Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 36

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т банк ХХК-ний Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй,

С.У, С.А нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т банк ХХК-ний Замын-Үүд салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.У, С.А нар нь 2016 оны 08 сарын 09-ний өдөр ЗГ93/05/376 дугаартай “Зээлийн гэрээ”-г Т банкны Замын-Үүд салбартай байгуулан Банкнаас 3,200,000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийг сарын 2,5 хувь жилийн 30 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар цалингийн зээлийг авсан. С.У, С.А нар нь ЗГ93/05/376 дугаартай зээлийн гэрээний 2.2.1, 3.2.1, 3.2.4, 3.2.8  дах заалтыг зөрчиж, 2017 оны 11-р сараас хойш зээлээ хуваарийн дагуу төлөхгүй байгаа ба холбоо барих боломжгүй олдохгүй , хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир С.У, С.А нарыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоолгох, албадан ирүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. С.У-н охин А.Б нь УБ хотод ажиллаж амьдардаг. /Охин А.Б-тэй холбогдож төлүүлэх арга хэмжээ авсан боловч одоог хүртэл зээлээс төлөгдөөгүй болно гэжээ./

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.О шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Иргэн С.У, С.А нар нь 2016 оны 08 сарын 09-ний өдөр ЗГ93/05/376 дугаартай “Зээлийн гэрээ”-г Т банкны Замын-Үүд салбартай байгуулан Банкнаас 3,200,000 төгрөгийг сарын 2,5 хувь жилийн 30 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар цалингийн зээлийг авсан. 2017 оны 11 сараас хойш төлөлт хийгээгүй. Охин Б-тэй ярихад төлнө гэж хэлээд 1 жил болж байна. С.У, С.А нар нь охин Б-тэй хамт Улаанбаатар хотод байгаа. Иймд С.У, С.А нарыг эрэн сурвалжилж оршин суух хаягийг тогтоож өгнө үү гэв.  

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч Т банк ХХК-ний Замын-Үүд салбарын гаргасан С.У, С.А нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

С.У, С.А нар нь 2016 оны 08 сарын 09-ний өдөр ЗГ93/05/376 дугаартай “Зээлийн гэрээ”-г Т банкны Замын-Үүд салбартай байгуулан банкнаас 3,200,000  төгрөгийг сарын 2,5 хувь жилийн 30 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар цалингийн зээлийг авсан. С.У, С.А нар нь ЗГ93/05/376 дугаартай зээлийн гэрээний 2.2.1, 3.2.1, 3.2.4, 3.2.8  дахь заалтыг зөрчиж, 2017 оны 11-р сараас хойш зээлээ хуваарийн дагуу төлөхгүй, нэхэмжлэгч байгууллагатай холбогдохгүй, оршин суух хаягтаа байхгүй алга болсон байх тул түүнийг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

М овогт С.У, Х овогт С.А нар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 6-р хэсэгт оршин суух хаягтай. /Охин А.Б нь Улаанбаатар хотод оршин суудаг/ болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар М овогт С.У, Х овогт С.А нарыг эрэн сурвалжилсугай.

2. С.У, С.А нарыг эрэн сурвалжилж түүний оршин суух хаягийг тогтоох ажиллагааг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6.Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.Б