Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 136/ШШ2019/00153

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, … оршин суух, Б.Б /РД: /-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, ... оршин суух Ц.О /РД:-д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ;

               Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 онд Ц.О-тай танилцаж, 2016 онд хүү О.Л төрсөн. Бид цаашдаа хамтран амьдрах боломжгүй болсон бөгөөд Ц.О нь өөр хүнтэй хамтран амьдарч байгаа. Иймд хүү О.Л-д тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд хандсан гэв.

               Хариуцагч Ц.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөр хүнтэй хамтран амьдраагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу шийдүүлнэ гэв.

              Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

              Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ц.О-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

              Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

               Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Ц.О нар нь гэрлэлтээ иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байх ба тэднийг хамтын амьдралтай байх явцад 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүү О.Л төрж, хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоосон нь төрсний гэрчилгээ, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 5 дугаар хуудас/

                Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Ц.О-с хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр гаргуулан 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүү О.Л-г тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т зааснаар хариуцагч Ц.О-с нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож, 31 492 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

               1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү О.Л-г эцэг Ц.О-р тэжээн тэтгүүлэхээр тэтгэлэг тогтоосугай.

               2.  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хариуцагч Ц.О-с сар бүр 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү О.Л-д хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

              3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т зааснаар хариуцагч Ц.О-с нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож, 31 492 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

              4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

              5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

                        

                                                 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА