| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0126/З |
| Дугаар | 221/МА2025/0167 |
| Огноо | 2025-02-27 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2025/0167
|
|
|
|
“Э ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Л.А, хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц,
Нэхэмжлэгч: “Э ” ХХК,
Хариуцагч: Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагч Л.А,
Хариуцагч: Сангийн сайд,
Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Хяналт шалгалтын тухай” 119 дүгээр дүгнэлт, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” 213 дугаар тушаалын “Э ” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 926 дугаар шийдвэртэй захиргааны хэрэг,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, хариуцагч Л.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дэлгэрмөрөн
Хэргийн индекс: 128/2024/0126/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 926 дугаар шийдвэрээр: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.15, 52 дугаар зүйлийн 52.1, 52.1.14, 521 дугаар зүйлийн 521.2.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг баримтлан “Э” ХХК-аас, Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А, Сангийн сайд Б.Ж нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Хяналт шалгалтын тухай” 119 дүгээр дүгнэлт, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” 213 дугаар тушаалын “Э ” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Л.А, хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:
2.1. ...шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчтэй холбоотойгоор Худалдан авах ажиллагааны улсын байцаагчаас 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн "Хяналт шалгалтын тухай" дүгнэлтээр нэхэмжлэг хуулийн этгээдтэй холбоотойгоор тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад нөхцөл үүссэн болохыг тодорхой дүгнэснийг хууль бус гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
2.2. Шүүхийн шийдвэрт дурдсан үндэслэлд анх тухайн хяналт шалгалтыг хийлгэх хүсэлт ирүүлсэн Зам, тээврийн хөгжлийн яамны 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 03/3741 тоот албан бичгийн хавсралтад "Д" ХХК-ийн нэр байсан болохоос биш "Э " ХХК-ийн нэр байгаагүй гэх үндэслэлийг дурдсан нь үндэслэлгүй юм. Учир нь тус албан бичгийн хавсралтад Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын байгуулсан 2020 оны 191 дугаартай "Ховд аймгийн Манхан сумын төлбөр авах цэгийн барилга байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ"-ний үүрэг гүйцэтгэгдээгүй талаар мэдээлэл ирүүлсэн. Хэдийгээр албан бичигт "Э " ХХК-ийн нэрийг дурдаагүй боловч энэ нь тухайн компанийг гэрээнд түншлэлийн гишүүнээр нэр заан бичигдсэн үйл баримт болон гэрээний үүрэг хамтран гүйцэтгэх үүргээс чөлөөлөхгүй юм.
2.3. Хуульд зааснаар Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч нь холбогдох байгууллагаас ирүүлсэн мэдээллийн дагуу хяналт шалгалт хийх үндэслэлтэй эсэхийг нягталж, үндэслэлтэй тохиолдолд тухайн асуудлаар хуульд заасан "тендерт оролцогч" нарыг бүрэн хамруулсан удирдамж гаргах ёстой бөгөөд захиалагч байгууллагаас ямар нэг шалтгаанаар түншлэлийн гишүүнийг нэр заагаагүй нь тухайн үүрэг зөрчигдсөн гэрээнд холбогдох "тендерт оролцогч"- той холбоотойгоор хяналт шалгалт хийхийг хязгаарлах үндэслэл болохгүй.
2.4. Түүнчлэн шүүхийн шийдвэрт "Э " ХХК-ийг COHCOX ажиллагаанд оролцуулах боломж олгоогүй, тухайн компанийн гүйцэтгэх үүргийг гэрээнээс тусгайлан нягтлаагүй гэх үндэслэл гаргасан нь дараах байдлаар үндэслэлгүй байна.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс өөрт нь мэдэгдэл ирүүлээгүй гэх асуудлаар анх удаа гаргасан тайлбарт Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 11/6310 тоот албан бичгийг нэхэмжлэгчийн хаягаар тухайлан хүргүүлсэн тухай тодорхой тайлбарлаж, шаардлагатай бол шуудангаар хүргүүлсэн баримтыг шүүхийн журмаар гаргуулах боломжтой талаар мэтгэлцсэн. Шуудангаар тухайн компанид мэдэгдэл хүргүүлсэн асуудлаар нэхэмжлэгч тухайлан маргаагүй байхад хариуцагч Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийг бодит нөхцөл байдлыг тогтоох талаар хангалттай ажиллагаа хийгээгүй, сонсох ажиллагаанд оролцуулаагүй гэж дүгнэж буй нь үндэслэлгүй юм.
2.5. Хуульд зааснаар Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь хяналт шалгалтад хамрагдах талуудад мэдэгдэл хүргүүлж, цугларсан баримтын хүрээнд дүгнэлт гаргах ба мэдэгдлийн дагуу хүрэлцэн ирээгүй талыг албадан авчрах хууль зүйн боломжгүй. Мөн дээр дурдсан гэрээний үүрэгтэй холбоотой харилцаанд түншлэлийн гишүүд нь төлөөлөх эрх бүхий гишүүнээр "Д" ХХК-ийг томилсон итгэмжлэл гаргаж, түүний дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой бүхий л харилцаанд "Д" ХХК-ийн төлөөлөл захиалагчтай харилцаж байсан, ийнхүү төлөөлсөн асуудлаар "Э " ХХК маргаагүй байхад "Э " ХХК-ийг оролцуулахгүйгээр хяналт шалгалтыг үргэлжлүүлэх боломжгүй гэх нөхцөл байдал байхгүй юм.
2.6. Хэрэгт авагдсан 191 дугаартай гэрээний тусгай нөхцөлийн дагуу түншлэлийн гишүүн тус бүрд ялгаатайгаар үүрэг ногдуулсан нөхцөл байхад тухайн тусгай нөхцөлийн дагуу "Э " ХХК-ийн хүлээсэн аль үүргийн талаар бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж шүүх шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд тухайн үндэслэл нь гэрээний үүрэг зөрчигдсөнтэй холбоотой нөхцөл байдлыг үгүйсгэхгүй юм. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/0926 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “Э ” ХХК-аас “Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Хяналт шалгалтын тухай” 119 дүгээр дүгнэлт, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” 213 дугаар тушаалын “Э ” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Сангийн яам болон Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.Ад холбогдуулан гаргажээ.
2.1. Маргаан бүхий 119 дүгээр дүгнэлтээр “... Ховд аймгийн Манхан сумын төлбөр авах цэгийн барилга байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотойгоор “Э ” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож,
Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалаар “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 52 дугаар зүйлийн 52.1.14 дэх заалт, улсын байцаагчийн дээрх 119 дүгээр дүгнэлт зэргийг үндэслэж, нэхэмжлэгч “Э ” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаанд хамруулахаар шийдвэрлэжээ.
2.2. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Авто зам, байгууламжийг байнгын ашиглалтад авах ажлын хэсгийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 06/1822 дугаар акт, дүгнэлтээр гэрээг дүгнэн захиалагч тал хүлээж авсныг дурдан нотлох баримтаар үнэлүүлж, худалдан авах ажиллагааны улсын байцаагч Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг хийгээгүй, ...түншлэлийн гэрээ байгуулах хэлбэрээр ажил гүйцэтгэсэн нэхэмжлэгчийг гэрээт ажлын ямар хэсгийг хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан, ямар үүргийг гүйцэтгээгүй гэдгийг, гэрээний ямар үүргийг зөрчсөн нь ноцтой зөрчил болсон эсхүл гэрээний үүргээ биелүүлээгүй гэдгийг ялгаж дүгнэлтэд тусгаж дүгнэлт хийгээгүй нь хууль бус…” гэж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...хүсэлт гаргаагүй байхад заавал сонсох ажиллагаа явуулах шаардлага байхгүй, хэрэв “Д” ХХК-аас өөр тайлбар хийх ёстой гэж үзсэн бол сонсох ажиллагаанд оролцох эрх, үүрэг нь бүрэн нээлттэй буюу үүнийг ямар нэгэн байдлаар хязгаарлаагүй, ...нэр бүхий гурван компани санхүү, хүний нөөц, техник технологийн, туршлагын, тусгай зөвшөөрлийн шаардлагуудаа нэгтгэж, гэрээний үүргийг гүйцэтгэж чадна гэж тухайн тендерт оролцсон бол хамтарч хариуцлага хүлээх хуулийн зохицуулалттай” гэж тус тус тайлбарлан маргасан.
3. Анхан шатны шүүх “...гэрээгээр ажил гүйцэтгэх болсон этгээдүүд /түншлэгч нар/ нь гэрээний тусгай нөхцөлдөө хэрхэн тусгасан болох, нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс гэрээний аль үүргийг биелүүлээгүй болох, түншлэгч тус бүрийн гэрээний дагуух хүлээх үүрэг нь ямар үүрэг байсан болох, биелүүлээгүй үүрэг нь юу болох зэргийг хариуцагч улсын байцаагчийн зүгээс бүрэн дүүрэн тогтоогоогүй, үүгээрээ Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1. захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байх шаардлагыг маргаан бүхий дүгнэлт нь хангаж гараагүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй оролцогчийг бүрэн дүүрэн, бодитойгоор сонсоогүй, үүссэн нөхцөл байдлын талаар тайлбар гаргаж саналаа хэлэх боломж олгоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2. Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасныг хариуцагчаас хэрэгжүүлээгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
4. “Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Хяналт шалгалтын тухай” 119 дүгээр дүгнэлтийн “Э ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
4.1. Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар удирдамжийн хавсралтын 70-рт “Э ” ХХК-ийн нэр бичигдсэн бөгөөд улсын ерөнхий байцаагчаас хяналт шалгалт явуулах чиглэл өгсний дагуу хариуцагч улсын байцаагчаас “Э ” ХХК нь тендер шалгаруулалтад оролцохдоо худалдан авах ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн эсэх, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д заасан нөхцөл байдал үүссэн эсэх талаарх хяналт шалгалтын ажиллагааг явуулж, маргаан бүхий 119 дүгээр дүгнэлтийг гаргажээ.
4.2. Маргаан бүхий 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 119 дүгээр дүгнэлтээр: “...Ховд аймгийн Манхан сумын төлбөр авах цэгийн барилга байгууламжийн ажил” гүйцэтгэх гэрээтэй холбоотойгоор “Э ” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож, ...тус компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.
4.3. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 52 дугаар зүйлийн 52.1. Энэ хуулийн дагуу худалдан авах ажиллагааны талаар төрөөс хэрэгжүүлэх бодлого, арга зүй, хяналтын асуудлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхэлж дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 52.1.3. Худалдан авах ажиллагаатай холбоотой журам, заавар, аргачлал, жишиг баримт бичгийн төсөл, цахим тендер шалгаруулах журам, тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журам, цахим худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн урилга, үр дүнг зарлан мэдээлэх журам, худалдан авах ажиллагаанд мэдээллийн технологи, цахим хэрэгслийг нэвтрүүлэх нөхцөл, журам, батлах 52.1.5. Захиалагч худалдан авах ажиллагаанд зохих журмыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавьж, шинжилгээ, үнэлгээ хийх гэж,
мөн хуулийн 521 дүгээр зүйлийн 521:1-д “Худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий улсын ахлах байцаагч, улсын байцаагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад байна”, 521:2-т “Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь худалдан авах үйл ажиллагаанд тавих мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 521.2.1-д “энэ хуулийн 14.1.4, 14.1.6-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах” гэж тус тус заажээ.
4.4. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээс үзэхэд, Зам тээврийн хөгжлийн яам болон “Д” ХХК, “А д” ХХК, “Э ” ХХК-ийн түншлэлийн хооронд 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 191 тоот АХБ-ны МОН-3129 зээл, баруун бүсийн авто замын коридор хөрөнгө оруулалтын хөтөлбөр, ТӨСӨЛ 2: Ховд аймгийн Манхан сумын төлбөр авах цэгийн барилга байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний хугацааг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дуусахаар заасан, 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 105 дугаар Ховд аймгийн Манхан сумын төлбөр авах цэгийн барилга байгууламжийн ажлын нэмэлт гэрээг байгуулж, барилга байгууламжийн ажил дуусгах хугацааг 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 301 дугаар нэмэлт гэрээг байгуулан барилга
байгууламжийн ажил дуусгах хугацааг 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаагаар дахин сунгаж, дээрх хугацаанд багтаан дуусгаагүй тохиолдолд гэрээг дахин сунгахгүй болохыг тусгажээ.
4.5. Гэвч дээрх гэрээнд заасан хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу тогтоосон хугацаанд тухайн гэрээт ажлыг дуусгаж, хүлээлгэж өгөөгүй болох нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар “Ховд аймгийн манхан сумын төлбөр авах цэгийн барилга байгууламжийн үүрэг даалгаврын ажлын акт”, 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн үүрэг даалгаврын биелэлтийн талаарх хурлын тэмдэглэл, талуудын тайлбар зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх төдийгүй анх байгуулсан гэрээ болон хугацааг 2 удаа сунгасан нэмэлт гэрээнүүдийн хугацаа, гүйцэтгэсэн барилга байгууламжийн фото зураг, гүйцэтгэх ажлын цар хэмжээ болон гэрээний хугацаа зэргээс үзэхэд удаа дараа хугацааг сунгаж нэхэмжлэгчид боломж олгосон байхад 2 удаа гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д заасан үндэслэлд хамаарахаар байна.
4.6. Түүнчлэн, Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга захиалагчийн төлөөлж, Д ХХК-ийн захирал гүйцэтгэгчийг төлөөлж 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн АХБ-ны МОН-3129 зээл, баруун бүсийн авто замын коридор хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төсөл 2: Ховд аймгийн Манхан сумын төлбөр авах цэгийн барилга, байгууламжийн ажил гүйцэтгэх 191 дүгээр гэрээ байгуулагдсан ба уг гэрээний ерөнхий нөхцөлийн 9.1. Хэрэв гүйцэтгэгч нь хоёр буюу түүнээс дээш этгээдээс бүрдсэн түншлэл, консорциум, эсхүл нэгдэл байгаа тохиолдолд ийм бүх этгээд нь гэрээний тусгай нөхцөлд өөрөөр заагаагүй бол гэрээний заалтуудыг ханган биелүүлэх үүргийг захиалагчийн өмнө хамтаар болон дангаар хүлээх үүрэгтэй бөгөөд түншлэл, консорциум, эсхүл нэгдлийг баталгаажуулах үүднээс тэдгээр этгээдээс нэгийг нь эрх бүхий удирдах этгээдээр томилох...” гэж заасны дагуу 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Ц.Б нь “Д” ХХК, “Э” ХХК, “А” ХХК-ын түншлэлийг төлөөлж “Д” ХХК-ийн нэр дээр гэрээ, хэлцэл байгуулах, ажил эхэлж, дуусгах, гүйцэтгэх гаргах, гологдлыг барагдуулах, албан бичиг, баримт явуулах зэрэг сонгон шалгаруулалттай холбогдолтой бүх материалд гарын үсэг зураг эрх”-ыг олгосон итгэмжлэгдсэн бичгийг Зам тээврийн хөгжлийн яаманд хүргүүлжээ.
4.7. Дээрх эрх олгосон итгэмжлэлийн дагуу “Д” ХХК-аас Зам тээврийн хөгжлийн яамтай байгуулсан гэрээнд түншлэлийн аль нэг гишүүний гүйцэтгэх үүргийн талаар тусгайлан зохицуулсан зохицуулалт байхгүй тул Авто зам, замын байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах комиссын акт, дүгнэлтийн үүрэг даалгаврыг түншлэл хамтдаа бүрэн хариуцна гэж үзэхээр байх тул “...хяналт шалгалт хийлгэх хүсэлт ирүүлсэн Зам тээврийн хөгжлийн яамны албан бичигт “Э ” ХХК-ийн нэрийг дурдаагүй боловч энэ нь тухайн компанийг гэрээнд түншлэлийн гишүүнээр нэр заан бичигдсэн үйл баримт болон гэрээний үүрэг хамтран гүйцэтгэх үүргээс чөлөөлөхгүй” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.
4.8. Нөгөөтээгүүр, дээр дурдсан гэрээний үүрэгтэй холбоотой харилцаанд түншлэлийн гишүүд нь төлөөлөх эрх бүхий гишүүнээр "Д" ХХК-ийг томилсон итгэмжлэл гаргаж, түүний дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой бүхий л харилцаанд "Д" ХХК-ийн төлөөлөл захиалагчтай харилцаж байсан, ийнхүү төлөөлсөн асуудлаар "Э " ХХК-аас аливаа байдлаар маргаагүй энэ тохиолдолд хариуцагч улсын байцаагч нь хяналт шалгалтад хамрагдах талуудад мэдэгдэл хүргүүлж, “Д” ХХК-ийн захирал Ц.Б-ыг оролцуулан ...Ховд аймгийн Манхан сумын төлбөр авах цэгийн барилга байгууламжийн ажлын гэрээний үүргээ биелүүлээгүй гэх мэдээллийн талаар сонсох ажиллагаа явуулж, тайлбар авч цугларсан баримтын хүрээнд хуульд заасан эрх хэмжээнийхээ дагуу маргаан бүхий дүгнэлтийг гаргасан байх тул хариуцагч улсын байцаагч нь "Э " ХХК-д Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг хийгээгүй” гэж буруутгах боломжгүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь хяналт шалгалтад хамрагдах талуудад мэдэгдэл хүргүүлж цугласан баримтын хүрээнд дүгнэлт гаргах ба мэдэгдлийн дагуу хүрэлцэн ирээгүй талыг албадан авчрах хууль зүйн боломжгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй.
4.9. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан “Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Хяналт шалгалтын тухай” 119 дүгээр дүгнэлтийн “Э ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” 213 дугаар тушаалын “Э ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
5.1. Маргаан бүхий сайдын 213 дугаар тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 52 дугаар зүйлийн 52.1.14 дэх заалт, улсын байцаагчийн дээрх 119 дугаар дүгнэлт зэргийг үндэслэж, нэхэмжлэгч “Э ” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаанд хамруулахаар шийдвэрлэжээ.
5.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д “Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ: сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон” гэж, 14.5-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ”, мөн хуулийн 521 дугаар зүйлийн 521.1-д “Худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад байна” гэж, 521.3-т “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм болон тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журмыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газар батална” гэж,
Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журмын 2 дугаар зүйлийн 2.1-т “Тендерт оролцогч сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй ...улсын байцаагч тогтоосон... нь тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэл болно”, мөн журмын 2.4-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.2-т заасны дагуу ирүүлсэн саналд үндэслэн 30 хоногийн дотор энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу тушаал гарган, эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заажээ.
5.3. Дээрхээс үзэхэд, Сангийн сайдаас Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 119 дүгээр дүгнэлтийг үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалаар нэхэмжлэгч “Э ” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаагаар хамруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
6. Анхан шатны шүүх холбогдох хууль тогтоомжийг маргааны үйл баримтад нийцүүлэн зөв тайлбарлаж хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул дээрх үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 926 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 14.5, 521 дүгээр зүйлийн 521.2, 521.2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э ” ХХК-аас Сангийн яам, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.Ад холбогдуулан гаргасан “Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Хяналт шалгалтын тухай” 119 дүгээр дүгнэлт, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” 213 дугаар тушаалын “Э” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН