Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 217

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

Улсын яллагч Д.Дэлгэрмаа,

Шүүгдэгч Д.Ганболд, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Давагийн Ганболдод холбогдох, 201625031755 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 39-777 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, эрхэлсэн тодорхой ажилгүй, төрөөс авсан гавьяа шагналгүй,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 172 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснааар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр эдлээгүй үлдсэн 5 сар 18 хоногийн ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангйин 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж 2007 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр эдлээгүй үлдсэн 01 жил 04 сар 06 хоногийн хорих ялыг Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Давагийн Ганболд (РД:УБ76022811),

нь (яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр) ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа давтан үйлдлээр, мөнгө олох зорилгоор, шунахайн сэдэлтээр 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Нарантуул-2 худалдааны төвийн хашаан дотор байрлах С.Гантүлхүүрийн эзэмшлийн чингэлэгний цоожийг эвдэн нэвтэрч, нойтон сальфетки, хүүхдийн живх, гал тогооны алчуур, нойлын цаас, нүүр гарын саван, угаалгын нунтаг зэрэг эд зүйлсийг хулгайлж, нийт 521.300 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Зах дээрх чингэлэгийн цоожийг чулуугаар цохьж эвдээд 2016 оны 8 дугаар сарын 04, 9 дүгээр сарын 01-ний өдрүүдэд орсон. Авсан зүйлүүдээ зарсан. Эд зүйлийн тоо, үнэ дээр маргахгүй, төлбөрийг төлж барагдуулна. Би өөрөө 2014 оноос унаж татдаг өвчтэй болсон, эхнэр ажилгүй 2 хүүхэдтэй тул хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв. .

Д.Ганболдоос мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн үдээс хойш 17 цагийн үед Нарантуул-2 захын ертөнцийн зүгээр баруун хойд талын явган хүний хаалганы урд хэсэгт байх Хүлэг авто засварын урдах цагаан шаргал өнгийн 3 гэсэн тоотой чингэлэгийн цоожийг замын боржур шиг бетонин чулуугаар цохьж эвдэн онгойлгож орсон. Дотор нь дан хайрцагтай ахуйн хэрэглээний бараа байхаар нь би нойтон сальфетка 1 хайрцаг, хүүхдийн мамми поко живх 2 хайрцаг, гадаад нэртэй зөөлөн цагаан 00-ын цаас 2 боодол, 50 см-ын өндөртэй байсан. Шар, ногоон, ягаан өнгийн алчуур 1 боодол, хуурай сальфетка 1 боодол зэрэг ахуйн хэрэглээний барааг авсан. Уг бараагаа Хүчитшонхор худалдааны төвийн хүнсний захын хэсэгт зогсож байгаад өөрөө 80.000 төгрөгөөр зарсан. Тухайн үед манай эхнэр машинд дайруулаад хагалгаанд орсон байсан учир эм тариа авч өгсөн. Дараа нь 9 дүгээр сарын.01-ний өдрийн 13 цагийн үед дахин нөгөө чингэлэгийн 2 цоожийг чулуугаар цохьж орсон. Тэндээс хармони нэртэй саван 2 хайрцаг, вазелин нэг удаагийн шампунь нилээн ихийг, живх 2 боодлыг, хагис нэртэй живх 1 боодол, өд нэртэй 00-ын цаас 2 боодол, аяга таваг угаадаг арзгар порлон 2 боодол, персил нэртэй цэнхэр өнгийн савтай шингэн нунтаг 4 ширхэг зэрэг ахуйн хэрэглээний барааг хулгайлж аваад хаалгыг нь хаагаад орхисон. Цоож болон цохьсон чулуугаа авч яваад хаясан. Уг бараануудаа аваад хойд хаалгаар нь гараад таксинд суугаад Хүчитшонхор худалдааны төв орж зарсан. Надтай цуг эхнэр Уянга, Алтанбагана, Өнөрзаяа бид нар цуг явж зарсан. Гэхдээ би дээрх хүмүүст уг бараануудыг найзаасаа авсан гэж хэлсэн. Хулгай хийж авсан талаараа хэлээгүй. Уг барааг зараад 90.000 төгрөг болсон. Гэртээ хоол ундны зүйл авсан. Мөн Алтанзаяа, Уянга нарт 5.000, 10.000 төгрөг өгсөн. Өнөрзаяад шампунь, саван зэргийг гэртээ хэрэглэ гээд өгч явуулсан гэжээ.

Хохирогч С.Гантүлхүүрээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Би 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймагт ажлаар явж байтал манай эхнэр Дэлгэрмаа утсаар яриад “манай чингэлэгт хулгай орсон байна хурдан ир, цагдаад дуудлага өгч чадсангүй хүүхдээ харж байна гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатар хотод ирээд эхнэрээсээ асуухад ахуйн хэрэглээний бараанууд алдагдсан байсан гэсэн. Манайх ахуйн хэрэглээний эд зүйл зардаг лангуутай бөгөөд эд зүйлээ агуулдаг чингэлэгтэй юм. Тухайн үед нойтон сальфетки, памперс, гал тогооны олон өнгийн алчуур, цэвэрхэн нэртэй нойлын цаас алдагдсан байсан. Дараа нь 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өглөө 09 цагийн үед ажил дээрээ ирээд Нарантуул-2 захын хашаанд байрлах чингэлэгээс бараа авахад цоож эвдрэлгүй байсан. Бараа авч, чингэлэгээ цоожилчихоод  лангуун дээрээ очсон. Өдөр 14 цаг өнгөрч байхад дахин бараа авахаар чингэлэг рүү очсон чинь хаалга хагас нээлттэй, цоожгүй болчихсон байсан. Чингэлэг рүү орж эд зүйлээ бүртгэж үзэхэд хураалттай байсан бараануудын байрлал өөрчлөгдсөн байсан ба нойлын цаас, хармони нэртэй гарын саван, аяга тавагны порлон, угаалгын нунтаг, хүүхдийн живх зэрэг алдагдсан байсан. Нарантуул-2 захын хамгаалагчтай уулзаад болсон асуудлыг хэлсэн. Тэгээд 102 дугаарын утсанд залгаж Цагдаад дуудлага өгсөн. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй, 2 удаа хулгай орсон болохоор нэг хүн хулгайлсан байх гэж бодож байна. Би гомдолтой байна. Алдагдсан эд зүйлээ олж авмаар байна гэжээ.

Гэрч Н.Наянбаатараас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Би 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Нарантуул-2 худалдааны төвийн хашаанд байрлах 3 дугаартай чингэлэгээс бараа алдагдсан гэсэн дуудлага ирсний дагуу хэргийн газрыг хамгаалалтанд авч ажилласан. Тэгээд хэргийн талаар мэдээ мэдээлэл цуглуулахаар Нарантуул-2 Хүчит шонхор худалдааны төвийн ойр орчмоор эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Хүчит шонхор худалдааны төвийн ахуйн хэрэглээний эд зүйл зардаг цэг дээр 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүн ахуйн хэрэглээний эд зүйл зарж байна гэхээр нь очтол явчихсан байхгүй байсан. Нэг эмэгтэй нь жирэмсэн хүн байсан гэсэн мэдээлэл ирсэн. 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр мөн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байтал согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Өнөрзаяа гэх эмэгтэйтэй уулзаж тодруулахад Ганболд, Уянга нар зарж борлуулж байсан болохыг олж тогтоон хороо хариуцсан мөрдөн байцаагчид нь хүлээлгэн өгсөн гэжээ.

Гэрч Б.Уянгаас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:- 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Алтанбагана, Өнөрзаяа бид гурав Нарантуул-2 худалдааны төв рүү орохоор явж байтал манай нөхөр Ганболд хайрцагтай нүүр гарын саван, шампунь, хүүхдийн памперс, 2 боодол нолйн цаас зэргийг ганцаараа барьчихсан гарч ирсэн. Тэгээд нөхрөөсөө юу юм бэ гэж асуухад манай нөхөр сая найзаасаа мөнгө зээлэх гээд асуусан чинь мөнгө байхгүй байна бараа авч зараад дараа нь мөнгийг нь өгчих гээд зээлсэн гэж хэлсэн. Хулгай хийсэн гэж бодоогүй тухайн үед хүүхдийн хичээл ном орчихсон мөнгө хэрэгтэй байсан юм. Тухайн барааг Хүчит шонхор худалдааны төвийн ахуйн хэрэглээний бараа зардаг хэсэгт зогсож байгаад зарсан. Алтанбагана уг барааг Д.Ганболдын хамт зөөгөөд, Өнөрзаяа, Ганболд бид 3 хамт зогсож байгаад зарсан. Тэр мөнгөөрөө гэртээ хоол ундны зүйл аваад үлдэгдэл мөнгөөрөө өөрөө архи авч уусан байсан гэжээ.

Гэрч Д.Өнөрзаяагаас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Алтанбагана, Уянга бид 3 уулзаад, найз Отгонбаатарын төрсөн өдөр болж байгаа гээд Нарантуул-2 худалдааны төвөөс архи авахаар явж байтал Д.Ганболд нүхэн гарцаар гарч ирэхдээ баахан бараа барьчихсан гарч ирсэн. Тэгээд Уянга, юу аваад явж байгаа юм гэж асуухад найзаасаа мөнгө зээлэх гэсэн чинь байхгүй бараа аваад дараа нь мөнгийг нь өгчих гэсэн гэж хэлсэн. Д.Ганболд бараагаа заралцаад өг гэж гуйсны дагуу барааг нь заралцаж  өгсөн. Тэгээд Д.Ганболд надад бараа зарж өгсөн гэж нэг удаагийн шампунь, нүүр гарын саван өгсөн. Алтанбагана барааг нь зөөж өгчихөөд найзтайгаа уулзана гээд явсан гэжээ. 

Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзвэл шүүгдэгч Д.Ганболд нь 2016 оны 8 дугаар сарын 04, 9 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Нарантуул-2 худалдааны төвийн хашаан дотор байрлах С.Гантүлхүүрийн эзэмшлийн чингэлэгийн цоожийг эвдэн орж ахуйн хэрэглээний 6 нэрийн 521.300 төгрөгийн эд зүйлс хулгайлсан болох нь шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Гантүлхүүрийн “2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр нойтон сальфетки, памперс, гал тогооны олон өнгийн алчуур, цэвэрхэн нэртэй нойлын цаас алдагдсан байсан. Дараа нь 2016 оны 9 дүгээр сарын 01-ний 14 цаг өнгөрч байхад дахин бараа авахаар чингэлэг рүү очсон чинь хаалга хагас нээлттэй, цоожгүй болчихсон байсан. Чингэлэг рүү орж эд зүйлээ бүртгэж үзэхэд хураалттай байсан бараануудын байрлал өөрчлөгдсөн байсан ба нойлын цаас, хармони нэртэй гарын саван, аяга тавагны порлон, угаалгын нунтаг, хүүхдийн живх зэрэг алдагдсан байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Уянгын “2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр манай нөхөр Ганболд хайрцагтай нүүр гарын саван, шампунь, хүүхдийн памперс, 2 боодол нолйн цаас зэргийг ганцаараа барьчихсан гарч ирсэн. Тэгээд нөхрөөсөө юу юм бэ гэж асуухад манай нөхөр сая найзаасаа мөнгө зээлэх гээд асуусан чинь мөнгө байхгүй байна бараа авч зараад дараа нь мөнгийг нь өгчих гээд зээлсэн гэж хэлсэн. Хулгай хийсэн гэж бодоогүй” гэх мэдүүлэг, гэрч Д.Өнөрзаяагийн “Д.Ганболд нүхэн гарцаар гарч ирэхдээ баахан бараа барьчихсан гарч ирсэн. Тэгээд Уянга, юу аваад явж байгаа юм гэж асуухад найзаасаа мөнгө зээлэх гэсэн чинь байхгүй бараа аваад дараа нь мөнгийг нь өгчих гэсэн гэж хэлсэн. Д.Ганболд бараагаа заралцаад өг гэж гуйсны дагуу барааг нь заралцаж  өгсөн” гэх мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Д.Ганболдыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэнээс бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хохирлын хэмжээг тодорхойлохдоо Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгийг нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсон болно.

Шүүгдэгч Д.Ганболд нь 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр түүний эдлээгүй үлдсэн 01 жил 04 сар 06 хоногийн хорих ялыг Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн ба тэрээр Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялтайд тооцогдох хугацаандаа буюу 5 жилийн дотор дахин бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн тул түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгчийн нэр дээр ямар нэг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө байгаа эсэх нь тогтоогдоогүй тул шүүх түүнд нэмэгдэл ял хэрэглээгүй болно.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэж, түүний эрх чөлөөг хязгаарлан, нийгмээс тусгаарлаж хорихгүйгээр баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчээс бусдад учруулсан хохирлын 521.200 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Боржигон овогт Давагийн Ганболдыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг давтан, агуулах саванд нэвтэрч үйлдсэнээс бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Д.Ганболдыг эд хөрөнгө хураахгүйгээр 6 (зургаа) сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Д.Ганболдын цагдан хоригдсон 6 (зургаа) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

4.Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримт ирүүлээгүйг тус тус дурдсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Ганболдоос 531.200 (таван зуун гучин нэг мянга хоёр зуу) төгрөг гаргуулж, хохирогч Боржигон овогт Сүхбаатарын Гантүлхүүр (РД:ЖЯ84100210)-д олгосугай.

            6.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Ганболдод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.БУЯННЭМЭХ