| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00114/И |
| Дугаар | 147 |
| Огноо | 2019-04-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 147
| 2019 оны 04 сарын 09 өдөр | Дугаар 153/ШШ2019/00147 | Ховд аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багт оршин суух, .... дугаарын регистртэй, Ш овогт А-ын Эийн хүсэлттэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 153/2019/00114/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1982 оноос 1989 оныг дуустал ажилласан. 1982 оноос 1983 оны ажилласан баримт олдоогүй тул тэтгэвэрт гарч чадахгүй өдийг хүрлээ. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас 1982 оноос 1983 оны баримт олдсон тул 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч А.Э нь 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: А.Энхэцэцэг миний бие тус шүүхэд ажиллаж байсан байдал тогтоолгохоор 2019 оны 3 дугаар сард хүсэлт гаргасан. Хүсэлтийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлага бүхий хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч А.Э нь хүсэлтийн шаардлагаасаа сайн дураараа татгалзсан тайлбарыг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.
Хүсэлт гаргагчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хүслэт гаргагчийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төрийн сангийн 100160000945 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хүсэлт гаргагч А.Эт олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хүсэлт гаргагч А.Эийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагаасаа татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Эийн төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хүсэлт гаргагч А.Эт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ