Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/72

 

 

 

     2023          01           12                                       2023/ШЦТ/72                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Б.Сарантуяа,

Шүүгдэгч Ж.З , түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныЁ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Ж ы З д холбогдох эрүүгийн 2209016501935 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.З  нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүүхдийн парк дотроос хохирогч Д.С ын эзэмшлийн 271.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung A-50” маркийн гар утас, мөн өдөр тус газраас хохирогч Г.Х ын эзэмшлийн 1.350.000 төгрөгийн үнэ бүхий “Iphone-11 Pro” маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад нийт 1.621.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1. Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэхэд шүүгдэгч Ж.З  нь ...2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүүхдийн парк дотроос хохирогч Г.Х ын эзэмшлийн “Iphone-11 Pro” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд:

Хохирогч Д.С ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2 охиныхоо 2 зээ хүүг хараад амьдарч байгаа бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 2 зээгээ парк оруулж тоглуулаад явж байх үедээ өөрийн үүрч явсан урт оосортой хар өнгийн цүнхэндээ хийсэн байсан гар утас алга болсон байсан. Ер нь би гар утсаа дандаа цүнхэндээ хийдэг бөгөөд тухайн үед хүүхдүүд тал тал тийшээ гүйлдээд сандаргаад байсан болохоор гар утсаа халаасанд хийсэн, цүнхэнд хийсэн аль нь болохыг сайн мэдэхгүй байна. Тэгээд ойр орчимд хаясан байж болзошгүй гэж бодож хайж яваад олдохгүй болохоор нь Цагдаагийн байгууллагад хандаагүй явчихсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр тал/,

 

Хохирогч Г.Х ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 6 дугаар сарын 17-ны орой найзуудтайгаа хүүхдийн парк орсон. Тэгээд 21 цагийн үед гинжит нэртэй тоглоом дээр очоод гар утсаараа зураг дарах гэхэд алга болсон байсан. Тухайн үед би гадуур цэнхэр өнгийн пиджакны баруун талын гадна халаасанд хийсэн байсан. Хамгийн сүүлд алдсанаас 30-40 минутын өмнө Шангрилла Молл төвийн Tomn Toms нэртэй кофе шопт банкны аппликэйшнээр гүйлгээ хийж ашигласан. Энэ хэргийг хуулийн дагуу шийдвэрлүүлж, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэмээр байна. Би өөрийн гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар тал/,

 

Гэрч Ө.Э ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг Х  миний гар утас руу залгаад хаана байгаа юм, уулзах уу гэхээр нь Сансарын клонкын автобусны буудлын ойролцоо Хаан банкны АТМ-н үүдэнд уулзсан. Тухайн үед Х  нь З  гэх Д  гэж дууддаг эмэгтэйн хамт ирсэн. Тэр хоёр надад уулзсаны дараа 2 ширхэг гар утас өгөх гэж байгаагаа хэлсэн. Би зарах гэж байгаа гар утаснуудыг нь үзэхэд цагаан өнгийн Ай фоне 11 про загварын гар утас 1 ширхэг, Самсунг А-50 загварын шил нь цуурсан гар утас 1 ширхэг байсан. Тэгээд намайг нийлүүлээд 400.000 төгрөгөөр авчих гэхээр нь би тооцоолж үзэхэд надад 150.000 орчим төгрөгийн ашиг гарахаар байсан тул хүлээн зөвшөөрч худалдан авахаар болсон. Тэгээд мөнгийг нь хажуугийн АТМ-с өөрийн дансаар авч өгөхөд Д  хочтой З , Х  2 хувааж авсан. Х  буцаж АТМ-рүү орж байсан тул гар утаснуудаа аваад машинд суусан юм. Тэр үед цагдаагийн ажилтан хүрээд ирсэн. Тэгэхээр нь би тэр үед худалдан авсан 2 гар утсаа хувцсандаа нуугаад гарч ирсэн чинь гэрээс авч гарч ирээд машинд хийсэн байсан 4 ширхэг гар утас гарч ирээд асуудал үүссэн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр тал/,

 

Дамно ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн СБ1-22-1475 дугаартай,  2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн НЦУГ-22-96 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангууд /хх-ийн 47-48, 53-54 дүгээр тал/,

 

2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-28 дугаар тал/,

 

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 29-32 дугаар тал/,

 

Шүүгдэгч Ж.З ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Парк дээр 13 цагийн үед очсон. Тэгээд Далайн дээрэмчний хөлөг онгоцны орчимд явж байсан 20 орчим насны 2 эмэгтэй хүүхдийн хар өнгийн хувцастай охины баруун халааснаас нь цагаан өнгийн Ай Фоне 11 про загварын гар утас хулгайлан аваад гарах гэж байгаад тус онгоцны зүүн урд хэсэгт явж байсан 30 гаруй насны, плаж өмссөн эмэгтэй хүний урт оосортой бор өнгийн гар цүнхнээс Самсунг Галакси А50 загварын гар утас хулгайлан аваад 16 цагийн үед паркаас гарсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 115-116 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

 Мөн шүүгдэгч Ж.З  нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:...Мөрдөн шалгах ажиллагаан мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаар талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч Ж.З  үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүүхдийн парк дотроос хохирогч Д.С ын эзэмшлийн 271.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung A-50” маркийн гар утас, мөн өдөр тус газраас хохирогч Г.Х ын эзэмшлийн 1.350.000 төгрөгийн үнэ бүхий “Iphone-11 Pro” маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад нийт 1.621.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөвтгөх хэрэгтэй гэж шүүгдэгчийн өмгөөлөгч үзэж байна. Тухайн хэргийн газар нэг газарт хоёр хүний гар утсыг авсан байх тул дээрх зүйл заалтыг журамлан гэм буруутайд тооцох үндэстэй байна. Энэ гэмт хэргийн хувьд хураагдсан эд зүйл байхгүй. Өөр хэрэгтэй андуурсан гэж ойлголоо...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисээс: ...Манай талаас гэм буруу дээр маргаагүй бөгөөд хураагдсан гүйлгээг яах талаар прокурор нэмэлт тайлбар дээр хэлэх байх. Гар утаснууд эзэд дээрээ очсон байгаа. Мөн миний үйлчлүүлэгчийг гэм буруутай гэж зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамласан байна. Гэвч Д.С ын гар утас 270.000 төгрөгийн үнэтэй байдаг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөвтгөх хэрэгтэй гэж үзэж байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Хууль зүйн дүгнэлт:

Хөрөнгийн үнэлгээний тайлангаар хулгайлагдсан эд зүйл болох Г.Х ын “Iphone 11 Pro” загварын гар утсыг 1.350.000 төгрөгөөр үнэлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Ж.З ын хохирогч Г.Х ын “Iphone 11 Pro” загварын гар утсыг авч 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь “Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Ж.З ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Д.С ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Ж.З ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг болон бусад бичгийн баримтаар шүүгдэгч Ж.З  нь 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүүхдийн парк дотроос хохирогч Д.С ын эзэмшлийн “Samsung A-50” маркийн гар утыг хулгайлж авсан үйлдэл тогтоогдож байх бөгөөд “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-гаар хулгайлагдсан эд зүйл болох “Samsung A-50” загварын гар утсыг 265.000 төгрөгөөр, Юнител ХХК-ийн сим картыг 3.000 төгрөгөөр, Skytel ХХК-ийн сим картыг 3.000 төгрөгөөр буюу нийт 271.000 төгрөгөөр үнэлэгдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт “...энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээ /гурван зуун мянган төгрөгөөс доош/-ний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй...” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ж.З ын үйлдлийн улмаас иргэн Д.С д учирсан хохирлын хэмжээ нь 300.000 төгрөгөөс доош буюу 271.000 төгрөгийн хохирол учирсан нь тус гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байна гэж үзлээ.

Нийгмийн аюулын хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулиар гэмт хэрэг, зөрчлийг ялган хуульчилсан. Шүүгдэгч Ж.З ын хулгайлах үйлдэл нь өөр өөр цаг хугацаанд эхэлж, төгссөн байх тул үйлдэл тус бүрт хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.

Иймд шүүх шүүгдэгч Ж.З д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 Хохирол, хор уршиг:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Г.Х д 1.350.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэн Ө.Э аас “Iphone 11 Pro” загварын гар утсыг хураан авч, хохирогч Г.Х д хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч Ж.З ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Талуудын санал, дүгнэлт:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “…Шүүгдэгч Ж.З д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна…” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Миний үйлчлүүлэгч нөхөртөө хаягдсан 3 хүүхэдтэй эх хүн юм. Эрүүгийн хариуцлагыг оноохдоо түүний хувийн байдлыг харгалзан үзэх ёстой. Хувийн байдал гэдэг нь өмнөх ял шийтгэлийг анхаарахаас гадна хувийн амьдралыг харгалзан үзэх ёстойг хэлж байгаа юм. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээсэн, бусдад төлөх төлбөргүй. Нийтэд тустай ажил гээд ялын санкци байхад улсын яллагчаас хорих ялын саналыг гаргаад байгаа нь үндэсгүй байна. Учир нь 2-8 настай хүүхдүүдийг гурвууланг нь орлогогүй үлдээчихээр тэр гурван хүүхдийг яаж амьдарна гэж бодож байна вэ? Иймд шүүх энэ бүгдийг анхаарч үзэж өгөхийг хүсэж байна. Шүүх миний үйлчлүүлэгчид голыг нь бариад ял оноож өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Ж.З ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 74, 77 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86 дугаар тал/, ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 89-94 дүгээр тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 78 дугаар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 79 дүгээр тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 80 дугаар тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 81 дүгээр тал/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 82 дугаар тал/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 83-85 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Ж.З д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Ж.З д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь эрүүийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.З д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 

Бусад асуудлын талаар:

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.З  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б  овогт Ж ы З ыг Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.З ыг 650 /зургаан зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.З д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.З  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Х д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.З д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.З д авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.БАТСАЙХАН