| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2023/0012/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/34 |
| Огноо | 2023-01-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/34
2023 01 03 2023/ШЦТ/34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул,
Улсын яллагч А.Оргилбаяр /цахимаар/,
Шүүгдэгч Э.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э ын Ц д холбогдох эрүүгийн 2209000002385 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Ц нь согтуурсан үедээ 2022 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “...” шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байхдаа иргэн Э.Э тэй “бүжгийн талбайд мөрлөлөө” хэмээн маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “2 шүдний хугарал, буйланд цус хуралт, уруулд шарх, цус хуралт, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:
Шүүгдэгч Э.Ц нь “...согтуурсан үедээ 2022 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “...” шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байхдаа иргэн Э.Э тэй “бүжгийн талбайд мөрлөлөө” хэмээн маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “2 шүдний хугарал, буйланд цус хуралт, уруулд шарх, цус хуралт, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.
Үүнд:
Хохирогч Э.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өмнө өгсөн мэдүүлэгтээ миний нүүрэн тус газарт шүд хэсэг рүү хар хувцастай залуу цохисон гэж мэдүүлсэн. Үүн дээр залруулж ногоон өнгийн эрээн сорочиктой залуу намайг цохисон байна лээ. Яагаад хар хувцастай байсан гэж хэлсэн бэ гэхээр ... баарны хамгаалагч “чамайг хар хувцастай залуу цохичихлоо” гэж надад хэлсэн юм. Би тухайн залуугийн царай зүсийг хараагүй бөгөөд маргааш нь хамт явж байсан З , Ж нараас асуухад чамайг эрээн ногоон хувцастай залуу нь цохисон шүү дээ гэсэн. Тэр залуу тухайн өдөр эрүүлжүүлэх байр руу явсан залуу мөн. Тухайн залуу өнөөдөр над руу залгаад хохиролгүй болгоод өгье, би чамайг цохиогүй гэсэн. ...Би шүдээ бүрэн эмчлүүлж авмаар байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-21 дүгээр тал/,
Гэрч О.Х гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “... ” бааранд танил Ц ийн хамт 2022 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө орж 1 литрийн “Тequila” хувааж уугаад баарны бүжгийн талбай дээр үл таних 3 залуутай ямар нэгэн шалтгаангүйгээр муудалцаж, тухайн гурван залуугийн жижигхэн биетэй нь намайг өдөж нүүрэн тус газарт цохихоор далайсан. Миний бие биеэ хамгаалж арагшаа болсон бөгөөд эрүү хэсэгт гар нь шүргэж, ямар нэгэн гэмтэл шарх үүсээгүй. Тэгээд бүжгийн талбай дээр байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Энэ үйл явдлын дараа баарны үүд хэсэг рүү гарсан бөгөөд тухайн гурван залуучуудын өндөр пальтотой нүдний шилтэй залуутай эвлэрээд юм ярьж байтал Ц д цохиулж гомдол гаргасан гэх залуу миний баруун чих рүү нэг удаа цохисон. Миний бие арагшаа мөн л хойшилж биеэ хамгаалсан бөгөөд ямар нэгэн гэмтэл учраагүй, чих хэсэг хөндүүр орсон байсан. Намайг цохиулсны дараа намайг өмөөрч Ц тухайн гурван залуугийн миний чих хэсэг рүү цохисон залуугийн нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/,
Гэрч Г.З ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие 2022 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг ... бааранд Э , Ж гэх найз нарын хамт орж 3, 3 шот архи уусан. Тэгээд 02 цагийн үед үл таних гурван залуутай муудалцтал хамгаалагч нар салгасан. Энэ асуудлын дараа баарнаас гарах гээд явж байтал үүдэнд тухайн залуучуудтай ахин таарч маргалдаад миний нүүрэн тус газарт хэдэн удаа цохисон, гэхдээ миний нүүр бол яагаачгүй. Харин манай найз Э ийн үүдэн 2 шүд хугарсан байсан. Тухайн явдлын дараа цагдаа нар ирж намайг болон нөгөө талын залуучуудаас ногоон цагаан судалтай цамцтай залууг хамт авч явсан. Баарны хамгаалагч залуу Э ийг цохисон залууг заагаад ногоон цагаан судалтай хувцастай залууг эрүүлжүүлэх рүү авч явсан. ...Ц гэх залуугийн баруун гарны нударга хэсэг язарсан, цус гарсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 14921 дугаартай “...Э.Э ийн биед 2 шүдний хугарал, буйланд цус хуралт, уруулд шарх, цус хуралт, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид 2 шүдний хугарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна. ...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр тал/,
2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7 дугаар тал/,
Шүүгдэгч Э.Ц ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би найз Х г өмөөрч хохирогч Э ийн ам, шүд хэсэг рүү нэг удаа цохичихсон байсан. ...Эмчилгээний төлбөр болох хоёр шүдний 5.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Э.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Ц нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Эрх зүйн дүгнэлт:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 14921 дугаартай дүгнэлтээр хохирогч Э.Э ийн биед учирсан гэмтэл нь “хөнгөн” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх тул энэ нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Э.Ц ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Иймд шүүгдэгч Э.Ц ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Э.Э ийн биед хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Э.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 5.000.000 төгрөгийг төлж барагдуулсан /хх-14/ байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.Ц ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Ц ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 53-57 дугаар тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 46 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 47 дугаар тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 48 дугаар тал/, Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 49 дүгээр тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 50 дугаар тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 51 дүгээр тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 61 дүгээр тал/, “Худалдаа хөгжлийн банк”-нд эзэмшдэг дансны хуулга /хх-ийн 62-96 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж түүний хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч Э.Ц д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос гаргасан эрүүгийн хариуцлагын “...1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд төлүүлэх...” санал гаргасныг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж;
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э ын Ц ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц ийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Ц д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН