Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 136/ШШ2019/00157

 

 

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, ... оршин суух Д.Б /РД:/,

           Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, ... оршин суух Э.Х /РД:/,

           Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, ... оршин суух Э.Э /РД:/ нарын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Дорноговь аймаг, ... оршин суух Р.Э /РД:/-д холбогдох

           Гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс Д.Б, Э.Х, Э.Э нарт ногдох хэсэг 59 625 000 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг 37 500 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг, хариуцагч Р.Э, хариуцагчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай нөхөр манай төрсөн эгчтэй эр эмийн болон хайр сэтгэлийн харилцаатай болсон. Хариуцагч үр хүүхдээ бодоогүй. Хариуцагч охиноо бодоогүй. Охин нь ирээдүйд яах талаар бодоогүй. Би дагавар хүүхэдтэй, Р.Э нь миний хүүг ад үзэж, хөөж явуулсан. Хүүг маань дандаа дарамталдаг байсан. Хэзээ ч хүн үр хүүхдээ ад үзэхгүй. Хариуцагч анх надтай суухдаа хайртай байгаагүй юм байна лээ. Орон сууц болон үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг авна гэж зүтгэж байгаа. Би түүнийг нь өгнө. Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь Голомт банкны зээлийн барьцаанд байгаа. Би үе мөчний өвчтэй, тариа хийлгээд явдаг. Р.Э нь намайг ийм байдалтай байгааг мэдсээр байж миний эгчтэй эр эмийн харилцаатай болсон байсан. Би чиний зээлийг төлж чадахгүй гэж байсан. Би хариуцагчаас гуйсан. Би өөрөө төлнө. Энэ айлын болж бүтэхгүй бүх л ажлыг би хийдэг. Өнөөдөр би үнэхээр харамсаж байна. Зээлээ өөрөө төлөөд байраа охиныхоо нэр дээр болгоод өгөөч гэж хэлэхэд үгүй гэж хэлсэн. Намайг харахаас дургүй нь хүрдэг байсан. Тэр болгондоо намайг буруутгадаг. Энэ хүнд хүн чанар гэж байхгүй. Би цаашид ийм байдалтай явахыг хүсэхгүй байна. Энэ хүнийг харах болгонд миний дургүй хүрдэг. Р.Э нь надад гар хүрдэг. Би эгчдээ учир байдлыг хэлсэн, хэлэхээр доромжилсон болдог. Хичнээн сар намайг дарамталсан. Тийм тэнэг эгчтэй байгаадаа би харамсаж байна. Би гэрлэлтээ цуцлуулна. Гэр бүлийн гишүүдий н хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох ... орон сууцнаас өөрт болон хоёр хүүхдэд ногдох хэсэг 52 500 000 төгрөг, ... гражнаас өөрт болон хоёр хүүхдэд ногдох хэсэг 4 500 000 төгрөг, “Subaru Forester” маркийн 42-43 ДГА улсын дугаартай автомашины үнээс өөрт болон хоёр хүүхдэд ногдох хэсэг 2 625 000 төгрөг, нийт 59 625 000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

            Хариуцагч Р.Э нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Бид цаашид хамтран амьдрах боломжгүй. Би энэ зүйл дээр эрүүгийн хариуцлага хүртэл хүлээсэн. Нэхэмжлэгч юм болгонд намайг буруутгаж байна. Өөрийгөө зөвтгөж байна. Гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна. Бид орон сууцыг 70 000 000 төгрөгөөр үнэлж, орон сууцыг миний өмчлөлд үлдээж, мөн уг орон сууцыг барьцаалсан Худалдаа хөгжлийн банк дахь зээл 19 956 000 төгрөгийг миний бие хариуцан төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 59 625 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би бүх эд хөрөнгийн нийт үнийг дөрөвт хуваагаад өөрт ногдох хэсгийг гаргуулж авах хүсэлтэй байна. Гэтэл нэхэмжлэгч зөвхөн миний нэр дээр байгаа эд хөрөнгийг хуваагаад байгаа юм...” гэв.

            Хариуцагч Р.Э нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагад тусгаагүй шалтгаанаар ... байрлалтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд оруулж шийдвэрлүүлэхгүй, өөрийн өмчлөлд авч үлдэхээр маргаж байгаа. Дээрх үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2013 онд худалдан авсан ба төлбөрийг 60 айлын 3 өрөө орон сууцыг 70 000 000 төгрөгөөр худалдсаны орлого, мөн Хас банкнаас 80 000 000 төгрөгийн зээл авч төлсөн. Ингээд энэ байрыг нийт 150 000 000 төгрөгөөр худалдан авч, 40 000 000 төгрөгийн иж бүрэн засвар хийлгэсэн. Д.Б нь уг үйлчилгээний зориулалт бүхий дээрх байрыг өөрийнхөө эргэлтийн хөрөнгийг өсгөж, аав, ээж, ах, дүүгээсээ хөрөнгө мөнгөний эх үүсвэр авч байж худалдаж авсан тул надад хамааралгүй, хувь ногдохгүй гэсэн. Бидний хамтын амьдралын хугацаанд хамт худалдаа, наймаа хийж олсон орлогоор бий болсон үл хөдлөх хөрөнгө учраас уг үл хөдлөх хөрөнгө нь Иргэний хуульд заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэж байгаа. Иймд уг ...-д байрлалтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд оруулан тооцуулж, өөрт ногдох хэсэг 37 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна...” гэв.

            Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “...Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Р.Э зах зээлийн үнэ ханшнаас давсан үнийг нэхэмжилж байна. Тухайн байрыг 2013 оны 10-р сарын 03-ны өдөр анх худалдаж авахдаа 140 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Үүнээс хойш буюу уг байр миний өмчлөлд шилжсэнээс хойш 6 жил орчим хугацаанд ашиглагдаж байгаа. Уг байрыг өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн засвар үйлчилгээ хийлгүүлсэн хэдий ч Р.Э-гийн гаргаж байгаа 150 000 000 төгрөгийн үнэлгээтэй санал нийлэхгүй байна. Эд хөрөнгийн элэгдэл, хорогдол, аймаг, орон нутгийн зах зээлийн үнэ ханштай уялдуулалгүй 150 000 000 төгрөгийн үнэлгээгээр тооцон гэр бүлийн дөрвөн гишүүнд хуваан өөрт ногдох хэсэг 37 500 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна...” гэв.  

             Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

             Нэхэмжлэгч Д.Б, Э.Х, Э.Э нар нь хариуцагч Р.Э-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүү Э.Х, охин Э.Э нарт ногдох хэсэг 59 625 000 төгрөгийг гаргуулах, хариуцагч Р.Э нь Д.Б-д холбогдуулан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг 37 500 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

           Шүүх хуралдааны шатанд хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 5 772 500 төгрөгөөр багасгаж, 31 727 500 төгрөг нэхэмжилсэн болно.

           Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

           Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Р.Э нар нь 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсноо 1998 оны 05 дугаар сарын 20-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь, мөн тэдний дундаас 1999 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр охин Э.Э төрсөн нь хүүхдийн төрсний гэрчилгээ, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 5, 11-р хуудас/

           1991 оны 11-р сарын 07-ны өдөр төрсөн хүү Э.Хын эцэг Р.Э болох нь захиргааны журмаар тогтоогдсон, хүү Э.Х, охин Э.Э нар насанд хүрсэн байна. /хх-ийн 12 дугаар хуудас/

           Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авах эрхтэй.

           Гэвч гэрлэгчдийн хэн аль нь хоорондын маргаанаа эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлүүлэх шаардлагагүй, хоорондын таарамжгүй байдлын улмаас цаашид эвлэрэн амьдрах боломжгүй болсон гэж тайлбар гаргасан, хэн аль нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин зөвшөөрч байх тул шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

           Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

           Гэрлэгчдийн эд хөрөнгийн маргааны талаар:

           Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж заасан.

          Маргааны зүйл болж буй ... орон сууц, ...-д байрлалтай 10 тоот автомашины граж, Subaru Forester маркийн 42-43 ДГА улсын дугаартай автомашины өмчлөгчөөр хариуцагч Р.Э, тус сумын 1-р баг 33-р байрны 0 тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.Б тус тус улсын бүртгэлд бүртгэгдсэн хэдий ч тухайн хөрөнгүүд нь гэрлэгчдийг хамтран амьдрах явцад бий болсон байдлыг нь харгалзан шүүх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчөөр тогтоох нь зүйтэй гэж үзэв. /хх-ийн 10, 12, 18, 23-р хуудас/

           Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т “Маргаан гарсан тохиолдолд Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно” гэж заасны дагуу гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг дараах байдлаар хувиарлах нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүх орон сууц, автомашин, автомашины гражийг хариуцагчийн өмчлөлд, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд үлдээж шийдвэрлэлээ.

            Орон сууц-70 000 000 төгрөг, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгө-126 910 000 төгрөг, автомашины граж-6 000 000 төгрөг, автомашин-3 500 000 төгрөг / эд хөрөнгийн нийт үнэлгээ /

            70 000 000/4=17 500 000 төгрөг, 126 910 000/4=31 727 500 төгрөг, 6 000 000/4=1 500 000 төгрөг, 3 500 000/4=875 000 төгрөг /Нэг гишүүнд ногдох хэсэг /

            Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзсэн дээрх орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, автомашин зэрэг нь зээлийн барьцааны зүйл байх ба хэргийг хянан шийдвэрлэх үед орон сууц барьцаалсан зээлд-19 560 299 төгрөгийн, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлд -5 000 000 төгрөгийн, автомашин барьцаалсан зээлд- 2 500 000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь  зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 13-32-р хуудас/

           Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.7-д заасан гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох зарчмыг үндэслэн үл хөдлөх хөрөнгөөс гэр бүлийн гишүүдэд ногдуулсан хөрөнгийн хэмжээнд дүйцүүлж, гэр бүлийн гишүүдэд зээлийн үүргийг хуваарилах нь зүйтэй гэж үзлээ.

            Зээлийн гэрээний биелэгдээгүй үүрэг 5 000 000 төгрөгийг гэр бүлийн гишүүдэд хуваахад тус бүрт нь 1 250 000 төгрөг ногдож байх ба Р.Э-д ногдох 1 250 000 төгрөгийг түүнд олгогдох үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 31 727 500 төгрөгөөс хасаж тооцож 30 477 500 төгрөгийг,

             Зээлийн гэрээний биелэгдээгүй үүрэг 2 500 000 төгрөгийг гэр бүлийн гишүүдэд хуваахад тус бүрт 625 000 төгрөг ногдох ба Д.Б, Э.Х, Э.Э нарт ногдох 1 875 000 төгрөгийг тэдгээрт ногдох автомашины үнэ 2 625 000 төгрөгөөс хасаж тооцон 750 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

            Хариуцагч Р.Э нь орон сууц барьцаалсан зээлийн гэрээний биелэгдээгүй үүрэг 19 560 299 төгрөгийг өөрөө хариуцан төлж дуусгавар болгохоор тайлбар гаргасныг дурдах нь зүйтэй.

           Иймд нэхэмжлэгч Д.Б, Э.Х, Э.Э нарт ногдох хэсэгт 57 750 000 (52 500 000+2 625 000+4 500 000-1 875 000) төгрөгийг хариуцагч Р.Э-гээс, хариуцагч Р.Э-д ногдох хэсэгт 30 477 500 (31 727 500-1 250 000) төгрөгийг нэхэмжлэгч Д.Б-гаас тус тус гаргуулж шийдвэрлэлээ.

           Гэр бүлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т “гэрлэгчид харилцан бие биеэ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан ба нэхэмжлэгч Д.Б нь “өвдөгний үенд яс ургах” өвчний улмаас өвдөгний үе солиулах мэс засал хийлгэх шаардлагатай нь тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч нь хариуцагчаар эмчилгээний зардлыг хариуцуулахаар шаардлага гаргаагүйг дурдаж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн ногдох хэсгээс эмчилгээний зардлыг хасуулж тооцох боломжгүй гэж үзлээ. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 614 025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 446 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 354 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 310 337 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгохоор шийдвэрлэлээ.

            Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Эгээс улсын тэмдэгтийн хураамж  70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Д.Б, Р.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

            2. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3-т зааснаар ...-д байрлах орон сууц, ...-д байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ...-д байрлах 22 автомашины гражийн барилгын 10 тоот граж, Subaru Forester маркийн ... улсын дугаартай автомашиныг тус тус гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр тогтоож, ...-д байрлах орон сууц, ...-д байрлах 22 автомашины гражийн барилгын 10 тоот граж, Subaru Forester маркийн ... улсын дугаартай автомашиныг Р.Э-гийн өмчлөлд үлдээж, ...-д байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Б-гийн өмчлөлд үлдээж, Д.Б, Э.Х, Э.Э нарт гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэгт 57 750 000 төгрөгийг Р.Э-гээс гаргуулж Д.Б, Э.Х, Э.Э нарт, Р.Э-д гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэгт 30 477 500 төгрөгийг Д.Б-гаас гаргуулж Р.Э-д тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 1 875 000 төгрөгийн шаардлагыг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 1 250 000 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

           3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Доржсүрэнд даалгасугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 614 025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 446 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 354 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 310 337 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгосугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Э-гээс улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

            7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

                                        

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА