Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2019/00091/И |
Дугаар | 00144 |
Огноо | 2019-04-05 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 00144
2019 оны 04 сарын 05 өдөр | Дугаар 153/ШШ2019/00144 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Буянт сум, Цагаанбургас багт оршин суух, .... дугаарын регистртэй, Н овогт Мийн Агийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 153/2019/00091/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.А нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.А миний бие 1967 онд Ховд аймгийн Алтай суманд төрсөн. 1983 оны 6 дугаар сард 8 дугаар ангиа төгсөөд эвлэлийн илгээлтээр эцэх, эхийн хамт Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдлийн 3 дугаар бригадад 1992 оны 11 дүгээр cap хүртэл малчнаар ажиллаж байсан. 1992 оны 11 дүгээр сараас 2013 он хүртэл Ховд аймгийн Алтайн суманд малчнаар ажиллаж байсан. 2013 онд Д.Мягмартай гэрлэсэн. Д.Мягмартай гэрэлснээс хойш 2019 оны 02 дугаар cap хүртэл Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багт малчнаар ажиллаж амьдарч байна. 1990-2000 оны нөхөн бичилтыг хийлгэсэн.
Одоо миний бие өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч ажилд орсон гарсан тушаал архиваас олдохгүй байгаа тул тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байна.
Иймд М.А намайг 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч М.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч М.А нь 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 196 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Алтай сумын Барлаг бригадын 1983-1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд,
- Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан 1603000258 баталгаажилтын хуудас, нийгмийн даатгалын А0772217 тоот дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
- Хүсэлт гаргагчийн 1983 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Д.Мягмар, М.А нарын 8410000009 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
- 1983 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүний 292020 дугаар үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Хүсэлт гаргагчийн 00239 тоот малчин мэргэжлийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Гэрч Б.Намсрайн “...Намайг 1986 онд Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдлийн Барлаг бригадад малчнаар ажиллаж байхад тухайн бригадад М.А надтай хамт бог мал маллаж байсан... гэх гэрчийн мэдүүлэг,
Гэрч Ч.Иваны “...М.А нь 1986 оноос 1990 он хүртэл Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан М.Аг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Нохойнхон овогт Мөнхөөгийн Аг 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар М.Ан улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ