлзий суманд хийсэн шинэ-2,600,000 төгрөг, Эсгий туурга Арвайхээр сумын Ноос ирээдүй үйлдвэрт үйлдвэрлэгдсэн, цагаан эсгий, дунджаар 1.8х4.8 м хэмжээтэй, 7 ширхэг шинэ-1,400,000 төгрөг, нийт 3,580,000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгө үнэлсэн тухай тайлан /2хх-ийн 58-60 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа хийгдсэн байна.

 

           Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч, хохирогч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй,  ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

             Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах байдлаар үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх хэлбэрийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг билээ.

             

Шүүгдэгч  Пэнт овогт хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Хохирогч Д.Цэвээндуламд 50 инчийн лед дэлгэцтэй Монел маркийн телевизорыг биет байдлаар буцаан өгсөн болох нь 50 инчийн лед дэлгэцтэй Монел маркийн телевизорыг хүлээлгэн өгсөн тухай Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 231-233/, “50 инчийн лед дэлгэцтэй Монел маркийн телевизорыг хураан авсан тухай Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 224-225/-ээр, мөн шүүгдэгч ******* нь хохирогч *******д 185,000 төгрөг төлсөн болох нь хохирогчч шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Хохирогч Д.Цэвээндулам нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь бусад хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 5101-д зааснаар  шүүгдэгч *******аас 7,680,000 төгрөг гаргуулж хохирогч 1,100,000 төгрөг, хохирогч 700,000 төгрөг, хохирогч *******д 1,000,000 төгрөг, хохирогч 500,000 төгрөг, хохирогч 800,000 төгрөг, хохирогч *******д 3,580,000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэлээ.

 

Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйл болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч нарт хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 68 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцуулах, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг, 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...*******ын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэм хэмжээний дотор ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм буруугаа хүлээн мэдүүлж байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

           

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.

 

           Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жил найман сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэж, 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч *******д оногдуулсан нэг жил найман сарын   хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

             

              Шүүгдэгч ******* нь 67 хоног цагдан хоригдсон болох нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ЦХШЗ/01 дугаартай “Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай /1-р хх-ийн 60-62/,  2023 оны 01 дүгээр  сарын 20-ны өдрийн 2023/ЦХШЗ/11 дугаартай “Яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай /2-р хх-ийн 24-28/, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЗ/134 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай шүүгчийн захирамжуудаар   тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 67 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж,

           

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, шүүгдэгч ******* нь нь хохирогч Д.Цэвээндуламд 50 инчийн монел телевизорыг биет байдлаар буцаан өгсөн,  хохирогч *******д 185,000 төгрөгийг, төлсөн, хохирогч Д.Цэвээндулам нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг,         

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4,  36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.6, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч  Пэнт овогт хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Пэнт овогт нэг жил найман сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нэг жил найман сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 67 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, шүүгдэгч ******* нь нь хохирогч Д.Цэвээндуламд 50 инчийн монел телевизорыг биет байдлаар буцаан өгсөн,  хохирогч *******д 185,000 төгрөгийг, төлсөн, хохирогч Д.Цэвээндулам нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 5101-д зааснаар  шүүгдэгч *******аас 7,680,000 төгрөг гаргуулж хохирогч 1,100,000 төгрөг, хохирогч 700,000 төгрөг, хохирогч *******д 1,000,000 төгрөг, хохирогч 500,000 төгрөг, хохирогч 800,000 төгрөг, хохирогч *******д 3,580,000 төгрөг тус тус олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг   дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               М.МАНДАХБАЯР