| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0346/З |
| Дугаар | 221/МА2025/0166 |
| Огноо | 2025-02-27 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2025/0166
“М г р” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мя, А.Б нар,
Нэхэмжлэгч: “М г р” ХХК
Хариуцагч: Үндэсний аудитын газрын аудитын нэгдсэн удирдлага зохицуулалтын газрын захирал, тэргүүлэх аудитор Л.С
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 886 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, О.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дэлгэрмөрөн
Хэргийн индекс: 128/2024/0346/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М г р” ХХК-иас Үндэсний аудитын газрын тэргүүлэх аудитор, аудитын менежерт холбогдуулан "Үндэсний аудитын газрын Төлбөрийн акт барагдуулах тухай 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 256/А01500**дугаар актын ТОГТООХ нь: хэсгийн 1 дэх заалтын ...1,019,175.00 ам.долларыг нөхөн төлүүлж... гэсэн дүнгээс “М г р” ХХК-д хамаарах ...517,230.0 ам.доллар, 257/А01500**дугаар актын ТОГТООХ нь: хэсгийн 1 дэх заалтын ...1,612,199.0 ам.долларыг нөхөн төлүүлж... гэсэн дүнгээс “М г р” ХХК-д хамаарах ...7,158.0 ам.доллар, гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 886 дугаар шийдвэрээр:
Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 4.1.8, 4.1.27, 4.1.31 дэх заалт, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 7.1.4 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.6, 18.7, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М г р” ХХК-ийн Үндэсний аудитын газрын Аудитын тэргүүлэх аудитор, аудитын менежерт холбогдуулан гаргасан Үндэсний аудитын газрын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 256/А01500**дугаар актын ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын ...1,019,175.00 ам.долларыг нөхөн төлүүлж... гэсэн дүнгээс “М г р” ХХК-д хамаарах ...517,230.0 ам.доллар, гэсэн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 257/А01500**дугаар актын ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын ...“М г р” ХХК-д хамаарах ...7,158.0 ам.доллар гэсэн хэсгийг дахин шийдвэрлэх хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, А.Б нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд: ...
3.1. ... Тус Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: "... Маргаан бүхий аудитын дүгнэлтээр Бүтээгдэхүүн хуваах гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.3-т заасныг үндэслэн 2021 онд хайгуулын ажлын доод хэмжээг дутуу гүйцэтгэсэн "М г р" ХХК-д ... 517,230.0 ам.долларыг нөхөн төлүүлэхээр тогтоосон нь үндэслэлтэй байна" гэж анхан шатны шүүх дүгнэснийг нэхэмжлэгчийн төлөөлөгчдийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээрээ “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх" шаардлагыг хангаагүй байна.
3.2. Маргаан бүхий аудитын хамрах хүрээ нь 2021 оны хайгуулын ажлын өртөг нөхөгдөх зардлыг баталгаажуулах байтал төлбөр барагдуулах тухай акт нь Гэрээлэгч тухайн жилийн хайгуулын ажлын доод хэмжээг дутуу гүйцэтгэсэн гэж үзэн Бүтээгдэхүүн хуваах гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.3-т “Гэрээлэгч нь тухайн жилд гүйцэтгэх хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгээгүй тохиолдолд Газрын тосны тухай хуульд заасан хариуцлага хүлээхээс гадна гүйцэтгээгүй ажилд ногдох зарцуулагдаагүй хөрөнгийг тухайн гэрээт жил дууссанаас хойш 30 (гуч) хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад төлнө" гэснийг баримталсныг зөвтгөсөн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэт нэг талыг барьсан, тухайн харилцааг зохицуулсан Газрын тосны тухай хуулийн зөвхөн нэр томьёоны хэсгийг баримтлан ерөнхий байдлаар дүгнэн хуулийн бусад заалтуудыг Бүтээгдэхүүн хуваах гэрээ (цаашид БХГ гэх) болон Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 178 дугаар тогтоолоор батлагдсан Газрын тосны бүртгэл тооцооны журмын (цаашид Журам гэх) заалтуудтай уялдуулан авч үзэж дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Бидний нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны гол зүйл нь "Хуанлийн жил" "санхүүгийн жил”, “гэрээт жил” “тухайн жил” гэсэн эрх зүйн зохицуулалтын ойлголтын зөрүүнээс үүсээд байгаа ба өөрөөр хэлбэл хууль, журам, гэрээнд заасан эдгээр үгсийг талууд буюу нэхэмжлэгч, хариуцагч нар хэрхэн тайлбарлаж байгаагаас шалтгаалаад маргаан үүсээд байгааг шүүхээр тайлбарлуулах, дүгнүүлэхээс өөр аргагүй байдалд ороод байгааг анхан шатны шүүх ойлгоогүйг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь илт харагдаж байна.
3.3. Тухайлбал анхан шатны шүүхийн шийдвэрийн "ҮНДЭСЛЭХ нь:" хэсгийн 3.3-т «Бүтээгдхүүн хуваах гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.3-т "Гэрээлэгч нь тухайн жилд гүйцэтгэх хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгээгүй тохиолдолд Газрын тосны тухай хуулийн дагуу хариуцлага хүлээхээс гадна гүйцэтгэсэн ажилд ногдох зарцуулагдаагүй хөрөнгийг тухайн гэрээт жил дууссанаас хойш 30 хоногийн дотор Төрийн байгууллагад төлнө" гэж заасныг үндэслэж 2021 онд хайгуулын ажлын доод хэмжээг дутуу гүйцэтгэсэн “М г р” ХХК-д "...517,230.0 ам.долларыг нөхөн төлүүлэхээр тогтоосон нь үндэслэлтэй байна." гэж дүгнэхдээ:
-Хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгэх хугацааг хэзээнээс хэдий хүртэлх хугацаагааp тоолох ёстой вэ? (Тодруулбал хэдэн оны хэдэн сарын хэдний өдрөөс хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр хүртэл)
-Тухайн гэрээт жил хэзээ дуусах ёстой вэ? Өөрөө хэлбэл гэрээт жил нь 2 он дамнадаг эсэх?
-2021 оны хайгуулын ажлын доод хэмжээг хэн хаанаас тогтоосон бэ? гэх мэтийг тодорхойлж тогтоосон үндэслэлээ гаргаж ирээгүй нь бидний нэхэмжлэлийн шаардлага “үндэслэл бүхий" байгааг харуулж байна.
3.4. Хэрэв анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ." гэсэн заалтыг баримталж хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулж үзсэн бол:
-Газрын тосны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-д “Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан өдрөөс хайгуулын хугацааг тооцно" гэж зааснаар "Бүтээгдэхүүн хуваах гэрээ"-ний 2 дугаар зүйлийн 2.1.7-д “Гэрээ байгуулсан өдөр" гэж Төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл олгосон өдрийг хэлнэ гэсэнчлэн нэхэмжлэгчид нүүрсний давхаргын метан хийн хайгуулын тусгай зөвшөөрлийг хуучнаар УУХҮЯ-аас 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр олгосон тул энэ өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаа буюу 2 он дамнан тогтоосон хугацаанд “хайгуулын ажлын доод хэмжээ"-нээс багагүй хэмжээний хайгуулын ажил хийх ёстой юм байна.
-Тиймээс маргаан бүхий “тухайн гэрээт жил" нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дуусаж, харин уг хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дотор буюу 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дотор, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд багтаан "хайгуулын ажлын доод хэмжээ"-нд хүртэл гүйцэтгээгүй ажилд ногдох зарцуулагдаагүй хөрөнгийг Гэрээлэгч Төрийн захиргааны байгууллагад төлөх үүрэгтэй юм байна.
-Тэгэхээр 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх бүтэн жилийн буюу 2 он дамнасан хугацааны хайгуулын ажлын доод хэмжээг "Бүтээгдэхүүн хуваах гэрээ"-ний 7.2.1-д зааснаар тус гэрээний хавсралт "В"-д тодорхойлж өгсөн болохоос биш 2021 оны буюу 2021 оны 01 сарын 01-нээс 2021 оны 12 сарын 31 хүртэлх хугацаанд гүйцэтгэх хайгуулын ажлын доод хэмжээг хэн ч хаанаас ч тогтоож өгсөн баримт хэрэгт авагдаагүй байна. гэсэн дүгнэлтэд хүрч, улмаар цааш цаашдынх нь дүгнэлтүүд үндэслэл бүхий болж ирэх байсан гэж үзэж байна.
-Хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн "Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ." гэсэн эрхээ бүрэн эдэлсэн бол энэхүү маргааны гол үндэслэл нь хаанаа байна вэ? гэдгийг тооцож үзээд Газрын тосны тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 01- ний өдрийн 178 дугаар тогтоолоор батлагдсан "Газрын тосны бүртгэл, тооцооны журамнуудын талаарх ойлголтыг Иргэний хууль болон Зөвшөөрлийн тухай хуулийн аливаа шаардагдах үйл ажиллагаа дүгнэсэн бол шийдвэр нь өөрөөр гарах байсан гэж үзэж байна.
3.5. Өөрөөр хэлвэл Газрын тосны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсгийн «Хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийн хугацааг хуанлийн жилээр тооцно." гэсэн, Газрын тосны бүртгэл, тооцооны журмын Долоодугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн “Ажлын төлөвлөгөө, төсвийн хугацааг хуанлийн жилээр тооцох..." гэсэн, Бүтээгдэхүүн хуваах гэрээ"-ний Хоёрдугаар зүйлийн 2.1.17-ын ""хуанлийн жил" гэж аргын тооллын 1 дүгээр сарын 1-нд эхэлж, 12 дугаар сарын 31-нд дуусах 1(нэг) жилийг" гэсэн зохицуулалтуудыг “хайгуулын ажлын доод хэмжээ"-г хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн "хугацаа" гэж тайлбарлаж байгаа нь "жил"-ийн талаарх хариуцагчийн Иргэний хууль болоод Зөвшөөрлийн тухай хуульд заасан хууль зүйн ойлголтыг буруу ойлгож байгааг төвөггүй тайлбарлаж, дүгнэх байсан болов уу.
Тухайлбал: Иргэний хуульд аливаа гэрээний оролцогчийн үүрэг гүйцэтгэх хугацааг хэрхэн яаж тооцох вэ? гэдгийг "жил”, “сар", "өдөр", "цаг”-аар ("он"-оор биш) тодорхойлж өгсөн. Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт "Хууль, хэлцэл буюу шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн он, сар, өдөр, гаригаар буюу жил, улирал, сар, долоо хоног, хоног, цагаар тодорхойлно." гэж заасан бөгөөд мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт "жил"-ийг хэрхэн ойлгохыг "Хуанлийн жил нь нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхэлж арван хоёрдугаар дугаар сарын гучин нэгний өдрөөр дуусна." гэж өөрөөр хэлвэл "жил” гэсэн ойлголт нь "364-365 "хоног"-ийн нийлсэн 12 "сар"-тай тэнцүү хугацаа юм шүү” гэж, Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно гэж,
-Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг эрхлэх эрх хуульд заасны дагуу тухайн зөвшөөрлийг авсан өдрөөс үүснэ" гэж, Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хугацааг ямар нэгэн үүрэг гүйцэтгэхийн тулд тогтоосон бөгөөд хэлцэлд өөрөөр заагаагүй бол хугацааны эцсийн өдрийн хорин дөрвөн цагийн дотор уг үүргийг гүйцэтгэсэн байна гэж тус тус заасан байна. БХГ-ний 7 дугаар зүйлийн 7.3 Хайгуулын ажлын төлөвлөгөө, төсөв батлуулах, түүний гүйцэтгэл хэсгийн 7.3.1-т "Гэрээлэгч нь эхний жилийн хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийг бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан өдрөөс хойш 120 (нэг зуун хорь) хоногийн дотор, дараагийн жилээс тухайн жилийн эхний улиралд багтаан Гэрээт жилд гүйцэтгэх хайгуулын ажлын нэр төрөл бүрээр нарийвчлан боловсруулж, төрийн захиргааны байгууллага батлуулна. Тухайн жилийн хайгуулын боловсруулалтаар нь энэхүү гэрээнд тусгагдсан хайгуулын ажлын доод хэмжээнээс багагүй байна" гэсэн заалт бөгөөд энэхүү заалтаар Хайгуулын ажлыг гүйцэтгэх хугацааг шууд зааж өгсөн байх ба энэхүү хайгуулын ажлын төлөвлөгөө нь гэрээнд тусгагдсан хайгуулын ажлын доод хэмжээнээс багагүй байна гэж зааснаас хайгуулын ажлын доод хэмжээг Гэрээт жилийн хугацаагаар гүйцэтгэхээр боловсруулж, батлуулаарай гэж тодорхойлон тогтоосон байгааг захиргааны анхан шатны шүүх төвөггүй тогтоож Хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгэх хугацааг хариуцагч буруу ойлгож байгааг тогтоох боломжтой байсан.
3.6. Эдгээр заалтууд нь “гэрээт жил” гэдэг нь уг үйл ажиллагааг буюу хайгуулын ажлыг эрхлэх зөвшөөрөл олгогдсон өдрөөсөө хойш 365 хоног буюу 12 сарын хугацаагаар яригдах ёстой гэдгийг тодорхойлж өгч байгаа юм. Тийм ч болохоор Журмын Зургаадугаар зүйлийн 6.3- т "Гэрээт жил гэж гэрээ байгуулсан өдрөөр тооцсон жил бүрийн уг өдрөөс эхлэн дараалсан хуанлийн 12(арван хоёр) сарын хугацааг хэлнэ." гээд бүр нарийвчлан зохицуулж өгсөн байдаг. Харин Газрын тосны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсгийн “Төрийн захиргааны байгууллага эхний жилийн хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийг бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан өдрөөс хойш 120 хоногийн дотор, дараагийн жилээс хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийг тухайн жилийн эхний улиралд багтаан батална." гэсэн, Журмын Долоодугаар зүйлийн 7.5 дахь хэсгийн “Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гэрээлэгч, эсхүл оператор компанийн тухайн жилийн хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийг Газрын тосны тухай хуулийн 18.8, 25.7-д заасан хугацаанд батална." гэсэн заалтууд нь гэрээт хугацааны тухай тухайн "жил-ийн ажлын төлөвлөгөө, төсвийг батлуулах "хугацаа"-г л тодорхойлж өгсөн болохоос биш “санхүүгийн жил"-ээр гүйцэтгэх төлөвлөгөө, төсвөө боловсруул гэсэн үг биш юм.
Энэ нь Газрын тосны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-ын "Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан өдрөөс хайгуулын хугацааг тооцно." гэсэн заалтаас бүр тодорхой болж 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 10(Арван) "жил"-ийг "гэрээ”-т нийт жилд тооцохоор 2031 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Бүтээгдэхүүн хуваах гэрээ"-ний Хавсралт "В"-д заасан манай "хайгуулын ажлын доод хэмжээ"-ний үүрэг дуусгавар болох ёстой. Ингээд тооцоод ирэхээр гэрээт нийт хугацааны “тухайн жил"-ийн үүргийн гүйцэтгэлийг дүгнэх хугацаа 10 жилдээ "он", "он" бүрийн 03 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болж дүгнэгдэх түүнээс хойш гэрээгээ зөрчсөн, бүрэн гүйцэд биелүүлсэн эсэх, гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүрэгтэй холбоотой улсын төсөвт татан төвлөрүүлэх хөрөнгийн тухай яригдах ёстой.
Тодруулвал энэ цаг үед л "Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний Долоодугаар зүйлийн 7.3.3 дахь хэсэгт заасан асуудал хөндөгдөх ёстой болохыг уг заалтын “...тухайн гэрээт жил дууссанаас хойш 30(гуч) хоногийн дотор Төрийн захиргааны байгууллагад төлнө." гэсэн заалтаас харж болно. Тиймээс Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт “Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна." гэж заасанчлан эхний гэрээт жилийн хайгуулын ажлын доод хэмжээгээ 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө манайх бүрэн хийж гүйцэтгэсэн болохоор эхний жилийн “санхүүгийн жил”-ээр тасалбар болгон тооцсон дүнгээр гүйцэтгээгүй ажилд ногдох зарцуулагдаагүй хөрөнгийг төрийн захиргааны байгууллагад төлөх хууль зүйн үндэслэл олдохгүй болно.
3.7. Мөн ҮАГ нь төлөвлөгөө, төсвийн гүйцэтгэлийг хуанлийн жилээр тооцно гэж үзэхдээ дараах 2 заалтыг баримталсныг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж үзсэнийг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд үндэслэлгүй гэж үзэж байна. Газрын тосны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д Хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийн хугацааг хуанлийн жилээр тооцно., Газрын тосны бүртгэл тооцооны журмын 7 дугаар зүйлийн 7.3-т Ажлын төлөвлөгөө, төсвийн хугацааг хуанлийн жилээр тооцох бөгөөд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан өдрөөс хамааруулан эхний төлөвлөгөө, төсвийг хуанлийн жилд тохируулах асуудлыг гэрээлэгч, эсхүл оператор компани нь газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай харилцан тохиролцож шийдвэрлэнэ.
3.8. Гэтэл Эдгээр заалтуудын агуулга хэрэглээ нь: Төсвийн хугацааг зааж өгсөн. (Гүйцэтгэлийн хугацааг ерөөс зааж өгөөгүй). Төсвийн хугацаа зааж өгөх гэдэг нь тухайн төсвийг аль нэгэн хуанлийн онд нь хамааруулах байдлыг л зааж өгсөн. Учир нь гэрээт жил нь хуанлийн 2 жилийг дамнаж байдаг. Төсвийг аль нэгэн хуанлийн онд хамааруулахыг зааж өгснийг Газрын тосны бүртгэл тооцооны журмын 7.3-т "Ажлын төлөвлөгөө, төсвийн хугацааг хуанлийн жилээр тооцох бөгөөд БХГ байгуулсан өдрөөс хамааруулан эхний жилийн төлөвлөгөө, төсвийг хуанлийн жилд тохируулах асуудлыг гэрээлэгч, эсхүл оператор компани нь газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай харилцан тохиролцож шийдвэрлэнэ." гэж зааснаас илүү тодорхой ойлгогдоно.
Өөрөөр хэлвэл “М г р” ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлөө авсан тул эхний гэрээт жилийн дийлэнх хугацаа буюу 291 хоног нь 2021 онд хамаараад 74 хоног нь 2022 онд хамаарч буй тул эхний төлөвлөгөө төсвийн хугацааг 2021 онд хамааруулан нэрлэж батлуулахыг зааж өгсөн зохицуулалт. Хэрэв бид жишээ нь хайгуулын тусгай зөвшөөрлөө 2021 оны 09 дүгээр сарын 15-нд авсан бол гэрээт жилийн дийлэнх хугацаа нь 2022 онд хамаарах тул АМГТГ-тай харилцан тохиролцоод эхний төлөвлөгөө төсвийг 2022 онд батлуулахыг зохицуулж өгсөн заалт. Төсвийн хугацаа гэж чухам юу вэ? гэж авч үзвэл энэ нь тухайн төсвийн гүйцэтгэлийг хуанлийн жилээр тооцож гүйцэтгэхийг зааж өгөөгүй, энэ нь зөвхөн төсвийн нэршил нь аль онд хамаарахыг зааж өгсөн.
Учир нь /дахин хэлье/ аливаа гэрээт жил нь заавал хуанлийн хоёр жилийг дамнаж буй тул төсвийн хугацаа буюу төсвийн нэршлийн он нь аль нэг илүү олон өдрийг хамаарч буй онд нь тухайн төсвийг нэрлэж батлах шаардлага мэдээж үүссэнээс болсон.
3.9. Төсвийн гүйцэтгэлийн хугацааг хэрхэн тооцохыг нэг бус эрх зүйн баримт бичигт тусган зохицуулсан байгааг шүүх ойлгоогүй гэж үзэж байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээний 7.3. Хайгуулын ажлын төлөвлөгөө, төсөв батлуулах, түүний гүйцэтгэл хэсгийн 7.3.1.-д "гэрээлэгч нь эхний жилийн хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийг гэрээт жилд гүйцэтгэх хайгуулын ажлын нэр төрөл бүрээр нарийвчлан боловсруулж, төрийн захиргааны байгууллагаар батлуулна." гэсэн нь төлөвлөгөө, төсвөө гэрээт жилээр тооцож гүйцэтгэхээр боловсруулж батлуулаарай гэсэн утга бүхий байна. УУХҮСайдын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Газрын тосны бүртгэл, тооцооны маягт, түүнийг хөтлөх заавар, аргачлал батлах тухай А/189 дугаар тушаалаар баталсан Маягт №5 "Төлөвлөгөө, төсвийн гүйцэтгэл"-ийн 5 дугаартай мөрөнд "Өмнөх оны төлөвлөгөө, төсөв дэх ажилд зарцуулсан дүн" гэсэн мөр нь хуанлийн хоёр "он" дамнан гэрээт жилийн хоёр дахь онд гүйцэтгэсэн тухайн гэрээт жилд хамаарах хугацааны ажлын зардлаа тайлагнаарай гэсэн утга бүхий байна.
3.10. ҮАГ-ын манайхыг зөрчсөн гэж үзсэн заалт болох БХГ-ний 7.3.3 нь төсөвтэй холбоотой заалт ерөөсөө ч биш бөгөөд гүйцэтгэлтэй холбоотой заалт гэдгийг анхан шатны шүүх огт ойлгоогүй бөгөөд үүнд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. Мөн хайгуулын ажлын доод хэмжээ, өртөг нөхөгдөх зардал гэсэн ойлголтууд нь агуулга, зорилгын хувьд маш их ялгаатай бөгөөд эдгээрийг хольж хутгаж дүгнэх нь логикын хувьд боломжгүй зүйл гэдгийг тогтоогоогүй. ҮАГ-аас тогтоосон актаар бол манай компани нь ажлаа гүйцэтгээгүй буюу огт ажил хийгээгүй байх, түүнд ногдох хөрөнгө нь зарцуулагдаагүй байх ёстой байсан байна.
Гэтэл бид ажлыг гүйцэтгэсэн байсан бөгөөд түүнд ногдох зардлыг мөн аккруэль сууриар бүртгэсэн зардлаас бусдыг нь зарцуулсан байсныг ойлгомжтой байлгах үүднээс манай компанийн ӨНЗ- аас хасагдсан боловч гүйцэтгэсэн ажлын 3 тохиолдлоор жишээ болгож нэхэмжлэлдээ дурьдсан байсныг шүүх мөн үнэлж дүгнэж шийдвэрлээгүй, үүнээс зөвхөн нэг жишээг дахин дурьдахад:
-Гэрээлэгч нь RL#1 цооногийг 836 м хүртэл өрөмдөж тухайн гүйцэтгэсэн ажилд ногдох 119,086.00 ам.долларын төлбөрөөс 100,265.00 ам.долларыг нь зарцуулсан байсан бол 18,821.00 ам.долларыг нь аккруэль сууриар бүртгэсэн буюу зарцуулаагүй байсан.
Холбогдох баримтууд: 836 метр хүртэл өрөмдсөн буюу "ГҮЙЦЭТГЭСЭН АЖИЛ"-г нотлох баримтууд: Өрөмдлөгийн ажлын Өдөр тутмын мэдээ /Энд Finish depth: 837.3 метр/ (3 дахь хавтаст хэргийн 22 дугаар хуудас) Өрөмдлөгийн ажлын туслан гүйцэтгэгч болох Э ХХК-ийн 2021.12.15-ны өдрийн 21006 дугаартай 81,444.00 ам.долларын нэхэмжлэх (үүнд 162+438-600метр) (3 дахь хавтаст хэргийн 28 дугаар хуудас) 2021.12.31-ний өдрийн 21007 дугаартай 37,642.00 ам.долларын нэхэмжлэх (үүнд 236 метр). Нийт 600+236-836метр өрөмдлөг гүйцэтгэсэн байсан. (3 дахь хавтаст хэргийн 39 дүгээр хуудас)
Уг "ГҮЙЦЭТГЭСЭН АЖИЛ"-д ногдох "ЗАРЦУУЛСАН ХӨРӨНГӨ"-г нотлох баримтууд: Хаан банкны 14723340 журналын дугаар бүхий 2021.12.17-ний өдрийн 40,722.00 ам.долларыг төлсөн төлбөрийн баримт. (3 дахь хавтаст хэргийн 27 дугаар хуудас) Хаан банкны 14910093 журналын дугаар бүхий 2021.12.17-ний өдрийн 40,722.00 ам.долларыг төлсөн төлбөрийн баримт. (3 дахь хавтаст хэргийн 31 дүгээр хуудас) Гэрээний болон 2021.12.31-ний өдрийн 21007 дугаартай 37,642.00 ам.долларын нэхэмжлэхийн дагуу 50% болох 18,821.00 ам.долларыг гэрээний дагуу анх туслан төлсөн гүйцэтгэгчид төлсөн 130,000.00 ам.долларын урьдчилгаа руу хаасан журналын бичилт. (3 дахь хавтаст хэргийн дүгээр хуудас) Гэрээний дагуу анх 2021.11.04-ний өдөр туслан гүйцэтгэгчид төлсөн 130,000.00 ам.долларын төлбөрийн баримт, нэхэмжлэх. (3 дахь хавтаст хэргийн 24 дүгээр хуудас)
УГ "ГҮЙЦЭТГЭСЭН АЖИЛ"-Д НОГДОХ "ЗАРЦУУЛААГҮЙ ХӨРӨНГӨ"-г нотлох баримтууд: Өрөмдлөгийн ажлын туслан гүйцэтгэгч болох Э ХХК-ийн 2021.12.31-ний өдрийн 21007 дугаартай 37,642.00 ам.долларын нэхэмжлэхийн 50% болох 18,821.00 ам.долларын дүнгээр өглөг үүсгэсэн журналын бичилт. /Аккруэль сууриар бүртгэсэн./ (3 дахь хавтаст хэргийн 38 дугаар хуудас)
3.11. Бодит нөхцөл байдал: Нийт 119,086.00 ам.долларын өртөгтэй 836 метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэж, уг "ГҮЙЦЭТГЭСЭН АЖИЛ"-д 100,265.00 ам.долларыг ЗАРЦУУЛСАН бол 18,821.00 ам.долларыг нь зарцуулаагүй аккруэль сууриар бүртгэсэн байсан. RedLake#1 цооногийг 836 метр хүртэл өрөмдөж, ажил гүйцэтгэсэн байхад энэ ажлыг огт хийгээгүй мэтээр үгүйсгэж гүйцэтгээгүй ажил гэж үзэн түүнд ногдох зарцуулагдсан зардлыг зарцуулагдаагүй зардал гэж авч үзэн тогтоосон төлбөрийн актын дүнд оруулсан нь үндэслэлгүй болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдохоор байсан.
Ийнхүү Бүтээгдэхүүн хуваах гэрээн дэх хайгуулын ажлын доод хэмжээ болон өртөг нөхөгдөх зардлын агуулга, зорилго өөр өөр бөгөөд Газрын тосны тухай хуулиар аудитын байгууллага зөвхөн өртөг нөхөгдөх зардлыг баталгаажуулах эрх хэмжээтэй, харин хайгуулын ажлын гүйцэтгэлийг төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газар дүгнэн, гэрээлэгч нь хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгэх үүргээ хоёр буюу түүнээс дээш удаа биелүүлээгүй тохиолдолд хайгуулын хугацааг сунгахгүй байх хуулийн зохицуулалттай болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүйн нэг жишээ нь маргаан бүхий актыг хэрэгжүүлэгч буюу "Бүтээгдэх хуваах гэрээ"-ний нэг тал болох Ашигт малтмал газрын тосны газар байсаар байхад шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хуваарь татан оролцуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаагүй нь холбогдох нотлох баримтыг цуглуулж зөрүүтэй тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжоо алдсан гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 128/12024/0886 дугаар шийдвэрийн "ТОГТООХ" нь хэсгийн 1 дэх заалтын ""...М г р" ХХК-д хамаарах ...517,230.0 ам.доллар, гэсэн хэсгийг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож" гэснийг хүчингүй болгож, энэ шаардлагыг хангаж шийдвэрлэснээр өөрчилж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд холбогдох баримтыг дутуу цуглуулж, талуудын маргаж буй асуудлаар болон бодит нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул дараах байдлаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч “М г р” ХХК-иас Үндэсний аудитын газрын тэргүүлэх аудитор, аудитын менежерт холбогдуулан "Үндэсний аудитын газрын Төлбөрийн акт барагдуулах тухай 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 256/А01500**дугаар актын ТОГТООХ нь: хэсгийн 1 дэх заалтын ...1,019,175.00 ам.долларыг нөхөн төлүүлж... гэсэн дүнгээс “М г р” ХХК-д хамаарах ...517,230.0 ам.доллар, 257/А01500**дугаар актын ТОГТООХ нь: хэсгийн 1 дэх заалтын ...1,612,199.0 ам.долларыг нөхөн төлүүлж... гэсэн дүнгээс “М г р” ХХК-д хамаарах ...7,158.0 ам.доллар, гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “.... хайгуулын ажлын доод хэмжээ болон өртөг нөхөгдөх зардал ялгаатай, аудитын байгууллага зөвхөн өртөг нөхөгдөх зардлыг баталгаажуулах ёстой, ...154,410.00 ам.долларыг гаргуулахаар шийдвэрлэхдээ хайгуулын ажлын доод хэмжээг өртөг нөхөгдөх зардалтай давхцуулж, хольж ойлгоод байгаа учраас зөрүү гарсан, ...зарим гүйлгээг гадаадын банкаар дамжуулж хийсэн учраас үүнийг өртөг нөхөгдөх зардалд тооцохгүй, ...төлөвлөгөөнд заасан төсвөө хэтрүүлсэн учраас тооцохгүй гэх мэт байдлаар хасаж тооцсон. Хассан дүнгээ хайгуулын ажлын доод хэмжээгээ хангаагүй байна гэж ойлгож хасаж байгаа нь үндэслэлгүй...” гэж, хариуцагчаас “...Хайгуулын ажил нь өртөг нөхөгдөх зардлын ганцхан бүрдэл хэсэг юм. Өртөг нөхөгдөх зардал нь бүтээн байгуулалт, үйл ажиллагаа, татан буулгалтын зардал зэрэг 4 нийлбэрээс өртөг нөхөгдөх зардал баталгаажих асуудал байгаа, үүнтэй холбоотой дүгнэлт гарч байгаа юм, ...Хайгуулын ажлын төлөвлөгөө, төслийн хугацааг төсвийн хугацааг хуанлийн жилээр тооцно гэж заасан хугацаанд 517,230 ам.долларыг зарцуулаагүй учраас гэрээнд заасны дагуу холбогдох хууль тогтоомжид заасны дагуу буцаад улсын төсөвт төвлөрүүлэх үүрэгтэй. Хоёр дахь актын хувьд тухайн жилийн хайгуулын ажлын хөрөнгө оруулалтын 3 хувь буюу ашиглалтын үед гэрээлэгч ноогдох газрын тосны 1 хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг 2021 онд 39,108 ам.доллар байршуулах байснаас 31,950 ам.доллар буюу 7,158 ам.долларыг дутуу байршуулсан” гэж тус тус тайлбарлан маргасан.
3. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээс үзэхэд Ашигт малтмал газрын тосны газар, Э мХХК нарын хооронд 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр "Т т-ХХХІІІ" талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар байгуулж,
Уг Бүтээгдэхүүн хуваах гэрээний 2.1.12-т "хайгуулын ажлын доод хэмжээ гэж энэхүү гэрээний 7.2-т заасан хайгуулын ажил ...гүйцэтгэх ажлыг" гэж, 7.2.1. Гэрээлэгч нь энэхүү гэрээний хавсралт "В"-д тодорхойлсноос багагүй хэмжээний ажлыг жил бүр хийж гүйцэтгэнэ; ... 7.2.3-т "Тухайн талбайн геологийн нөхцөл, хайгуулын ажлын үр дүнгээс шалтгаалан ажлын доод хэмжээний нэр төрөл өөрчлөгдөж болох боловч төлөвлөсөн хөрөнгө оруулалтын хэмжээ өөрчлөгдөхгүй." гэж, гэрээний хавсралт "В"-д Хайгуулын ажлыг 10 жилийн хугацаанд 3 үе шаттай гүйцэтгэхээр жил тус бүрээр хэмжээг тогтоож хайгуулын ажлын доод хэмжээг 1 дэх жил буюу 2021 онд 1,000,000.0 ам.доллар байхаар тусган баталжээ.
3.1. Тус Бүтээгдэхүүн хуваах гэрээний в-д заасан зардалд “М г р” ХХК нь 2021 онд газрын тосны хайгуулын ажлын зардалд 1,659,879 ам.доллар зарцуулах төлөвлөгөө төсвийг батлуулж, 973,846. ам.долларын гүйцэтгэлтэйгээр тайлагнасан бөгөөд тус компани нь 2021 онд 482,770.0 ам долларын өртөг нөхөгдөх зардлыг зарцуулсныг Ашигт малтмал газрын тосны газраар баталгаажуулсан нь Бүтээгдэхүүн хуваах гэрээний "В"-д заасан дүнгээс 517,230.0 ам.долларыг дутуу зарцуулсан буюу хайгуулын ажлын доод хэмжээг дутуу гүйцэтгэсэн гэх үндэслэлээр 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 256/А01500**дугаар актаар “М г р” ХХК-д"...517,230.0 ам.долларыг нөхөн төлүүлэхээр тогтоож,
Мөн тус компани нь тухайн жилийн хайгуулын ажлын хөрөнгө оруулалтын гурван хувь, ашиглалтын үед гэрээлэгчид ногдох ашигт газрын тосны нэг хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг жил бүр төлөвлөгөө батлагдсанаас хойш 60 хоногийн дотор Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг банкны эскроу дансанд байршуулах" үүргээ биелүүлээгүй гэж үзэн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 257/А01500**дугаар актаар ...7,158.0 ам.долларыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
4. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбогдуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтуудыг бүрэн дүүрэн цуглуулаагүй, хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасантай нийцээгүй байна.
4.1. Учир нь анхан шатны шүүх дээрх хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулаагүй, түүнд харьцуулан дүгнэлт хийлгүйгээр “...хуанлийн жил гэж аргын тооллын 1 дүгээр сарын 01-нд эхэлж, 12 дугаар сарын 31-нд 1/нэг/ жилийг" гэж заасантай нийцсэн байна, ... гүйцэтгээгүй ажилд ногдох зарцуулагдаагүй хөрөнгийг тухайн гэрээт жилд дууссанаас хойш 30 (гуч) хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад төлнө гэж заасан” гэж дүгнэн, ...256/А01500**дугаар актын М г р ХХК-д хамаарах хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “...байгаль орчны буюу хайгуулын ажилд дагалдан гарах үйл ажиллагааны зардлууд болох ажилчдад цалин олгох, кемп, катерингийн үйлчилгээг туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх, харуул хамгаалалт авах ажлуудын зардлын дүнгээс гурван хувь тооцож эскроу дансанд барьцаа байршуулахыг шаардсан хуулийн зохицуулалтад хамааруулах боломжгүй гэж нэхэмжлэгч тайлбарлажээ, ... шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө. гэж заасны дагуу шийдвэрлэх боломжтой гэж заасан” гэж дүгнэн ...257/А01500**дугаар актын М г р ХХК-д хамаарах ...7,158.0 ам.доллар гэсэн хэсгийг дахин шийдвэрлэх хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
4.2. Тодруулбал, нэхэмжлэгчээс “...хайгуулын ажлын доод хэмжээ болон өртөг нөхөгдөх зардал ялгаатай, аудитын байгууллага зөвхөн өртөг нөхөгдөх зардлыг баталгаажуулах ёстой, ...154,410.00 ам.долларыг гаргуулахаар шийдвэрлэхдээ хайгуулын ажлын доод хэмжээг өртөг нөхөгдөх зардалтай давхцуулж, хольж ойлгоод байгаа учраас зөрүү гарсан, ...зарим гүйлгээг гадаадын банкаар дамжуулж хийсэн учраас үүнийг өртөг нөхөгдөх зардалд тооцохгүй, ...төлөвлөгөөнд заасан төсвөө хэтрүүлсэн учраас тооцохгүй гэх мэт байдлаар хасаж тооцсон. Хассан дүнгээ хайгуулын ажлын доод хэмжээгээ хангаагүй байна гэж ойлгож хасаж байгаа нь үндэслэлгүй...” гэж тайлбарлан маргасан байх атал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, тухайн маргаантай харилцааг зохицуулсан Газрын тосны тухай хуулийн зөвхөн нэр томьёоны хэсгийг баримтлан хэт ерөнхий дүгнэлт өгч, тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийн зохицуулалтын агуулга, бусад хуулийн заалтууд, Бүтээгдэхүүн хуваах гэрээний холбогдох заалтуудтай уялдуулан тайлбарлан дүгнэлт өгөөгүй байна.
5. Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...
-Ашигт малтмал газрын тосны газраас 2021 оны 10 дугаар сарын 12-ны 94554 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн хайгуулын ажлыг хийх хугацаа 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл байна гэх хариу ирүүлсэн учраас бид ажлаа он дамжуулж хийсэн” гэж,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
-гэрч Т.Х маргаан бүхий захиргааны актыг Ашигт малтмал, газрын тосны газраас хүлээн зөвшөөрөхгүй ба энэ тухай тайлбараа 2 удаа бичгээр хүргүүлсэн байгаа гэж мэдүүлэг өгсөн, гэтэл тус баримтыг хавтаст хэрэгт авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн,
-хавтаст хэрэгт авагдсан санхүүгийн анхан шатны баримтууд нь англи хэл дээр авагдсан байгаа нь ...монгол хэлээр албан ёсоор заавал орчуулагдсан байх хуульд заасан зарчмыг зөрчсөн,
-анхан шатны шүүх 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтад үзлэг хийлгэж бэхжүүлэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн атлаа тус ажиллагааг явуулахгүйгээр ...хурлын тэмдэглэлд тэмдэглээд хурлыг үргэлжлүүлээд, хэргийг шийдвэрлэсэн,
-акт гаргах болсон хувийн хэргийг хэрэгт хавсаргаж, дүгнэлт хийх ёстой байсан,
-Бүтээгдэхүүн хуваах гэрээний хоёр тал нь Ашигт малтмал газрын тосны газар болон “М г р” ХХК-ийн гэрээ нь иргэний эрх зүйн гэрээ юм, ...иймээс шүүх харьяаллын бус хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн,
-Үндэсний аудитын газартай Ашигт малтмал газрын тосны газар маргаан бүхий асуудлаар санал нэгтэй байгаад “М г р” ХХК-тай хайгуулын ажлын доод зардлын хэмжээ болох өртөг нөхөгдөх зардлын хэмжээ, төлбөрийн үүрэг гүйцэтгүүлэх байр суурьтай байгаа тохиолдолд Бүтээгдэхүүн хуваах гэрээний 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу тус маргааныг Сингапур улсын олон улсын арбитраар шийдвэрлэх харьяалалтай гэрээ байсан,
-маргаан бүхий захиргааны акт нь Ашигт малтмал газрын тосны газарт чиглэсэн гэрээлэгч гурван компаниас дутуу төлүүлсэн зардлыг нөхөн төлүүлэх тухай байсан. Иймд Ашигт малтмал газрын тосны газрыг гуравдагч этгээдээр тодорхойлох ёстой байсан.
-маргаан бүхий актад нэр дурдагдсан 2 компанийн нэхэмжлэлтэй хэрэгт тус газрыг гуравдагч этгээдээр татсан, ...нэг захиргааны актын үйлчлэл нь адил гаргасан дүгнэлттэй захиргааны актад гурван өөр хэргээр шийдвэрлүүлэх боломжгүй учраас адилхан маргаан бүхий “Т р” ХХК-ийн маргаантай анхан шатны шүүхэд нэгтгэн шийдвэрлэх шаардлагатай
-нэхэмжлэгч болон хариуцагч талуудын тооцооллын аргачлал, хайгуулын зардлын доод хэмжээ, өртөг нөхөгдөх зардал гэх мэт зардлын аргачлал нь 2 өөр гарсан гэж,
-Мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М “...517230 ам доллароос 119000 доллар хасагдах ёстой гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...517230 ам долларыг бүхэлд нь зөвшөөрөхгүй” гэх зэргээр зөрүүтэй тайлбаруудыг гаргасан.
6. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой үйл баримтуудаас үзвэл, маргаан бүхий актаар нэхэмжлэгч компанийн бүтээгдэхүүн хуваах гэрээгээр тухайн жилийн хайгуулын ажлын доод хэмжээг дутуу гүйцэтгэсний 517230 ам.долларын зарцуулагдаагүй хөрөнгийг гэрээнд заасны дагуу төлүүлээгүй гэж үзэн уг хөрөнгийг нөхөн төлүүлж, Үндэсний аудитын газрын дансанд төвлөрүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хариуцуулахаар шийдвэрлэсэн байна.
6.1. Мөн Ашигт малтмал, газрын тосны газраас аудитын шалгалтын үеэр “Аудитын тайлангийн төсөл дэх дүгнэлтийг хариуцагчид хүргүүлсэн байх бөгөөд уг дүгнэлтэд: “...М г р” ХХК нь тухайн онд батлагдсан төлөвлөгөө, төсвийн дагуу хайгуулын ажлыг гүйцэтгэх цаг хугацааны хувьд ямар ч боломжгүй болсон. ...төлбөрийн актыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
6.2. Мөн давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхэд гаргаагүй дээр дурдсан тайлбаруудыг гаргасан, тодруулбал, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөрүүтэй байдлаар тайлбарласан.
7. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээс үзэхэд маргааны үйл баримттай холбоотой ач холбогдол бүхий тухайлбал, хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа ашигласан, нэхэмжлэгч компанийн 2020-2021 онд хийгдсэн хайгуулын ажлын хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдөх зардлын хэмжээнд аудитаар илэрсэн алдаа, зөрчлийн бүртгэлийн маягт, анхан шатны баримтуудыг тус тус бүрэн гүйцэт цуглуулаагүй, мөн гэрчийн мэдүүлэг, Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 10 дугаар сарын 12-ны 94554 дугаар албан бичиг, Аудитын тайлангийн төсөл дэх дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулж дүгнээгүй, нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл тус бүрт дүгнэлт өгөөгүй байх тул эдгээр баримтуудыг цуглуулж, дээр дурдсан зөрүүтэй нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэт тодруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нэг мөр тодруулсны үндсэн дээр талуудын маргаж буй үндэслэл тус бүрт дүгнэлт өгч, маргаан бүхий захиргааны акт “хууль ёсны эсэх” маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэхээр байна.
8. Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, хэргийн үйл баримтыг бүх талаас нь, эргэлзээгүйгээр бүрэн тогтоогоогүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрд дүгнэлт өгөлгүй орхигдуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, эдгээр нөхцөл байдлуудыг тодруулах хууль зүйн боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 886 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН