Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2019/00005/И |
Дугаар | 00167 |
Огноо | 2019-04-18 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 00167
2019 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 153/ШШ2019/00167 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ..... даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багт оршин суух, .... тоот регистрийн дугаартай, Ж жайлау овогт Х-ын Сы хүсэлттэй Хусайны Хахарманы төрүүлсэн охин мөн болохыг тогтоолгох хүсэлтийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 153/2019/00005/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Х.С, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, орчуулагч А.Анаргүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Х.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Ховд сумын 4 дүгээр баг Улаанбураад оршин суух Жантекей жайлау овогт Худасын С миний бие 1950 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Ховд суманд Х.Хахарманы 4 дэх охин болон төрсөн. Миний аав Х.Хахарман нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн 1941 онд 10 жилийн хорих ялаар шийтгүүлж ялыг бүрэн эдэлж байсан. Тухайн цаг үед улс төрийн хэрэгтний ар гэрийнхэн байнгын мөрдлөг, хавчлаганд байсан. Х.Хахарманы эхнэр хүүхдүүд бид амьдрахад хэцүү болсон учир миний аав ээж, ах дүүс ярилцаж хэлэлцээд намайг аав Х.Хахарманы төрсөн дүү Х.Худас өөрийн нэрээр овоглон өөрийн гэр бүлд өсгөж хүмүүжүүлсэн. Би 1958 онд Ховд аймгийн Ховд сумын бага сургуульд элсэн орж суралцсан. Миний бие Х.Хахарманы төрсөн охин ба аавынхаа улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэний нөхөн олговрыг авах хүсэлт гаргасан боловч өөрийн төрсөн эцгээр овоглогдоогүй тул нөхөн олговор авч чадахгүй байгаа юм. Иймд надад байгаа баримтуудыг үндэслэн намайг Х.Хахарманы төрсөн охин мөн болохыг тогтоож шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Прокурор Ш.Сувд-Эрдэнэ нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнэ би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.10 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу цагаатгалтай холбоотой садан төрлийн холбоо тогтоолгох тухай иргэний хэрэгт прокуророор оролцож байна. Иргэн Х.Сы нэхэмжлэлтэй прокурорын зүгээс танилцаад хэрэгт тодорхой нотлох баримтуудыг холбогдох байгууллагаас гаргуулахаар хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу хэрэгт Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаанууд, шүүхийн шийдвэр зэрэг нотлох баримтууд цугларсан байна. Дээрх нотлох баримтуудад дүгнэлт хийхэд иргэн Х.С нь улс төрийн хэлс хэрэгт хэлмэгдэгч Х.Хахаарманы төрсөн охин мөн болох нь тогтоогдож байна. Х.Хахаарманы ач хүү гэх Самселханы Кемисхан гэх хүн нь урьд Х.Хахаарманы ач хүү мөн болохыг тогтоож Самселханы Кемисхан нь 1.000.000 төгрөгийн тэтгэмж авсан баримт бас байна. Гэхдээ нэхэмжпэгчийн шаардлага нь Х.Хахаарманы төрсөн охин мөн болохыг буюу садан төрлийн холбоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан учирсан нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Шүүхээс хэрэгт цугларсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 03-9/5714, 03-9/5715 дугаартай албан тоотууд, 1991 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн БНМАУ-ын дээд шүүхийн бүгд хурлын тогтоол, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оэны 11 сарын 22-ны өдрийн 05/6909 дугаартай лавлагаа, Улсын бүртгэлийн 2019 оны 3 сарын 27-ны өдрийн нас барсны бүртгэлийн лавлагаа, Үндэсний төв архивын хүн амын тооллоготой холбоотой лавлагаанууд, гэрч нарын мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжпэн судалсан.
Прокурорын зүгээс иргэн Х.Сы нэхэмжпэлийг хүлээн авч хангах үндэслэлтэй байна гэж үзэж байна. Учир нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар иргэн Х.С нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Х.Хахаарманы төрсөн охин мөн болох нь нотлогдож байна гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасны дагуу нэхэмжпэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэсэн саналыг гаргаж байна гэв.
Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ
Хүсэлт гаргагч Х.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар шаардах эрхтэй байх тул Хусайны Хахарманы төрүүлсэн охин мөн болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Х.Хахарманыг 1941 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын 1941 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 6 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44 дүгээр зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгэж, БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлын 1991 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 101 дугаар хурлын тогтоолоор цагаатгасан нь БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлын 1991 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 101 дугаар хурлын тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 05/6909 дугаар лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 101 дүгээр албан тоотоор нотлогдож байна.
Х.С нь Х.Хахарманы төрсөн охин мөн болох нь Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 03-9/5714, 03-9/5715 дугаар 1956 оны хүн амын тооллого, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 03-1/1313 дугаар 1989, 2000 оны хүн ам, орон сууцны улсын тооллогын архивын лавлагаа,
Гэрч Н.Сесерханы ... Х.Сы аав Хахарманыг хүүхэд байхаас эхлээд мэднэ. Бид хөрш айлууд байсан. Таныг 5 настай байхад Х.Сы эцэг эх хүүхдээ Хахарманы дүү Худасд өргүүлсэн. Тухайн үед Х.С ой хүрээгүй байсан. Удалгүй аав нь шоронд орсон гэж сонссон... гэх гэрчийн мэдүүлэг,
Гэрч А.Баатархүүгийн ... Эцэг эхийнх нь талаар сайн мэдэхгүй. Манай аав Ховд аймгийн Ховд суманд хоньчноор байсан. Тэгэхэд манайхтай Хахарман гээд өндөр, хар сахалтай хүн ойролцоо айлсаж байдаг байсан. Шоронд яваад ирсэн гээд аав ээж биднийг их айлгадаг байсан. Би түүний 2 залуу болох Хавдашхан, Муратхантай хамт барилга дээр хамт ажилладаг байсан. Тэр хоёр жолооч хийдэг байсан учир бид хол ойр явахад зам зуур С гээд манай эгч байдаг, тэр хүнийг багад нь өргүүлчихсөн. Одоо Телиухан гээд ногоо тарьдаг хүнтэй хамт амьдарч байгаа гэж хэлдэг байсан. Манай гэрийн хүн Хишигт Телиухан болон арваад хүнтэй ардын хувьсгалын 65 жилийн ойн баярт урилгаар Улаанбаатар хотод очсон. Тэр үед танилцаад манай хоёр айл нэгнийхээрээ орж гардаг болсон... гэх гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул Худысын Сыг Хусайны Хахарманы төрсөн охин мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.7-д зааснаар Жантакей жайлау овогт Худысын Сыг Хусайны Хахарманы төрүүлсэн охин мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Х.Сы улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ