| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2021/0087/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/26 |
| Огноо | 2023-03-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч Ц.Батзаяа
Хохирогч П.Х /цахим/, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм
Шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан
Шинжээч эмч Ө.С, Д.Д, Э.Б, С.Ч, О.О, Г.Э, Б.Д /цахим/
Гэрч Д.Т, Ц.С, Х.А /цахим/, Л.О /цахим/, Х.Т /цахим/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З.Бд холбогдох 2116000690073 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ...-ний өдөр төрсөн, дээд боловсролтой, оператив тактик, команд штабын офицер мэргэжилтэй, одоо ... ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух хаягтай, ...регистрийн дугаартай, М овогт З.Б.
Хэргийн товч утга: Говь-Алтай аймгийн прокурорын газраас шүүгдэгч З.Б-ыг Говь-Алтай Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах Онцгой байдлын газрын албан конторын байрны 1 давхарт байрлах шуурхай удирдлагын өрөөнд 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 14 цаг 30 минутын үед Хууль сахиулах их сургуулийн онцгой байдлын сургуулийн сонсогч П.Х, Б.Б, Б.Ө, Б.Ба нарыг нохойн гөлөгнүүд минь яагаад цагдаа нарыг дагаад шорон царайлж явах гээд байгаа юм бэ? Цагдаа руугаа зайлбал зайлаарай битгий онцгойн хувцас гутаагаад байгаарай гэх мэтээр доромжилж Б.Баийн гэдэс рүү нэг удаа, Б.Өын гэдэс рүү нэг удаа, Б.Бийн нүүр лүү нэг удаа, П.Хын хамар дух орчимд нэг удаа цохиж, иргэн П.Хын биед хамар ясны зүүн хажуу хананы урд хэсэгт жижиг цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч З.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч мэдүүлэхдээ: 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр П.Хыг зодсон хэрэгт холбогдуулаад надад хэрэг үүсгээд явж байгаа. Миний хувьд энэ эмэгтэйг дух руу чичсэн юм, цохиогүй. Тухайн үед ковид эд дэгдэж байсан. Хүн хүч хүрэлцэхгүй аймгийн Цагдаагийн газар болон Онцгой байдлын газар маш ачаалалтай ажиллаж байсан. Энэ 4 оюутныг яагаад загнаж зэмлэсэн гэхээр нэг өдрийн үдээс хойш, нэг өдрийн үдээс өмнө хуваарилсан цэгүүдэд ажиллахгүйгээр алга болсон. Хаана явж байгаа юм бэ? гэж асуухад гэртээ очсон байсан. Цагдаагийн газраас даргатай нь яриад энэ хүмүүсийг манай дээр тодорхой цэгүүд дээр томилоод өг гэсэн, дээрээс нь иргэдээс гомдол ирсэн. Энэ улсууддаа анхааруулж хэлж өгөөч гэсэн. Тэр үед маш ачаалалтай 24 цагаар эргүүл жижүүр хийж ажиллаж байсан учраас “та нар ийм байдалтай албанд ажиллахгүй, хүн бүр чадахаараа ажиллаж байхад та нар дураараа гэртээ хэвтэнэ гэж байхгүй” гэж хэлж зэмлэсэн. Ямар учир шалтгаантай мэдэхгүй. Ямар ч гэсэн над дээр гомдол гаргасан. Прокурор мөрдөгч хоёр ямар ч зөвшөөрөл бичиг хэлэхгүйгээр 4 оюутныг дагуулж орж ирээд нэлээд ширүүн хандаж байхаар нь “ямар учиртай юм бэ, улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байхад шуурхай удирдлагын төвд орж ирээд дураараа загнаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Сүүлд намайг зодсон гэж хэлээд байдаг. Би 30 минут тэр хэдэд үүрэг чиглэл өгч байсан. Намайг гарсны дараа манай газрын орлогч дарга орж 20 минут үүрэг чиглэл өгч байсан. Гараад явахдаа үүдний харуулын байрны тэнд 15 минут зогссон байдаг. Камерын бичлэг дээр байгаа. Өөрийнх нь мэдүүлэгт гэртээ очоод 2 цагийн дараас цус гарсан гэж хэлдэг. Хамрын ясаа цөм цохитлоо цохиулсан юм бол яагаад 3 цагийн дараа цус гардаг юм бэ? Дээрээс нь мөрдөгч Мөнхбаатар гэдэг залуу хүмүүсийг тулгаж хөтөлж мэдүүлэг авсан. Прокурор цохисон гэж байна. Цохиогүй чичээд түлхсэн гэж хэлэхээр чичнэ гэж ойлголт байхгүй зөөлөн цохисон гэж бичье гэж хэлээд мэдүүлэг авсан. Дараагийн мэдүүлэгт бид нарыг ингэж хэлж байгаад авсан цохисон гэж байна дахиж өгмөөр байна гэж хүсэлт өгөхөөр татгалзаад больдог. 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр шөнөгүй энэ хүмүүсийг ажиллуулж байхаар гээд Засаг даргатай ярьж байгаад зааланд 01 цаг 30 минут тоглуулсан. Тэгэхэд П.Х оюутнууд бүгдээрээ надтай нэг баг болоод тоглосон. Ингэж тоглоход манай дээр дадлагажигч ажилтан байсан Х.Т нүүр рүү нь мөргөсөн бичлэг нь байгаа. Тэгэхээр тэр залуу би мөргөөгүй гэж хэлсэн. “Чи яагаад ингэж хэлсэн юм бэ, бичлэг чинь байна” гэж хэлэхээр мөрдөгч Мөнхбаатар “чи мөргөсөн гэж хэлбэл чи хэрэг хүлээж шоронд явна шүү” гэж хэлээд бичүүлээд авсан байдаг. Тэр бичлэгийг манай дээр байсан хүмүүсээс мэдүүлэг авсан. Хавтаст хэрэгт нэгнийх ч мэдүүлэг байхгүй. Гэрчээр оролцуулъя гэхээр мэдүүлэг аваагүй учир оролцох боломжгүй гэсэн. Тэрийг зөндөө хүмүүс харж байсан. 2 удаагийн шүүх хурал дээр мөрдөгч, прокурор хоёрыг хууль зөрчиж мэдүүлэг авсан гэж шүүхийн шийдвэр дээр бичсэн байгаа. Мөн Т.Алтайбаатарын мэдүүлэг, Чулуунсүх эмчид КТГ бичлэгийг цахимаар үзүүлсэн гэж байгаа. Гэтэл үзүүлснээс хойш 7 хоногийн дараа CD /сиди/ хэргийн материалд байхгүй. Цагдаа дээр очоод Мөнхбаатарт хэлэхэд “би одоо хийх гэж байна, юун сүртэй юм бэ” гэж хэлсэн. Тэр эмч ямар CD /сиди/ үзэж дүгнэлт гаргасныг мэдэхгүй. Шүүхээс удаа дараа буцаагаад юмаа тодруул гэхээр прокурор шүүхээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй. Тэгж байгаад гэнэт шүүх шинжилгээний хүрээлэн дээр өөрөө шинжилгээ хийлгэх тогтоолоо барьсан “одоо гялс шинжилгээ хийлгэе та гарын үсэг зурчих” гэж хэлээд явж байна. Би энэ дээр эмч нарт оролцмоор байна, би хажууд нь баймаар байна мэдээлэл өгмөөр байна. Орж ирсэн хэдэн бичлэг байгаа. Хэргийн газрын нөхөн үзлэг хийж байна гэсэн. Цэргийн дүрэм дээр хөмсөгнөөс дээш 1 сантиметр малгай өмсөнө гэж заасан. Тэр хүний хамрын ясыг цөмөртөл цохиж байхад тэр хүн яагаад хөдлөөгүй юм, малгай нь яагаад унаагүй юм. Би гараад явсны дараа өчнөөн цаг орж ирээд гарч байгаа. Би прокурорт хэлж байсан. Та туршаад үзчих, хүний хамраас цус гарч байгаа бол хөх ягаан өнгийн маск зүүсэн байсан. Яагаад тэр нороогүй юм. Гараад явахад хажууд нь уулзаж байсан Хүрэлсүх гээд салбарын дарга уйлаад зогсож байхад нь хэлсэн байгаа юм. “Тусгай байгууллагад ажиллаж байгаа бол ингэж загнуулж сурч байж албаа авч явахгүй бол болохгүй” гэж хэлэхэд зогсож байгаад явсан байдаг. Би цохиогүй хохирол төлөөгүй гэж байна. Хамар яс нь цөмөртөл эмэгтэй хүний нүүр рүү гараа атгаж байгаад цохисон гэж яриад байна. Эргэн тойрон маш олон хүн байсан. Миний хажууд 7 офицер, ковидын үед зөвшөөрөл авах гэж байсан 4 иргэн бүгд байсан. Мөнхбаатар мөрдөгч орж ирээд бичлэг авна гэсэн. Дөнгөж аваад гараад явсан. Буцаж орж ирээд бичлэг үзэх гэхэд бүх бичлэгийг устгасан байсан. Тэгээд яагаад бүх бичлэг устгаж байгаа юм бэ гэхэд “мэдэхгүй танай техникийн алдаа байсан юм байлгүй” гэж хэлж байгаа юм. Дараа нь очоод 1 дүгээр сургуулиас бичлэгийг аваад үзчих гэхээр хамт хоёр гурван хүмүүстэй очиж бичлэгийг хуулж аваад ирээд чи харсан уу гэж бүх хүмүүсээс мэдүүлэг авчхаад хавтаст хэрэгт нэг нь ч байхгүй. Шинжээч нарын дүгнэлт, шинжилгээний эмчийг КТГ зургийг харсан гэдэгт эргэлзэж байгаа. Дараа дараагийн шинжилгээнүүд хуулж тавиад үндэслэлтэй байна гэж бичдэг. Дараа нь дахиад мэдүүлэг өгсөн. Тэрийг огт дурдахгүй. Энэ хүмүүсийн мэдүүлэгт зөрүү зүйл байгаад байхад хамгийн анхны мэдүүлгийг яриад байхаас зөрүүг арилгана гэж байхгүй. Хийх ёстой тал бүрийн юмыг сайн хийгээгүй учир 3 жил болж байна. Би энэ хүнд гомдолтой байгаа гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хохирогч П.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр цохиулаад эмнэлэгт очиж үзүүлсэн. 3 жил болсон учир бүдэг санаж байна. Тэр өдөр цохиулаад хавдаад өвдөөд байсан. Цэргийн сургуулийн хүүхдүүд та 5 минут зогсож чадахгүй хөдөллөө гэхээр нь хөдлөхгүй зогссон. Хамар аймаар өвдөөд гэртээ очоод ээж аавдаа хэлсэн. Тэгээд эмнэлэгт очиж үзүүлээд Азаа эмч хугаралтай байна гээд тэр өдөр нь савхаар цөмрөлийг гаргая гээд цөмрөлийг гаргуулсан. ...Гараа атгаж байгаад хамар руу цохисон. Баруун талаас цөмөрсөн зураг нь байгаа. Тухайн үедээ цус гараагүй хавдсан. 2 давхар масктай байсан. Цус жаахан шүүрсэн байсан. ...3.500.000 төгрөг нэхэмжилсэн байгаа. Баримт байхгүй. Одоог хүртэл шөнө унтахаар хамар өвдөөд байгаа. Би өөрөө оюутан учир мөнгө байхгүй. Мөнгө өгөхөөр хамраа янзлуулна гэж бодож байгаа. Хамраа л янзлуулбал гомдол байхгүй гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Гэрч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Олон яс давхацдаг тул хамрын ясны зураг үнэлэхэд саад бэрхшээл гардаг. Тийм учраас КТГ харуулъя гэж хэлсэн байгаа. Хамрын ясны мурийлт илэрхий бол харагдана. Х.А эмч Рентген зураг уншихгүй, өөрийн үзлэгээр тэмтэрсэн байх гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Гэрч Ц.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогч П.Хын биед КТГ зураг авсан он сарыг санахгүй байна. КТГ-н он сар цаанаасаа автоматаар тааруулсан байдаг. Тухайн өдрийн цаг минутыг солих боломжгүй. Манай техникч CD /сиди/-ний зургийг бичээд тарааж өгдөг. Би өөрөө дүгнэлтээ бичээд зургаа тайлбарлаж өгдөг. КТГ дүгнэлт дээр үндэслэж цааш цаашдын эмчилгээний асуудал шийдэгддэг учир ямар өөрчлөлт гарсан эсэхийг үнэн зөвөөр бичдэг. Тухайн үед гарсан дүгнэлтийг санахгүй байна. Би өөрийнхөө бичсэн дүгнэлтийг хармаар байна. Хамрын таславч мурийсан гэж бичсэн байна. Хугарал байсан бол би бичнэ. Шинэ гэмтэл ойр орчим цус үүснэ хавагнана, хуучин гэмтэл нь бороололт үүссэн байна. Ялгах боломжтой гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Гэрч Х.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Наад хүүхэд чинь 5 дахь өдөр ажил тарахын өмнө ирж үзүүлсэн. Тэгээд шинжилгээ хийлгээд ир гэж хэлсэн. Хамрын яс хугарсан нь үзлэг хийхэд мэдэгдэнэ. КТГ нь батлах шинжилгээ. Гэмтэл нь 14 хоног дотроо байвал шинэ гэмтэл гэж үзнэ. 14 хоногт байгааг ялгах боломжгүй. Яс бороолж эхлээгүй бол шинэ гэмтэл гэж үзнэ. Шинэ гэмтэл байсан. ...Хамрын ясны хугарал таславчийн мурийлт гэж байгаа. Гадна яс хугарсан тохиолдолд дотор яс хугарна. Би хэсгийн мэдээ алдуулалт хийж доор хугарсан ясыг тэгшлэх арга хэмжээ авсан. Хамрын яс хонхойсон байдаг. Тэр хонхорхойг гаргадаг хуруугаар тэмтрэхэд байхгүй болсон байдаг гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Гэрч Х.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Онцгой байдлын газарт 12 дугаар сард төгсөж очоод 6 сар хүртэл ажилласан. Зааланд тоглосон. Он сарыг санахгүй байна. П.Х бид хэд нэг баг болоод тоглосон. Арагшаа бөмбөг авахдаа П.Хтай мөргөлдсөн. Ойролцоо бөмбөг авахдаа шүргэлдээд өнгөрсөн. Нүүрэнд хүрсэн зүйл байхгүй. Би тоглож байхдаа П.Хаас асуусан. Чи зүгээр үү гэхэд зүгээр гэж хэлээд бид хэд заалнаас гараад явсан. Сууж байгаад гарч явсан. Нүүрэнд ямар нэгэн шарх сорив тийм асуудал байхгүй байсан гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Гэрч Л.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг дундуур нь дуудсан. Намайг очсон цагаас хойш тийм зүйл болоогүй. Намайг ороход бүгдийн загнаж байсан. Энэ хүүхдүүдийг дагалдах бичигтэй нь явуулаарай гэдэг үүрэг даалгавар өгсөн. Цохиж авсан зүйл байхгүй. Хуруугаараа толгой руу нь чичсэн. Хамраас цус гарсан зүйл байгаагүй. ...Алба хаагчийн дунд волейболын тэмцээн зохион байгуулаад дадлага хийж байсан хүүхдүүд нэг баг болж орсон. Тэгэхэд манайд дагалдангаар ажиллаж байсан Х.Т гэдэг залуу нэг баг болж тоглоод бөмбөг авах гэж ухарч байгаад П.Хыг очиж мөргөсөн. Тэгээд толгойгоо дарж хэсэг байж байгаад удаагүй тоглолт дуусаад суусан. Тэмцээн дуусгаагүй гараад явсан байсан. Хамт сууж байсан хүмүүстэй хүчтэй мөргөлөө гайгүй байгаа гэдэг зүйл яриад өнгөрсөн гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Шинжээч эмч Ө.Сарангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт: Дүгнэлт гарахтай холбоотой шинжилгээний байгууллагад прокурорын тогтоол ирсэн. Хоёр тогтоол ирээд нэг нь Говь-Алтай аймаг руу дүгнэлттэй хамт явсан. Нэг нь архивт орсон байгаа. Бид хэд дүгнэлтээ авч ирсэн байна. Тухайн тогтоол архивт орсон байгаа учир бид нарт байхгүй байна. Асуулт тавьсан тогтоол ирсэн байсан. 5 эмчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт П.Хын биед гэмтлийн зэрэг тогтоох дүгнэлт гаргасан. Урд гаргасан Т.Алтайбаатар эмчийн үзлэг, Ганцэнгэл, Ганболд, Туяа эмч нарын гаргасан дүгнэлт, нэг ширхэг рентген зураг, нэг ширхэг КТГ-ийн зургийг үндэслэж дүгнэлт гаргасан. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс тавьсан асуулт байгаа бол хариулъя. Дүгнэлт гаргасан бүх эмч нар байгаа учир одоо асуултад хариулах боломжтой байна. Асуултаа асуувал бид нар хариулъя. ...04 дүгээр сарын 16-ны өдрийн КТГ, рентген зураг ирсэн байна. Үүн дээр хамрын яс зүүн талдаа шинэ хугаралтай, баруун тийш мурийлттай гэсэн хариу ирсэн. 04 дүгээр сарын 13, 15-ны өдөр гэдэг нь ялгагдахгүй. Тогтоолд 04 дүгээр сарын 15-ны өдөр бусдад зодуулсан энэ өдөр үүсэх боломжтой юу гэдэг асуулт ирсэн. Хэрэв ялгах шаардлагатай байсан бол өдрүүдийг тодорхойлоод ирэх байсан. Хоёр өдөр гэдэг зүйлийг өнөөдөр хэлж байгаа учир шууд хариулах боломжгүй. Нэг хоёр өдрийн хоорондох зодооныг ялгах боломж багатай гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Шинжээч эмч О.О шүүхийн хэлэлцүүлэгт: Миний бичсэн дүгнэлтээр хамар яс хугаралтай байсан. Ойр орчим цэвэр байсан. Миний бичсэн дүгнэлт дээр хамар ясны хугаралтай, хамар орчмын зөөлөн эд салст хэвийн байсан. Хугарал харагдаж байгаа учир шинэ гэж үзэж байна. Зөөлөн эдийн гэмтэл харагдаагүй учир хэвийн гэж үзсэн байгаа. ...Хамрын ясны хугарлын үед хугарал хамрын салстадаа тэр чигтээ судас байдаг. Судас хагараад цус гардаг. Тэнд байгаа салст гэдгийг зөөлөн судас хагарснаас цус гардаг. Тэр доороо цус гардаг тохиолдол байгаа. Бага хэмжээний тохиолдолд дараа нь гарах тохиолдол байдаг. Харилцан адилгүй байдаг. Цус гарсан, гараагүй дээр маргах шаардлагагүй, байж болно. Рентген зураг авхуулаад хамрын яс сэжигтэй байна гээд КТГ зураг авхуулсан байдаг. КТГ зургийг хараад хамрын яс шинэ байна гэж гарсан. ...Нэг удаагийн үйлчлэлээр үүссэн нэг л гэмтэл байгаа учраас хамрын ясны мурийлт болон хамрын ясны жижиг цөмөрсөн хугарал нийлээд хөнгөн зэрэгт хамаарна. Цөмрөл үүсээгүй тохиолдолд хамрын ясны хугарал дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Шүүгдэгч З.Бн иргэний үнэмлэхийн зураг лавлагаа /1хх-181-рт/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-8-рт/ хэргийн газрын нөхөн үзлэгийг 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хийсэн. 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн мөрдөгчийн эд зүйл баримт бичиг хавтаст хэрэгт тусгах тухай тогтоол /хх-11-рт/, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Онцгой байдлын газрын гаднаас дотогш орох камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-65-69-рт/ үзлэгийг 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хийсэн. 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хохирогч П.Х нь хэрэг гардаг өдөр буюу 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөгчийн мөрдөн шалгах ажиллагааны туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-71-74-рт/ дух руу цохисон гэдэг байдлаар цохидог боловч малгайтай байхад дух руу цохих боломжгүй байна гэдэг байдлаар үзүүлсэн байгаа. Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 204 дугаартай албан бичиг /хх-60-рт/, 04 дүгээр сарын 15-ны орой 17:30 минутад цаг авч үзүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа. Хохирогч П.Хын мэдүүлэг /хх-85-86-рт/, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Говь-Алтай аймгийн 1 дүгээр сургуулийн заалны камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-70-рт/, ямар нэгэн байдлаар хүнтэй мөргөлдсөн, хүнтэй цохисон гэдэг нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. Гэрч Д.Бийн дахин өгсөн мэдүүлэг /хх-107-108-рт/, гэрч Д.Бийн мэдүүлэг /хх-96-рт/, гэрч Б.Өын мэдүүлэг /хх-107-рт/, гэрч Б.Баийн мэдүүлэг /хх-122-123-рт/ яллах дүгнэлт дээр бүрэн эрхээр нь уншсан. Гэрч С.Энхбаярын мэдүүлэг /хх-112-рт/, гэрч Н.Хийн мэдүүлэг /хх-117-118-рт/, гэрч С.Б-н мэдүүлэг /хх-120-121-рт/, гэрч Т.Нын мэдүүлэг /хх-114-115-рт/, гэрч Л.Оийн мэдүүлэг /хх-93-94-рт/, гэрч Золжавхлангийн мэдүүлэг /хх126-127-рт/, тэр өдөр нь П.Хтай ярьсан байдаг. Гэрч Х.Агийн мэдүүлэг /хх-129-рт/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 350 дугаартай Ц.Г, Ж.Г, Н.Т нарын бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх-149-152-рт/, /3хх-35-рт/ гэрч Д.Тийн мэдүүлэг, гэрч Ц.Сгийн мэдүүлэг, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг,
Хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: Бусад нотлох баримтууд давхардаж байна гээд /хх58-рт/ Улаанбаатар хотоос Говь-Алтай аймагт мэдүүлэг өгөх зорилгоор ирсэн баримтыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч хүсэлтээр: /1хх-4-рт/ 2021 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр П.Хын Цагдаагийн газар бичиж өгсөн өргөдөл, /хх18-21-рт/ картыг канондож хавсаргасан байгаа. 04.16-н гэмтэлд гээд 17:30 цаг авсан. Тэрний дараа 15-нд эмчийн үзлэг, 16-нд цаг авсан байж 15-ны эмчийн үзлэгтэй, 16-нд гэмтэлд цаг аваад 15-нд үзлэг хийсэн 16-нд рентген зураг авхуулсан. 19-нд Ц.С эмчийн зураг байгаа. Хамрын таславч мурийсан гэсэн байгаа. 16-ны сиди бичлэг байгаа. Эд мөрийн баримтыг 07 дугаар сарын 02-нд мөрдөгчийн тогтоолоор хурааж авсан байдаг. Эхний шинжээчийн дүгнэлт гарсан. 3 бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсны дараа амбулаториор эмчлүүлэгчийн картыг 07 дугаар сарын 02-нд эд мөрийн баримт хурааж авсан тэмдэглэл /1хх235-рт/, ямар карт сиди яваад байсан талаар эд мөрийн баримт хурааж авсан. Шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судалсан. 19-ний өдрийн сиди бичлэгийг уншуулж гаргасан байгаа. 16-ны он сартай байдаг. Өмнөх шүүх хуралдаан дээр орж ирсэн шинжээч эмч нарын тэмдэглэлээс /хх126-129-рт/ шинжээч Ганболдын эмчийн 04.16-ны өдрийн сиди 04.19-ний сиди гэж ярьсан. Хх147-148-рт шүүх хуралдааны тэмдэглэл, гэрч Хүрэлсүхийн мэдүүлэг, шүүх хуралдаан дээр цохиогүй юм гэдэг байдлаар хууль сануулаад авсан мэдүүлэгт тодорхой ярьж мэдүүлсэн байдаг. 3хх гэрч Д.Т, Ц.С нарын мэдүүлэг, хохирогч болон хохирогчийн 19-нд бичилт хийлгэсэн гэж хэлсэн байгаа гэснийг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас дүгнэвэл шүүгдэгч З.Б нь Говь-Алтай аймгийн ... ажиллаж байхдаа 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 14 цаг 30 минутын үед Онцгой байдлын газрын байрны 1 давхарт байрлах шуурхай удирдлагын өрөөнд Хууль сахиулах их сургуулийн онцгой байдлын сургуулийн сонсогч П.Х, Б.Б, Б.Ө, Б.Ба нарыг дуудан ирүүлж жагсаан зогсоож байгаад ...нохойн гөлөгнүүд минь яагаад цагдаа нарыг дагаад шорон царайлж явах гээд байгаа юм бэ? Цагдаа руугаа зайлбал зайлаарай битгий онцгойн хувцас гутаагаад байгаарай ...гэх мэтээр хэл амаар доромжилж улмаар Б.Баийн гэдэс рүү нэг удаа, Б.Өын гэдэс рүү нэг удаа, Б.Бийн нүүр лүү нэг удаа, П.Хын хамар дух орчимд нэг удаа цохисон байна. Уг үйлдлийн улмаас П.Хын биед хамар ясны зүүн хажуу хананы урд хэсэгт жижиг цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, учирсан үйл баримт тогтоогдож байна. Шинжээч эмчийн дүгнэлтээр П.Хын биед учирсан уг гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл болох нь тогтоогджээ. Дээрхи үйл баримт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд халдаж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэв.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч З.Б гэм буруутай болох нь:
Хохирогч П.Хын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Тэр өдөр цохиулаад хавдаад өвдөөд байсан. Хамар аймаар өвдөөд гэртээ очоод ээж аавдаа хэлсэн. Тэгээд эмнэлэгт очиж үзүүлээд Азаа эмч хугаралтай байна гээд тэр өдөр нь савхаар цөмрөлийг гаргая гээд цөмрөлийг гаргуулсан. ...Гараа атгаж байгаад хамар орчим цохисон...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч П.Хын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “..цайны цагийн дараа 14 цагт Онцгой байдлын газар дээр очиход хүлээн авалтын өрөөнд газрын дарга, хурандаа З.Б дуудаж байна гэхээр нь ороход З.Б өөрөө сууж байсан. Тэгээд бид дөрвийг нохойн гөлөгнүүд минь яагаад цагдаа нарыг дагаад шорон царайлж явах гээд байгаа юм бэ, цагдаа руугаа зайлбал зайлаарай битгий Онцгойн хувцас гутаагаад байгаарай гэх мэтээр доромжилж байснаа босож ирээд Б.Баийн гэдэс рүү цохиод намайг гараа атгаж байгаад хамар дух орчим 1 удаа гараараа цохисон, дараа нь Б.Өын гэдэс рүү 1 удаа, Б.Бийн нүүр лүү цохисон. Тэгээд ахмад Л.Оийг дууд гээд дуудуулаад сургууль руу нь хөөх бичиг явуул гэсэн. Энэ дөрвөн нохойн гөлгөөр хийх ажил байвал хийлгэ гэж хэлээд гараад явсан. ...цагдаагийн байгууллага дээр ажиллаа гээд уурлаад бид дөрвийг цохисон гэж бодож байна... Цохисноос болж хамрын зүүн талд таславчны мурийлт үүссэн...” гэх мэдүүлэг /1ХХ85-86/,
Гэрч Х.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Онцгой байдлын газарт 12 дугаар сард төгсөж очоод 6 сар хүртэл ажилласан. Зааланд тоглосон. Он сарыг санахгүй байна. П.Х бид хэд нэг баг болоод тоглосон. Арагшаа бөмбөг авахдаа П.Хтай мөргөлдсөн. Ойролцоо бөмбөг авахдаа шүргэлдээд өнгөрсөн. Нүүрэнд хүрсэн зүйл байхгүй. Би тоглож байхдаа П.Хаас асуусан. Чи зүгээр үү гэхэд зүгээр гэж хэлээд бид хэд заалнаас гараад явсан. Сууж байгаад гарч явсан. Нүүрэнд ямар нэгэн шарх сорив тийм асуудал байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Д.Бийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Онцгой байдлын газар дээр очиход хүлээн авалтын өрөөнд Онцгой байдлын газрын дарга, хурандаа З.Б дуудаж байна гэхээр нь ороход З.Б өөрөө сууж байсан. Тэгээд бид дөрвийг нохойн гөлөгнүүд минь яагаад цагдаа нарыг дагаад шороон царайлж явах гээд байгаа юм бэ, цагдаа руугаа зайлцгаагаарай битгий онцгойн хувцас гутаагаад байгаарай, албаны хувцас тайлаарай гэх мэтээр доромжилж байснаа ахмад Л.Оийг дууд гээд дуудуулаад сургууль руу нь хөөх бичиг явуул гэсэн тэгээд бос ч ирээд Б.Баийн гэдэс рүү цохиод, дараа нь П.Хыг гараа атгаж байгаад нүүр лүү нь 1 удаа гараараа цохисон, дараа нь Б.Өын гэдэс рүү нь 1 удаа цохисон, хамгийн сүүлд миний баруун шанаа руу цохичхоод энэ дөрвөн нохойн гөлгөөр өөр хийх ажил байвал хийлгэ гэсэн. Энэ үед хараад зогсож байсан онцгой байдлын газрын ангийн захирагч Энхбаяр бид дөрвийг дагуулж гарахад П.Х уйлаад гараад явсан... тухайн өдөр бид дөрөв онцгой байдлын газрын алба хаагчдад тавьж өгдөг саравчтай малгайтай байсан. Бид нар бүгд малгайгаа хөмсөгнөөс дээш 2 хуруу зайтай өмсдөг бөгөөд Онцгой байдлын газрын даргатай уулзахаасаа өмнө хувцсаа засчихаад орсон учир П.Х мөн хөмсөгнөөс дээш 2 хуруу зайтай малгайгаа өмссөн байсан...З.Б дарга П.Хын хамрын зүүн тал орчим руу гараа атгаж байгаад 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /1ХХ96, 107-108/,
Гэрч Б.Өын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...З.Б дарга босож ирээд Б.Баийн гэдэс рүү цохиод, дараа нь гараа атгаж байгаад П.Хын нүүр лүү 1 удаа гараараа цохисон, дараа нь намайг цээж рүү цохиод, дараа нь Бямбадоржийн нүүр лүү 1 удаа цохисон. ...Би П.Хын хажууд зогсож байсан учир З.Б дарга хамар орчим гараа атгаж байгаад 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /1ХХ107/,
Гэрч Б.Баийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...З.Б дарга босож ирээд миний гэдэс рүү цохиод дараа нь П.Хыг гараа атгаж байгаад нүүр лүү нь 1 удаа гараараа цохисон, дараа нь Б.Өын гэдэс рүү 1 удаа цохисон, хамгийн сүүлд Б.Бийн толгой руу цохичхоод энэ дөрвөн нохойн гөлгөөр өөр хийх ажил байвал хийлгэ гэсэн. Энэ үед хараад зогсож байсан Онцгой байдлын газрын ангийн захирагч Энхбаяр бид хэдийг дагуулж гарахад П.Х уйлаад гараад явсан. ...Сонсогч П.Хын нүүр лүү Онцгой байдлын газрын дарга, хурандаа З.Б гараа атгаж байгаад 1 удаа хүчтэй цохисон. Цохисны дараа П.Х уйлаад зогсож байгаад заалнаас гараад уйлаад гэр лүүгээ явсан. Орой П.Хаас яасан талаар ярьж асуухад хамар нь хавдсан гэж байсан...” гэх мэдүүлэг /1ХХ122-123/,
Гэрч С.Эн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Манай дарга З.Б П.Хын дух орчим руу гараа атгаж байгаад 1 удаа цохисон. ...Эхлээд зогсож байсан Батсүмбэрийн гэдэс, дараа нь Өсөхбаярын гэдэс орчим луу нэг цохисон, Бямбадоржийн дух билүү ямар ч байсан толгой орчим цохисон...” гэх мэдүүлэг /1ХХ112/,
Гэрч Н.Хийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...дарга З.Б босож эхний сонсогчийн цээжин хэсэгт гараараа цохисон, дараагийн эмэгтэй сонсогчийн дух орчим гараараа цохисон, дараагийн сонсогчийн цээж рүү нь цохисон, сүүлийн сонсогчийн цээж рүү нь цохисон...” гэх мэдүүлэг /1ХХ117-118/,
Гэрч С.Бн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...З.Б дарга тэгээд эхэнд зогсож байсан сонсогч эрэгтэй буюу Батсүмбэрийн гэдэс рүү гараа атгаж байгаад цохисон, дараа нь эмэгтэй сонсогчийн дух орчим руу гараараа 1 удаа цохисон, дараагийн сонсогчийн гэдэс билүү цээж рүү нь гараа атгаж байгаад цохисон, сүүлийн сонсогчийн гэдэс цээж орчим цохисон ба нарийн сайн санахгүй байна... З.Б даргыг арай жаахан түргэдчихлээ гэж бодож байна.” гэх мэдүүлэг /1ХХ120-121/,
Гэрч Л.Оийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2021 оны 04 дүгээр сарын 15-ны 14 цагийн орчим газрын дарга З.Б намайг операторын өрөөнд дуудаж байна гэхээр нь очсон. Тэгэхэд манай онцгой байдлын газрын дарга З.Б дагалдах бичигтэй нь энэ 4 сонсогчийг сургууль руу нь явуул гэж хэлсэн. Тэгээд би үүдэнд хараад зогсож байхад тухайн 4 сонсогчид хандан яагаад ирдэггүй юм өглөөнөөс хойш дуудууллаа гэсэн утгатай үг ярьж эхний сонсогч Батсүмбэрийн гэдэс орчим 1 удаа цохисон, П.Хын дух луу гараараа түлхсэн, дараагийн сонсогчийн гэдэс цээж орчим луу сүүлийн сонсогч Бямбадоржийн гэдэс билүү цээж орчим луу гараараа цохисон...” гэх мэдүүлэг /1ХХ93-94/,
Гэрч Х.Агийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “Наад хүүхэд чинь 5 дахь өдөр ажил тарахын өмнө ирж үзүүлсэн. Тэгээд шинжилгээ хийлгээд ир гэж хэлсэн. Хамрын яс хугарсан нь үзлэг хийхэд мэдэгдэнэ. КТГ нь батлах шинжилгээ. Гэмтэл нь 14 хоног дотроо байвал шинэ гэмтэл гэж үзнэ. Хамрын ясны хугарал таславчийн мурийлт яс бороолоогүй шинэ гэмтэл байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Х.Агийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цаг 30 минутын үед П.Х ирж үзүүлэхдээ аймгийн онцгой байдлын газрын даргад цохиулчихлаа гэж хэлээд үзүүлсэн. Үзүүлэхдээ П.Хын хамрын зүүн талд мурийлттай буюу хамрын яс зүүн талдаа бага зэрэг хугарсан, хамрын таславч мурийсан байдалтай байсан. ..П.Хын рентген зураг 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр авахуулахад рентгений эмч Д.Т хамрын ясыг томографикт шалгая гэсэн саналтай байна гэхээр нь компьютер томографикыг тухайн өдрийн дараагийн ажлын өдөр буюу 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хийлгэхэд хамрын таславч мурийсан гэсэн оноштой байсан...” гэх мэдүүлэг /ХХ129/,
Гэрч Д.Тийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн:“...би 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр П.Хын биед хамрын ясны рентген зургийн дүгнэлтийг бичсэн. Рентген зургаар тодорхой харагдахгүй байсан учир КТГ-ын шинжилгээ рүү хийлгэх саналтай байсныг картан дээр бичиж үлдээсэн. Тухайн үед эмэгтэй зодуулсан гэж хэлсэн учир нарийн шинжилгээ хийе гэж бодсон. Мөн тухайн рентгений зурганд хамрын ясны өөрчлөлт байгаа эсэх нь тод харагдахгүй байсан учраас КТГ-ын шинжилгээ хийх саналтай байсан. Зургийн чанар, зураг авсан байрлалаасаа шалтгаалаад хамар ясны цөмөрсөн хугарал харагддаггүй юм аа...” гэх мэдүүлэг /3ХХ35/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Г.Энхбаатар, Ө.Сарангэрэл, Б.Долгормаа, Э.Баасанжав, Д.Дунгаамаа нарын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 873 дугаартай “...1.2. П.Хын биед хамар ясны зүүн хажуу хананы жижиг цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, хамрын зүүн хажуу хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр буюу хамрын хэсэгт нэг удаа цохих үед үүсгэгдэх боломжтой. 6. Дээрх гэмтэл нь 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр үүссэн байх боломжтой. 7. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 152 дугаартай шинжээчийн дүгнэлт болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 350 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /3ХХ108-113/
Онцгой байдлын газрын гаднаас орох хэсгийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1ХХ 65-69/, Говь-Алтай аймгийн 1-р сургуулийн спорт заалны хяналтын камерын дүрс бичлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1ХХ 70/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч З.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх бөгөөд Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогч П.Хд учирсан гэмтлийг уг хэрэг болохоос 2 хоногийн өмнө зааланд тоглож байхдаа Х.Ттой хүчтэй мөргөлдсөний улмаас авсан гэмтэл байх боломжтой, ...хамар хугартал цохисон байхад тэр дороо цус гараагүй, гэртээ харьсны дараа буюу хэдэн цагийн дараа цус гарсан нь П.Хд учирсан тухайн гэмтлийг З.Б учруулсан эсэх нь эргэлзээтэй хэмээн мэтгэлцэж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт Говь-Алтай аймгийн 1-р сургуулийн спорт заалны хяналтын камерын дүрс бичлэг бүхий CD /сиди/-г шинжлэн судлахад П.Х, Х.Т нар нь толгойн хэсгээрээ бус харин биеэрээ мөргөлдсөн үйл баримт тогтоогдож байна. Харин П.Хын хамар хэсэгт учирсан “хамар ясны зүүн хажуу хананы жижиг цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, хамрын зүүн хажуу хэсгийн зөөлөн эдийн няцрал” гэмтэл уг мөргөлдөөнөөс үүссэн байх боломжгүй болох нь уг камерын бичлэгээс тодорхой харагдаж байна. Иймд хохирогч П.Х нь 2 хоногийн өмнө 1-р сургуулийн зааланд тоглож байхдаа Х.Ттой мөргөлдсөний улмаас уг гэмтлийг авсан байх боломжтой гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн дүгнэлт нь үгүйсгэгдэж байна. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт ахлах шинжээч эмч Ө.Сарангэрэл “...хамраас тэр доороо цус гардаг тохиолдол байгаа. Бага хэмжээний тохиолдолд дараа нь гарах тохиолдол байдаг. Харилцан адилгүй байдаг. Цус гарсан, гараагүй дээр маргах шаардлагагүй” гэсэн мэдүүлгээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...тухайн үед цус гараагүй учир уг гэмтэл З.Бн үйлдлээс үүсээгүй...” гэсэн дүгнэлт няцаагдаж байна.
ЭХО үзсэн эмч гэрч Ц.С нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Хамрын таславч мурийсан гэж бичсэн байна. Хугарал байсан бол би бичнэ...” гэж мэдүүлж байх боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн “...Нэг удаагийн үйлчлэлээр үүссэн нэг л гэмтэл байгаа учраас хамрын ясны мурийлт болон хамрын ясны жижиг цөмөрсөн хугарал нийлээд хөнгөн зэрэгт хамаарна. Цөмрөл үүсээгүй тохиолдолд хамрын ясны хугарал дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлгээр хугарал байсан эсэхээс хамаарч гэмтлийн зэрэг өөрчлөгдөж, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхөөргүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч П.Х нь шүүгдэгчийн нүүрэн тус газар цохисон үйлдлийн улмаас хөнгөн гэмтэл авсан болох нь хөдөлбөргүй нотлогдож байгаа бөгөөд өөр байдлаар, өөр цаг хугацаанд уг гэмтлийг авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хохирогч П.Х нь шүүгдэгч З.Бас хамар эмчлүүлэх болон нааш, цааш явсан зардалд 3,500,000 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа ба нотлох баримт байхгүй байна. Харин мөнгө өгвөл хамраа эмчлүүлмээр байна. Одоо хүртэл өвддөг гэж байх тул хохирогчийн нэхэмжилсэн 3,500,000 төгрөгийн хохирлыг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, нотлох баримтаар тогтоогдсон Улаанбаатар хотоос ирсэн зардал болох 51.600 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч З.Бд холбогдох хэрэгт яллагдагчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан зарласан бөгөөд өмгөөлөгч нь шинжээчээс нэмэлт асуулт асуух, мөн шинжээч томилсон тогтоолтой шүүгдэгч танилцаад нэмэлт асуулт асуусан боловч уг асуултад шинжээч нар хариулаагүй энэ эрхийг хангаагүй гэж нэмэлт шинжилгээ хийлгэхээр хүсэлт гаргасныг шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэхгүй орхиж гэм буруугийн шүүх хуралдаанаар шинжээч нараас нэмэлтээр асуух боломжтой гэж шийдвэрлэсэн.
Харин шүүх хуралдаанд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дээрх эрхийг хангаж бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргасан 5 эмч, CD /сиди/ уншсан 2 эмчийг оруулж шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч З.Баттулгын нэмэлт асуух асуулт болон бусад шинжээчийн дүгнэлттэй холбоотой эргэлзээтэй нөхцөл байдлуудыг тодруулж мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч томилохтой холбоотой эрхийг хангасан болно. Тухайлбал: Шүүгдэгчийн асуусан “...П.Хын биед учирсан гэмтэл нь 4 сарын 15 эсхүл 4 сарын 13-ны өдөр авсан эсэхийг тогтоох боломжтой юу...” гэсэн асуултад шинжээч эмч нар хариулахдаа “...Хэрэв ялгах шаардлагатай байсан бол өдрүүдийг тодорхойлоод ирэх байсан. Хоёр өдөр гэдэг зүйлийг өнөөдөр хэлж байгаа учир шууд хариулах боломжгүй. Нэг хоёр өдрийн хоорондох зодооныг ялгах боломж багатай...” гэж хариулсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн камерийн бичлэгээр хохирогч нь уг гэмтлийг 4 сарын 13-ны өдөр буюу 1-р сургуулийн зааланд тоглож байхдаа авсан байх боломжгүй нь тодорхой харагдаж байна.
Шүүх хуралд гэрчээр оролцсон Л.О шүүхэд мэдүүлэхдээ: “.. Х.Т гэдэг залуу нэг баг болж тоглоод бөмбөг авах гэж ухарч байгаад П.Хыг очиж мөргөсөн. Тэгээд толгойгоо дарж хэсэг байж байгаад удаагүй тоглолт дуусаад суусан. Тэмцээн дуусгаагүй гараад явсан байсан. Хамт сууж байсан хүмүүстэй хүчтэй мөргөлөө гайгүй байгаа гэдэг зүйл яриад өнгөрсөн...” гэж мэдүүлж байгаа боловч гэрч Х.Тгийн шүүхэд мэдүүлсэн “...Зааланд тоглосон. Он сарыг санахгүй байна. П.Х бид хэд нэг баг болоод тоглосон. Арагшаа бөмбөг авахдаа П.Хтай мөргөлдсөн. Ойролцоо бөмбөг авахдаа шүргэлдээд өнгөрсөн. Нүүрэнд хүрсэн зүйл байхгүй. Би тоглож байхдаа П.Хаас асуусан. Чи зүгээр үү гэхэд зүгээр гэж хэлээд бид хэд заалнаас гараад явсан. Сууж байгаад гарч явсан. Нүүрэнд ямар нэгэн шарх сорив тийм асуудал байхгүй байсан...” гэх мэдүүлэг болон камерын бичлэгээр гэрч Л.Оийн уг мэдүүлэг үгүйсгэгдэж байна. Тухайн үйл баримт болох үед шүүгдэгч З.Б нь Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын даргын ажлыг хийдэг байсан, мөн гэрч Л.О нь уг байгууллагад шүүгдэгчийн шууд удирдлагад ажилладаг байсан, гэрч Л.О нь мөрдөн байцаалтад анх өгсөн мэдүүлэгтээ “...би үүдэнд хараад зогсож байхад тухайн 4 сонсогчид хандан яагаад ирдэггүй юм өглөөнөөс хойш дуудууллаа гэсэн утгатай үг ярьж эхний сонсогч Батсүмбэрийн гэдэс орчим 1 удаа цохисон, П.Хын дух луу гараараа түлхсэн, дараагийн сонсогчийн гэдэс цээж орчим луу сүүлийн сонсогч Бн гэдэс билүү цээж орчим луу гараараа цохисон...” гэж мэдүүлж байсан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...хохирогч П.Хаас 2021 оны 07 сарын 02-ны өдөр хураан авсан КТГ-ын сиди, эмчлүүлэгчийн картыг хэнээс хаанаас хурааж авсан нь тогтоогдохгүй байгаа, шинжээчийн дүгнэлт гарсны дараа уг сидиг эд мөрийн баримтаар тооцож авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хир нийцэж байгаа вэ? Мөн шинжээчийн дүгнэлт гаргасан уг сиди нь он, сарын зөрүүтэй асуудал яригддаг...” гэсэн дүгнэлт гаргасан байна.
1-р Хавтаст хэргийн 235-239-р хуудсанд мөрдөгчийн тогтоолоор 2021 оны 07 сарын 02-ны өдөр амбулаториор эмчлүүлэгсдийн карт 6 хуудас, рентген зураг, компьютер томографикийн сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хэрэгт тусгаж хавсаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт “Хохирогч, яллагдагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч, прокурор авч хавтаст хэрэгт тусгаж хавсаргана”, 11 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй” гэж тус тус заажээ. Хэрэгт мөрдөгчийн тогтоолоор тусгаж хавсаргагдсан дээрх эд зүйл нь хохирогч П.Хынх болох нь бусад нотлох баримтуудаар буюу гэрч Х.А, Ц.С, Д.Т болон бусад гэрч нарын мэдүүлэг, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн 2021 оны 06 сарын 15-ны өдрийн 204 дугаартай албан бичиг, хохирогчийн мэдүүлэг болон хэргийн үйл баримтаар хангалттай тогтоогдож байгаа бөгөөд зөвхөн тогтоолд хэнээс авсан эсэхийг тусгаагүйг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлгүй юм.
Уг баримтуудыг хуульд заасны дагуу мөрдөгчийн тогтоолоор хэрэгт хавсаргасны дараа 873 дугаартай шинжээчийн дүгнэлтийг /3-р хавтас хэргийн 108-р хуудас/ дахин гаргасан бөгөөд өмнө гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй болно.
Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч томилсон тогтоолд шүүгдэгч нь нэмэлт асуулт гараар бичсэн боловч уг асуултад шинжээч эмч нар хариулаагүй, энэ нь шүүгдэгчийг эрхийг хангаагүй гэсэн хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэхээргүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч З.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, хуульд зааснаар шүүгдэгч З.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч З.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдсан 3 ширхэг сиди /CD/-г хэрэгт хавсаргаж, рентген зураг, эрүүл мэндийн карт зэргийг хохирогч П.Хд буцаан олгож, шүүгдэгч З.Бас 51,600 төгрөг гаргуулж хохирогч П.Хд олгож, хохирогч П.Хын нэхэмжилсэн 3,500,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овгийн З-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч З.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч З.Бас 51,600 төгрөг гаргуулж хохирогч П.Хд олгох, хохирогч П.Хын нэхэмжилсэн 3,500,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг сиди /CD/-г хэрэгт хавсаргаж, рентген зураг, эрүүл мэндийн карт зэргийг хохирогч П.Хд буцаан олгосугай.
7. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА