Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 00152

 

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 153/ШШ2019/00152

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Дарви сумын Булган багийн 1-2 тоотод оршин суух, ..... дугаарын регистртэй, Л овогт О-ийн Агийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багт оршин суух, .... дугаарын регистртэй, В овогт Б-ын Од холбогдох “Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 153/2019/00097/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.А онлайнаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Оюунцэцэг овогтой А миний бие нь 2013 онд Батжаргал овогтой Отай танилцан улмаар 2014 оноос хамтран амьдарч эхэлсэн хамтран амьдарч байх хугацаанд 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр охин О овогтой Анужин төрсөн. Хамтран амьдрах хугацаанд Батжаргал овогтой О нь гэр бүлээс гадуурх харилцаатай болж бидний дунд таагүй харьцаа үүсэн цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2016 оноос хойш тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс хойш охин маань эх Оюунцэцэг овогтой Агийн асрамжинд амьдарч өсч хүмүүжиж байна. Одоо бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул охин Огийн Анужинг миний асрамжинд үлдээж, эцэг Б.Огаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч Б.Огаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Б.О нь О.Атай 2013 онд танилцсан. 2014 оноос хамтран амьдарч эхэлсэн. Хамтран амьдарч байх хугацаанд 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр охин О.Анужин төрсөн. Хамтран амьдрах хугацаанд үл ойлголцол, хардалт, гэр бүлийн таагүй харилцаа үүссэн тул 2016 оноос тусдаа амьдарч эхэлсэн. Энэ хугацаанд эргэн нийлэхийг удаа дараа гуйсан боловч зөвшөөрөөгүй тул хүүхдийн тэтгэлгийг төлөхийг зөвшөөрч байна. Тусдаа байх хугацаанд охинтойгоо уулзахыг хүсдэг байсан боловч уулзуулдаггүй байсан. Охинтойгоо сард 1 удаа уулзахдаа 2-3 хоног уулздаг болгож өгнө үү. Охин О.Анужинг 7 нас хүртэл нь эхийнх нь асрамжинд байлгахыг зөвшөөрч байна. Охиныг санал өгөх насанд хүрсэн хойно нь саналыг нь үндэслэн өөр дээрээ авахыг хүсч байна” гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.А нь хариуцагч Б.Од холбогдуулан “Хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч О.А, хариуцагч Б.О нарын дундаас 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр охин О.Анужин төрсөн болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 8413000051 дугаартай О.Анужингийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Б.О нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа ба зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин О.Анужин нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Б.Огаас сар бүр тэтгэлэг гаргуулж, охин О.Анужинг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Б.О нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин О.Анужины нас болон хүүхдэд тавих эхийн халамж зэргийг харгалзан хүүхдийг эх О.Агийн асрамжид үлдээх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин О.Анужинг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Б.Огийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Б.О нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан “хүүхдээ чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах” үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх О.А саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч О.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Огаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.

Хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч О.Ад, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Б.Од тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Н.Х-г эх Г.М-ийн асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин О.Анужинг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Огаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Ням-Адъяад даалгасугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч О.А, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Б.Од тус тус мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Огаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Ад олгосугай.

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.ОЮУН-ЭРДЭНЭ