Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 1065

 

 

 

 

 

 

 

                                               

С.М М.У, Д.У,

М.Хнарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Алтанцэцэг,

шүүгдэгч, С.М, М.У нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

шүүгдэгч, Д.У, М.Хнарын өмгөөлөгч С.Соронзонболд,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/1278  дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч С.М, М.У нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн С.М, М.У, Д.У, М.Хнарт холбогдох 1806009351175 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч С.М, М.У нар нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө 04:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Суман гүн бейкерийн орчимд М.У, М.Х, Д.У нартай бүлэглэн иргэн Б.Гантулгын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж Самсунг эс 4 маркийн гар утас, түрийвч, 45.000 төгрөг, автобусны карт, иргэний үнэмлэх зэргийг дээрэмдсэн, Б.Гантулгын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж байхдаа С.М нь М.Утай бүлэглэн Б.Гантулгын духны голд шарх, хоёр нүдний дээд доод зовхины дотор булан болон хамрын нурууны уг хэсэгт цус хуралт, цээжний зүүн талын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,

шүүгдэгч М.Х, Д.У нар нь М.У, С.М нартай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө 04:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Суман гүн бейкерийн орчимд иргэн Б.Гантулгын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж Самсунг эс 4 маркийн гар утас, түрийвч, 45.000 төгрөг, автобусны карт, иргэний үнэмлэх зэргийг дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч С.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч М.Уын үйлдлийг Эрүүгийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч М.Х, Д.У нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.М, М.У, М.Х, Д.У нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, С.М, М.У нарыг хүндрүүлэх нөцхөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.М, М.У нарыг тус бүр 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Мид 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Ут 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Х, Д.У нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.М, М.У нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийг 30 хоногийн хорих ялаар тооцож уг ялыг, С.Мид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр, М.Ут Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр тус тус нэмж нэгтгэн С.М, М.У нарын тус бүр бүгд биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар С.М, М.У, М.Х, Д.У нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.М, М.У, М.Х, Д.У нарын тус бүр урьд цагдан хоригдсон нийт 14 /арван дөрөв/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Х, Д.У нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.М, М.У нараас тус бүр 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Гантулгад олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар С.Моос 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг, М.Уаас 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.М давж заалдах гомдолдоо “...С.М миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа бөгөөд учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул оногдуулсан ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч М.У давж заалдах гомдолдоо “...М.У миний бие дээрмийн гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан юм. Би үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаасаа гэмшиж байна. Учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч, С.М, М.У нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.М, М.У нараас тус бүр 900.000 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу хохирогчид тус бүр 900.000 төгрөгийг хүлээлгэж өгсөн. Хохирогч гомдол саналгүй гэх баримт гаргаж өгсөн. Үүнийг сая прокурорт танилцууллаа. Үйлчлүүлэгч нар маань Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Үүнийг дэмжиж байна...” гэв.

 

Шүүгдэгч, Д.У, М.Хнарын өмгөөлөгч С.Соронзонболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Миний зүгээс шүүгдэгч Д.У, М.Хнар нь дээрмийн гэмт хэрэгт хамжигчаар оролцоогүй гэсэн байр суурьтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл буюу мөнгө угаах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж байна...” гэв.

 

Прокурор Б.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэгдэх явцад шүүгдэгч М.У, С.М нарын зүгээс хохирлыг төлөөгүй байсан. Шүүгдэгч М.У урьд нь дээрмийн гэмт хэрэгт ял шийтгэгдсэн. Шүүхээс шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээ буюу 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь хууль ёсны үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч нараас гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

 

Шүүгдэгч С.М, М.У, М.Х, Д.У нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө 04:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Суман гүн бейкерийн орчимд иргэн Б.Гантулгын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж Самсунг эс 4 маркийн гар утас, түрийвч, 45.000 төгрөг, автобусны карт, иргэний үнэмлэх зэргийг дээрэмдсэн, шүүгдэгч С.М, М.У нар нь Б.Гантулгын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж байхдаа түүний духны голд шарх, хоёр нүдний дээд доод зовхины дотор булан болон хамрын нурууны уг хэсэгт цус хуралт, цээжний зүүн талын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Гантулгын “...бааранд ганцаараа 2 шил боргио, 300 грамм хар Чингис архи уусан. Би өөрөө нилээд их согтсон, мөн 04 цагийн үед гарсан. Тэгээд гэртээ харих гээд Суман гүн бейкери өнгөрөөд явж байтал гэнэт араас хүн боосон, тэгээд би унасан. Тэгэхдээ ухаан алдаагүй. Намайг унахад 2-3 удаа өшиглөсөн. Толгой орчим руу нэг зүйлээр цохисон. Тэр хүмүүс хоёулаа байсан бөгөөд нэг нь намайг боогоод нэг нь өшиглөж байсан. Мөн миний өмдний халаасанд байсан Самсунг эс-4 маркийн гар утас, өмдний арын халаасанд байсан дотроо Хаан, Хас, Төрийн банкны виза карт, иргэний үнэмлэх, 20.000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, бусад задгай мөнгөний хамт өвөрт байсан тал шилтэй архи зэргийг аваад хойшоо гүйгээд зугтаагаад явчихсан...” /1-р хх 23/,

гэрч Б.Баярмаагийн “...шөнө 04 цаг 50 минут өнгөрч байхад хүнд зодуулчихлаа гэж миний гар утас руу залгасан юм. Тухайн үед манай нөхөр Гантулгын зүүн хөмсөгний дээд хэсэгт язарсан шархтай байсан учир жижүүрийн эмчээр оёдол хийлгэж 5 оёо тавиулсан юм...” /1-р хх 25-26/,

гэрч Б.Ариун-Отгоны “...С.Мтой танилцсанаас хойш надад сайн болсон гээд гэрийн гадаа ирж уулздаг байсан. 2018 оны 1 дүгээр сард миний төрсөн өдрийн дараа надад Самсунг эс-4 загварын хөх өнгийн хуучин гар утас бэлэглэсэн. Надад хэлэхдээ чамд төрсөн өдрөөр чинь юм өгч чадаагүй болохоор өгч байгаа юм гэсэн. Би тэр утсыг 2018 оны цагаан cap хүртэл ашиглаж байгаад дэлгэц нь эвдрэхээр нь хаячихсан...” /1-р хх 42-43/,

С.Мийн “...2018 оны 01 дүгээр сарын дундуур хүнээс мөнгө аваад машинаа засуулсан байсан бөгөөд тэр мөнгийг олох шаардлага гарсан. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 19-ний орой 22 цагийн үед гэрийнхээ тэнд Ууганбаяр, Ууганбаатар, Хашзандан нартай утсаар ярьж уулзаад миний ззэмшлийн приус-11 маркийн машинтай Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингис баарны тэнд очсон. Би тэр хэд рүү анх утсаар ярихдаа “мөнгөний хэрэг байна, хүн дээрэмдэж мөнгө олъё” гэхэд тэр гурав зөвшөөрсөн бөгөөд бид хэд 16-ын автобусын буудлын тэнд машиндаа сууж байсан. Тэгтэл 04 цагийн үед 35-40 орчим насны согтуу эрэгтэй хүн явж байхаар нь би тэр хэдэд энэ хүнийг дээрэмдье гэж хэлээд Ууганбаяр бид хоёр машинаас буусан. Нөгөө хоёр машинд суугаад үлдсэн. Тэр ах хойш яваад “Суман гүн” ХХК-ийн болокон хашаатай гудамжаар орохоор нь Ууганбаяр бид хоёр араас нь очоод тэр ахын хоолойг араас нь гараараа бооход тэр ах газар өвдөглөөд суусан. Тэгэхэд Ууганбаяр халааснаас нь утас, түрийвч аваад бид хоёр хойд зүг рүү гүйгээд техникийн захын тэнд явж байхад Ууганбатар, Хашзандан хоёр миний машиныг жолоодоод ирж байхаар нь тэр машинд суусан...” /1-р хх 138/,

М.Уын “...Мөнхдорж мөнгөний хэрэг гараад байна гэж ярьж байсан бөгөөд бид хэд 16 дугаар хорооллын автобусны буудал дээр очсон. Тэгээд би унтаж байтал Мөнхдорж намайг бууя гэхээр нь би буусан. Тэгээд тэр согтуу хүний араас яваад гудамжны тэнд очиход Мөнхдорж боохоор нь би халаасыг нь уудлаад утас болон 45000 төгрөгийг авсан. Мөнхдорж тэр ахын цээж рүү өшиглөж байсан. Тэгээд юмнуудыг нь аваад хойшоо зугтаад явж байхад Да хүрээ захын тэнд Ууганбатар, Хашзандан хоёр машинтай явж байгаад бид хоёрыг суулгасан. Мөнхдорж анх мөнгөний хэрэг байна дээрэм хийе гэж ярилцсан нь үнэн...” /1-р хх 144/,

М.Хгийн “...тамхи татаж байхад Мөнхдорж хэлэхдээ хэдүүлээ хамт яваад хүний утас шүүрэх үү, авах уу гэж хэлэхээр нь бид зөвшөөрөөд хамт явсан. Тэгээд бид хэд хамт явж байгаад шөнө цагийг нь санахгүй байна. 16 дугаар хорооллын автобусны буудлын тэнд очсон. Тухайн үед согтуу ах утсаар яриад хойшоо явж байхад Мөнхдорж, Ууганбаяр хоёр тэр хүний утсыг авна гээд машинаас буусан. Ууганбаатар бид хоёр машинд суугаад байж байтал нөгөө утсаар яриад явж байсан ах толгой нь цус болчихсон Ууганбаатар бид хоёр руу ирсэн бөгөөд тэр хүн хэлэхдээ ахыг нь хүн дээрэмдчихлээ машинтайгаа хайгаад өгөөч гэхээр нь завгүй байна гэж хэлээд би тэр машиныг бариад хойшоо явсан...” /1-р хх 162/,

Д.Уын “...Тухайн үед Мөнхдорж хэлэхдээ мөнгөний хэрэг гарчихлаа хүний утас авчихъя гэж ярьсан бөгөөд 16 дугаар хорооллын автобусны буудлын тэнд очсон. ... тэнд байж байхад согтуу хүн машины хажуугаар өнгөрөхөд Ууганбаяр, Мөнхдорж хоёр тэр хүний утсыг авахаар буусан. Хашзандан бид хоёр машинд үлдсэн. Тэр хоёр хэлэхдээ тэр ахыг унагааж зодоод юмыг нь авсан гэж хэлсэн. Түрийвч, Самсунг эс-4 маркийн гар утас гаргаж ирсэн. Тухайн үед түрийвчинд бичиг баримт байсан. Мөн 40000 гаран төгрөг байхаар нь арав арван мянгаар хувааж авсан...” /1-р хх 152/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 6694 дугаартай “...Б.Гантулгын биед духны голд шарх, 2 нүдний дээд доод завхины дотор булан болон хамрын нурууны уг хэсэгт цус хуралт, цээжний зүүн талын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх /1-р хх 47/ шинжээчийн дүгнэлт,

 

Дамно ХХК-ийн “...Хаан банкны виза карт, Төрийн банкны виза карт, Хас банкны виза карт, иргэний цахим үнэмлэх, автобусны карт нийт 41.900 төгрөг...” /1-р хх 178-179/, “...түрүүвч, Самсунг Эс-4 маркийн гар утас, бэлэн мөнгө /45000/ нийт 169.800 төгрөг...” /1-р хх 49-50/ гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт бэхжүүлэгдсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч С.М, М.У, М.Х, Д.У нарын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар урьдчилан тохиролцож, бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө 04:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Суман гүн бейкерийн орчимд иргэн Б.Гантулгын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж Самсунг эс 4 маркийн гар утас, түрийвч, 45.000 төгрөг, автобусны карт, иргэний үнэмлэх зэргийг дээрэмдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн 2 дахь хэсэгт заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж ...авахаар довтолсон” гэмт хэргийн шинжтэй гэж,

шүүгдэгч С.М, М.У нарын Б.Гантулгын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж байхдаа түүний духны голд шарх, хоёр нүдний дээд доод зовхины дотор булан болон хамрын нурууны уг хэсэгт цус хуралт, цээжний зүүн талын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг тус зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж тус тус дүгнэсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Харин шүүгдэгч С.М, М.У нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдсэн 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “нэг жилийн хөөн хэлэлцэх хугацаа” анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхэд өнгөрсөн байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр тус гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.М, М.У нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ёстой. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт шүүгдэгч С.Мид ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зүйл, заалтыг дутуу бичсэн буюу “...3.7 дугаар зүйлийн дэх хэсэгт...” гэснийг зөвтгөх нь зүйтэй байна.

 

2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 27 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай прокурорын тогтоолоор хэрэгт битүүмжилсэн /1-р хх 170/ Приус 11 загварын 34-98 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн М.Бор-Очирын эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэж Авто тээврийн үндэсний төвийн улсын бүртгэлд бүртгэгдсэн /1-р хх 92/ байх бөгөөд уг тээврийн хэрэгслийн өмчлөгч нь хэн болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй байна. Түүнчлэн хэрэгт битүүмжлэгдсэн уг автомашиныг хэрхэн шийдвэрлэх талаар шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч дүгнэлт гаргаагүй /1-р хх 253/ ба анхан шатны шүүх яагаад тус тээврийн хэрэгслийг дээрмийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэж байгаа талаараа дүгнэлт хийлгүйгээр “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон 4,500,000 төгрөг /1-р хх 174/-ийг шүүгдэгч С.М, М.У нараас гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй болсон байх тул тус заалтыг хүчингүй болгож, Приус 11 загварын 34-98 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулахаар шийдвэрлэлээ.  

 

Хохирогчид учирсан хохирол, хор уршгийг анхан шатны шүүх үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч С.М, М.У нар нь “...ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.  

 

Анхан шатны шүүх С.М, М.У нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу их биш хэмжээгээр ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдний гэмт хэргийн идэвхитэй үйлдэл, оролцоо, хувийн байдал, үйлдсэн “Дээрэмдэх” гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршигт тохирсон байна.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “....Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/1278 дугаартай шийтгэх тогтоолын:

 

тогтоох хэсэгт “Шүүгдэгч С.М, М.У нарт тус тус холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, С.М, М.У нарыг тус тус эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.М, М.У нарыг тус бүр 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял...” гэснийг,  3 дахь заалт, 8 дахь заалтыг тус тус хүчингүй болгож,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...3.7 дугаар зүйлийн дэх хэсэгт...” гэснийг “3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт...” гэж өөрчилж,

 

тогтоох хэсэгт “...1806009351175 дугаартай эрүүгийн хэрэгт 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 27 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолоор битүүмжилсэн Приус 11 загварын 34-98 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгосугай...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч С.М, М.У нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шийтгэх тогтоолын 7 дахь заалтад заасан төлбөрийг тус тус С.М, М.У нар давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө хохирогч Б.Гантулгад төлсөн болохыг дурьдсугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

             ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН

 

             ШҮҮГЧ                                                           Д.ОЧМАНДАХ