Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 136/ШШ2019/00175

 

               

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, ...-д оршин суух Б.Н /РД:/-гийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Дорноговь аймаг, ...-д оршин суух Б.М /РД:/-д холбогдох

            Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 6 965 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн асрамж гаргуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг 25 500 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

             Нэхэмжлэгч Б.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Б.М-тай 2009 онд танилцаж, 2011 онд гэр бүл болсон. Аав ээжийнхээ авч өгсөн 2 өрөө орон сууцыг 3 өрөө орон сууц болгож тусдаа гарсан. Бүх л гэр орныхоо эд зүйлийг шинээр авч, орон сууцаа янзлаад орсон. Намайг төрөхийн өмнө гэнэт л уурлаад эд хөрөнгийг маань эвдлээд, заналхийлээд, загнаад байсан. Бүх зүйл тэрнээс л эхэлсэн. Би тэр үйлдэлд нь маш их гомдсон. Тэр үйлдлээс хойш би 3 хоногийн дараа төрж байсан. Архи уугаад ирэхээрээ үр хүүхдүүдийнхээ хажууд дандаа эр, эмийн харилцаатай баймаар байна гээд байдаг. Намайг жаахан дургүйцхэээр уурлаад байдаг. Миний хамрыг хугалж байсан. Нүүрийг минь хэн ч танихын аргагүй болгож байсан. Үсдэж чирээд, ална гэж маш их доромжилж, дарамтыг үзүүлдэг байсан. Би энэ дарамт, доромжлолыг тэвчээртэйгээр өнгөрүүлдэг байсан. Дараа нь уучлалт гуйхаар нь дахиж тэгэхгүй байх гэж бодож, тэвчдэг байсан. Миний охин Х-ын аав нь намайг орхиж явснаа бодож харамсдаг байлгүй дээ. Надаас уучлалт гуйж, өршөөгөөрэй би охин та хоёрыгоо орхиод явсан, намайг өршөөж, уучлаарай гэж над руу мэссэж бичсэн. Тэгээд л хариуцагч намайг тэр хүнтэй уулздаг, учирдаг гэж элдвээр намайг дарамталж, доромжилж байсан. Би охиныхоо аавтай дахиж уулзаж, учирч, унтаж, хэвтсэн зүйл байхгүй. Би өдөр, шөнөгүй айдастай байдаг болсон. Сүүлдээ дандаа даралтны эм, зүрхний эм уудаг болсон.  Хариуцагч уурлахаараа эрүүл ч байсан, согтуу ч байсан эд зүйлээ эвдэлж, муу, муухай үгээр доромжлох, өөдөөс салаавч гаргах, нус, цэрээ хаях зэргээр дарамталдаг. Би жижигхэн хүнсний мухлаг ажиллуулдаг. Би үргэлж өглөөний 08 цагаас оройны 00 цаг хүртэл дандаа завгүй амьдралынхаа төлөө дэлгүүртээ суудаг. Ингэж намайг гутаан доромжилж, байнга дээрэлхдэг болохоор би сүүлийн 2-3 жилийн хугацаанд таагүй харилцаатай болсон. Би Б.М-д үнэхээр хайртай байсан болохоор сайхан амьдарна гэж мөрөөдөж явдаг байсан. Одоо харин үргэлж айдастай, түгшүүртэй байх болсон. Хүүхдүүдээ айдасгүй, амар тайван өсгөх юмсан гэж бодож байна. Би хүнснийхээ мухлагт сар болгон бөөний дэлгүүрээс бараа зээлж аваад, зараад сарынхаа бизнесийнхээ зээлийг төлж, хүүхдүүдийнхээ өмсөх хувцас, идэх хоолыг болгоод явж байна. Сарын эцэст ээж, аав, ах, эгч нараасаа мөнгө гуйж байж барааныхаа мөнгийг өгч болгож явна. Сэтгэл санааны хүнд байдалд би байнга байдаг. Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 6 965 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Би Хас банкнаас нийт 11,000,000 төгрөгийн зээл авсан. Одоо өнөөдрийг хүртэл ганцаараа зээлээ төлөөд явж байгаа. 2015-2016 онд манай нөхөр түр хугацаагаар ажилгүй, гэртээ байсан учраас би хүүхдийнх нь тэтгэлэгийг төлдөг байсан. Эдгээр мөнгөнүүдийг гаргуулахыг хүсэж байна.  Зээлий төлөлтийн 50 хувь буюу 5,500,000 төгрөг, хүүхдийн тэтгэлэгт төлсөн 1,465,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна” гэв.           

             Хариуцагч Б.М нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгч өөрөө үр хүүхдээ элэг бүтэн өсгье гэсэн чин сэтгэл байхгүй учраас энэ хүсэлтийг нь дэмжиж байна. Нэхэмжлэгчийн гаргадаг зан авир болон хийж байсан үйлдлүүдийг нь дурдъя. Анх гэр бүл болсон цагаасаа эхэлж “Чи муу гуйлгачин өмссөн хувцастайгаа ирсэн, зайл” гэж хэлдэг. Нэг удаа хадам эгч Ө ирэхэд танай дүү чинь элдвээр загнаад байх боллоо, та гуйлгачингийн эхнэр саятан байхыг сонссон уу гэж би эгчээс нь асууж байсан. Эгч нь дүүдээ хэлсэн байх. Тэр цагаас хойш гуйлгачин гэж загнахаа больсон. Харин хөөдөг байсан нь үргэлж хэвээрээ байсан. “Энэ бол миний юм, чиний юм энэ гэрт юу ч байхгүй, чи өмссөн хиртэй хувцастайгаа ирсэн, зайл, гар” гэх зэргээр намайг үргэлж хөөдөг байсан. Би тэр зүйлд нь сэтгэл санаагаар унаж өөрийгөө тайвшируулах зорилгоор архи уудаг нь миний буруу болдог байсан. Би хэсэг хугацаанд ажилгүй байсан нь үнэн. Би ажилгүй байхдаа гэртээ дээшээ хараад хэвтээгүй. Би төмөр замын депогоос хаягдал клапан төмрыг гуйж аваад 16 хутга хийсэн. Би ажилгүй байх хугацаандаа хутга хийснээс гадна өөрийнхөө дэлгүүрт өглөө 08 цагаас оройн 23-24 цаг хүртэл суудаг байсан. Дэлгүүрт байх компьютер дээр байрныхаа хүүхдэд кино олоод ир гэж хэлж байгаад кино авч  1000 гаруй кино компьютер дээр суулгасан байгаа. Би зүгээр гэртээ суугаад, гудамжинд гараад архи ууж явсан хүн биш. Амьдралынхаа төлөө бүхнээ зориулж, зүтгэсэн. 2 хүүхдийнхээ төлөө ч их юм хийсэн гэж өөрийгөө дүгнэдэг. Надад эд хөрөнгө, мөнгө төгрөг чухал биш. Надад үр хүүхэд маань чухал юм. Би сүүлийн 3-4 жилийн хугацаанд Д.Н-ийн янз бүрийн ааш авирыг тэсэж, тэвчиж ирсэн. Яагаад вэ гэхээр би 2 хүүхдээ элэг бүтэн өсгөчих юм гэж тэсэж, тэвчиж ирсэн. Сүүлдээ болохгүй болохоор нь хоёулаа хэсэгхэн хугацаанд тусдаа амьдаръя гэж Зам-Үүд сум руу шилжихэд нэхэмжлэл шүүхэд гаргасан байна. Мөн Д.Н 11,000,000 төгрөгийн 5,500,000 төгрөгийг надаас нэхэмжилсэн байна. 5,500,000 төгрөг надаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй зүйл юм. Би өнөөдөр Хас банкаар орж үлдэгдэлийн баримтыг авсан. 6,000,000 төгрөгийн зээл нь 1,750,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 5,000,000 төгрөгийн зээл нь 4,166,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 5,000,000 төгрөгийн зээлийг. Би 2018 оны 12 дугаар сараас Төмөр замын дээд сургуульд Ашиглалтын инженерээр сурж байгаа. Би яагаад сурж байгаа вэ гэхээр өнөөдрийг хүртэл вагоны холбогч, найруулагч, агент хийж воганд зүүгдэж явна гэдэг хэцүү юм. 60 хүрчихээд воганд авирна гэдэг хэцүү. Би 65 настай тэтгэвэрт гарна. Тийм учраас албан тушаал ахиулах зорилгоор, цалин мөнгө өсгөх, амьдрал ахуйгаа сайжруулах гэж сургуульд орсон. Намайг сургуульд ороод явахад нэхэмжлэгч намайг дэлгүүрийн мөнгөнөөс хулгай хийдэг, хулгай хийсэн мөнгөнөөсөө Замын-Үүдэд байх хүүхэндээ байр авч өгсөн загнадаг байсан. Тэгж загнадаг байж байгаад 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр сургуульд орохоор болоод явахад “Чи Долзодмаагийнхаа Замын-Үүд суманд байдаг байрыг заруулчихаад Улаанбаатар хотод байр авахуулчихаад тэд нар руу очих гэж байгаа биз дээ” гэж загнаж байсан. Тийм зүйл байгаагүй. Надаас 11,000,000 төгрөгийн 50 хувийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэхээр аливаа гэр бүлийн дундын өмчлөл, эд хөрөнгө гэдэг нь гишүүн бүрийн тоонд харьцуулсан харьцаа байдаг гэж би бодож байна. Зээлийн үлдэгдэл 5,916,000 төгрөгийн зургааны нэг болох 986,000 төгрөгийг төлөхөөс татгалзах зүйлгүй. Хүүхдийн тэтгэлэг 1,460,000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Би үүнийг төлөх боломжгүй. Дэлгүүрийг ажиллуулах гэж 500,000 төгрөгийн гүйлгээ хийх боломжтой зэс карт аваад Д.Насандбуянд өгсөн. Сарын дотор эргэн төлөлтийг нь хийж байгаарай гэж хэлээд өгөхөд огт төлөлтийг хийж байгаагүй. Би яаж хийж байгаад төлбөрийг нь төлсөн. Дараа нь дахиад төлөлтийг нь цаг хугацаанд хийж байгаарай гэж өгөхөд за гэж хэлээд авсан. Дахиад хугацаанд нь төлөлгүй 2 сарын хугацаа хэтрүүлж байгаад 500,000 гаруй төгрөг болгож байгаад төлсөн. Тэгэхээр нь за болъё гэж хэлээд картаа аваад дахин төлөлтийг нь би хийж байсан. Хүүхдийг асрамжийг зөвшөөрөхгүй байна. Хүүхдийн тэтгэлэгт төлсөн мөнгийг нэхэмжилсэн байсан. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нотлох баримт шүүхэд гаргаж өгсөн байсан. Тэр нотлох баримтад миний гарын үсэг цөөнгүй, олон удаа бичигдсэн байгаа. Би өөрөө цаг хугацаанд төлдөг байсан. Иймд 1,465,000 төлөх шаардлагагүй гэж үзэж байна” гэв.

         Хариуцагч Б.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Н-тай гэр бүл болсноос хойш М.С, М.С төрсөн бөгөөд, хоёр охиноо өөрийнхөө асрамжинд авч Б.Н-гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах, мөн гэр бүл болсноос хойш бий болсон дундын эд хөрөнгө болох 1-р байр 80 айлын 61 тоот 3 өрөө байр 40 сая, тус байрны 64 тоот 1 өрөө байр 15 сая, 46-56 УБВ улсын дугаартай Ланд-80 авто машин 15 сая, 1-р 80 айлын урд байрлах граж 6 сая, Хатанбулаг суманд байрлах 4.5х9.5м кв хүнс барааны дэлгүүр 5 сая нийт 13 500 000 төгрөг, цалингийн зээл болох 24 сая төгрөгийн 50 хувийг гаргуулна гэв.

                 Нэхэмжлэгч Б.Н сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Охин М., охин М. нарын талаар тайлбарласан бөгөөд хариуцагч Б.М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг учраас хоёр охиноо өөрийн асрамжинд авах талаар тодорхой тайлбарласан бөгөөд хууль хяналтын байгууллага, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагад хандан өргөдөл гомдол гаргасны дагуу шүүхэд гэр бүл цуцлуулах нэхэмжлэл гаргахын өмнө хоёр охиноо өөрийн асрамжинд авсан тул түүний хүүхдийн асрамж тогтоолгох сөрөг шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Б.М нь Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг тул шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.2 дахь хэсэг, 129.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан талууд шүүхээр гэр бүлийн маргаанаа эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд тусдаа амьдрахыг даалгаж, насанд хүрээгүй охин М.Сүндэръяа, М.Сийлэгмаа нарыг эх Б.Нгийн асрамжинд байлгахыг даалгаж шийдвэрлэсэн гэж ойлгосон.

                Б овогтой Н /РД:/ миний бие Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн Шинэ зуун гудамжны 28 дугаар байрны 61 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг худалдаж авахдаа миний аав, ээж хоёр тус байрны 42 тоот 2 өрөө байрыг худалдан авч өгсөн бөгөөд энэ 2 өрөө байраа 61 тоот болгон 3 өрөө байраар солиод зөрүү болох 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийг нэмж өгсөн байдаг . Уг орон сууцыг худалдан авахад Б.М-гийн зүгээс ямар нэгэн мөнгө төгрөг гаргаагүй бөгөөд миний аав , ээжийн болон миний хөдөлмөрийн үр шимээр бий болсон хөрөнгө. Мөн тус байрны 64 тоот 1 өрөө орон сууц нь миний хууль ёсны өмч биш бөгөөд миний ахын өмчлөлийн орон сууц юм. Ланд крузер маркийн автоамашин нь манай гэр бүлийн хөрөнгө биш бас манай ахын нэр дээр бүртгэлтэй байдаг. Хатанбулаг суманд байрлах дэлгүүрийг би Мтай гэр бүл болж амьдрахаас өмнө худалдаж авч ажлуулж байсан учир гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө болохгүй. Хүнсний дэлгүүрийг манай ах ажлуулдаг. Мгийн авсан цалингийн зээлийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

          Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Б.М-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 6 965 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Б.М нь Б.Н-д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг 25 500 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

           Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах  үндэслэлтэй гэж үзэв.

        Нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Б.Н нар нь 2008 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэр бүл болсноо 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь, мөн тэдний дундаас 2011 оны 05 дугаар сарын 21-ний өдөр охин М.С, 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр охин М.С нар төрсөн нь гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 15, 16, 17 дугаар тал/

          Зохигчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч дэмжиж, хариуцагч  зөвшөөрч байгаа зэргийг нь харгалзан шүүх гэрлэгчдэд эвлэрэх хугацаа олгохгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

            Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

         Гэрлэгчид гэр бүлээ цуцлуулах үедээ хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа тохиролцож болох боловч зохигчийн хэн алин нь охин М.С, М.С нарыг өөр өөрийн асрамжид авах шаардлага гарган маргажээ.

         Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Хүүхэд 7 ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ түүний саналыг харгалзан үзнэ”  гэж заасан ба 7 настай охин М.С “Эхийн асрамжид байх” санал гаргасан байна.

          Шүүх бага насны хүүхэдэд эхийн халамж, асрамж зайлшгүй шаардлагатай, хүүхдийн санал, хэрэгт авагдсан бусад баримтуудыг харьцуулан үзэж, 2 хүүхдийг эх Б.Н-гийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

         Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “...эцэг эх нь хүүхдээ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.

     Иймд охин охин М.С, М.С нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.М-гаас сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүүлэх үндэслэлтэй байна.

         Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н хариуцагч М-г хүүхдүүдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдах нь зүйтэй.

         Гэрлэгчдийн эд хөрөнгийн маргааны талаар:

         Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж заасан.

          Маргааны зүйл болж буй Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р баг 1-80 айл 64 тоот орон сууц Б.Т-н, Ландкрузер-80 маркийн 46-56 УБВ улсын дугаартай автомашин Э.Б-н өмчлөлийн болох нь тогтоогдож байна. / хх-54, 55 дугаар тал/

          Иргэний эрх зүйн маргаанд зохигч өөр өөрсдийн тайлбар, үндэслэлийг нотлох үүрэгтэй.

          Дорноговь аймгийн Хатанбулаг суманд байрлах 4.5х9.5 хэмжээтэй хүнс, барааны дэлгүүр, Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р баг 1-80 айлын урд байрлах автомашины граж, хэний өмчлөлийн болох нь тодорхой бус байх тул гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй. 

          Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна гэж заасан.

          Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р баг 1-80 айлын 61 тоот орон сууцны өмчлөгчөөр Б.Н үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл бүртгэгдсэн хэдий ч улсын бүртгэл нь 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хийгдсэн. Гэрлэгчид гэрлэлтээ 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдөр бүртгүүлсэн байна. 

          Дээрх бүртгэлээс үзэхэд тухайн маргааны зүйл болох орон сууц нь гэрлэгчдийг хамтран амьдрах явцад бий болсон хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй юм.

          Гэрлэгчид Хас банкнаас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 6 000 000 төгрөгийн, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 5 000 000 төгрөгийн, 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өрхийн хэрэглээний зориулалтаар 24 000 000 төгрөгийн зээл авсан нь зээлийн гэрээ, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

        Зохигч хэн алинаасаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөх төлбөрийн 50 хувийг шаардаж нэхэмжлэл гаргасан.

        Бусдад төлөх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг талууд хэн алинаасаа шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

        Дээрх зээлийн гэрээнүүдэд Б.Н, Б.М нар нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр тодорхойлогдсон байх ба тэд гэрлэлтээ цуцлуулсан байх нь гэрээний үүрэгт хамааралгүй болно.

         Нэхэмжлэгч Б.Н хүүхдийн тэтгэлэгт төлсөн 1 465 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба уг нэхэмжлэлийн шаардлагыг гэрлэлт цуцлуулах тухай хэргийг шийдвэрлэхэд хамт шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

            Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн бус шаардлагад нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Мгаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгийн улсын тэмдэгтийн хураамжид 50 873 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулж, эд хөрөнгийн шаардлагад нэхэмжлэгчийн төлсөн 126 390 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 458 600 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                              ТОГТООХ НЬ:

          1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б.Н, Б.М нарын гэрлэлтийг цуцалсугай.

          2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2011 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин М.С, 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин М.С нарыг эх Б.Н-гийн асрамжид үлдээж, хариуцагч Б.М-гийн 2 хүүхдийг өөрийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

         3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н хариуцагч М-г хүүхдүүдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй болохыг дурдсугай.

           4. Гэр бүлийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хүүхдийн асрамжийг өөрчлөх тодорхой нөхцөл үүссэн тохиолдолд хариуцагч асрамжийн асуудлыг өөрчлөх шаардлага хэдийд ч гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт 2011 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин М.С, 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин М.С нарыг тус тус эцэг Б.М-аар тэжээн тэтгүүлэхээр тэтгэлэг тогтоосугай.

            6. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.М-аас сар бүр 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 2011 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин М.С, 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин М.С нарт тус бүрт хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

           7. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар хүүхдийн тэтгэлэгт төлсөн 1 465 000 төгрөг, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөх 5 500 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэгт 13 500 000 төгрөг, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөх 12 000 000 төгрөг гаргуудах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.                

          8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.М-аас нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 50 873 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

          9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-аас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-д олгосугай.

          10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

          11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн шаардлагад нэхэмжлэгчийн төлсөн 126 390 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 458 600 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          12. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Доржсүрэнд даалгасугай.

          13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

           14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

                                                 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА