Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/128

 

2023          01           30                                     2023/ШЦТ/128    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:185/2023/0091/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч Н.Пүрэвтогтох,

хохирогч Э.Б,

шүүгдэгч Б.Г /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б.Г-д холбогдох эрүүгийн 2209000002373 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, "..." ХХК- д түгээгч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Багахангай, Налайх дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч жирийн дэглэмтэй хорих ангид 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзах ял шийтгүүлж байсан . Б.Г /РД: /

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, ... тоотод хохирогч Э.Б-тэй хүн чанар муутай, зээлсэн мөнгөө өг гэж маргалдан толгойн тус газар нь аягаар цохиж эрүүл мэндэд нь дагзны хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хоёр шууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн өдөр Сүхбаатар дүүргийн 11-р хороо, ... тоотод хохирогч Э.Б-г Цагдаагийн байгууллагад дуудлага өгөх гэхэд түүний “Айфоне 13 про макс” маркийн гар утсыг булаан авч, ширээ рүү цохиж, шидэж хагалан, улмаар хогийн саванд хаяж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, бусдад 3.150.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Э.Б тухайн өдөр манайд пиво аваад ирсэн ба түүнээс ууж байгаад бид гурав маргасан. Өмнө нь аавыг нь өнгөрсөн үед апликэйшнээс 100.000 төгрөг авч байсан бөгөөд би зээлсэн мөнгөө өгчих гэж хэлсэн. Гэтэл Х надад хандивлаагүй юм уу? гэхээр нь би үгүй ээ гэж хэлсэн. Ингээд Э.Б-г агсраад байхаар нь би аяга авч шидсэн. Маргаж байхад Э.Б гар утсаараа оролдоод байхаар нь гар утсыг нь аваад тэк рүү шидэхэд гар утас нь хагарсан байсан. Би гэм буруу дээр маргахгүй байгаа. Э.Б-н утсыг хагалж, юм шидсэн нь миний буруу ” гэх мэдүүлэг,

Хохирогч Э.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Б.Г.н эхнэр Г бид хоёр ... нэг байгууллагад хамт ажилладаг найзууд  бөгөөд тухайн үед би Б.Г Г хоёрынд очиж хэдүүлээ архи пиво ууж нийлж сууцгаасан нь үнэн бөгөөд тэр үедээ манай нас барсан аавын талаар ярилцсан. Аавыг маань өвчтэй бие нь муу байхад Б.Г Г хоёр 100 000 төгрөгийг хандив гэж уг нь өгсөн юм. Тэгээд тэр үед Г бид хэд 100.000 төгрөг аавд зориулж хандивласан талаар ярихад Б.Г гэнэт ширээ цохиж босож ирээд би яахаараа зүгээр мөнгө өгдөг юм, яахаараа хандивладаг юм бэ? Тэр мөнгийг зээлсэн болохоос юу гэж зүгээр өгч байдаг юм, буцааж авна гэж уурласан. Тэгээд ширээ цохиод агсам тавьж байснаа босч ирээд аяга авч над руу шидээд миний толгойг хагалсан Тэгэхээр нь би утсаа аваад мөнгийг чинь шилжүүлье гэхэд миний утсыг аваад шидсэн. Дараа нь утсаа авъя гэхэд утас зүгээр хэрэглээ утсаа хая, утсыг чинь хаясан гэж хэлсэн. Иймд би маш их гомдолтой байна, одоо өөрийн гар утсыг бүтэн авмаар байна. Мөн эмчилгээ шинжилгээ хийлгэсэн зардлуудыг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хохирогч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 онд найз Гманай аавын эмчилгээнд гээд 100.000 төгрөг өгсөн. Би тэрийг хандивласан гэж бодсон. Тэгтэл нөхөр Б.Г нь "би чамд тэр мөнгийг хандивлаагүй, зүгээр зээлсэн, тэр мөнгөө авья” гээд ширээгээ цохиод агсан тавьж эхлээд босож ирээд аяга аваад над руу шидээд миний толгойн арын дагз хэсэгт онож толгой хагалсан. Тэгээд миний толгойноос цус гоожоод би дуудлага өгөх гээд утсаа авах гэтэл миний утсыг булааж аваад ширээнийхээ буланд олон удаа хүчтэй цохиод миний гар утсыг эвдэлсэн. Тэгээд утсаа авах гэтэл миний нүүр рүү, гар руу цохисон... Би одоо толгойгоо хагалуулсан болон өөрийн гар утсаа хагалуулсандаа гомдолтой байна..." гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 21, 23 дахь хуудас) 

Гэрч Э.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгсэн чинь манай нөхөр “чи яах гээд муулаад байгаа юм бэ? Хүн чанартай болоод чамд 100.000 төгрөг зээлсэн байсан дараа нь бас 35.000 төгрөг зээлсэн, чи үнэхээр хүн чанар муутай юм бол одоо нөгөө мөнгөө өг” гээд байсан. Тэгээд хэрэлдсэн байх, би тэр үед нэлээн согтуу байсан. Тэгсэн чинь түс гээд юм хагарч байгаа чимээ гарсан. Тэгээд би яачихваа гээд харсан чинь Э.Б-н толгойны ард талаас нь цус гараад байсан... 103 ирээд Э.Б бид 2 хамт Гэмтлийн эмнэлэг явсан. Тэгээд очоод үзүүлэхэд толгой нь хагарсан байсан учир оёдол тавиад байсан... Би хаана яаж эвдэрсэн талаар мэдэхгүй байна. Гэхдээ нэг харахад ширээн дээр дэлгэц нь хагарчихсан байсан. Тэр утаснуудыг би нөхөртөө эвдэрхий юмаар яах юм гээд хаяулсан. Одоо хаана байгааг мэдэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь хуудас) 

Шүүх эмнэлгийн шинжээч эмч Г.Ханхүүгийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15579 дугаартай: “...Э.Б-н биед дагзны хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хоёр шууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас)

2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Дамно” ХХК-аас гаргасан “Iphone 13 promax гар утас 3.150.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан”  (хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас)

Яллагдагч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би чи тэгвэл өгчих, манайхыг яаж амьдарч байгааг мэдсээр байж авсан юм бол өгч сур гээд Э.Б-н“Айфоне 13 про макс” гар утсыг нь гал тогооны текэн дээр савчихсан чинь хагарчихсан. Тэгсэн чинь Э.Б миний Самсунг нөт 8 загварын гар утсыг бас тэкен дээр савчихсан. Тэгээд миний уур хүрээд ширээн дээр байсан шилэн аягыг шидсэн чинь толгойных нь ар хэсэгт оноод хагарсан. Тэгээд цус гараад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дугаар хуудас) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.Г-н хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Б.Г нь согтуугаар 2022.11.11-нээс 12-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, ... тоотод байх гэртээ эхнэр Э.Г-н найз эмэгтэй болох хохирогч Э.Б-г өдөж хоргоон улмаар урьд нь Э.Б-н аавыг өвчтэй бие муу байхад нь хандив гэж өгсөн мөнгөө нэхэж хэрүүл маргаан үүсгэж энэ үедээ хохирогчийн толгойн тус газарт нь аягаар шидэж эрүүл мэндэд нь дагзны хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хоёр шууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг,

мөн шүүгдэгч Б.Г нь тухайн үед хохирогч Э.Б-г цагдаагийн байгууллагад энэ талаар дуудлага мэдээлэл өгөх гэхэд түүний “Айфоне 13 про макс” маркийн гар утсыг булаан авч ширээ рүү цохиж хагалан хаяж хохирогчийн эд хөрөнгийг хууль бусаар устгаж, хохирогчид 3.150.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын Эд хөрөнгө устгаж гэмтээх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Б.Г нь шүүх хуралдаанд гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно. 

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.Г-н хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчтой эрээ цээргүй, ичгүүр сонжуургүй, зүй бус харьцаж өөрийн өчүүхэн явцуу ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд хүний ёсоо умартан хэрүүл маргаан зориудаар үүсгэж, бусдын эрх, эрх чөлөө, эрүүл мэнд, эд хөрөнгөнд үшууд халдан довтолж байгаа хүн чанаргүй, балмад түрэмгий, хэрцгий догшин гэмт зан байдал нь шууд нөлөөлжээ.

Хохирол төлбөрийн тухайд:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хавтаст хэргийн 14-15 дугаар талд хохирогчийн 2022.11.16-ны өдөр Монгол-Японы эмнэлэгт тархины компьютер томограффийн шинжилгээ хийлгэсэн төлбөрийн баримт байх бөгөөд уг шинжилгээний төлбөр 120.000 төгрөг, мөн хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогчийн хэрэглэж байсан “Айфоне 13 про макс” загварын гар утсыг 3.150.000 төгрөгөөр үнэлсний дагуу нийт 3 270 000 төгрөгийн төлбөрийг шүүгдэгч Б.Гаас гаргуулах үндэслэлтэй байна.

Түүнчлэн хохирогч Э.Б-н тухайд өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Б.Г-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Г-н үйлдсэн нийлмэл гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил  хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч нь би 4 хүүхэдтэй, эхнэр жирэмсэн бөгөөд цалингаараа гэр бүлээ тэжээдэг. Иймд ажлын цагийг багасгаж эсхүл өөр ял оноож өгнө үү. Манай эхнэр 500.000-600.000 төгрөгийн цалинтай. Би ажлаа хийгээд хохирлоо барагдуулаад явна гэсэн саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандпага, хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөнд учруулсан хохирол төлбөрийг төлөөгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх, мөн тус хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид тайлбарлан анхааруулах нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                         

1. Шүүгдэгч Б.Г-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Г-н биечлэн эдлэх ялыг 700 /долоон зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 700 /долоон зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.        

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс түүнд оногдуулсан 700 /долоон зуу/ цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.  

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Г-с 3.270.000 /гурван сая хоёр зуун далан мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Э.Б-д олгож, хохирогч Э.Б нь шүүгдэгч Б.Г-н үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР