Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 1110

 

 

 

 

 

 

 

 

Н.Б, Б.Бнарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ц.Отгонсүрэн,

шүүгдэгч Н.Бгийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулж,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 1394 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Отгонсүрэнгийн бичсэн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 36 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Н.Б, Б.Бнарт холбогдох эрүүгийн 1910000000362 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Н.Б нь Б.Бтэй бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23 дугаар гудамжны 01 тоотод оршин суух иргэн А.Алтан-Эрдэнийн гражид нэвтрэн “Fаgоr” маркийн шарах шүүгээг хулгайлан 193,098 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23 дугаар гудамжны 01 тоот А.Аптан-Эрдэнийн гражид нэвтрэн орж “Funai” маркийн зурагт, удирдлага, 2 ширхэг дугуй зэргийг хулгайлан 784,200 төгрөгний хохирол учруулсан,

Н.Б нь ганцаараа 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Нисэхийн автобусны буудлын эцэст үйл ажиллагаа явуулдаг махны дэлгүүрт байрлах гоо сайхны лангуунаас иргэн Б.Мөнхзулын “Ай фоне 6 эс” загварын гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 472,000 төгрөгний хохирол учруулсан,

Мөн ганцаараа 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг үсчний газарт иргэн Ц.Одонтуяагийн Самсунг Эс-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 327,500 төгрөгний хохирол учруулж, нийт 4 удаа үргэлжилсэн, бүлэглэсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, орон байранд нэвтэрч нийт 1.776.798 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Б.Бнь Н.Бтэй бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23 дугаар гудамжны 01 тоот А.Алтан-Эрдэнийн гражид нэвтрэн орж “Fаgоr” маркийн шарах шүүгээг хулгайлан 193,098 төгрөгний хохирол учруулсан,

Мөн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23 дугаар гудамжны 01 тоот А.Аптан-Эрдэнийн гражид нэвтрэн орж “Funai” маркийн зурагт удирдлагын хамт, 2 ширхэг дугуй зэргийг хулгайлан 784,200 төгрөгийн хохирол учруулж, нийт 2 удаагийн үйлдлээр орон байранд нэвтэрч нийт 977.298 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Н.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн,

Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Б.Б, Н.Б нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал илэрсэн тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй байна. Үүнд:

Шүүх хуралдаан шүүгдэгч Б.Б“...Би шүүгдэгч Н.Бтэй хамт хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй, мөрдөгч нар намайг болон Н.Бг зодож, уг гэмт хэргийг хүлээлгэсэн, мөрдөгч нарт гомдолтой байна, эд зүйлийг нь буцаагаад өгчихсөн тул энэ хэрэг хаагдана гэж худал хэлж, мөн намайг зодож уг хэргийг хүлээлгэсэн...” гэсэн,

шүүгдэгч Н.Б “...Би уг хэргийг ганцаараа үйлдсэн Б.Бах оролцоогүй, айлаас орж хулгай хийчихээд, хулгай хийсэн гэдгээ Б.Бахад хэлээгүй, түүнийг дуудаж хамт өргөлцөөд явсан байдаг, энэ талаар эрүүгийн төлөөлөгч, мөрдөгч нарт хэлэхэд бичлэгтэй, чи хэргээ хүлээ гээд намайг зодож, дарамталсан...” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа “...Миний үйлчлүүлэгч Б.Бийг мөрдөгч нар зодож хэрэг хүлээлгэсэн, Н.Бтэй хамт хулгайн гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг Н.Б ч хэлдэг, Б.Бч хэлдэг. Н.Б болон Б.Бнарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч нар зодсон тухай удаа дараа өмгөөлөгч надад хэлж байсан. Иймд энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхээс өмнө шүүгдэгч нарыг мөрдөгч зодсон, эрүүдэн шүүсэн эсэхийг шалгах ёстой. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нарыг өмгөөлөгч авах боломж бололцоогоор хангаагүй...” гэсэн мэдүүлэг, саналыг гаргасан болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн төлөөлөгч, мөрдөгч нар шүүгдэгч Н.Б, Б.Бнарыг зодож дарамталж байгаад мэдүүлэг авсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б, Н.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа нар мэдүүлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нарыг өмгөөлөгчгүй оролцуулсан нь энэ талаар гомдол гаргах хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, энэ талаар шалгах шаардлагатай, энэ асуудлыг шалгаж тодруулсны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь хэрэгт ач холбогдолтой байна гэж шүүх дүгнэв.

Дээр дурдсан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдэх дээрх ажиллагаануудыг бүрэн хийж, зөрчлийг арилгах нь зүйтэй гэж үзэж хэргийг прокурорт буцааж...” шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Отгонсүрэн бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар ажиллагааг хийж гүйцэтгэх талаар тодорхойгүйгээс шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна. Үүнд:

Хэрэгт авагдсан хохирогч А.Алтан-Эрдэнэ, гэрч А.Баатар, Н.Даваасүрэн нарын мэдүүлэг “Дамно” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан үнэлгээний тайлан, “Дамно” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гаргасан үнэлгээний тайлан, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрчээр Н.Бгийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэг, мөн Н.Бгийн 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн мэдүүлэг, мөн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Н.Б яллагдагчаар хэргийн талаар дахин мэдүүлэг өгсөн байна.

Эрүүгийн 1910000000362 дугаартай хэрэгт Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Туул мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан, мөн тус тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Хулангоо мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад яллагдагч Н.Б нь Б.Бтэй бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн талаар мэдүүлсэн, хулгайн гэмт хэргийг үйлдэн эд зүйлийг зөөж байгаа бичлэг хэрэгт хавсаргагджээ.

Яллагдагч Н.Бг цагдан хоригдох хугацаанд хэрэгт хяналт тавьж байсан прокуророос 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр, 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр, 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр биечлэн уулзаж саналт хүсэлтийг авахад “санап хүсэлт гаргаагүй” талаар тэмдэглэл үйлдсэн байна.

Яллагдагч Н.Б, Б.Бнар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заасан хэрэгт нь яллагдагч нар өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгөхөөс татгалзаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг заавал өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дүгээр сарын 23-ны өдрийн 1394 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Н.Бгийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. Шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгчөөр хангагдаагүй байсан. Үүнээс үүдэж шүүгдэгч нарын мэдүүлгээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй болсон. Шүүгдэгч нарын мэдүүлгийг давхар эх сурвалжаар нотлох шаардлагатай гэж буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.  

Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Шүүгдэгч Б.Бнь бичиг үсэг мэдэхгүй юм. Мөрдөн байцаалтад бичиг үсэг мэдэхгүй гэхээр “өмнө өгсөн байцаалт дээрээ өмгөөлөгчгүй байцаалт өгөөд гарын үсэг зурсан байна. Өмнөх мэдүүлэгтэй чинь адилхан юм бичсэн байгаа гарын үсгээ зур” гэж хэлээд гарын үсгийг нь зуруулсан байдаг. Шүүгдэгч Б.Банхнаасаа “би энэ хэрэгт оролцоогүй” гэдэг. Шүүгдэгч Н.Бгийн хувьд “Батцэнгэлтэй хамт хулгайн гэмт хэргийг хийсэн” гэдэг. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрч байна. Мөн гутлын мөрүүдийг шалгуулах хэрэгтэй, мөрдөн байцаагч нар дарамталсан гэдэг асуудал олон удаа яригддаг боловч тогтоогоогүй...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж дүгнэв.

Анхан шатны шүүх “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн төлөөлөгч, мөрдөгч нар шүүгдэгч Н.Б, Б.Бнарыг зодож дарамталж байгаад мэдүүлэг авсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б, Н.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа нар мэдүүлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нарыг өмгөөлөгчгүй оролцуулсан нь энэ талаар гомдол гаргах хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, үүнийг шалгах шаардлагатай бөгөөд уг асуудлыг шалгаж тодруулсны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь хэрэгт ач холбогдолтой байна...” гэж дүгнэж, 1910000000362 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна.

Эрх бүхий албан тушаалтны өөрийнх нь хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн үйл ажиллагаануудаас анхан шатны шүүхийн мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан тус дүгнэлтийг үгүйсгэх, няцаах нотлох баримт байхгүй байна.

Иймд шүүгдэгч Н.Б, Б.Бнарыг эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэсэн эсэх асуудлыг шалгаж, шаардлагатай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсны дараа хэргийг хянан шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх”, 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох” зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнээд 1910000000362 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

  Мөн шүүгдэгч Б.Бнь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр анх гэрчээр мэдүүлэхдээ “...бага боловсролтой...” гэдгээ мэдүүлсэн бөгөөд мөрдөн шалгах  ажиллагааны үед түүнээс яллагдагчаар мэдүүлэг авахдаа болон прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ бүрэн дунд боловсролтой гэж бичсэн байх тул хувийн байдлыг нь эргэлзээгүй тогтоох шаардлагатай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 1394 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Отгонсүрэнгийн бичсэн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 36 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

                           ШҮҮГЧ                                                             Б.ЗОРИГ

 

               ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ