| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 128/2022/0354/З |
| Дугаар | 221/МА2025/0140 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2025/0140
“Г о” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Билгүүн
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нар
Нэхэмжлэгч: “Г о” ХХК
Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газар
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0829 дүгээр шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Г.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин
Хэргийн индекс: 128/2022/0354/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Г о” ХХК-иас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн DNPM210702000000243** дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн DNPM210922000000690**дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхийг тус тус хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох, “Г о” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан ашигт малтмалын төлбөр төлөгч биш болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 829 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.2.1, 47.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Г о ХХК-ийн Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн DNPM210702000000243** дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн DNPM210922000000690**дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхийг тус тус хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б-аас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд: ...
3.1. ...Нэхэмжлэгчээс Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас ашигт малтмал ашигласны төлбөр ноогдуулсан 2021 оны 07 сарын 02-ны өдрийн DNPM210702000000243** дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх, 2021 оны 09 сарын 22-ны өдрийн DNPM210922000000690**татварын өрийг төлүүлэх нэхэмжлэхийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг 2 нэхэмжлэхийг тус тус хууль бус захиргааны акт болгохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "Г о" ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан ашигт малтмалын төлбөр төлөгч биш болохыг тогтоолгох, Том татварын газар, Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 11 сарын 01-ний өдрийн №НА- 2122000009* дугаар "Нөхөн ногдуулалтын акт" нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тус тус нэмэгдүүлсэн.
Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 11 сарын 01-ний өдрийн №НА-21220000095 дугаар " Нөхөн ногдуулалтын акт" нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүхээс Том татвар төлөгчийн газраас ашигт малтмал ашигласны төлбөр ноогдуулсан 2021 оны 07 сарын 02-ны өдрийн DNPM210702000000243** дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх, 2021 оны 09 сарын 22-ны өдрийн DNPM210922000000690**татварын өрийг төлүүлэх нэхэмжлэхийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн тул энэ талаар маргаан байхгүй.
3.2. Харин “Г о" ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан ашигт малтмалын төлбөр төлөгч биш болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэх доорхи үндэслэлүүд байна. Үүнд:
3.2.1. Маргаан бүхий татварын нэхэмжлэхийг хүчингүй болгох болон “Г о" ХХК нь АМНАТ төлөгч биш болгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь адил байхад анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагуудын талаар дүгнэлт өгөхдөө хуулийг өөр өөрөөр тайлбарласан.
3.2.2. Улсын Их Хурлаас 2006 онд баталсан Ашигт малтмалын тухай хуулиар зөвхөн Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд нь Ашигт малтмал ашигласны төлбөр төлдөг байсан. Монгол улсын их хурлаас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль баталж, тус хуулийн " Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр" гэсэн 47 дугаар зүйлд холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулсан.
Ингэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг "Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монгол банк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан, бүх төрлийн борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө" гэж заасан.
Ийнхүү өөрчлөн найруулахдаа өмнө нь зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлдөг байсныг ашигт малтмал "худалдсан", "худалдан авсан", "ашигласан" этгээд бүр төлдөг байхаар өөрчилж АМНАТ төлөгчийн хүрээг өргөтгөсөн.
3.2.3. Дээрх хуулийн өөрчлөлт нь АМНАТ-ыг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гадна түүнийг худалдан аваад ашигт агуулгыг нэмэгдүүлж, баяжуулан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэгчээс хүртэл давхардуулан авах боломжийг олгож байгаа нь үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд хандаж маргаан үүсгэсэн.
Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны 2019 оны дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар тогтоолоор "Ашигт малтмал ашигласан гэх нэг төрлийн төлбөрийг тухайн ашигт малтмалыг олборлож, худалдаж байгаа этгээдээс гадна түүнийг худалдан аваад ашигт агуулгыг нэмэгдүүлж, баяжуулан нэмүү өртөг шингээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэгчээс хүртэл давхардуулан авах боломж бий болгосон байна. Энэ нь дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эзэмшигч иргэдийг дэмжих агуулгагүй, харин улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, түүн тогтвортой байдлыг бий болгох, цаашлаад үндэсний эдийн засгийн аюул байдлыг бэхжүүлэхэд сөрөг үүрэг дагавар болсон гэж үзэхээр байна." гэж дүгнэн Монгол улсын үндсэн хуулийн Тав дугаар зүйлийн 4 дэх хэсгийн " Төр нь... аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." Гэснийг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгосугай" гэж Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
3.3. Уг тогтоолыг Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор үндэслэлтэй байна гэж дүгнэж, эцсийн шийдвэр гаргасан.
ҮХЦ-ийн шийдвэрийн дагуу Улсын их хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 22- ны өдрийн " Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах" хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг Доор дурьдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна. 47.1.1 Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, 47.1.2 ашигт малтмал экспортолсон этгээд гэж өөрчлөн найруулсан. 5. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "ашигт малтмал" гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрсдэлийн хуримтлалыг гэсэн утгаар ойлгоно" гэж тодорхойлсон. Энэхүү одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн зохицуулалтаар тусгай зөвшөөрөл эзэмшигч, эсвэл ашигт малтмалыг түүхийгээр нь экспортолсон этгээд АМНАТ төлөхөөр хуульчилсан.
3.4. " Г о" ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй. Түүнчлэн байгалийн байдлаараа байгаа төмрийн хүдрийг экспортод гаргадаггүй ба харин "Т ү ТӨХК-иас төмрийн хүдрийг худалдан авч, баяжуулах, хорголжин болгох шат дамжлагаар оруулж төмрийн хүдрийн хорголж үйлдвэрлэж, эцсийн бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг үйлдвэрлэгч юм.
Хавтаст хэрэгт авагдсан 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Механик, тээврийн их сургуулийн шинжээчдийн "Төмрийн хүдрийн хорголж гэж ямар бүтээгдэхүүн болох талаар тайлан дүгнэлт"-гаргуулсан. Хорголжин үйлдвэрлэхэд үйцийн түүхий эд материал бэлтгэх, холих / дотроо чийглэх, ширхэглэх гэж хуваагдана/ хорголжлох, хатаах, шатаах, хөргөх технологи гэсэн 6 шат дарааллаар үйл ажиллагаа явуулж, тодорхой хэмжээний зардал гаргаж, нэмүү өртөг шингээж үйлдвэрлэдэг талаар судалгаа хийж, " хорголж нь үйлдвэрлэлийн тодорхой шат дамжлага дамжиж, нэмүү өртөг шингээж, хэлбэр дотоод найрлага бүтцийг өөрчилж гаргаж авч байгаа бүтээгдэхүүн учир металлургийн процессын хувьд бүтээгдэхүүн гэж үзэх юм." гэх дүгнэлт бүхий уг судалгааны тайлан /ХХ-1-н 91-103/, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үзлэгийн тэмдэглэл / ХХ-1-н 157-250 тал/, Гаалийн ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 01-3/1924 дүгээр албан бичгээр Г о" ХХК-ийн 2019-2021 онд 61,93 дээш хувьтай төмрийн хүдрийн хорголжинг хилээр гаргаж экспортолсон лавлагаа / ХХ-1-ийн 132-152 тал/ зэрэг нотлох баримтаар нэхэмжлэгчийн "бүтээгдэхүүн гаргадаг " гэх тайлбар нотлогдсон. Энэ талаар хариуцагч маргадаггүй.
Ашигт малтмалын тухай хуульд заасан" ашигт малтмал"-ын тодорхойлолт, дээрх нотлох баримтаас харахад" Г о" ХХК-ний экспортолсон хорголжин нь "ашигт малтмал" биш, бүтээгдэхүүн болох нь нотлогддог.
3.5. Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн "Ашигт малтмал ашигласан гэх нэг төрлийн төлбөрийг тухайн ашигт малтмалыг олборлож, худалдаж байгаа этгээдээс гадна түүнийг худалдан аваад ашигт агуулгыг нэмэгдүүлж, баяжуулан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэгчээс хүртэл давхардуулан авах боломж бий болгосон байна." гэх дүгнэлт нь хуулийг шинэчлэн батлах, зорилго, үзэл баримтлал нь болж өгсөн тул Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.11, 47.1.2 дахь заалтуудыг үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн агуулгатай уялдуулж тайлбарлаж, хэрэглэвэл доорх дүгнэлт гардаг. Үүнд: 1/ Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ашигт малтмал худалдан авсан этгээд ямар нэгэн боловсруулалт хийлгүй, ашигт чанарыг нь нэмэгдүүлэхгүйгээр цааш дамжуулан /дамлан/ худалдсан бол АМНАТ төлөгч байна. 2/ Тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд ашигт малтмалыг өөрөө боловсруулж экспортолсон бол АМНАТ төлөгч байна. 3/ Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээд ашигт малтмал худалдан авч, ашигт агуулгыг нэмэгдүүлж, баяжуулан нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тухайн нэмүү өртөг шингэсэн дүнгээс АМНАТ тооцож авах үндэслэлгүй байх тул "Г о" ХХК нь АМНАТ төлөгч биш байна.
3.6. Учир нь байгалийн байдлаараа байгаа төмрийн хүдрийг худалдан аваад физик химийн шинж чанарыг нь өөрчилж хорголжин гэх бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тээвэр, ачилт буулгалт, цахилгаан, цалин, нийгмийн даатгал, татварын гэх мэт зардал гарч, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болдог. Гэтэл ашигт малтмалаас биш харин уг нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний дүнгээс нь АМНАТ тооцож авах нь үндэслэлгүй болох нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл ашигт малтмалд биш харин ашигт малтмалыг боловсруулахад гаргасан зардалд нь АМНАТ ногдуулдаг болж таарсан. Ийнхүү бүтээгдэхүүн буюу хорголжин үйлдвэрлэх явцад анх түүхийн хүдэрт агуулагдаж байсан төмрийн агуулга нэмэгддэггүй болохыг дурдах нь зүйтэй.
3.7. Засгийн газрын 342 дугаар тогтоолд заасан аргачлал, хувь хэмжээгээр АМНАТ ногдуулж байгаа нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй зөрчилдсөн, хуулиас давсан журмаар татвар ногдуулж байгаа гэсэн үндэслэлийн талаар:
Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн 465 дугаар тогтоолоор ЗГ-ын 2019 оны 342 тогтоолын 1-р хавсралтыг шинэчлэн баталсан. Тогтоолын 1-p Хавсралтын 1.1-д "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (цаашид "АМНАТ" гэх) төлөгчийн худалдсан, худалдахаар ачуулсан, экспортолсон, өөрийн хэрэгцээнд ашигласан бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүнд АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг тооцох, төлбөр ногдуулах, төлөх, тайлагнахад энэ журмыг мөрдөнө." гэсэн нь Үндсэн хуулийн шийдвэр, уг шийдвэрээр хүчингүй болж шинэчлэн найруулсан хуулиас давсан журам болсон.
3.8. 2019 оны Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт ашигт малтмал худалдсан" худалдан авсан", "ашигласан" этгээд бүр төлөхөөр заасан хуулийн заалт нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хүчингүй болсон байхад ийнхүү Засгийн газрын тогтоолоор АMHAT тооцож, ногдуулж байгаа нь Үндсэн хуулийн цэцийн Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтээр тогтоогдсон зөрчлийг хууль хэрэгжүүлэх шатанд дахин гаргасан, Түүнчлэн үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийн Үндэслэл хэсгийн 3-т " ... Монгол улсын Засгийн газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, " Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл"-д нийтлүүлээгүй байх тул хүчин төгөлдөр нийтээр дагаж мөрдөх акт гэж үзэх үндэслэлгүй байна" гэж Засгийн газрын 342 дугаар тогтоолын талаар дүгнэлт гаргасан.
3.9. Мөн хавтаст хэрэгт авагдсан Хууль зүй, дотоод хэргийн яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №3-2/86 дугаар албан бичигт Засгийн газрын 342-р тогтоол захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй гэжээ. Монгол улсын засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 9-д " Засгийн ғазрын баталсан захиргааны хэм хэмжээний акт Захиргааны ерөнхий хуулийн 67.1, 67.2 т заасан журмын дагуу хүчин төгөлдөр болно." гэж заасан заалт-2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсон байна. Өөрөөр хэлбэл Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 342 дугаар тогтоолд 2019 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн 465 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулах үед уг тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлт бүртгүүлэх, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр болох хуулийн заалт хүчинтэй байсан байна. Эндээс доор хаяж 2019 оны 4 дүгээр улирал, 2020 оны 2 дугаар улирлын АМНАТ- ын тайлан нь хүчин төгөлдөр болоогүй хэм хэмжээний актыг үндэслэн гарсан байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна.
Иймд Засгийн газрын 342-р тогтоол, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан 465-р тогтоолыг тус тус хүчин төгөлдөр акт гэж үзэх үндэслэл байхгүй байхад анхан шатны шүүх уг тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтлүүлээгүй байсан нь хэрэгт ач холбогдолгүй гэж дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн зорилгыг нийцэхгүй, нь захиргааны байгууллагын хууль бус ажиллагааг өөгшүүлсэн дүгнэлт болсон.
3.10. Мөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024.08.27-ны өдрийн 128/ШТ2024/0080 дугаартай тогтоолоор " ... нэхэмжлэгч “Г о" ХХК- иас Том татварын газар, Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №НА-2122000009* дугаартай “Нөхөн ногдуулалтын акт"-ыг илт хууль бус болгохыг тогтоох тухай ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн Үндсэн хуулийн 16 дугаар д зүйлийн 14-т заасан шударга шүүхээр шүүлгэх эрхийг зөрчсөнд гомдолтой байна.
Иймд “Г” орд ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан ашигт малтмалын төлбөр төлөгч биш болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ”
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд: ...
4.1. ...Тус шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 80 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн "Том татварын газар, Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар “Нөхөн ногдуулалтын акт" нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох" нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26- ны өдрийн дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн тул энэхүү шаардлагад шүүх дүгнэлт хийхгүй, үлдэх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
4.2. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй." гэж заасан байна. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 17.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулсан гэх үндэслэлийн тухайд: гэж дүгнэсэн нь хэргийн оролцогчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн байна.
4.3. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулсан гэх үндэслэлийн тухайд шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: 30. Гэвч хууль тогтоогч ашигт малтмал ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулахгүй байх зарчмын хуульд тусгайлан заасан байхад хариуцагч татварын байгууллагаас 27-47 хувийн төмрийн агуулгатай төмрийн хүдрийг олборлох үед төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дээр дахин үйлдвэрийн аргаар ашигт агуулгыг нэмэгдүүлж баяжуулсан хувиар нэхэмжлэгчид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж, нэхэмжилж байгаа нь Улсын Их Хурлаас баталсан 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлал, агуулгатай нийцээгүй байна.
4.4. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 47.7-д заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй баяжуулах үйлдвэр эрхлэгч "Г" ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тодорхойлохдоо тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс нь хамаарч ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч/" Дарханы төмөрлөгчийн үйлдвэр" ХХК/-ийн үйлдсэн төлбөрийн баримт, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдээс худалдан авсан ашигт малтмалд ногдох АМНАТ-ийг суутган авч тайлагнасан тайланг үндэслэн өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцох бөгөөд нэмүү өртөг шингээн үйлдвэрийн аргаар баяжуулсан баяжмалд дахин АМНАТ ногдуулах үндэслэлгүй юм." гэж дүгнэсэн нь ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.2-т “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэнтэй нийцээгүй байна. Учир нь нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2019-2022 онд 61.93-64.96 хувийн агууламжтай төмрийн хүдрийн хорголжинг Монгол Улсын хилээр гаргаж экспортолдог. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т заасан экспортолсон этгээд гэж үзээд АМНАТ төлөгч байна. Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0829 дугаар шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх хэргийг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлээгүй бөгөөд шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлага хангаагүй байна.
2. Нэхэмжлэгч “Г о” ХХК-иас анх шүүхэд "Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас Ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн DNPM210702000000243** дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн DNPM210922000000690**дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхийг тус тус хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр "Г о" ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан ашигт малтмалын төлбөр төлөгч биш болохыг тогтоолгох" гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн DNPM210702000000243** дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн DNPM210922000000690**дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхийг тус тус хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, "Г" ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан ашигт малтмалын төлбөр төлөгч биш болохыг тогтоолгох, Том татварын газар, Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар “Нөхөн ногдуулалтын акт" нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох" гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлжээ.
2.2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 80 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн "Том татварын газар, Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар “Нөхөн ногдуулалтын акт" нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох" нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 0755 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
3. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж, мөн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгоно гэж, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гээд 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж тус тус заасан.
4. Нэхэмжлэгчээс хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор маргаж буй маргаан бүхий 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн DNPM210702000000243** дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхүүдээр:
-2019 оны 4 дүгээр улиралд төмөр-613,214,341.42 төгрөг, хөнгөн цагаан-36,087,447.56 төгрөг, нийт 662,453,310.42 төгрөгийн, 2020 оны 4 дүгээр улиралд зэс-5,467,310.98 төгрөг, цайр-4,226,619.13 төмөр-1,054,495,518.98 төгрөг, хар тугалга-317,045.49 төгрөг, хөнгөн цагаан-226,079,053.95 төгрөг, нийт 1,290,585,548.53 төгрөгийн, 2021 оны 4 дүгээр улиралд зэс-402,301.66 төгрөг, цайр-44,233.27 төмөр-1,617,629,567.96 төгрөг, хар тугалга-548,334.70 төгрөг, хөнгөн цагаан 276,548,323.29 төгрөг, нийт 1,895,172,760.88 төгрөгийн тус тус ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөөр гаргасан тайланг үндэслэн Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас Татварын ерөнхий хуулийн 51 дүгээр зүйл “Татварын нэхэмжлэх”, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4.7-д заасан “нэхэмжлэх” үйлдэх зохицуулалтыг баримтлан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ашигт малтмалын нөөц ашигласны 1,816,595,716.32 төгрөгийн нэхэмжлэх, үүний дараа 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нэмэгдэж сүүлийн байдлаар 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нийт 3,435,929,576.19 төгрөгийн татварын өрийг төлүүлэх нэхэмжлэхийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан татварын өрийг барагдуулахаар нэхэмжлэгч “Г о” ХХК-д үүрэг болгож, ...татварын өрийг барагдуулаагүй тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д заасан өр хураах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээс гадна, Татварын ерөнхий хуулийн 73.1, Зөрчлийн тухай хуулийн 11.9.1-д заасны дагуу хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварын дүнд хоног тутам алданги, торгууль ногдуулахыг анхааруулж байна” гэжээ.
5. Дээрхээс үзвэл, Татварын албанаас бичгээр гаргасан нэхэмжлэх /татварын өрийг төлүүлэх/ нь хуульд заасан хугацаатай, нөхцөл болзолтой, өөрөөр хэлбэл албан татвар төлөхийг урьдчилан сануулж, мэдэгдсэн шинжтэй акт гэж үзэхээр байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй байна.
6. Учир нь Татварын ерөнхий хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “татварын алба энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан татварын өрийг төлүүлэхээр татварын нэхэмжлэх /цаашид “нэхэмжлэх” гэх/-ийг татвар төлөгчид хүргүүлэх бөгөөд түүнд мөн зүйлийн 51.1.1-51.1.8-д заасан төрлийн зүйлийг тусгах”-аар, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Доор дурдсан хугацаанд төлөөгүй татвар, алданги, торгууль /цаашид “татварын өр” гэх/-ийг татварын өрд тооцно” гэж, 50.1.1-д “татварын төлөгчийн татварын тайлангаар тодорхойлсон татварын хувьд татварын хууль тогтоомжид зааснаар татвараа төлж, тайлагнасан байх ёстой өдөр” гэж, 79 дүгээр зүйлийн 79.4.7-д “татварын алба татвар төлөгчийн татварын өрийг төлүүлэхээр нэхэмжлэх, урьдчилан нэхэмжлэх хуудас, татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээд, батлан даагчаас гаргуулахдаа мэдэгдэх хуудас, татварын өрийг үл маргах журмаар болон авлагаас гаргуулахдаа битүүмжлэх мэдэгдэх хуудас бичих бөгөөд түүнд татварын өрийн хэмжээ, төлөх эцсийн хугацаа, татварын өрийг төлөх банкны данс болон татвар төлөгчийн харилцах банк болон дансны дугаар, татвар төлөгчийн болон татвар төлөгчийн нэрийн өмнөөс татварын өрийг төлөх хувь хүн, хуулийн этгээдийн нэр, хаяг, татварын улсын байцаагчийн нэр, гарын үсэг, үйлдсэн болон гардуулсан он, сар, өдөр зэрэг энэ хуульд заасан мэдээллийг тусгах” гэж тус тус заасан.
6.1. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч “Г о” ХХК-ийн өөрийн тайлагнасан тайлангийн дагуу тус компанид татварын өр үүссэн, уг өрийг төлүүлэхээр татварын алба татвар төлөгч болох “Г о” ХХК-д маргаан бүхий нэхэмжлэхүүдийг хүргүүлсэн нь хуулийн хүрээнд хийгдэж буй татварын өр барагдуулах ажиллагаа гэж үзэхээр байна.
6.2. Тодруулбал, татварын албанаас татвар төлөгчийн өөрийн тайлагнасан тайлангийн дагуу тус компанид үүссэн татварын өрийг төлүүлэхээр “...татварын өрийн хэмжээ, төлөх эцсийн хугацаа, татварын өрийг төлөх банкны данс болон татвар төлөгчийн харилцах банк болон дансны дугаар, татвар төлөгчийн болон татвар төлөгчийн нэрийн өмнөөс татварын өрийг төлөх хувь хүн, хуулийн этгээдийн нэр, хаяг, татварын улсын байцаагчийн нэр, гарын үсэг, үйлдсэн болон гардуулсан он, сар, өдөр” зэрэг хуульд заасан мэдээллийг агуулсан татвар хураах ажиллагааны нэг процессыг хэрэгжүүлсэн үйл явц байх бөгөөд уг нэхэмжлэхээр татвар төлөгч “Г о” ХХК-д холбогдуулан татварын хяналт шалгалт хийгээгүй, татварын ногдол үүсгээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндсөн үр дагавар үүсгээгүй, явцын шинжтэй, хуульд заасан процесс үйл ажиллагааны нэг хэлбэр гэж үзэхээр байна.
6.3. Учир нь маргаан бүхий дээрх нэхэмжлэхийн эцсийн үр дагавар нь татварын албанаас хуульд заасны дагуу гүйцэтгэсэн татварын хяналт шалгалтын дүнд үндэслэн нэхэмжлэгч “Г о” ХХК-д эрх, үүргийг үүсгэж, өөрчилж, дуусгавар болгох байдлаар эцэслэн шийдвэрлэсэн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №НА-21220000095 дугаар нөхөн ногдуулалтын актаар илрэн гарсан байгаа энэ тохиолдолд тухайн нэхэмжлэхүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан бие даасан “захиргааны акт”-ын шинжийг агуулаагүй байна.
7. Тодруулбал, Татварын албанаас нэхэмжлэгч компанийн 2019 оны 1 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын төлөлтийн байдалд эрсэлд суурилсан төлөвлөгөөт бус иж бүрэн шалгалтыг хийж, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №НА-21220000095 дугаар нөхөн ногдуулалтын актаар “...Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /ТТ-15/-ийн тайланд 2019 онд 57,181.36 тн, 2020 онд 101,760.60 тн, 2021 онд 68,666.44 тн, нийт 227,608.40 тн төмрийн баяжмалыг экспортод гарган борлуулахдаа ...борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөрийг дутуу тусгасан...” нь ...хуулийн ...заалтуудыг тус тус зөрчсөн” гэж дүгнэн ... нийт 3,269,166,569.27 төгрөг, ...нийт 7,439,636,389,31 төгрөгийн төлбөр төлүүлэхээр татварын ногдол үүсгэсэн нь нэхэмжлэгч компанид төлбөр төлөх үүрэг үүсгэсэн үр дагавар бүхий татварын акт байна.
8. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн DNPM210702000000243** дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэх, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн DNPM210922000000690**дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэхийг тус тус хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
9. Нөгөөтээгүүр, Том татварын газар, Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар “Нөхөн ногдуулалтын акт" нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох" нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 80 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 0755 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь өөрт хамааралтай асуудлаар буюу өөрийн зөрчигдсөн эсвэл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар дээрх нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч маргах эрх нээлттэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
10. Харин үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох “Г о” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан ашигт малтмалын төлбөр төлөгч биш болохыг тогтоолгох” шаардлагын тухайд нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл, маргааны зүйл өөрчлөгдөөгүй, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №НА-21220000095 дугаар нөхөн ногдуулалтын акттай маргах үед дүгнэлт өгч, үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамтатган шийдвэрлэгдэхээр байх тул тус шаардлагад шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 829 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар нэхэмжлэгч “Г о” ХХК-иас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт холбогдуулан гаргасан “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн DNPM210702000000243** дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн DNPM210922000000690**дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхийг тус тус хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох, “Г о” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан ашигт малтмалын төлбөр төлөгч биш болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН