Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/95

 

              

                                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Ц.Буянхишиг,

Шүүгдэгч Б.Б оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныБ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б гийн Б д холбогдох эрүүгийн 2109007231006 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.А ийн ашиглаж байсан иргэн Ө.Т ын эзэмшлийн Хаан банкны виза картыг нууцаар авч, улмаар түүний виза картнаас 1.050.000 төгрөгийг хууль бусаар аван бусдад 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.             

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

Шүүгдэгч Б.Б нь “...2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.А ийн ашиглаж байсан иргэн Ө.Т ын эзэмшлийн Хаан банкны виза картыг нууцаар авч, улмаар түүний виза картнаас 1.050.000 төгрөгийг хууль бусаар аван бусдад 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан... хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд:

Хохирогч Т.А ийн мөдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд байх охиныхоо гэрээс гарч Дэнжийн мянгад очиж дэлгүүрээс 200 граммын архи худалдаж авч уугаад “Хүчит Шонхор” захаас 56.000 төгрөгөөр мах худалдаж авсан юм. Тэгээд тэнд байдаг АТМ-ээс 5.000 төгрөг аваад такси барьж 32-ыг автобусны буудал дээр хүргүүлээд буугаад явж байтал 40 гаруй насны, хар царайтай, туранхай биетэй, хар өнгийн саравчтай малгайтай хүн тааралдаад хамт архи ууя гээд бид хоёр 17-ын автобусны буудал руу алхаж байгаад нэгэн дэлгүүр рүү орж архи авч байсан санагдаад байна. Тэгээд би юу болсон талаар санахгүй байна, нэг мэдэхэд охиныхоо гэрт сэрсэн юм. Гэтэл миний зах руу авч явсан эхнэр Ө н Т ын эзэмшлийн Хаан банкны виза карт байхгүй байсан бөгөөд уг картаас нь 18 цаг 58 минутад 1.000.000 төгрөг, мөн 19 цаг 13 минутад 50.000 төгрөг тус тус гарсан байсан. Би уг картаас мөнгө авч чаддаггүй бөгөөд надтай хамт архи уусан хүн эхнэрийн картаас мөнгө авсан гэж үзэж байна. ...Би тухайн өдөр гудамжинд танилцаж архи уусан залуу надтай хамт архи авах гэж дэлгүүр орохдоо картын нууц үгийг мэдсэн байх гэж бодож байна. Би архи авч уусан дэлгүүрээ зааж өгч чадахгүй. Ямар нэртэй дэлгүүр байсныг нь мэдэхгүй байна. ..." гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/,

 

Иргэн Ө.Т ын Хаан банк-нд эзэмшдэг ... тоот дансны хуулга /хх-ийн 33 дугаар тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр сидинд үзлэг хийсэн тэмдэглэл, уг бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 36-39, 45 дугаар тал/,

 

2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 122-130 дугаар тал/,

 

Шүүгдэгч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “..Би тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/,

-Түүний шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Эрх зүйн дүгнэлт:

            Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: ...Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.А ийн ашиглаж байсан иргэн Ө.Т ын эзэмшлийн Хаан банкны виза картыг нууцаар авч, улмаар түүний виза картнаас 1.050.000 төгрөгийг хууль бусаар аван бусдад 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Б нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлийн эд хөрөнгийг гэмт этгээд ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг ойлгоно.

Шүүгдэгч Б.Б нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт “...энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээ /гурван зуун мянган төгрөгөөс доош/-ний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй...” гэж заасан бөгөөд уг гэмт хэргийн улмаас бусдад 1.050.000 төгрөгийн хохирол учирсан байна. 

Иймд шүүгдэгч Б.Б ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Т.А т 1.050.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Б.Б нь хохирлыг төлж барагдуулаагүй байна.

Иймд шүүгдэгч Б.Б аас 1.050.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.А т олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Талуудын санал, дүгнэлт:

Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 жил 11 сар 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 9 жил 11 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 69 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Б нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Б ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 107 дугаар тал/, ял шийтгэлийн лавлагаа /хх-ийн 74 дүгээр тал, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 92-105, 134-140 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 108 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор, уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/698 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Б ыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ЦХШЗ/809 дугаартай шүүгчийн захирамжаар 419 дугаар нээлттэй хорих ангиас цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлэн цагдан хорьж, ялын тооцоог 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгожээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б д энэ тогтоолоор оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/698 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 жил, 11 сар, 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 8 жил, 9 сар, 11 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 69 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж;

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Б гийн Б ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ыг 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б д энэ тогтоолоор оногдуулсан 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялыг өмнөх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/698 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 /долоо/ жил, 11 /арван нэг/ сар, 11 /арван нэг/ хоногийн хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 8 /найм/ жил, 9 /ес/ сар, 11 /арван нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Тус хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б аас 1.050.000 /нэг сая тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.А т олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.БАТСАЙХАН