Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Б даргалж,

Нэхэмжлэгч: Д аймгийн ТХ-н нэхэмжлэлтэй,

Б.Ц-г эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч М.Ч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д аймгийн ТХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны Хувь хүний орлогын албан татвар, Автотээвэрийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын нийт 898.500 төгрөгийг өр барагдуулахгүйгээр алга болсон тул Б.Ц-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч М.Ч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Иргэн Б.Ц нь 2017 онд Хувь хүний орлогын албан татвар, Автотээвэрийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын өрийг барагдуулаагүй алга болсон. 2018 оны 10 сард шүүхээс түүний хаяг тодорхойгүй гэх шалтгаанаар манай байгууллагын нэхэмжлэлийг буцаасан. Иймд Б.Ц-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэв.    

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч Дорноговь аймгийн ТХ-н гаргасан Б.Ц-г эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Б.Ц нь 2017 оны Хувь хүний орлогын албан татвар, Автотээвэрийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын өрийг барагдуулахгүйгээр нэхэмжлэгч байгууллагатай холбогдохгүй, оршин суух хаягтаа байхгүй алга болсон байх тул түүнийг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Б.Ц нь Д аймгийн З сумын 6-р хэсэгт оршин суух хаягтай. Хувиараа дэлгүүр ажиллуулдаг байсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Б.Ц-г эрэн сурвалжилсугай.

2. Б.Ц-г эрэн сурвалжилж түүний оршин суух хаягийг тогтоох ажиллагааг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

3. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6.Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Э.Б