Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 00148

 

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 153/ШШ2019/00148

Ховд аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 3-9 тоотод байрлах, Жимобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 8-10 тоотод оршин суух, Д овогт Б Одгэрэл /....../-д холбогдох, NP-10 төхөөрөмжийн үлдэгдэл үнэ 220,000 төгрөг, алданги 110,000 төгрөг, нийт 330,000 /гурван зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 153/2019/00085/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Жимобайл ХХК-ийн ерөнхий захирал Г.Дашням нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.О нь 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр манай компанитай 1193087 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэ бүхий NP-10 төхөөрөмжийг урьдчилгаа төлбөр 20,000 төгрөгийг төлж, 12 сарын хугацаанд cap бүр 20,000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Б.О нь одоогийн байдлаар манай компанид NP-10M төхөөрөмжийн 220.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Б.Оээс “Төхөөрөмж зээлээр авах гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 220,000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 1059 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 110,000 төгрөг буюу нийт 330,000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтангэрэл нь 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Жимобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй Батжавын Од холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Жимобайл ХХК нь Б.Од холбогдуулан NP-10 төхөөрөмжийн үлдэгдэл үнэ 220,000 төгрөг, алданги 110,000 төгрөг, нийт 330,000 /гурван зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтангэрэл нь хариуцагч Б.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 330,000 /гурван зуун гучин мянга/ төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг 2019 оны 4 дүгээр сарын 02-ны  өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Дашням нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1/711 дугаартай албан бичгээр Ц.Алтангэрэлд итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтангэрэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна. /хх-ийн 5 дугаар тал/

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтангэрэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлээс татгалзах эрхтэй болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Жимобайл ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хаан банкны 5866075974 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,550 төгрөгийн тал хувь болох 5,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 5,275 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Оээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5,275 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Жимобайл ХХК-д олгохоор тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Жимобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Од холбогдуулан NP-10 төхөөрөмжийн үлдэгдэл үнэ 220,000 төгрөг, алданги 110,000 төгрөг, нийт 330,000 /гурван зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтангэрэл нь хариуцагч Б.Оээс нэхэмжлэлийн шаардлага болох 330,000 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Жимобайл ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,550 төгрөгийн тал хувь болох 5,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 5,275 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Оээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5,275 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Жимобайл ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                        Ц.ОЮУН-ЭРДЭНЭ