Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 159

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж,

 

Нарийн бичгийн дарга: Ц.Золзаяа;

Улсын яллагч: М.Гантулга,

Шүүгдэгч: А.Анх-Эрдэнэ, П.Ганбаяр, тэдний өмгөөлөгч А.Гантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Ганбаяр, Боржигон овогт Алтансүхийн Анх-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн 201525021634 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

           

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

1. Монгол Улсын иргэн, 1971 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хамтран амьдрагч Наранчимэг болон хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 26-564 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЧТ71081871, Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Ганбаяр,

 

2. Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Шангрилад барилгын инженер ажилтай, ам бүл 3, эхнэр охины хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 2-31 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УХ92012838, Боржигон овогт Алтансүхийн Анх-Эрдэнэ.

 

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч П.Ганбаяр, А.Анх-Эрдэнэ нар нь бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 22.00 цагийн орчимд хохирогч Г.Нандинтай хувийн

таарамжгүй харьцааны улмаас найз охинтойгоо зүй бусаар харьцлаа хэмээн маргалдаж улмаар түүнийг зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч П.Ганбаяр мэдүүлэхдээ: 2015 оны 08 дугаар сарын 13-ны орой 22 цагийн үед би гэрээсээ гараад бие засах гэж байхад 1 эмэгтэй амь авраарай, аллаа гээд орилоод байхаар нь очиход Нандиа гэдэг залуу 1 эмэгтэйн дээр нь суугаад зууралдаж байхаар нь очоод боль, яаж байгаа юм гэхэд Нандиа чамд хамаа байхгүй гэсэн. Би Нандиад чи болиоч, эмэгтэй хүнийг ингэж болохгүй гэхэд Нандиа босож ирээд намайг зуураад авсан. Тэгээд бид нар тус бүр 1 цохилцоод Нандиа миний ноосон цамцнаас татаж унагаагаад зугтаагаад гүйсэн. Тухайн үед манай хүүхэд Өлзийбаяр маань Нандиагийн хойноос гүйхэд манай хүүхэд рүү чулуу авч шидээд нуруунд нь оноход манай хүүхэд орилоод үлдсэн. Хохирогчийн хойноос манай хүү Анхаа яаж байгаа юм бэ гээд гүйсэн. Тэгээд би араас нь очиход Анхаа Нандиа 2 хальтарч унаад Нандиагийн дээр нь Анхаа гарсан байхаар нь би очоод хөл рүү нь 2-оос 3-н удаа өшиглөөд хэдэн удаа цохисон. Тухайн үед нөгөө эмэгтэй болон хохирогч нар нилээд согтуу байсан. Энэ хэрэг явдлыг гэрч нар харсан. Нөгөө эмэгтэй цүнхээ орхисон байхаар нь бид нар гэртээ аваачсан. Маргааш нь нөгөө эмэгтэй ирж манайхаас цүнхээ авсан гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч А.Анх-Эрдэнэ мэдүүлэхдээ: Тухайн өдөр би ажлаасаа тараад ээжийнхээ амьдардаг газрын хажууд граж нээх санаатай барьж байсан учир тэр граж руугаа очоод барьж байсан хүмүүстэйгээ уулзаад ээжийнх рүүгээ ороод хувцасаа солиод нүүр гараа угаагаад байж байхад манай охин дүү Нармандах орж ирээд гадаа аав согтуу хүнтэй зодолдоод байна гэхээр нь би салгах санаатай гарсан. Тэгээд замд манай дүү Өлзийбаяр атрилдаад хэвтээд уйлж байхаар нь юу болсон талаар асуухад уйлж байснаа сая согтуу хүн над руу тоосго авч шидсэн гэхэд нь тэр хүн чинь хаашаа явсан бэ гэж асуухад гудам руу явсан гэхээр нь би араас нь гүйгээд очиход 1 залуу өөдөөс чулуу нүүлгээд орилоод байсан. Тэгээд би очоод тэр залууг барьж авсан. Би та яагаад хүүхэд рүү чулуу шидэж байгаа юм бэ гэж асуухад миний нүүр рүү 2 удаа цохиход нь би зуураад авахад хохирогч муу пиздаанууд минь та нар яах юм, 1, 1-ээрэй надтай үз гэж хашгирч байснаа намайг тонгорч унагаагаад цохих гээд байхаар нь би хохирогчийг дарсан. Тухайн үед бидний хажууд хэдэн банди нар сагс тоглоод байж байхаар нь би цагдаа дуудаарай гэж хэлсэн. Тэгээд манай аав ирээд нөгөө хүнийг өшиглөхөөр нь болиулсан. Тухайн үед аав болон хохирогч нар согтуу байсан болохоор салгасан. Тэгээд би дүү дээрээ очоод дүүгээ үүрээд авах гэхэд нөгөө эмэгтэйн цүнх байхаар нь аваад гэр рүүтээ оруулсан. Би архи, тамхиас хол байдаг хүн. Энэ хэрэгт холбогдсонд харамсаж байна. Тухайн өдөр манай дүүд ямар нэгэн зүйл болсон бол тэр хүн миний оронд зогсож байх байсан. Би тухайн үед иргэн хүний үүргээ биелүүлж байна гэж бодсон. Дахиж иргэний үүргээ биелүүлэхэд хэцүү санагдаж байна гэв.

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Нандин /хх-ийн 10/, гэрч Х.Отгонжаргал /хх-ийн 18/, гэрч Г.Содон-Од /хх-ийн 19-20/, гэрч Ч.Байгальмаа /хх-ийн 12-17/, гэрч Н.Өлзийбаяр /хх-ийн 22/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹11867 дугаартай дүгнэлт /хх-ийн 25/, шүүгдэгч П.Ганбаярын /хх-ийн 36/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь: 

Прокуророос шүүгдэгч А.Анх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдоогүйн гадна дараах баримтуудаар гэм буруу нь үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Нандины удаа дараагийн өгсөн мэдүүлэгүүд тогтворгүйн гадна шүүгдэгч А.Анх-Эрдэний гэм буруутай үйлдлийг түүний дээрх мэдүүлэгүүд нотолж чадахгүй байна.

 

Хохирогч Г.Нандин мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Ганбаярын хүүхэд нь миний биед гэмтэл учруулаагүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 18, 19/,

 

Гэрч Х.Отгонжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Баяраа ахын том банди нь Баяраа ахыг салгаад тэр залуугийн дээр нь гараад дараад суучихсан байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

 

мөн шүүгдэгч А.Анх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “…Би тэр залууг араас нь очиж барьж аваад, гудамжинд байсан хоёр хүүхдэд “цагдаа дуудаарай” гэж хэлсэн. Тэгээд тэр залууг барьж аваад бариад байж байтал найз хүүхэн нь мөн манай аав, ээж хоёр ирсэн. Манай аав П.Ганбаяр тэр залууг зодох гээд дайраад байхаар нь ортуулаагүй. Тэр залуугийн найз хүүхэд нь өшиглөөд байсан…” /хх-ийн 33/ гэх зэрэг бичгийн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч А.Анх-Эрдэнэ энэ хэрэгт бүлэглэн оролцож, хохирогчийн биед гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Нөгөөтэйгүүр А.Анх-Эрдэнэ нь Г.Нандингийн зүй бус үйлдлийг таслан зогсоохоор түүнтай харилцан ноцолдож, дээр нь гарч сууж байх үед түүнд мэдэгдэлгүйгээр П.Ганбаяр нь Г.Нандинг өшиглөж гэмтэл учруулсаныг урьдчилан үгсэн тохиролцсон, эсхүл үйлдлээрээ нэгдэж бусдад гэмтэл учруулсан гэж дүгнэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл А.Анх-Эрдэний үйлдэл нь П.Ганбаярыг ирж өшиглөж гэм хор учруулна гэдгийг мэдээгүй байсан нь түүнийг гэмт хэрэг үйлдэх санаа зорилготой байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд шүүгдэгч А.Анх-Эрдэнэд  прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй.

Харин шүүгдэгч П.Ганбаярын хувьд 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 22.00 цагийн орчимд хохирогч Г.Нандинтай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “найз охинтойгоо зүй бусаар харьцлаа” хэмээн маргалдаж улмаар түүнийг зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

Хохирогч Г.Нандин мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Би 2015 оны 08 дугаар 13-ны орой “Наша” ХХК-ийн ажлаа тараад гэрлүүгээ явсан. Би 21 цаг 40 минутанд гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд надтай үерхдэг Байгалмаа гэх хүүхэн ирчихсэн байсан бөгөөд манайд байсан 2 шил пиво хувааж уучихаад Байгалмаагийн хамт гэрээсээ гараад тэднийд очих гээд явж байгаад гудамжинд хоорондоо юм яриад зогсож байтал 40 орчим насны эрэгтэй хүн бид хоёрыг “та хоёр наанаа юу хийгээд байгаа юм бэ” гэж асуухаар нь би “өөрт чинь хамаагүй, та явах замаараа яв, бид хоёр юм ярьж байна” гэхэд тэр хүн “…өө чи яасан овоо том юм бэ…” гээд намайг заамдаж авсан. Тэгэхээр нь би тэр хүнийг барьж аваад тонгороод унагаасан. Тэгээд би тэр хүнд “танд хамаа байхгүй ш дээ, би таныг яваад өг гэж хэлээ биз дээ” гэхэд тэр хүн миний төмсөгнөөс зулгаах гээд байхаар нь би дээрээс нь өвдөглөөд гарыг нь дарчихсан байсан. Тэр үед нөгөө хүн хоёр, гурван хүний нэр хэлж дуудаад орилсон. Тэгж орилонгуут би Байгалмааг болон тэр хүнийг тавьж орхиод гэрлүүгээ гудамжаар гүйсэн. Миний араас нэг залуу гүйцэж ирээд намайг татаж унагаагаад, заамдаж байгаад газарт дарж унагасан. Тэгээд намайг миний цамцаар хоолой бооход нь би цамцаа тайлсан. Тэр хооронд араас надтай эхэлж барилцаж авсан хүн хүрч ирээд миний хөлийг дэвссэн. Тэр хөл дэвсэх үед маш хүчтэй өвдсөн бөгөөд би тэр хүнд “та миний хөлийг хугалаад хаячихлаа шдээ” гэхэд цохиод байсан. Тэгээд би орилоход намайг зодуулж байхыг харсан хоёр залуу ирж тэр хүмүүсийг хорьж салгасан. …Ганбаяр намайг цохиж, зодож гэмтэл учруулсан...” /хх-18-19, 56/,

Гэрч Х.Отгонжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: "…Эмэгтэй нь “би чамаас саллаа” гээд орилоод, эрэгтэй нь тэр эмэгтэйг татаж чангаагаад байсан. Тэгтэл манай гудамжны Баяраа ах хашаанаасаа гараад тэр хоёрыг салгах гэж байгаа бололтой очиход нөгөө эрэгтэй хүн нь Баяраа ахад хандан “чамд хамаагүй” гээд хоорондоо ноцолдоод, Баяраа ахыг 2, 3 удаа цохиод дээшээ гүйгээд явчихсан. Тэгтэл тэр залуу Баяраа ахын хүүхэд рүү юм шидсэн бололтой хүүхэд нь уйлчихсан доошоо суучихсан байсан. Баяраа ах тэр залуу дээр очоод тэр залууг өшиглөж байгаа харагдсан…” /хх-ийн 18/,

Гэрч Г.Содон-Од мөрдөн байцаалтын гатанд мэдүүлэхдээ: “...Тэр ах авгайгаа цохиод унагаачихсан. ...Тэр ах Баяраа ахыг газарт унагаагаад дээшээ гүйгээд явсан. Тэр үед Баяраа ахын бага хүү хойноос нь гэрээсээ гарч ирээд тэр ах тоосго шидэхэд оногдож манай хашааны урд талд уйлаад байж байсан. ...Баяраа ахын том хүү нь тэр ахын дээрээс суучихсан байсан бөгөөд Баяраа ах очоод тэр залууг өшиглөж зодсон. ...Тэр хохирогч ах гудамжинд авгайгаа зодоод хэрэлдээд явж байхад нь Баяраа ах авгайг нь өмөөрч үг хэлж, тэр ах өөрөө эхэлж Баяраа ахыг заамдаж аваад хоорондоо ноцолдоод, Баяраа ахын хүүхэд рүү тоосго шидэж, оносны улмаас болсон гэж бодож байна. Дараа нь хүүхдээ хамгаалж зодсон гэж бодож байна…” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

Гэрч Ч.Байгальмаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Бид хэд Нандингийнд жоохон юм ярьж сууж байгаад  “би явлаа” гэхэд Нандин намайг “хоноод яв” гээд би “хонохгүй” гээд хоорондоо хэрэлдээд гэрээс нь гарсан. Гэрээс гараад явж байхад Нандин надтай замдаа хэрүүл хийгээд “чи яагаад хонохгүй байгаа юм бэ” гэхэд нь “би явмаар байна, чи ямар хэцүү бэ” гээд элдэв юм хэлж орилсон. Нандин ер нь хэгжүүн, зөрүүд зантай, хүнтэй харьцаж чаддаггүй хүн. Жаахан савсганасан, далчигануур зантай. Өөрөө эхэлж хүн өдчихөөд л ард нь цэвэрхэн үлдэнэ шүү дээ, их л муу санаатай хүн дээ. Би орилж хашгираад тэр ах надад тусламж хэрэгтэй гэж бодоод надад туслахаар гарч ирсэн. ...Нандин тухайн үед намайг боохоор нь би “амь авраарай, аллаа хядлаа” гэж орилсон байж магадгүй. Тухайн үед би юу гэж орилсноо санахгүй байна. Нандинг зодсон хүн намайг хамгаалах гэж л гарч ирсэн. ...Тэр ахын буруу гэж бодохгүй байна. Эмэгтэй хүнийг өмөөрч л гарч ирсэн…” гэх мэдүүлэг /хх-ийн 12-17/,

 

Гэрч Н.Өлзийбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: "....Эмэгтэй хүн нь туслаарай, хүн байна уу гээд орилоод байсан. Тэр үед манай аав Ганбаяр тэр хоёр хүн дээр очоод зууралдсан. ...нөгөө хүн нь газраас тоосго аваад над руу шидсэн бөгөөд тэр тоосго нь миний нуруун дээр оносон юм. Тоосго шидсэн асуудалд гомдол байхгүй…" гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

 

Шүүгдэгч П.Ганбаярын буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Нандингийн биед “…баруун шилбэний тахилзуур яс, хамар ясанд хугарал, зүүн нүд, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдэнд цус хуралт, зүүн хацар, хамар, цээж, бүсэлхийнд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 08 дугаар сарын 17-ний
өдрийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн ¹11867 дугаартай шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 25/ зэрэг нотлох баримтууд, шүүгдэгчээс үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтуудаар П.Ганбаярын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдож байна гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч П.Ганбаярт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байх тул П.Ганбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй.

           

Шүүхээс шүүгдэгч П.Ганбаярт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөрөө сайн дураараа төлсөн, энэ хэрэгт хохирогчийн зүй бус, буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэний гадна дээрх нөхцөл байдлуудад үндэслэн түүнд шүүхээс оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Харин түүний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хохирогч Г.Нандин нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдвал зохино.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдоогүй болно.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 297, 298 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Прокуророоос шүүгдэгч А.Анх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч П.Ганбаярт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

3. Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Ганбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дүгээр зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ганбаярыг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар П.Ганбаярт оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч П.Ганбаяр болон А.Анх-Эрдэнэ нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг  дурьдсугай.

 

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ганбаярт шүүхээс оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

8. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

            9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Ганбаяр болон А.Анх-Эрдэнэ нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР