Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 136/ШШ2019/00123

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                  Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

                              Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... байрлах “МХ” ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй,

                              Хариуцагч: Дорноговь аймаг, ...-д оршин суух Ч.У /РД: /-д холбогдох

                             Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 730 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

                 Нэхэмжлэгч Р.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Дундговь аймгийн салбар нь 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Ч.У-тай “Ажлын байр түрээслэх гэрээ” байгуулсан. Ч.У нь өнөөдрийн байдлаар 730 000 төгрөгийг манай байгууллагад төлөөгүй байгаа тул гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, 730 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

                Хариуцагч Ч.У шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие “МХ” ТӨХХК-ийн Дундговь аймаг дахь салбарын байрыг 2014 оны 06-р сараас түрээсийн гэрээ байгуулан түрээслэсэн. 2014 онд тус оныг дуустал түрээсийн гэрээ байгуулж байсан хэдий ч 2015 онд тус оныг дуустал түрээсийн гэрээ байгуулаагүй. Учир нь миний том охин 2015 оны 08-р сард төрөх байсан учраас түрээсийн гэрээ хийхгүй, гэртээ харихаар төлөвлөж байсан. Иймд түрээсийн гэрээ байгуулахгүйгээр сар сард нь түрээсээ төлж байгаад 2015 оны 05-р сард түрээсээ өгөөд гарсан. Үндсэн ажлаа цэгцлэх хэрэгтэй байсан тул 2015 оны 10-р сарын сүүлээр эргэн ирж 4 хоног түрээсэлж 40 000 төгрөг төлөөд гарсан. 2015 оны 06-р сараас 2015 оны 10-р сар хүртэлх хугацаанд тус байранд ажил хэрэг явуулаагүй гэдгийг “МХ” ТӨХХК-ийн Дундговь аймаг дахь салбарын ажилчид, дарга нь бүгд мэдэж байгаа...” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчийн хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

              Хариуцагч Ч.У-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй тухай хүсэлтээ шүүхэд мэдэгдсэн тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /хх-ийн 42-р тал/

              Нэхэмжлэгч “МХ” ТӨХХК нь хариуцагч Ч.У-д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 730 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

               Хариуцагч Ч.У нь 2015 оныг дуустал түрээсийн гэрээ байгуулаагүй, түрээсийн гэрээ байгуулахгүйгээр сар сард нь түрээсийн төлбөрөө төлж байгаад 2015 оны 05-р сард түрээсийн төлбөрөө төлөөд тус байрнаас гарсан, 2015 оны 06-р сараас 2015 оны 10-р сар хүртэлх хугацаанд тус байранд ажил хэрэг явуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

              Зохигчдын хооронд 2015 оны 01-р сарын 26-ны өдөр байгуулагдсан №Ду/БТТГ/15-01/1 дугаартай “Ажлын байр түрээслэх гэрээ”-гээр Ч.У нь 2015 оны 01-р сарын 01-ний өдрөөс 2016 оны 01-р сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажлын байрны зориулалтаар өрөө түрээслэхээр, сар бүрийн түрээсийн төлбөрт 110 000 төгрөг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр түрээсийн гэрээ байна. /хх-ийн 25-26-р тал/

          Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

          Хариуцагч Ч.У нь 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарыг хүртэлх хугацаанд тухайн ажлын байрыг түрээслэсэн байх ба 2014 оны 09 дүгээр сараас 2015 оны 05 дугаар сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлж барагдуулсан, 2015 оны 05 дугаар сараас хойшхи хугацааны түрээсийн төлбөрт 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 40 000 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгч байгууллагын гарган өгсөн авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, дансны хуулга зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 2-3-р тал, 34-41-р тал/

           Хариуцагч 2015 оны 05 дугаар сараас буюу хугацаанаас өмнө тухайн түрээсийн байрыг чөлөөлсөн учир түрээсийн төлбөрийг төлөхгүй гэж маргасан ба тэрээр татгалзлаа нотлох ямар нэг баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул түүний татгалзсан тайлбар үндэслэлгүй байна.

            Зохигчдын хооронд байгуулагдсан №Ду/БТТГ/15-01/1 тоот гэрээний хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаа заасан байгаа боловч нэхэмжлэгч байгууллага 2015 оны 12 дугаар сарын түрээсийн төлбөрийг нэхэмжлэхгүй гэсэн болно. 

            Иймд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Ч.У-аас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 730 000 төгрөгийг / 7 сарын түрээсийн төлбөр-770 000-40 000 төгрөг/ гаргуулж “МХ” ТӨХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22 070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.У-аас улсын тэмдэгтийн хураамжид 22 070 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “МХ” ТӨХХК-д олгох нь зүйтэй байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар Ч.У-аас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 730 000 төгрөгийг гаргуулж “МХ” ТӨХХК-д олгосугай.

          2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22 070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.У-аас улсын тэмдэгтийн хураамжид 22 070 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “МХ” ТӨХХК-д олгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АЛГИРМАА