Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/51

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго, шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн ******* ургийн овогт *******ийн *******, ******* оны ******* дүгээр сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, ******* боловсролтой, бодогч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл гурав, эхнэр хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын 12 дугаар () баг, 3-22 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: пю88**************14.

Холбогдсон хэргийн талаар:

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож “шүүгдэгч С.*******г 2023 оны 01 дүгээр сарын 04-ний орой ******* аймгийн ******* сумын 07 дугаар (Магсаржав) багийн нутагт байх айлын орон сууцны 27 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.ийг зодож, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Б.оос гаргасан “******* сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах айлын 27 тоотод зүс таних залууд зодуулсан” гэх гэмт хэргийн талаарх ...мэдээллийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний 22 цаг 58 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас)-ээр хохирогч Б.оос гаргасан гомдлын дагуу шүүгдэгч С.*******д холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

1.2. Хохирогч Б.ийн “2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэртээ байж байтал 15 цагийн үед найз О.Уламнэмэх над руу залгаад “хаана байна” гэхээр нь “гэртээ байна” гэсэн. Намайг гараад ир гэхээр нь хаана байгаа юм гэж асуухад “төв номын сангийн хажуу талд байрлах 24 айлын орон сууцанд, ажлын байран дээрээ байна, хүрээд ир” гэхээр нь очсон. Намайг очиход намайг цохидог С.******* гэх залуу найз О.Уламнэмэх хоёр хамт архи уугаад сууж байсан. ...Тэр хоёр ууж байсан архинаасаа надад хийж өгснийг би уусан /тухайн архи тал дундуур байсан/. ...Тухайн үед бид гурвын ууж байсан архи дууссан. ...С.******* “зүгээрээ манай ахынх очиход цааргалах айл бишээ явъя” гэхээр нь дагаад явсан. Бид хоёрыг С.******* дагуулж айлын 27 тоот айлд орсон. Гэрт ороход гэрийн эзэн бололтой эмэгтэй, 10 орчим насны эмэгтэй хүүхэд хоёр байсан, өөр хүн байгаагүй. Гэрт ороход хоол хийж өгсөн хоол идэж байгаад авч орсон нэг шил 0.75 литрийн архиа тухайн айлын эмэгтэй С.*******, О.Уламнэмэх бид дөрөв хувааж уугаад сууж байтал С.******* гэрийн эзэн гэх эмэгтэй хоёр жижиг өрөөнд орчхоод гарч ирэхгүй хачин дуу чимээ гараад байсан. Тэгэхээр нь О.Уламнэмэх бид хоёр хоорондоо явъя гэж ярилцаад сууж байтал С.******* нэг өрөөнөөс гарч ирээд “надад нэг архи хийгээд өгчих” гэсэн. Тэр үед өрөөнд ороод янз бүрийн дуу чимээ гараад байсан болохоор нь би “ийм юм байж болохгүй” гэж С.*******д хэлэхэд “чи юугаа мэддэг юм бэ? энэ миний ахын гэр” гэж хэлээд шууд намайг заамдаж авсан. Би “тавиач гарлаа, явлаа” гэхэд “чи юу хуцаад байгаа юм бэ” гэхээр нь С.*******г чиний буруу гэж хэлэхэд миний нүүр хэсэгт хоёр удаа шууд гараараа цохисон, тухайн үед О.Уламнэмэх салгасан, гэрийн үүд хэсэг рүү очоод гутал өмсөх гэтэл ахин нүүр хэсэгт хоёр удаа цохисон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-******* дүгээр хуудас);

- Гэрч О.Уламнэмэхийн “2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ...24 айлын 2 тоот миний хувийн байранд С.******* бид хоёр нэг шил 0.75 литрийн архи ууж байгаад би найз Б.ийг дуудсан. Удалгүй Б. ирээд бид гурав хоёр шил архи хувааж уугаад сууж байтал С.******* “манай эгчийнд очиж архи ууя” гэсэн. Очиж уухаар болоод замаасаа нэг шил 0.75 литрийн архи аваад С.*******гийн эгчийнх гээд айлын 27 тоотод ороход эмэгтэй хүн хүүхэдтэйгээ байсан. Цай унд уучхаад авч орсон архиа уугаад сууж байтал манай найз С.******* гэрийн эзэн гэх эмэгтэй хоёр жижиг өрөө рүү ороод гарч ирэхгүй болохоор нь Б. дуудах гээд жижиг өрөө рүү ороод С.*******г дуудтал учир зүггүй Б.ийн нүүр хэсэгт гараараа цохиод эхэлсэн. Тэгэхээр нь би босоод дундуур нь орж салгаад Б.ийг гутал хувцсыг нь өмсгөөд аваад гарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас);

- Гэрч Н.Ачиймаагийн “2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 16 цагийн үед С.******* хажуудаа танихгүй хоёр залуутай гурвуулаа ирсэн. Бид нар 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж ууж байгаад би том өрөөндөө ороод унтаж байтал гал тогооны өрөөнд хүмүүс хэрэл******* байхаар нь өрөөнөөсөө гарсан чинь С.******* Б. гэх залууг нүүр хэсэгт нь гараараа цохиж ноцолдож байсан. ...Б. С.*******г цохиогүй, С.******* О.Уламнэмэхтэй зодолдоогүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас);

- Шүүгдэгч С.*******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, яллагдагчаар өгсөн “...Ямар шалтгааны улмаас цохисноо санахгүй байна. Ямар ч байсан нүүр хэсэгт нь цохисон нь үнэн. Би Б.ийг зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас) зэргээр 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ******* аймгийн ******* сумын 07 дугаар (Магсаржав) багийн айлын орон сууцны 27 тоотод шүүгдэгч С.*******, хохирогч Б., гэрч О.Уламнэмэх, Н.Ачиймаа нар архидан согтуурах явцад шүүгдэгч нь хохирогчийг зодсон нь нотлогдож байна.

1.3. Хохирогч Б.ийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 65 дугаартай “...Б.ийн биед баруун нүдний ******* доод зовхи болон зүүн хацрын ******* хэсгийн цус хуралт, баруун нүдний алимны баруун хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас)-ээр шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нь тогтоогджээ.

1.4. Хохирогч болон гэрч нарын мэдүүлгээр гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч С.******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь нотлогджээ. Тодруулбал шүүгдэгч согтууруулах ундаа хэрэглэсэн нь гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн бол шүүгдэгчийн ёс зүйгүй, зүй бус зан араншин гэмт хэрэг гарах шалтгаан болсон гэж дүгнэлээ.

1.5. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ******* аймгийн ******* сумын 07 дугаар (Магсаржав) багийн айлын орон сууцны 27 тоотод архидан согтуурах явцдаа шүүгдэгч С.******* нь хохирогч Б.ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. 

Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны хувьд болон хууль зүйн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үздэг.

2.2. Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хохирогчийг зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.

2.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

2.4. Шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч С.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч С.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 53 дугаар хуудас), шүүгдэгч С.*******гийн “...Би энэ тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Би Б.ийг зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтууд болон шүүгдэгчийн биеийн байцаалт зэргээр шүүгдэгч С.******* нь эхнэр, охины хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тодорхой эрхэлсэн ажилгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдлоо.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 1’100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1’100’000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал гаргасан, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар санал гаргаагүй болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын аль нэгийг сонгож оногдуулахаар заажээ.

Яллах болон өмгөөлөх талууд ялын төрлийн хувьд санал зөрөөгүй тул шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй. Харин торгох ялын хэмжээний хувьд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан ялын хэмжээг багасгаж оногдуулах үндэслэлтэй. Тодруулбал шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (найман зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800’000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

3.2. Мөрдөгч 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүгдэгч С.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 38 дугаар хуудас) авсан байх ба шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан баривчлаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

4. Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Б.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирчээ. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирол мөнгийг С.******* барагдуулж өгсөн” гэж (хавтаст хэргийн 50 дугаар хуудас) мэдүүлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгч нөхөн төлсөн гэж дүгнэлээ.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******г 800 (найман зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800’000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

4. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний ******* шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.МӨНХЗАЯА