Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/84

 

 

                                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Э.Уранчимэг,

Шүүгдэгч Ц.М , Н.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Ц ийн М , Б овогт Н гийн Т  нарт холбогдох эрүүгийн 2209015512019 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Т , Ц.М  нар нь бүлэглэн ...  тоотоос 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр иргэн Г.Б ийн эзэмшлийн хашааны банзыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 598.080 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч Н.Т , Ц.М  нар нь бүлэглэн ...  тоотоос 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр иргэн Г.Б ийн эзэмшлийн хашааны банзыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 598.080 төгрөгийн хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Талуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд:

Хохирогч Г.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2022 оны 6 дугаар сард ...  тоотод байрлах өөрийн өмчлөлийн хашаандаа ирсэн чинь банзан хашааны нэг тал нь байхгүй болсон байсан. Нэг тал нь 30 метр урттай 2-н банзан хашаа алга болсон байсан. Би өөрийн хашаагаа нөхүүлж хүн хөлсөлж бариулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,

 

Гэрч О.О гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...ажлаа тараад гэртээ ирэхэд дүү М ын найз залуу Т  манай гэрт байсан. Тэгээд 23 цагийн орчимд Т  нь манай хашаанд 2, 3 банз авч ирээд тавьсан байсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 28-29 дүгээр тал/,

Сиди бичлэгт үзлэг хийсэн: “...уг хашаанаас банз аваад явж байгаа бичигдсэн байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 36-37 дугаар тал/,

 

Шүүгдэгч Н.Т ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “... 2022 оны 6 дугаар сарын 03-ны шөнө миний найз охин Ц.М  над руу залгаад “би нурсан хашаа олсон, зөөгөөд өг” гэж хэлсэн. Тэгээд би 00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах далангийн орчимд нурсан 3 ширхэг хашааг зөөгөөд Ц.М ын хашаанд аваачиж тавьсан. Маргааш нь цагдаа нар залгаад “хашаа хулгайлсан байна” гэсэн учраас авсан бүх хашааны банзыг тухайн хашаанд буцааж аваачиж тавьсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар тал/,

Шүүгдэгч Ц.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны орчим газарт орсон ба хүмүүсийн хаягдсан хашааны банз болон эд зүйл хаягдсан байдалтай байдаг. 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр би өөрийн найз залуу Н.Т т хандан “хоёулаа хашааны банзнуудыг цуглуулья, өвөл түлэх юмтай болж авъя” гэсэн. Тэгээд бид хамтдаа очиж Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хашааны банзнуудыг авч өөрийн ... тоот руу зөөсөн. Маргааш нь манай гэрт хүн “манай хашааны банзнуудыг аваад явсан байна, би цагдаад өгчихсөн” гэсэн болохоор нь авсан гэх бүх банзнуудыг буцаан тавьсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Т аас ...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж;

Шүүгдэгч Ц.М аас: “...Тухайн газар дахин төлөвлөлтөд орж байсан бөгөөд үүнтэй холбоотойгоор хохирогчийг өөрийн хашаагаа хаяад явсан гэж ойлгоод дотор нь байсан банзыг авсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж тус тус хэргээ хүлээн мэдүүлсэн нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул тэдний мэдүүлгийг яллах талын нотлох баримтаар үнэлэв.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Н.Т , Ц.М  нар нь бүлэглэн ...  тоотоос 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр иргэн Г.Б ийн эзэмшлийн хашааны банзыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, уг хулгайн банзыг Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас 598.080 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд энэ нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.

Шүүгдэгч нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр санаатай нэгдэж бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан,

Мөн гэмт хэргийг хоёр хүн, үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцож бүлэглэн үйлдсэн байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.Т , Ц.М  нарыг Хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Дамно ХХК нь хохирогч Г.Б ийн хашааны банзыг 598.080 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд уг банзыг буцаан өгсөн байх тул шүүгдэгч Н.Т , Ц.М  нар нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Талуудын санал, дүгнэлт:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...шүүгдэгч Н.Т , Ц.М  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Н.Т , Ц.М  нар нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй тус тус мэтгэлцээгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт  хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.Т , Ц.М  нарыг шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан ...хохирогчид учруулсан хохирлыг төлсөн...-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн...”-г эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Ц.М ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар тал/,

шүүгдэгч Н.Т ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр тал/ зэргээр тэдний хувийн байдлыг тогтоов.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Т , Ц.М  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т , Ц.М  нарыг хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж;

Тэнссэн хугацаанд тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М , Н.Т нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тэдэнд мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж;

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б  овогт Ц ийн М , Б овогт Н гийн Т  нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М , Н.Т нарыг хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Ц.М , Н.Т нарт тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М , Н.Т нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тэдэнд мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.М , Н.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БАТСАЙХАН