Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 09

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

                                                                            Хэргийн индекс: 148/2017/00574/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Шүүгч                                               Г.Давааренчин

                             Шүүгчид                                         С.Оюунцэцэг

                                                                                    Б.Батзориг

                                Оролцогчид

                                Нэхэмжлэгч                                      *******

Хариуцагчийн өмгөөлөгч             Р.Атарцэцэг

                                     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь сум  дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 37 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор *******гийн нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох “3.635.000 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн 5.452.500 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2018 оны 02 дугаар  сарын  06-ны  өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

      

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...*******, эхнэр ******* энэ гэр бүл 2016 оны 10 дугаар сараас дараах байдлаар 2017 оны 08 сарын хугацаанд 3.635.000 төгрөгийн зээл авчхаад төлж өгөхгүйгээр удаа дараа чирэгдүүлэн  хууран мэхэлж байгаа учир шүүхэд хандаж байна. Хариуцагч *******, ******* нараас 3.635.000 төгрөгийг гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү.

 Иргэн миний өрхийн амьдралыг хохироож цагдаа албан тушаалтай *******, эхнэр ******* нар нь 3.635.000 төгрөгийг маань энэ оны 6 сараас хойш өнөөдөр хүртэл төлж өгөхгүйгээр удаа дараа худлаа хэлж чирэгдүүлж гомдоож хохирол учруулж байгааг учир үндсэн нэхэмжлэлээ нэмэгдүүлж надаас авсан мөнгөнд сарын 10 хувийн хүүг тооцож 5 сарын хугацааны хүү 1.817.500 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Нийт 5.452.500 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч ******* нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Би 2016 онд *******гаас шүдлэн үхэр 600.000 төгрөгөнд бодож зээлээр авсан. Дараа нь 7 тооны хонь авсан бөгөөд 1 хонио 60.000 төгрөгөнд тооцон өгсөн. Идэшний бяруу 400.000 төгрөг тус тус зээлээр авсан нь үнэн билээ. Энэ авсан мал махны мөнгөө газар зарах гэж байгаа зараад өгье гэж хэлж авсан билээ. 12 сард ******* өөрөө 10 ширхэг хонь зарна гэж надтай хамт ачиж Сэлэнгэд ирж Гурванбулагийн махны дэлгүүрийн худалдагч ахад үзүүлээд мал чинь туранхай байна, бага биетэй байна 40.000 төгрөгөөр л 1 ширхэгийг авах гэтэл тэр хүний хажууд нөхөр бид 2-т хандан үйлээ үзэж өсгөж байгаа малаа ийм хямд өгөхгүй тэгж байхаар 2 найздаа зүгээр өгчихье та 2 полкон дээрээ тавьж байгаад ид гэж өгсөн. ...Иймд нэхэмжлэлд гаргасан 3.365.000 төгрөгнөөс 1.807.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэгдэл 1.828.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байна. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хүү гэж 1.817.500 төгрөгийг би төлөх үүрэг хүлээгээгүй . Энэ хүнтэй зээлийн гэрээ хийгээгүй. Хүүтэй мөнгө зээлээгүй байхад хуульд заагаагүй зүйлийг надаас ор худал зүйл бичиж нэхэмжилж байгаа тул мөн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр  хянан хэлэлцээд 37 дугаартай шийдвэрээр:

-Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д тус тус зааснаар *******аас 1.207.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс 4.245.500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 117.160 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1.207.000 төгрөгөнд тохирох 33.518 төгрөгийн тэмдэгтийн хураамж нөхөн гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

 Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 ...******* надаас олон удаа мөнгө зээлсэн тэр мөнгөнд нь улаан машины үнийг оруулан тооцож байна.  Иймд шүүхээс бидний хоорондын тооцооноос автомашины үнийг хасаж тооцсон нь буруу.  Харин Хаан банкны баримттай 400.000 төгрөгийг хасаж тооцож болно. Баримтгүй банзны 200.000 төгрөг, мөн хүүхдийн хувцасны 63.000 төгрөг мөн надад өгсөн гэх 50.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.  Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, 4.245.000 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч мөнгө өгсөн гээд байгаа боловч түүнийгээ  нотлоогүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр банз, хүүхдийн хувцас авсан зэргээ хүлээн зөвшөөрсөн атлаа одоо маргаж байгаа нь үндэслэлгүй. Мөн автомашины хувьд хүлээн авч хэрэглээд улмаар цаашид зарж борлуулчхаад аваагүй мэт ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

 

Үндэслэх нь:

 

 Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гэрээний үүрэг 4.635.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар зөвшөөрөхгүй гэж маргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэсэн байна.

 

 Тус шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч ******* давж заалдах гомдол гаргасан бөгөөд гомдлынхоо үндэслэлийг хариуцагч нар надаас бэлнээр олон удаа мөнгө авч байсан, мөнгийг хүүтэй эргүүлэн  өгөхөөр тохирсон,  төлбөрт шилжүүлсэн автомашин нь бичиг баримтгүй, гар дээрээ худалдан аваагүй тул зээлийн төлбөрөөс  банзны үнэ, автомашины 3.000.000 төгрөг, хүүхдийн хувцасны мөнгө зэргийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцсон нь үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

 

Хэргийн судлан үзвэл: Зохигчид нь найз нөхдийн харилцаатай бөгөөд 2016 оны 10 сараас эхлэн  тэдгээрийн хооронд мал худалдах худалдан авах болон зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.   

 

Талууд гэрээг тухай бүр бичгээр байгуулаагүй боловч зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, тооцоо нийлсэн тухай баримт  зэргээс үзвэл талууд гэрээг амаар байгуулан улмаар гэрээний талаар харилцан тохиролцон тооцоо нийлснээр  хариуцагч нар нь 4.920.000 төгрөгийн үүрэг хүлээсэн бөгөөд үүнээс талууд тохиролцон 3.000.000 төгрөгөнд нь  хариуцагч нар нь ******* ******* улсын дугаартай автомашиныг тооцон *******д шилжүүлэн өгч  үлдэгдэл 1.920.000 төгрөгийг 2017 оны 06 сарын 01-ны өдөр гэхэд  төлж дуусгахаар харилцан тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч ******* нь мөнгийг хариуцагч нарт  тодорхой хүүтэй зээлүүлсэн, хариуцагч нарын өгсөн автомашиныг өөр зээлийн төлбөрт тооцно гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх  үүргээ  нэхэмжлэгч ******* биелүүлээгүй өөрөөр хэлбэл хариуцагч нарт хэдэн төгрөгийг хэзээ хэрхэн өгсөн, түүнээсээ хэдэн төгрөгийг нь буцаан авсан эсэх болон  зээлийн гэрээг хүүтэй байгуулсан талаар тохирч гэрээг бичгээр байгуулсан эсэх талаар  бичгийн  болон өөр ямар нэгэн баримтыг шүүхэд  ирүүлээгүй тул  зээл болон зээлийн хүүг хариуцагч нараас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Харин анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг буруу тодорхойлж, хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийхгүйгээр хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагаас хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, шүүх хариуцагч *******, ******* нарт холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн атлаа нэхэмжлэгч хариуцагч *******аас татгалзсан гэж дүгнэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохгүйгээр зөвхөн *******аас төлбөр гаргахаар шийдвэрлэсэн зэрэг хууль хэрэглээний алдаа  гаргасныг шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зөвтгөх боломжтой гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хариуцагч нар нь нэхэмжлэгчээс худалдан авсан малынхаа үнийг дараа төлөхөөр тохиролцсоныг талуудын хооронд зээлээр худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.  Зээлээр худалдах худалдан авах гэрээ нь худалдах худалдан авах гэрээний нэг төрөл бөгөөд зээлээр худалдах худалдан авах нь  гэрээний талууд гэрээний үнэ дээр  нэмж хүү тооцдогоороо ялгаатай.

 

Зохигчдын хооронд идэшний  мал худалдсан нь  Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах худалдан авах бус  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Хэрэгт  авагдсан талууд тооцоо нийлсэн баримтаар хариуцагч нар нь 1.920.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон түүнээс хойш хариуцагч нараас нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн 400.000 төгрөг төлсөн  байна.

 

Харин  хариуцагч ******* нь 200.000 төгрөгийн үнэ бүхий банз, 63.000 төгрөгийн үнэ бүхий хүүхдийн хувцас, бэлнээр  50.000 төгрөгийг тус тус  нэхэмжлэгчид өгсөн гэж тайлбарлаж байгаа  боловч үүнийгээ  нотлоогүй байх тул тэдгээрийг  нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох боломжгүй байна.

 

 Мөн нэхэмжлэгч ******* нь  хариуцагч *******аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзсан тухай баримт хэрэгт авагдаагүй байхад нэхэмжлэгчийг  хариуцагч *******аас татгалзсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.  

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь   хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны  01 сарын 22-ны өдрийн 37 дугаартай шийдвэрийн “Тогтоох” хэсгийн:

 1 дэх заалтыг:  

“Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр  зүйлийн 281.1-т зааснаар  хариуцагч *******, *******  нараас  гэрээний үүрэг 1.520.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.932.500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” 

2 дахь заалтыг

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117.600 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 39.270 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус  өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82.870  төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ                       Г.ДАВААРЕНЧИН

                                 ШҮҮГЧИД                           С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                              Б.БАТЗОРИГ