Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/70

 

 

 

  2023           01            12                                       2023/ШЦТ/70                 

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Э.Билгүүн,

Шүүгдэгч Н.Я нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныЁ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х  овогт Н гийн Я д холбогдох эрүүгийн 2209000001670 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Я нь согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 27-ны шөнө 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто плазагийн замын хойд талд иргэн О.Х тай тодорхой шалтгаангүйгээр маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүү, дагз, баруун хөхлөг, сэртэн, баруун чих, доод эрүү, баруун, зүүн сарвуунд зулгаралт, зүүн чамархай, баруун зулайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Н.Я нь ...согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 27-ны шөнө 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто плазагийн замын хойд талд иргэн О.Х тай тодорхой шалтгаангүйгээр маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүү, дагз, баруун хөхлөг, сэртэн, баруун чих, доод эрүү, баруун, зүүн сарвуунд зулгаралт, зүүн чамархай, баруун зулайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч О.Х ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 26-ны орой Д  гэх манай найз Баянзүрх дүүрэгт байрлалтай бааранд байна гэж дуудахаар нь яваад очсон. Намайг очиход Я  гэх залуу байсан. Пиво ууж сууж байтал гаднаас Я гийн эхнэр орж ирсэн, нэрийг нь мэдэхгүй байна. Бид гадаа гарахад Д  агсраад байсан. Я  Д ыг унагааж байгаад цээж рүү нь цохиод байсан. Д  бид хоёр тэндээс таксинд суугаад 3 дугаар сургуулийн Авто плаза дээр очсон бөгөөд бидний явж байсан таксины араас Я  эхнэртэйгээ ирчхээд үгийн зөрүүгүй намайг цохисон. Би түүнээс зугтаагаад байхад араас хөөж байгаад зодоод байсан. Намайг болон Д ыг зодож байгаад эхнэртэйгээ таксинд суугаад явчихсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/,

 

Гэрч Ү.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2022 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө манай нөхөр Н.Я над руу 01 цагийн үед залгаад би архи уучихсан согтуу байна, машинаа барих боломжгүй байна, ирээд аваарай гээд ярихаар нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Жуковын автобусны буудлын хажууд байх бааранд очиход Б.Д , мөн танихгүй нэг залуу байсан, дууддаг нэрийг нь Л  гэдэг залуугийн хамтаар байсан. Нөхрөө аваад гарах гэхэд тайчих үзүүлбэр үзье, байж байгаач гээд байсан. Тэгээд баарнаас 03 цагийн үед буюу 04 цаг дөхүүлээд гарахаар болсон. Б.Д , Л  хоёр түрүүлээд гарсан. Араас нь гарахад Б.Д  буюу Н  миний гар утас алга болчихлоо гэж байсан. Тэр үед би хамт байсан хүмүүсээ нэгжчих, тэгээд байхгүй бол хайя гэж хэлсэн. Хамт явж байсан Л  манай нөхөр бид хоёрыг нэгжээд бид хоёроос утас гарч ирээгүй. Тухайн үед би Н гаас ямар утас байсан юм бэ, би залгая гээд түүний дугаар руу нь залгасан. ...Л гийн ханцуйнд гар утас дуугарсан. ...Н  гар утсаа авсан, нөхөр маань хулгайд сэрдлээ гэж уурласан. Тэр үед Н , Л  хоёр манай нөхөртэй хэрэлдэж маргалдаад байсан бөгөөд манай нөхрийг өдөөд байхаар нь Н г нэг удаа, мөн Л г нэг удаа цохисон. Тэгээд манай нөхөр эрүүлдээ ирж аваарай гээд Н гийн гар утсыг аваад бид хоёр таксинд суугаад Улаанхуаран руу очсон. Н гийн утас руу эхнэр нь залгахаар нь би нөхөртөө аваад ярьчих гэхэд манай нөхөр болсон асуудлын талаар хэлээд Зуун айлд уулзахаар болоод очсон. Эхнэр нь такситай явж байх шиг байсан. Манай нөхөр буугаад утсыг нь өгөх гэхэд Н , Л  хоёр машинаас бууж ирээд тэр гурав манай нөхөр рүү дайрах үед нь би машинаас буугаад очсон. Манай нөхрийг тал талаас нь цохиод, Н гийн эхнэр бас дайраад байсан. Би түүнээс уучихсан юм уу гэж асуухад уучихсан гэж хэлсэн. Би цагдаа дуудна гэхэд яах юм гээд байсан. Маргаан болсны дараа дахиад утас алга болчихлоо гэхээр нь би өөрийн машин, өөрийгөө, нөхрөө нэгжүүлсэн. Тэгээд тэндээс нөхрийн хамтаар явсан. Намайг харж байхад Л  буюу Б.Д  хэрүүл маргаан болон зодооныг эхлүүлсэн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 11823 дугаартай “....О.Х ын биед тархи доргилт, хүзүү, дагз, баруун хөхлөг, сэртэн, баруун чих, доод эрүү, баруун, зүүн сарвуунд зулгаралт, зүүн чамархай, баруун зүлайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. ...” гэх дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар тал/,

 

Шүүгдэгч Н.Я гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах бааранд байж байтал Б.Д ын гар утас алга болсон. Тухайн үед тэнд байсан хүмүүсийг нэгжиж үзэхэд надаас Б.Д ын гар утас гарч ирээгүй, харин О.Х аас гар утас гарч ирсэн. Тэр хоёр нийлээд намайг гар утас хулгайлсан хулгайч гээд гүтгэж доромжлоод байхаар нь миний уур хүрсэн. ...О.Х ын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн  43-44 дүгээр тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Н.Я нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Мэдүүлэг өгөхгүй... гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Я нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч Н.Я нь согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 27-ны шөнө 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто плазагийн замын хойд талд иргэн О.Х тай тодорхой шалтгаангүйгээр маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүү, дагз, баруун хөхлөг, сэртэн, баруун чих, доод эрүү, баруун, зүүн сарвуунд зулгаралт, зүүн чамархай, баруун зулайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Н.Я  нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.

Эрх зүйн дүгнэлт:

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 11823 дугаар дүгнэлтээр хохирогч О.Х ын биед учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Н.Я гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Н.Я г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч О.Х  нь хэрэгт нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Н.Я г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Шүүгдэгч Н.Я д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Н.Я нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.Я г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Я гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар тал/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/737 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 58-59 дүгээр тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 50 дугаар тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 51 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 52 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч Н.Я д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүхээс шүүгдэгч Н.Я д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Бусад асуудлаар:

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х  овогт Н гийн Я г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Я г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Я д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Я д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БАТСАЙХАН