| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2023/0024/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/83 |
| Огноо | 2023-01-16 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/83
2023 01 16 2023/ШЦТ/83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
Улсын яллагч Э.Булганчимэг,
Шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Ц ийн Д д холбогдох эрүүгийн 2209000001917 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Д нь үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж буюу “hoodie_shop_” гэх инстаграммаар хаягаар “захиалгаар малгайтай цамц зарна” гэж худал зарыг байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч:
2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.О аас 48,000 төгрөгийг хэрэгт хамааралгүй иргэн болох С.С гийн Хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилсан;
2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Б.А гаас 20,000 төгрөгийг хэрэгт хамааралгүй иргэн болох С.С гийн Хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилсан;
2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Э ээс 44,000 төгрөгийг хэрэгт хамааралгүй иргэн болох С.С гийн Хаан банкны ... тоот дансаар шилжүулэн авч залилсан;
2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.А аас 41,000 төгрөгийг хэрэгт хамааралгүй иргэн болох С.С гийн Хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилсан;
2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.М гаас 44,000 төгрөгийг хэрэгт хамааралгүй иргэн болох С.С гийн Хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилсан;
2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Говь-аймагт байхдаа Б.Н ээс 60,000 төгрөгийг хэрэгт хамааралгүй иргэн болох С.С гийн Хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилсан;
2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Х гаас 32,000 төгрөгийг хэрэгт хамааралгүй иргэн болох С.С гийн Хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилсан;
2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Г ас 66,000 төгрөгийг хэрэгт хамааралгүй иргэн болох С.С гийн Хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилсан;
2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Г ас 44,000 төгрөгийг хэрэгт хамааралгүй иргэн болох С.С гийн Хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилсан;
2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Г ас 105,000 төгрөгийг хэрэгт хамааралгүй иргэн болох С.С гийн Хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилсан;
2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Т аас 64,000 төгрөгийг хэрэгт хамааралгүй иргэн болох С.С гийн Хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилсан;
2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Н аас 83,000 төгрөгийг хэрэгт хамааралгүй иргэн болох С.С гийн Хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилсан;
2022 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.М гаас 50,000 төгрөгийг хэрэгт хамааралгүй иргэн болох С.С гийн Хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилсан;
2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн А.А оос 96,000 төгрөгийг хэрэгт хамааралгүй иргэн болох С.С гийн Хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилсан;
2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Т аас 78,000 төгрөгийг хэрэгт хамааралгүй иргэн болох С.С гийн Хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилсан;
2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Ү гоос 83,900 төгрөгийг хэрэгт хамааралгүй иргэн болох С.С гийн Хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилсан;
2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Ц аас 68,600 төгрөгийг хэрэгт хамааралгүй иргэн болох С.С гийн Хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилсан;
2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.О гийн 41,000 төгрөгийг хэрэгт хамааралгүй иргэн болох С.С гийн Хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилан, нийт 1.068.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэхэд шүүгдэгч Ц.Д нь “үргэлжилсэн 18 удаагийн үйлдлээр 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хооронд цахим хэрэгсэл ашиглаж буюу “hoodie_shop_” гэх инстаграмм хаягаар ““захиалгаар малгайтай цамц зарна” гэж худал зарыг байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд:
Хохирогч М.О ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Hoodie shop гэсэн инстаграмм хаягтай чатлаад захиалга хийсний дараа бараа ирэхээр нь шууд хүргэж өгнө гэсэн болохоор 1 ширхэг малгайтай цамц 30.000 төгрөгөөр, 1 ширхэг фудволк 18.000 төгрөгөөр худалдаж авахаар болоод нийт 48.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ... дугаарын данснаас С гэдэг хүний Хаан банкны ... дугаарын данс руу yojamunkh 94079000 гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлснийхээ дараа “мөнгөө шилжүүлчихлээ” гэсэн чинь “за” гэж хэлээд миний барааг өгөхгүй байхаар нь 9 дүгээр сарын 20-ны өдөр дахиж чат бичиж бараагаа асуухад таны бараа хүргэгдсэн байна гэж хэлээд дахиад алга болсон. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 7 дугаар тал/,
Хохирогч Б.А гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ... тоот гэртээ байхдаа Hoodie shop гэсэн инстаграмм хаягтай чатлаад 1 ширхэг малгайтай цамц 39.000 төгрөгөөр худалдаж авахаар болоод урьдчилгаа 20.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ... дугаарын данснаас С гэдэг хүний Хаан банкны ... дугаарын данс руу IG:kanashihito_o hoodie гэсэн утгатайгаар шилжүүлүүлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 26 дугаар тал/,
Хохирогч Э.Э ий мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ... тоот гэртээ байхдаа Hoodie shop гэсэн инстаграмм хаягтай чатлаад захиалга хийсний дараа 72 цагийн дотор хүргэж өгнө гэсэн болохоор 1 ширхэг малгайтай цамц 44.000 төгрөгөөр худалдаж авахаар өөрийн Хаан банкны ... дугаарын данснаас Д гэдэг хүний Хаан банкны ... дугаарын данс руу 44.000 төгрөгийг ... гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлснийхээ дараа 3 хоногийн дараа цамцаа асууж чат бичихэд хүргэлт маань уг нь гараад хүргээд явж байгаа, гэхдээ таны цамц үлдчихсэн байна гэсэн хариу өгсөн. Тэгээд дахиад чат бичээд хариу өгөөгүй. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 43-44 дүгээр тал/,
Хохирогч О.А ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 11 дугаар сарын 01-ний өдөр ... тоот гэртээ байхдаа Hoodie shop гэсэн инстаграм хаягтай чатлаад 1 ширхэг малгайтай цамц 41.000 төгрөгөөр худалдаж авахаар болоод өөрийн Хаан банкны ... дугаарын данснаас С гэдэг хүний Хаан банкны ... дугаарын данс руу 41.000 төгрөгийг ... гэсэн утгатайгаар шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 62 дугаар тал/,
Насанд хүрээгүй хохирогч О.М н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ... тоот гэртээ байхдаа Hoodie shop гэсэн инстаграм хаягтай чатлаад 44.000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг малгайтай цамц захиалахаар болж ахынхаа Хаан банкны ... дугаарын данснаас С гэдэг хүний Хаан банкны ... дугаарын данс руу 44.000 төгрөг IG:manlaiorgil.hoodie гэсэн утгатайгаар шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 80 дугаар тал/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Н ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Говь-Аптай аймгийн Дарви суманд байрлах сургуулийн дотуур байрандаа байхдаа Hoodie shop гэсэн инстаграм хаягтай чатлаад 44.000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг малгайтай цамц захиалаад урьдчилгаа 60.000 төгрөгийг шилжүүлэхээр болж өөрийн Хаан банкны ... дугаарын данснаас С гэдэг хүний Хаан банкны ... дугаарын данс руу 60.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 97 дугаар тал/,
Насанд хүрээгүй хохирогч А.Х гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 8 дугаар сарын 28 ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрила Молл орчимд явж байхдаа Hoodie shop гэсэн инстаграмм хаягтай чатлаад захиалга хийсний дараа 14 хоногийн дараа ирнэ гэсэн болохоор 1 ширхэг малгайтай цамц 32.000 төгрөгөөр худалдаж авахаар болоод ээж Сарантуяагийн Хаан банкны ... дугаарын данснаас С гэдэг хүний Хаан банкны ... дугаарын данс руу 32.000 төгрөг khuln99 гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлснийхээ дараа гэрийн хаягаа, утасны дугаартайгаа өгсөн. Тэгээд 14 хоногийн дараа захиалсан бараагаа асууж чат бичихэд хариу өгөхгүй байсан. Одоог хүртэл би захиалсан бараагаа авч чадаагүй байгаа. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 115 дугаар тал/,
Хохирогч Ч.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Багшийн дээд орчимд явж байхдаа зээ хүү Т д 2 ширхэг малгайтай цамц авч өгөхөөр Hoodie shop гэсэн инстаграм хаягтай чатлаад захиалахаар болоод 1 ширхэг малгайтай цамц 33.000 төгрөгөөр худалдаж авахаар нийт 2 ширхэг цамцны 66.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ... дугаарын данснаас С гэдэг хүний Хаан банкны ... дугаарын данс руу 66.000 төгрөгийг tyemca_kkk гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлснийхээ дараа тухайн онлайн шоп руу бараагаа асууж чат бичихэд хариу бичихгүй байсан. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 131 дүгээр тал/,
Хохирогч Ө.Н ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ШУТИС-ын төв байрны гадна байхдаа Hoodie shop гэсэн инстаграм хаягтай чатлаад захиалга хийсний дараа 72 цагийн дотор хүргэж өгнө гэсэн болохоор 1 ширхэг малгайтай цамц 44.000 төгрөгөөр худалдаж авахаар эгч Н рүү ярьж онлайн шопоос цамц авах гээд байна, та мөнгийг нь шилжүүлчих гэж гуйгаад эгч Н ээр Хаан банкных нь ... дугаарын данснаас С гэдэг хүний Хаан банкны ... дугаарын данс руу 44.000 төгрөг ... гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлснийхээ дараа 3 хоногийн дараа цамцаа асууж чат бичихэд хариу өгөхгүй байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 147 дугаар тал/,
Хохирогч Г.Г ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Hoodie shop гэсэн инстаграмм хаягтай чатлаж хүүдээ 3 ширхэг бомбер авч өгөхөөр болоод 1 ширхэг нь 35.000 төгрөг гэсэн болохоор 105.000 төгрөгийг эхнэр Д.С гийн Хаан банкны ...дугаарын данснаас С гэдэг хүний Хаан банкны ... дугаарын данс руу ... гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Тухайн онлайн шопын хүн өдрөө хүргэлтээр 3 ширхэг бомбер авчирч өгнө гэж хэлээд манай гэрийн хаягийг аваад одоог хүртэл хүргэж өгөөгүй. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 163 дугаар тал/,
Хохирогч Л.Т ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр манай охин О ийн хичээл орох гээд бид хоёр гадуур цамц авахаар явсан чинь цамцнууд нь үнэтэй байгаад байхаар нь би 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Hoodie shop гэсэн инстаграм хаягтай чатлаад захиалга хийсний дараа 72 цагийн дотор хүргэж өгнө гэсэн болохоор 2 ширхэг малгайтай цамцыг 1 ширхгийг нь 32.000 төгрөгөөр худалдаж авахаар болоод нийт 64.000 төгрөгийг өөрийн Голомт банкны ...дугаарын данснаас С гэдэг хүний Хаан банкны ... дугаарын данс руу ... гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлснийхээ дараа бараагаа хүлээж байгаад ирэхгүй байхаар нь 8 дугаар сарын 30-ны өдер бараа яасан бэ гээд чат бичсэн чинь хариу бичихгүй байсан. ...Надад нийт 64.000 төгрөгийн хохирол учирсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 180 дугаар тал/,
Хохирогч Т.Н ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Hoodie shop нэртэй инстаграм хаяг руу бичиж бэлэн байгаа гэсэн малгайтай цамцнаас нь 3 ширхгийг авахаар болж 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “... ” плазагийн 5 давхарт ажил дээрээ байхдаа захиалгаа баталгаажуулж хүргэлтээр авахаар тухайн онлайн шопоос ирүүлсэн Хаан банкны ... гэсэн С гэдэг хүний данс руу өөрийн Хаан банкны ... дугаарын данснаасаа 83.000 төгрөгийг ... гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. Тухайн өдрөө хүргэлтээр гарч амжихгүй, маргааш хүргэлтээр гарна гэхээр нь хүлээгээд байгаад байсан чинь маргааш нь ямар ч холбоогүй мөнгө шилжүүлснээс хойш тухайн онлайн шопоос хариу өгөхгүй байсан. Надад нийт 83.000 төгрөгийн хохирол учирсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 207 дугаар тал/,
Хохирогч Б.М гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ... тоот гэртээ байхдаа Hoodie shop гэсэн инстаграм хаягтай чатлаад 1 ширхэг малгайтай цамц 50.000 төгрөгөөр худалдан авахаар болж өөрийн Хаан банкны ... дугаарын данснаас С гэх хүний Хаан банкны ... дугаарын данс руу 50.000 төгрөг шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 239 дүгээр тал/,
Хохирогч Б.А ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ... тоот гэртээ байхдаа Hoodie shop гэсэн инстаграм хаягтай чатлаад 2 ширхэг пүүз 96.000 төгрөгөөр худалдаж авахаар болж өөрийн Худалдаа хөгжлийн банкны ... дугаарын данснаас С гэдэг хүний Хаан банкны ... дугаарын данс руу 96.000 төгрөг ... гэсэн утгатайгаар шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 5 дугаар тал/,
Хохирогч Э.Т ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ... тоот гэртээ байхдаа Hoodie shop гэсэн инстаграм хаягтай чатлаад 2 ширхэг малгайтай цамц 88.000 төгрөгөөс хямдруулаад 78.000 төгрөгөөр худалдаж авахаар болж урьдчилгаа өөрийн Хаан банкны ... дугаарын данснаас С гэх хүний Хаан банкны ... дугаарын данс руу 78.000 төгрөг шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 25 дугаар тал/,
Хохирогч Ж.Ү гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ... тоот гэртээ байхдаа Hoodie shop инстаграм хаягтай чатлаад захиалга хийж 1 ширхэг малгайтай цамц авахаар болоод урьдчилгаа 27.500 төгрөгийг шилжүүлсэн. Мөн ...40.000 төгрөг, ...16.400 төгрөгийг тус тус шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 39 дүгээр тал/,
Хохирогч Б.Ц ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Мандах суманд амарч байхдаа Hoodie shop гэсэн инстаграм хаягтай чатлаад захиалга хийж 3 ширхэг малгайтай цамц авахаар болж 68.600 төгрөгийг аавийнхаа Хаан банкны данснаас ... дугаарын данс руу шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 58 дугаар тал/,
Хохирогч Г.О гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ... тоот гэртээ байхдаа Hoodie shop гэсэн интаграм хаягтай чатлаад 2 ширхэг малгайтай цамц 41.000 төгрөг худалдаж авахаар болоод өөрийн Хаан банкны ... дугаарын данснаас Хаан банкны ... дугаарын данс руу 41.000 төгрөг шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 82 дугаар тал/,
Гэрч С.С гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Надад Хаан банкны ... дугаарын данс байдаг. Би тухайн дансаа өөрөө ашигладаг бас манай салсан найз охин Д давхар ашигладаг. Би Хаан банкны ... дугаарын дансаа нээх ашигладаггүй, хааяа л нэг ашигладаг болохоор манай найз охин Д надаас салаагүй байхдаа 2020 оноос зхлэн Hoodie shop нэртэй онлайн шоп ажиллуулдаг байсан ба миний дансаар захиалгаа авч би захиалгыг нь хүргэж өгдөг байсан. Тэгээд ковид гараад хил хаагдсан учраас хүмүүсийнхээ барааг авчирч өгч чадахаа болиод бид хоёр хоёр талаасаа мөнгө нийлүүлээд би ээжээсээ 2, 3 сая төгрөг зээлж аваад, Д найзуудаасаа 2, 3 сая төгрөг зээлж босгоод хүмүүсийн мөнгийг нь буцааж өгсөн. Тэрнээс хойш би онлайн шопынх нь ажилд оролцохоо болиод 2022 оны 01 дүгээр сараас эхэлж тусдаа ажил хийж эхэлсэн. Миний Хаан банкны ... дугаарын дансны орлого, зарлагын мэдээлэл надад харагддаг учраас би Д г хүмүүсийн барааг өгөхгүй, захиалга хийхгүй байж онлайн шопоороо залилан хийж байгааг мэдсэн. Намайг Д гоос салаагүй байхад Д руу хүмүүс бараагаа авъя, мөнгөө авъя гэж зөндөө залгадаг байсан учраас Д дахиж хүмүүсээс захиалга аваад өмнөх хүмүүсийн мөнгийг буцаагаад өгдөг байсан. Би ч бас хааяа цалингаа буухаар Д гийн асуусан хэмжээгээр нь мөнгө өгдөг байсан. Тэгээд Д гийн найзууд нь бас өмнө нь зээлсэн 2, 3 сая төгрөгийнхөө өрийг нэхээд эхэлсэн чинь надаас зээлэх 2, 3 сая төгрөг байна уу гээд асуусан. Тухайн үед надад мөнгөний боломж байхгүй байсан учраас өгч чадаагүй. Тэгсэн чинь Д гийн найзууд нь ээж рүү залгаад болсон явдлыг хэлээд ээж нь хотод ирээд машинаа барьцаалж зээл тавьж Д гийн өрийг төлж өгсөн. Тэгээд ээжийгээ нутаг буцсаны дараа хамт түрээсэлж байсан байрандаа ирэхгүй байгаад байхаар нь чат руу нь ороод харсан чинь өөр залуучуудтай харьцдаг байсныг мэдээд тэрийг нь өөрт нь хэлээд уулзъя гэсэн чинь ерөөсөө уулзахгүй, уулзсан ч 1, 2 удаа хальт үсрээд 5 минут орчим уулзсан. Д өөрийн дансандаа картгүй байсан учраас миний Хаан банкны ... дугаарын дансны картыг надаас салсныхаа дараа ашигладаг байсан юм. Тухайн үед би тухайн дансыг нээх ашигладаггүй байсан болохоор авъя гэж боддоггүй байсан. Тэгсэн чинь нэг удаа манай эгч 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр над руу залгаад чиний дансаар хүн онлайн шоп ажиллуулаад мөнгө авч залилаад байгаа юм уу гэхээр нь Д руу ярьж асуухад би сүүлд захиалга аваагүй гэхээр нь манай эгч рүү чат бичсэн хүний фейсбүүкийг скрийншот хийгээд явуулсан чинь нөгөө хүнээсээ лавлаж асуугаад 45.000 төгрөг өгөх ёстой хүн байна гэсэн. Тэгэхээр нь би хэд хоногийн дараагаас Д миний дансыг ашиглаад залилан хийгээд байж магадгүй гэж бодоод картаа өөрөө хаачихсан. Тэгээд Д г карт чинь яасан гэж асуухаар нь мэдэн будилаад болж байх ёстой гэж хэлээд картаа уулзаж байгаад авсан. Би тухайн хяналтын камерын бичлэг дээрх этгээдүүдийг танина. Наад талд зогсоод АТМ-ээс мөнгө авч байсан эмэгтэй нь Д , хажууд нь зогсож байсан тайрмал үстэй, ногоон пиджактай эмэгтэй нь түүний найз Ж байна. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 218-219 дүгээр тал/,
2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн №29/7045 дугаартай Хаан банкны албан бичгээр “... ... тоот дансыг ... регистрийн дугаартай С гийн С эзэмшдэг...” гэх албан бичиг, дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 209-216 дугаар тал/,
Шүүгдэгч Ц.Д гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /1хх-ийн 14, 32, 50, 86, 102, 137, 153, 170, 187, 227, 243 дугаар тал, 2хх-ийн 9, 29, 47, 65, 86 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д гоос: “...Гэм буруугийн талаар маргах зүйлгүй, хохирлыг төлж барагдуулна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Д нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Эрх зүйн дүгнэлт:
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгө /мөнгө/-ийг нь шилжүүлэн авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын шүүгдэгч Ц.Д д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Тухайлбал шүүгдэгч Ц.Д гийн цахим хэрэгсэл буюу инстаграмм ашиглан хуурамч мэдээ, зар байршуулж, бусдыг төөрөгдөлж оруулж, эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан үйлдэл нь идэвхтэй бөгөөд буцаан өгөхгүй байх гэсэн субьектив санаатай, шунахайн сэдэлттэй байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргээс “Залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх үзсэн болно.
Иймд шүүгдэгч Ц.Д г “Залилах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг:
Шүүгдэгч Ц.Д нь тус гэмт хэргийн улмаас хохирогч М.О д 48.000 төгрөгийн, хохирогч Б.А д 20.000 төгрөгийн, хохирогч Э.Э д 44.000 төгрөгийн, хохирогч О.А д 41.000 төгрөгийн, хохирогч О.М д 44.000 төгрөгийн, хохирогч Б.Н т 60.000 төгрөгийн, хохирогч А.Х д 32.000 төгрөгийн, хохирогч Ч.Б д 66.000 төгрөгийн, хохирогч Ө.Н т 44.000 төгрөгийн, хохирогч Г.Г д 105.000 төгрөгийн, хохирогч Л.Т т 64.000 төгрөгийн, хохирогч Т.Н д 83.000 төгрөгийн, хохирогч Б.М д 50.000 төгрөгийн, хохирогч Б.А т 96.000 төгрөгийн, хохирогч Э.Т д 78.000 төгрөгийн, хохирогч Ж.Ү д 83.900 төгрөгийн, хохирогч Б.Ц т 68.600 төгрөгийн, хохирогч Г.О д 41.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан байна.
Шүүгдэгч Ц.Д нь хохирогч нарын хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Ц.Д гоос нийт 1.068.500 төгрөгийг гаргуулж дээрх нэр бүхий хохирогч нарт олгох нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Талуудын санал, дүгнэлт:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “…Шүүгдэгч Ц.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна.… ” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ц.Д нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Ц.Д гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 96 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн тодорхойлолт /2хх-ийн 97 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 98 дугаар тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /2хх-ийн 99 дүгээр тал/, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны тодорхойлолт /2хх-ийн 95 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Ц.Д д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Ц.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Д нь ... тоотод байнга оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаагаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Д г дээрх хугацаанд Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д нь шүүхээс оногдуулсан Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Д нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Ц ийн Д г үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Д д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д д шүүхээс оногдуулсан Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д гоос 48.000 /дөчин найман мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М.О д, 20.000 /хорин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.А д, 44.000 /дөчин дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.Э д, 41.000 /дөчин нэгэн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч О.А д, 44.000 /дөчин дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч О.М д, 60.000 /жаран мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Н т, 32.000 /гучин хоёр мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч А.Х д, 66.000 /жаран зургаан мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Б д, 44.000 /дөчин дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Н т, 105.000 /нэг зуун таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Г д, 64.000 /жаран дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.Т т, 83.000 /наян гурван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Н д, 50.000 /тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.М д, 96.000 /ерэн зургаан мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.А т, 78.000 /далан найман мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.Т д, 83.900 /наян гурван мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Ү д, 41.000 /дөчин нэгэн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.О д, 68.600 /жаран найман мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ц т тус тус олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Д нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц..Д д урьд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН