Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/120

 

2023        01          25                                      2023/ШЦТ/120     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2023/0051/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч Н.Энхтулга,

шүүгдэгч Н.М /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Н.М-д холбогдох эрүүгийн 2109011591638 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1988 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Увс аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 18-р хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Н.М /РД: /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Н.М нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, "тавилга хийж өгнө" хэмээн хохирогч Б.Х-г хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж 2.500.000 төгрөгийг С.Д-н *** банкны *** дугаартай дансаар дамжуулан иргэн П.Б-н *** банкны 1*** дугаартай дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Сүлд хотхоны ... тоотод оршин суух хохирогч Д.Ш-г урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, тавилга хийж өгнө" хэмээн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж 4.600.000 төгрөгийг иргэн Х.Н-н Хаан банкны ***дугаартай дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан.

2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ...тоотод оршин суух хохирогч Б.С-г урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, "гал тогооны тавилга хийж өгнө" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, иргэн О.Б-н ... дугаартай дансаар 2.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... ресторанд тавилга хийлгэхээр Г.Н, Г.А нарын хооронд тохиролцсон тохиролцоог иргэн Г.А-р дамжуулан мэдэж, улмаар хохирогч Г.Н-д "тавилга хийж өгнө хэмээн" хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 4.900.000 төгрөгийг иргэн Х.Н-н *** дугаартай дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед А гэдэг залуу надад найз нь хийх тавилга байна, хамт хийе гэхээр нь би бараа материалыг нь авсан. Энэ хооронд надаар юм хийлгэж байсан Д гэдэг хүн бас Ш гэж хүний тавилгыг хийлцээд өгчих гэж хэлсэн. Халиуны тавилгын хувьд бүх материалыг нь авсан байхад хөдөө яаралтай явах ажил гараад явчихаад ирэхэд З  гэж миний ажиллаж байсан газрын дарга намайг ална гээд дарамтлаад байсан. Мөн би хөдөө явж байхдаа осол гаргаад нэг хүн маш хүнд гэмтсэний улмаас 3 дугаар эмнэлэгт тухайн хүнийг хагалгаанд оруулсан. Энэ хагалгааны зардалд би өөрт байсан бүх мөнгө төгрөгийг зарцуулсан. С-г би өмнө нь таньдаг байсан тул материалын мөнгөөр нь тавилга хийж өгье харин хөлс нь гээд 300.000 төгрөг өгчих гэж хэлэхэд над руу бүх мөнгөө хийсэн. Энэ үеэр хүүхдүүдийн хичээл амраад хөдөө хүргэж өгөх ажил гараад хөдөө яваад тавилга хийх явц удааширсан байгаа. Тэгээд хохирогч нарын хохирлыг аль данс руу хийхээ мэдэхгүй байсан тул хохирол төлж чадаагүй.” гэв.

 

Хавтаст хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Ш-н гэрч, хохирогчоор өгсөн: “...хүүхдийн ор, шүүгээ, ширээ, сандал зочны өрөө ширээ тагтны дотор дулаалга хийлгэхээр тохироод 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 4.600.000 төгрөгийг өөрийн данснаас Н.М гэх хүний данс руу биш өөр хүний ***гэх дугаарын Х.Н гэх хүний данс руу хийсэн. Тэгээд одоо болтол утсаа авахгүй алга болсон. Миний захисан тавилгыг хийж өгөөгүй. Би одоо гомдолтой байна. Хохирлоо бүрэн гүйцэт төлж барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 52-56 дахь тал)

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Х-н гэрч, хохирогчоор өгсөн: “...С.Д манай ах Буянгийн найз юм. С.Д гэх хүн рүү тавилга хийе гэж холбогдсон. Тэгээд С.Д, Мөөгий гэх хүний хамтаар 2021 оны 05 дугаар сарын 10-ны орчим ирсэн. Тэгээд тавилгын хэмжээг аваад явсны дараа холбоотой байж байгаад Мөөгий бид хоёр фейсбүүкийн найзууд болсон. Тэгээд энэ хооронд тавилгын зураг гаргана гэж явсаар байгаад 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр мөнгөө шилжүүлчих одоо яг тавилгыг чинь хийе гэж хэлэхээр нь би өөрийн ах Буянаагаас 2.700.000 төгрөгийг зээлсэн. Тэгээд манай ах С.Д-н хаан банкны *** тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд байхгүй болсон. Мөөгий гэх хүнд ажил явдал гарсан гээд Увс аймаг руу явсан. 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тавилгыг чинь хийгээд очъё гэж хэлээд алга болсон. ...Тэгээд С.Д-д хэлэхэд Н.М-г хайгаад олохгүй байна гэсэн. Би Гомдолтой байна хохирлоо бүрэн гүйцэт төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 50-51 дэх тал)

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зүс таних Н.М гэх хүнээр гэртээ гал тогооны иж бүрэн тавилга хийлгэх зорилгоор түүний *** дугаар руу нь холбогдож тухайн өдрөө Н.М манай гэрт ирж уулзаад тавилгыг хэмжээ аваад нийтдээ 2.500.000 төгрөгөөр хийхээр болсон. Н.М хэлэхдээ "Барилгын материал үнэтэй байгаа учраас мөнгөө бүрэн төлсний дараа л ажлаа хийнэ" гэж хэлсэн. Маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нөхөр бид хоёр ломбардад үнэт эдлэлээ барьцаанд тавьж байгаад дээрх 2.500.000 төгрөгийг нь Н.М руу шилжүүлэх гээд холбогдсон чинь *** банкны *** тоот данс өгөөд "Энэ данс руу шилжүүлчих” гэхээр нь нөхөр бид хоёр дээрх данс руу 1.500.000 төгрөг, 1.000.000 төгрөгөөр хоёр удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Тухайн үед Н.М "Мөнгөө шилжүүлснээс хойш 7 хоногийн дотор тавилгыг чинь суурилуулж өгнө" гэсэн боловч 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл, хийж өгөөгүй, утсаар лавлаж асуухаар ажил явдал гарсан, бие өвдөөд гэх шалтгаан хэлээд байхаар нь хамтран амьдрагч гэх хүнтэй нь ярихад би наад хүнээс чинь салсан гэж хэлсэн. Надад хэлэхдээ хувиараа жижиг үйлдвэр ажиллуулдаг гэж хэлсэн. Би гомдолтой байна. 2.500.000 төгрөгөө нэхэмжилж байна…" гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 136 дахь тал)

 

Хохирогч Г.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ***” нэртэй ресторан ажиллуулдаг ба тухайн ресторандаа модон тавилга авах гэж байгаа талаараа ярихад А “Би 10 хоногийн дотор хийгээд өгье” гэж хэлсэн. Өөрийн ***данснаас би урьдчилгаа 6.720.000 төгрөгийг Н-н *** дугаартай Хаан банкны данс руу 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр А-н эхнэр рүү шилжүүлсэн...” гэх мэдүүлэг гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 180-183 дахь тал)

 

Гэрч О.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед дээрх *** тоот дансыг хамтран амьдрагч Н.М ашиглаж байсан бөгөөд тухайн үед би дээрх 2.500.000 төгрөгийн гүйлгээ орж ирснийг мэдсэн бөгөөд дээрх мөнгийг Н.М айлд тавилга хийж өгнө гэж авч байсан ба маргааш нь өөрөө хэрэглэнэ гээд авсан санагдаж байна. Н.М нь мужаан бөгөөд тавилга хийдэг. Тэгэхдээ өөрөө тавилгын үйлдвэргүй...” гэх мэдүүлэг гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 139 дэх тал)

 

Гэрч Г.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Н-н тавилгыг хийлгэхээр Н.М-тай 88*** дугаар руу холбогдож рестораны модон ширээний тавилга байна хийх үү гэхэд Н.М надад "14 хоногийн дотор асуудалгүй хийчихнэ" гээд 9 сая төгрөгөөр тохиролцсон. Тэгээд энэ талаар Н-д 9 сая төгрөгөөр 14 хоногийн дотор хийх талаар ярьсан. Н зөвшөөрч урьдчилгаа гэж 6.720.000 төгрөгийг манай эхнэрийн *** дугаарын данс руу шилжүүлсэн ба тухайн мөнгөнөөс 4.900.000 төгрөгийг Н.М-н надад өгсөн *** дугаарын данс руу шилжүүлсэн. 14 хоногийн дараа Н.М руу залгаж асуухад "Хийж байна, модоо хатааж байна..." гэх маягаар удааширсан. Тэгээд утас нь холбогдохгүй байсан. Тухайн үед Н.М-ыг тавилга хийгээд дуусахаар өгнө гээд 1.820.000 төгрөгийг өөртөө байлгаж байсан. Тэгээд Н.М сураггүй болохоор нь цагдаад тухайн мөнгийг нь хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 195-196 дахь тал)

Гэрч С.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай 10 жилийн ангийн хүүхэд Ш зайсанд шинэ байр аваад намайг мужаан болохоор тавилга хийгээд өг гэсэн. Тэгээд 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 3.600.000 төгрөгийн гал тогооны тавилга хувцасны өлгүүр хийж өгсөн. Энэ тавилгын хаалга болон бэлдцийг Н.М хийж өгөх ёстой байсан. Тэгэж байх явцдаа Шинэхүү 3 ор, хүүхдийн өрөөний тавилга, ширээ хийж өгнө гэж тохиролцоод 4.600.000 төгрөг шилжүүлсэн байна лээ. Мөн манай найз Б-н дүү Х нь 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Н.М бид хоёр Х-н гэрт очиж хэмжээ авсан. 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2.700.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Тэгээд 2.500.000 төгрөгийг Н.М материал авна гэхээр нь би 100 айлд явж байхдаа өөрийн *** банкны *** данснаас *** данс руу хийсэн...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 58 дахь тал)

Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ** банкны *** тоот данс эзэмшиж ашиглаж байна. Н.М нь нэг данс нээгээд өгөөч гэж гуйгаад байхаар нь би өөрийн *** банкны ***0 тоот дансыг ашиглаж бай гэж хэлээд өөрийн ашигладаггүй картаа өгсөн...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 70 дахь тал)

 

Гэрч Х.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.М-тай 2020 оноос 2021 оны 06 дугаар сар хүртэл хамт ажиллаж байсан. Тухайн үед Н.М гэх ах эхнэрээсээ салж байгаа ах нь өөрийн данс руу мөнгө хийж болохгүй байгаа учир дансанд шилжүүлээд мөнгө авья гэж хэд хэдэн удаа мөнгө хийж аваад мөнгөө Н.М ах өөрөө бэлнээр авсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 115-116 дахь тал)

 

*** банкны 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 29/438 дугаартай албан бичиг, *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хавтаст хэргийн 8-9 дахь тал)

***банкны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 50/13238 дугаартай албан бичиг, *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хавтаст хэргийн 76-82 дахь тал)

С.Д-н *** банкны *** тоот дансны хуулга (1-р хавтаст хэргийн 41-42 дахь тал)

Хохирогч Д.Ш-н *** банкны *** тоот дансны хуулга (1-р хавтаст хэргийн 30 дахь тал)

Иргэн Д.Б-н *** дугаартай дансны хуулга (1-р хавтаст хэргийн 73-76 дахь тал) зэрэг баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Н.М нь үргэлжилсэн 4 удаагийн үйлдлээр 2021.05.12-ны өдрөөс 2022.05.13-ны өдрийг хүртэлх хугацаанд “тавилга хийж өгнө" хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.Х-с 2.500.000 төгрөг, хохирогч Д.Ш-с 4.600.000 төгрөг, хохирогч Б.С-с 2.500.000 төгрөг, хохирогч Г.Н-с 4.900.000 төгрөгийг өөрийн болон бусдын дансаар тус тус шилжүүлэн авч, бусдад нийт 14.500.000 төгрөгийн хохирол учруулж Залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хуурч,  зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан буюу Залилах гэмт хэрэг мөн болно.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Н.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Н.М-н хувьд амар хялбар аргаар бусдаас мөнгө, эд хөрөнгө олж амьдрах гэсэн явуургүй муу заль, ахархан бодол, шунахай зан байдал нь шууд  нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч Н.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хуурч,  зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан буюу Залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Н.М нь шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлэгтээ: “Би одоогоор нэг ч хохирогчид хохирол төлөөгүй байгаа, хохирлыг заавал төлж барагдуулна” гэсэн бөгөөд түүнийг гэм буруутайд тооцсоны дараа шүүх хуралдааныг завсарлуулж, хохирол нөхөн төлөх хүсэлт гаргасан боловч хохирлыг төлөөгүй, мөн хохирогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “хохирлоосоо нэг ч төгрөг хүлээж аваагүй. Иймд хохирол мөнгөө шүүгдэгчээс гаргуулж авмаар байна.” гэсэн санал хүсэлтүүдийг гаргасан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Н.Маас түүний гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирол төлбөрт нийт 14.500.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Х-д 2.500.000 төгрөг, Д.Ш-д 4.600.000 төгрөг, Б.С-д 2.500.000 төгрөг, Г.Н-д 4.900.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.  

 

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хуурч,  зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан буюу Залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид дээрх зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй байна.  

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Н.М-д 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч Н.М-д ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол төлбөр огт төлж барагдуулаагүй зэрэг түүний хувийн байдлуудыг харгалзан түүнд 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Н.М-г үргэлжилсэн үйлдлээр хуурч,  зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-д 01 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Н.М-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-с нийт 14.500.000 /арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Х-д 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг, хохирогч Б.С-д 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг, хохирогч Д.Ш-д 4.600.000 /дөрвөн сая зургаан зуун мянга/ төгрөг, хохирогч Г.Н-д 4.900.000 /дөрвөн сая есөн зуун мянга/ төгрөг тус тус олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Н.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР