Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 00146

 

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 153/ШШ2019/00146

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Дарви сум, Дэлгэр багт оршин суух, П... дугаарын регистртэй, Ө овогт М-ийн Шын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 153/2019/00046/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.Ш нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Ш нь 1960 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. 8 дугаар ангиа төгсөөд хөдөө гарч мал малласан бөгөөд өөрийн төрсөн ах, сумын сайн малчин М.Мөнхөөгийн хамтаар 1977 оноос 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хонь ямаа маллаж байсан. Ингээд 1979 оны 6 дугаар сарын 20-ноос 1982 оны 06 дугаар сары 20-ны өдөр хүртэл 3 жилийн цэргийн алба хааж ирээд үргэлжлүүлэн ахынхаа хамтаар мал малласан. 1986 оноос эхнэртэйгээ гэр бүл болсон бөгөөд тэр үеэс эхлэн хөдэлмөрйн дэвтэр анх нээлгэсэн. Үүнээс өмнө буюу ах М.Мөнхөөтэй хамт мал маллаж байхад миний нэр дээр цалин хөлс бодогддоггүй, надад хөдөлмөрийн дэвтэр ч нээж байгаагүй бөгөөд ах М.Мөнхөөгийн нэрдээр бүх цалин хөлс бодогддог байсан юм. М.Ш өндөр насны тэтгэврээ тогтоолгох болоход 1977 оноос 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, мөн 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 он дуустал хугацаанд ажиллаж байсан үед хөдөлмөрийн дэвтэр байхгүй, Архивын тасгаас миний хэр дээр баримт, тушаалууд олдохгүй, дандаа ахын нэр дээр гарч ирж байгаа тул тухайн үед ажиллаж байсан болохоо шүүхээр тоггоолгох шаардпагатай болсон.

Иймд М.Ш намайг 1977 оноос 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, мөн 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оныг дуустал хугацаанд Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Дэлгэр бригадад хоньчноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч М.Ш нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1977 оноос 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оныг дуустал Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч М.Ш нь 1977 оноос 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оныг дуустал Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 263 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр бригадын 1977-1979, 1982-1985 оны 70 дугаар дансны хуулбарууд,

- Хүсэлт гаргагчийн 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөө аж ахуйн гишүүний хөдөлмөрийн дэвтэр,

- Хүсэлт гаргагчийн 1979 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 394237 дугаар цэргийн батлах,

- Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 000016293 дугаар хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа,

- 1983 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын хүндэт жуух бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Хүсэлт гаргагчийн 1990 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Удмын малчны үнэмлэх,

- Хүсэлт гаргагчийн 000353 дугаар малчин мэргэжлийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Хүсэлт гаргагчийн 1983 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн баярын бичиг,

Гэрч И.Цэрэнбатын “...М.Ш нь 1977 онд надтай хамт 8 дугаар анги төгсөөд ах Мөнхөөгийнд Дэлгэр багт мал маллаж байсан. Цэрэгт явж халагдаж ирээд өдийг хүртэл мал маллаж байна.... гэх гэрчийн мэдүүлэг,

Гэрч П.Ёндонравчигийн “...М.Ш нь 1977 онд төгсөөд ах Мөнхөөгийн хамт мал маллаж байгаад 1979 онд цэрэгт явсан. 1982 онд цэргээс халагдаж ирээд ах Мөнхөөгийн хамт Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр багт 1984 он хүртэл ажилласан... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан М.Шыг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Өлзийхэн овогт Мишигийн Шыг 1977 оноос 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оныг дуустал Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар М.Шын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ