| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2023/0060/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/115 |
| Огноо | 2023-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/115
2023 01 24 2023/ШЦТ/115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2023/0060/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул,
улсын яллагч Э.Булганчимэг,
хохирогч О.Т, түүний өмгөөлөгч Ч.Атарболд,
шүүгдэгч У.М, түүний өмгөөлөгч Р.Баярхүү нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.М-д холбогдох эрүүгийн 2209000002394 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 2004 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эмээ, өвөөгийн хамт, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлгийн 18 дугаар гудамжны 549 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, У.М /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч У.М нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 15 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” бааранд хохирогч О.Т-н нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсний улмаас түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг эрүүл мэндэд нь учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч У.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед би уурандаа тийм зүйл хийсэн. Миний найз охин Н...тэй хамт явж байсан болохоор нь уур хүрээд цохисон Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би одоо шивээс хийдэг, сард дунджаар 2.000.000 төгрөг олдог. Хохирол, төлбөрийг барагдуулах боломжтой.” гэв.
Хохирогч О.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 11 дүгээр сарын 04-5-нд шилжих шөнө А... гэх найзтайгаа хамт таксинд явж байхад Н... гэх найз намайг дуудаад би баар ормоор байна гэхэд нь би хань болоод хамт орсон. Яг үүдээр ороход урд явж байсан залуу эргэж хараад миний нүүрэн тус газарт цохьсон, нүүрээ дараад доошоо тонгойход өшиглөсөн. Хамгаалагч намайг утсандаа нүүрээ хардаа гэхэд харсан чинь миний хамар цаашаа хонхойсон байсан. Одоо ажилгүй байсан хугацааны цалин болох 500.000 төгрөг, эмчилгээний төлбөрт 286.000 төгрөг, нийт 786.000 төгрөг нэхэмжилж байна. Цаашид хамрын 2 зураг авхуулах шаардлагатай байгаа.” гэв.
Хавтаст хэргээс:
Хохирогч О.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр найз А-н хамт машинаар нь таксинд үйлчилгээнд явж байсан. Тэгсэн манай найз Н залгаад ганданд хүрээд ирээч гэсэн тэгээд би очоод уулзаад найзын машинтай хамт гадуур жаахан явсан. Тэгээд явж байх хооронд Н хуучин найз залуугийн талаар ярьж уйлаад байсан тэгээд Н би ганцаараа баар орьё, баар орж үзье гээд байсан. Тэгэхээр нь би яахын бэ би хань болж хажууд чинь хараад байж байя гэсэн тэгээд хамт баар орох болоод Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "..." нэртэй бааранд орох гээд дотор үүдэнд таксаа аваад яг орж байсан чинь урд байсан залуу эргэж хараад миний нүүр хэсэгт 1 удаа цохисон тэгээд би нүүрээ дараад тонгойсон чинь миний нүүр хэсэг рүү мөн хөлөөрөө 1 удаа өшиглөөд нуруу руу цохиж байхад хамгаалагч нар ирээд салгасан тэгээд цагдаад дуудлага өгсөн... би сайн мэдэхгүй байна. Намайг цохисон залуу Н-н үерхдэг байсан гэх залуу намайг Н-тэй хамт явж байна гээд цохисон байх гэж бодож байна. Түүнээс би уг залууг танихгүй. Маргалдах шалтгаан байхгүй... Уг гэмтлийг Н-н хуучин найз залуу У.М гэх залуу гар болон хөлөөрөө өшиглөж учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал)
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №15173 дугаартай “...О.Т-н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дахь тал)
У.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-ны шилжих шөнө 03 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах ... баарнаас ахыгаа авах гээд ганцаараа очоод ахыгаа авчихаад гарч байхад манай хуучин найз охин Н миний танил О.Т гэх залуутай хамт баар руу орж байсан ба Н тэр хоёрыг хамт явж байхыг хараад миний уур хүрээд би О.Т-н араас татаад нүүр рүү нь нэг удаа цохиод мөн нүүр рүү нь хальт нэг удаа өшиглөсөн. Тэгээд хамгаалагч нар бид хоёрыг салгаад удалгүй цагдаа нар ирээд цагдаагийн хэлтэс дээр авчирсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:
Гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч У.М нь согтуугаар 2022.11.04-нөөс 05-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” бааранд хохирогч О.Т-г өөрийн найз охин Н гэгчтэй хардан зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирлыг учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг мөн болно. Мөн шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаах дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч У.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч У.М-н хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай зүй бус харьцсан, биеэ барих чадваргүй, ухамсаргүй, дээрэнгүй гэмт зан байдал нь шууд нөлөөлжээ.
Иймд шүүгдэгч У.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч О.Т-н эрүүл мэндэд уг гэмт хэргийн улмаас хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардалд 286.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 500.000 төгрөг, нийт 786.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгч уг хохирол, төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2023 оны 1 дүгээр сарын 31-ний дотор 786.000 төгрөгийг хохирогч О.Т-д төлөхөөр харилцан тохиролцож бичгээр баталгаажуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн хохирогч О.Т нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч У.Маас нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч У.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид энэ зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч У.М-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хувийн байдал зэргийг харгалзан түүнд улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч У.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.М-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч У.М-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
5. Шүүгдэгч У.М нь хохирогч О.Т-д эрүүл мэндэд нь учруулсан гэм хорын хохирол төлбөрт тооцон 786.000 /долоон зуун наян зургаан мянга/ төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон бөгөөд дурдсан хугацаанд уг мөнгийг хохирогчид төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс үл маргах журмаар албадан гаргуулах болохыг дурдсугай.
6. Хохирогч О.Т нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч У.М-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь одоогоор бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч У.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР