| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00109/И |
| Дугаар | 145 |
| Огноо | 2019-04-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 145
| 2019 оны 04 сарын 05 өдөр | Дугаар 153/ШШ2019/00145 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Наран багийн 4-23 тоотод оршин суух, .. дугаарын регистртэй, Ш овогт Н-ны Дн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 153/2019/00109/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Д нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Насивхан овогтой Д миний бие 1961 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд Насивханы 1 дэх хүү болж төрсөн. Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуульд 1969 онд 1 дүгээр ангид орж 1977 оны 6 дугаар сарын 15-нд 8 дугаар анги төгссөн. 1977 оны 6 дугаар сараас аав ээжийнхээ хамт мал маллаж байгаад 1980 оны 06 сарын 15 нд цэргийн албанд татагдаж цэрэгт явсан.1983 онд цэргийн алба хааж ирсэн.
Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр миний нэр дээр бичигдээгүй байсан учир ажиллаж байсан байдпаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Насивхан овогтой Дүйсэнбай намайг 1977 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Н.Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1977 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Н.Д нь 1977 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 21 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас бригадын 1977-1980 оны 70 дугаар дансны хуулбарууд,
- Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 05/366 дугаар цэрэгт татагдаж, халагдсан гэх архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн сургуулийг 1977 онд төгссөн гэх бүрэн биш дунд боловсролын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Гэрч С.Адебиет “...Н.Д нь намайг 1977 онд цэргээс халагдаж ирэхэд 8 дугаар анги төгсөөд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад үхэр, сарлаг маллаж байсан. 1980 онд цэрэгт яваад 1983 онд халагдаж ирсэн. 1983 оноос 1994 он хүртэл Тариалан нэгдэлд малчин, бригадын агент хийж байсан. ... гэх гэрчийн мэдүүлэг,
Гэрч Х.Байкельд “...Н.Д нь 1961 онд төрсөн. 1977 онд 8 дугаар анги төгсөөд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад ээж, аавын хамт 1977-1980 он хүртэл үхэр, сарлаг маллаж байсан. 1980 онд цэрэгт яваад 1983 онд халагдаж ирсэн. 1983 оноос Сарбулах ХК тартал Тариалан нэгдэлд бригадын агентаар ажиллаж байсан.. гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Н.Дг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Шеруши байгелд овогт Насивханы Дг 1977 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Н.Дн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ