| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2018/0320/И |
| Дугаар | 17 |
| Огноо | 2019-01-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг ЭМНД байр тоотод оршин суух, К банк ХХК-ний Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум Сүлд багт оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Н овогт Б.Б-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 25.011.200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 12 сарын 12-ны өдөр хүлээн авч 2018 оны 12 сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К банк ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Б нь 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “К банкны Замын-Үүд дэх салбар”-тай ЗГ-45 тоот цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь үндсэн зээлээс 673.996,48 төгрөг, зээлийн хүүнд 512.328,19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 311.344,16 төгрөг, нийт 1.497.668,83 төгрөг төлсөн. Цалингийн барьцаат зээлийн гэрээний хугацаа 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч зээлийн гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй 1316 хоног хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл өнөөдрийн байдлаар дараах байдалтай байна. Үүнд: Үндсэн зээл 14.326.003,52 төгрөг, зээлийн хүү 9.833.046,92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 852.149,56 төгрөг, нийт 25.011.200 төгрөг байна. Иймд зээлдэгч Б.Б-с цалингийн барьцаат зээлийн гэрээний үүрэгт нийт 25.011.200 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сумын сум дундын шүүхэд К банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад иргэн Б.Б миний бие нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дэлгэрэнгүй тайлбарыг жич гаргаж өгнө. Үнэ нь хэт өндөр байна гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Зээлийн гэрээний үүрэг 25.011.200 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Б.Б нь зээлийн гэрээний үүрэг 25.011.200 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хариуцагч Б.Б нь 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “К банкны Замын-Үүд дэх салбар”-тай ЗГ-45 тоот цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлж авсан байх ба зохигч нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгууллагдсан байна. Зохигчид буюу гэрээний талууд нь зээлийн гэрээнд харилцан хүсэл зоригоо илэрхийлж гэрээг байгуулсан байх ба “гэрээний 3.1.5-д зээлдэгч нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг цаг хугацаанд нь бүрэн төлөх үүргийг хүлээжээ. Гэтэл хариуцагч Б.Б нь ЗГ-45 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийг зөрчин 2015 оны 03 сарын 06-ны өдрөөс хойш эргэн төлөлт хийгээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна. Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч Б.Б-с зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 25.011.200 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, хэт өндөр үнийн дүн гарч байна гэж мэтгэлцэж тайлбараа шүүхэд гаргаж өгсөн боловч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Иймд хариуцагч Б.Б-с зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 25.011.200 төгрөгийг гаргуулж К банкинд олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Б.Б-д шүүх хуралдааны товыг 2019 оны 01 сарын 03-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь хэргийг хариуцагч Б.Б-н эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлтийг шүүх хуралдаан дээр гаргасан болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-с 25.011.200 гаргуулж нэхэмжлэгч К банк ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 283.006 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-с 283.006 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б