| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2023/0072/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/78 |
| Огноо | 2023-03-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Энхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/78
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч Д.Энхбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг /цахимаар/
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиад боржигон овогт *******т холбогдох эрүүгийн 2221005360038 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1963 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бүжгийн багш мэргэжилтэй, нийтийн цэнгээнт бүжгийн сургагч багш ажилтай, ам бүл 1, Дорнод аймгийн ******* дугаар баг Дорнод их сургуулийн дотуур байранд түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хиад боржигон овогт ******* /РД: /
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Хатан Хэрлэнгийн долгио” нийтийн бүжгийн клубт 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэн *******тэй маргалдан зодож биед нь “баруун чихний хэнгэргэн хальсны судасны гэмтэл, зүүн бугалга, баруун өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би Дорнод аймгийн Хэрлэн суманд 2022 оны 10 дугаар сараас эхлэн бүжгийн багшаар ажиллаж байгаа. Тухайн өдөр 6 дугаар багт ... бүжгийн клубт цэнгээнт бүжиг болсон ба би түүнд *******тэй хамт оролцсон. ******* өмнө нь надтай байнга бүжиглэдэг байсан ч тэр өдөр надтай бүжиглэхгүй байсан. Тэгэхээр нь би “чи яагаад надтай бүжиглэхгүй байгаа юм” гэж хэлснээр бид маргалдсан. ******* эхлээд намайг баруун хөлөнд гурван удаа, зүүн хөлөнд 2 удаа, хянган тус газарт нэг удаа өшиглөсөн. Дараа нь намайг хажууд нь сууж байхад алгадсан. Миний шанаа тус газарт майжсан сорив нь үлдсэн байгаа. Дараа нь дахиад алгадахад нь би зүүн гараараа хаахад, миний бугуйн цагны түгжээнд гараа урчихсан. Чиний цаганд гараа урчихлаа гээд хувцас солих өрөөнд гараа цэвэрлэхээр ороход нь би дагаад орсон. Намайг өмдөө цэвэрлэж байхад “чи Дорнодоос бүр мөсөн зайл” гэж хэлээд намайг дахиж өшиглөсөн. Дараа нь намайг алгадах гэхээр нь би арагш ухарч, алгадуулаагүй ба хажуу талын давцан дээр байсан төмөр усны савыг баруун гартаа барьж, намайг дахиж цохих гэсэн. Тэгэхээр нь би зүүн гараараа хавсраад цохичихсон чинь чих рүү нь өөрийнх нь савтай гараар цохиж таарсан. Тэр үед хувцас солих өрөөнд бид хоёроос өөр хүн байгаагүй. Тухайн өрөөг хөшгөөр хаачихсан байсан ба цаад талд нь хүмүүс бүжиглэж байсан. гэдэг хүн алгадахыг нь харсан гэж худал гэрчийн мэдүүлэг өгсөн байна гэв.
Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 19 цагийн орчим Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэсвэгт үйл ажиллагаа явуулдаг Хатан Хэрлэнгийн долгио бүжгийн клубт очиж бүжиглэх гээд сууж байтал над дээр ирээд хамт бүжиглэе гэж урихаар нь би чамтай бүжиглэхгүй чамтай бүжиглэх гэж энд ирээгүй гэж хэлэхэд надтай хүчээр бүжиглэх гээд хоёр гараас татахаар нь гараа буцааж татахад миний гар ын цаганд зүсэгдсэн. Ингээд миний гарыг тавихгүй болохоор нь гар өвдөөд байсан учраас хөл рүү нь 1-2 удаа өшиглөөд гараа тавиулсан. Улмаар миний гараас цус гарсан байсан учраас хувцас солих өррөө рүү очиж гараа боох гээд ороход нь араас орж ирээд чи хогийн юмнуудтай бүжиглэлээ сохор, доголон хүмүүс байна. Чиний бүжгийн чадвар муудсан байна гэхээр нь чамд хамаагүй чи эндээс явбал яасан юм бэ гэж хэлээд алгадах гэсэн боловч оноогүй хий алгадсан. Ингээд би цааш нь ыг түлхэхэд миний баруун чих рүү зүүн гараараа алгадахаар нь чи эмэгтэй хүнд гар хүрдэг хэн бэ гээд түлхэх үед хүмүүс ирээд салгасан. ... хэсэг сууж байгаад бүжгийн суудал дээр сууж байтал дахиж ирээд урихаар нь эмэгтэй хүн алгадчихаад дахин бүжигт урьдаг хэн бэ гээд босоход миний баруун өвдөг рүү өшиглөөд зүүн хөл дээр маш хүчтэй гишгэхээр нь би эгчийгээ дуудсан....” гэжээ. /хх-ийн 14-15, 17-18 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шиг санаж байна. Ивээл хорооллын Мустанг баарны хажуу талд Хатан Хэрлэнгийн долгио нэртэй бүжгийн клубт ганцаараа очсон. Ингээд хүмүүс бүжиглээд сандал дээр сууж байтал гаднаас гэх зүс таних хүн орж ирээд хажуу талын сандал дээр суусан. ... байж байтал хар хавцастай сүүлд нэрийг нь мэддэг болсон гэх залуу орж ирээд ийн гараас татаад бүжгийн зузаан ултай гутлаар хөл дээр нь дэвсээд байсан. Удаагүй байж байтал босоод явахад араас нөгөө залуу очоод хувцас солих өрөөнд зүүн гараараа баруун чих рүү нь алгадахад доош чихээ бариад суухад дээрээс нь дахиад цохих гэж байхад босч ирээд ыг түлхээд байж байсан. Би тэр хоёрыг эхнэр, нөхөр гэж ойлгосон....” гэжээ. /хх-ийн 25-26 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 12 дугаарсарын 08-ны өдөр 19 цагийн орчим санагдаж байна. ...Хатан Хэрлэнгийн долгио нэртэй бүжгийн клубт эхнэрийн хамт очсон. Улмаар бүжиглэж байхад сүүлд нэрийг нь мэддэг болсон гэх эмэгтэй ганцаараа сууж байхад бүжгийн багш гэх залуу очоод гараас нь татаж чангаагаад байсан. ... нь хувцас солих хэсэг рүү очоод хэсэг хугацааны дараа гарч ирэхдээ чихээ барьсан байдалтай гарч ирээд намайг алгаддаг нь яаж байгаа юм бэ гээд чанга хэлээд сандал дээр очиж суухад гэх залуу араас нь очоод хөл дээр нь дэвсэж байсан...” гэжээ. /хх-ийн 29-30 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 тоот дүгнэлтэд:
- Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай /хх-ийн 08-009- тал/
Зөрчлийн хэргийг гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 10 тал/
- *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 79-81 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Хиад боржигон овогт Пүрэвийн нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Хатан Хэрлэнгийн долгио” нийтийн бүжгийн клубт 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хохирогч *******тэй маргалдан зодож биед нь “баруун чихний хэнгэргэн хальсны судасны гэмтэл, зүүн бугалга, баруун өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч *******, гэрч , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүлэх тухай, зөрчлийн хэргийг гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр харьяаллын дагуу шилжүүлэх тухай, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхбаяраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, шүүгдэгчид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******н овогт *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ