Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 157

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нарийн бичгийн дарга: Н.Номинчимэг;

Улсын яллагч: Ц.Сүхбат,

Шүүгдэгч: Ц.Мөнхбат, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ирүүлсэн Боржигон овогт Цэрэндоржийн Мөнхбатад холбогдох эрүүгийн 201625021651 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

           

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ хувиараа барилгын ажил эрхэлж байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 9 дүгээр гудамж, 449 тоотод оршин суух хаягтай, одоогоор Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн зусланд, Шүүхийн задгайд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд

 

1. Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 9 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

2. Чингэлтэй дүүргийн 2006 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2006 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 569 дугаартай тогтоолоор эдлээгүй үлдсэн 2 жил 05 сар 22 хоногийн хорих ялыг өршөөн суллагдсан, регистрийн дугаар ХД79050212, Боржигон овогт Цэрэндоржийн Мөнхбат.

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Ц.Мөнхбат нь 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн зуслангийн автобусны буудлын урд талд иргэн Д.Баянзулыг зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Мөнхбат мэдүүлэхдээ: Тухайн өдөр би хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд гэртээ архи уусан. Үдээс хойш Баянзулыг дуудахаар нь гэрт нь орж хамт архи уусан. Дараа нь би хүүхдээ авч чадахгүй нь гэж эхнэртэйгээ ярих гээд утас хайсан. Тэгээд би Баянзулын утсаар ярихаар утсыг нь авч гарсан. Баянзулыг гарч ирэхээр нь тоглоод хамаг нэгжийг чинь дуусгасан, нэгжгүй утсыг хаявал таарна гэж хэлэхэд  Баянзул миний толгой руу чулуугаар 3 удаа цохисон. Би өөрийгөө хамгаалж Баянзулыг мөргөсөн. Бид хоёрыг ноцолдож байхад цагдаа ирсэн гэв.

 

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Баянзул /хх-ийн 18-19/, гэрч Б.Хишгээ /хх-ийн 24-25/, гэрч Д.Түмэн-Өлзий /хх-ийн 26/, гэрч М.Алтанцэцэг /хх-ийн 27-28/, гэрч Ц.Ариунболд /хх-ийн 105-106/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7741 дугаартай дүгнэлт /хх-ийн 24/, шүүгдэгч Ц.Мөнхбатын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүгдэгч Ц.Мөнхбат нь 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн зуслангийн автобусны буудлын урд талд иргэн Д.Баянзултай хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан маргалдаж, улмаар түүнийг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Д.Баянзул мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Би 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн зуслан болох Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн зуслангийн задгайд гэртээ танил н.Болдбаатар, Сайннямбуу нарын хамт “Эзэнбогд” нэртэй 0.5 литрийн архи хувааж уух гээд задлаад сууж байтал 15 цагийн үед манай хажуу айлын хөрш залуу болох Мөнхбат согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд бид нартай задалж байсан архинаас хувааж ууцгаасан. Тэгээд Мөнхбат нь надад хандан “таны гар утас нэгжтэй юу, нэгжтэй бол утсаар яриулаач” гэж хэлэхээр нь би өөрийн Самсунг маркийн хар хөх өнгийн гар утсаа өгөхөд Мөнхбат нь миний утсаар гэр дотор ярьж байгаад гэрээс гараад яваад өгсөн. Тэгээд би гэртээ байж байгаад... өөрийнхөө утсыг санаад Мөнхбатын араас гараад Мөнхбат дээр очоод “ахынхаа гар утсыг өгчих” гэж хэлсэн чинь Мөнхбат нь “би аваагүй, зөнөг өвгөн минь битгий солиороод бай” гэж хэлэхээр нь би “чиний өмдний халаасанд байна ш дээ гаргаад өгчих” гэж хэлээд баруун талын гараас нь барихад намайг Мөнхбат нь баруун гарын тохойгоор цээж хэсэг рүү түлхэхээр нь би газарт байсан чулуу аваад Мөнхбатын толгой хэсэг руу чулуугаар 3 удаа цохисон чинь Мөнхбат намайг барьж аваад миний нүүр хэсэг рүү дух хэсгээрээ 2-3 удаа мөргөсөн. Тэгээд намайг Мөнхбат нь мөргөсний дараа төмөр хашаа дух хэсгээр мөргүүлсэн. Тэгээд би ухаан балартаад сууж байтал Мөнхбат нь дахин өвдгөөрөө миний толгой хэсэг рүү цохисон. Тэгээд би ухаан алдсан юм... Тухайн үед Мөнхбат бид хоёроос өөр хүн байгаагүй... Мөнхбат нь миний утсыг авч явсанаас болж маргаан эхэлсэн юм...” /хх-18-19/

 

Гэрч Б.Хишгээ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... засмал замын урд талд хөрш айлын залуу Мөнхбат, Баянзул нар нь хоорондоо ноцолдоод, зодолдоод байх шиг харагдсан. Тэгээд би хашаанаасаа гараад Баянзулын гэрт нь очоод эхнэр Алтанцэцэгт “танай нөхөр чинь Мөнхбаттай зодолдоод байна” гэж хэлсэн... Намайг тухайн үед харахад Баянзул, Мөнхбат нар нь хоорондоо ноцолдоод зогсож байсан. Баянзул, Мөнхбат нар нь хэн, хэнийгээ яаж цохиж, зодож байхыг би хараагүй. Баянзул, Мөнхбат нарын нүүр хэсэг нь цус болчихсон байдалтай харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

 

Гэрч Д.Түмэн-Өлзий мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...автобуснаас буугаад гэр лүү орох гэж байтал Алтанцэцэг эгч “хүүе цаана чинь Зулаа ах чинь зодолдоод байна” гэсэн. Тэгэхээр нь урагшаа гүйгээд очтол замын урд талд Баянзул ах, Мөнхбат хоёр хоёулаа улаан цус болчихсон, Мөнхбатын толгойноос цус гараад зогсож байсан... Баянзул, Мөнхбат хоёр хоёулаа архи уучихсан согтуу байсан...” /хх-ийн 26/,

 

Гэрч М.Аптанцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тэгэхэд нь би “Хүүеээ Зулаа ах, Мөнхөө хоёр чинь зодолдоод байна гэнэ” гэж хэлээд бид гурав зэрэг гүйгээд очиход тэр хоёрын хоёулангийнх нь нүүр нь улаан нялга цус болчихсон, манай нөхрийн хөмсөг нь их том ангайчихсан, тэрнээс нь их цус гарчихсан, нүд нь хөх болчихсон, Мөнхөө толгойгоо дарчихсан хоёулаа салчихсан сууж байсан. Тэгээд л удахгүй цагдаа хүрээд ирсэн... Тэгээд тэр үед “юунаас болж зодолдсон юм бэ” гэхэд Баянзул нь “Мөнхөө миний гар утсыг эхнэртэйгээ ярья гэж аваад явчихсан”... Яг зодож байхад нь бол хараагүй. Яг зодолдсоных нь дараа шууд очиход ийм гэмтэл авчихсан байсан..." /хх-ийн 27, 28/,

 

Гэрч Ц.Ариунболд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Бэлх-113 чиглэлийн... эргүүлд... 24 цагаар үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд Бэлх 10-с “Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн зуслангийн автобусны хажууд хүмүүс хоорондоо зодолдож байна” гэх мэдээллийн дагуу очиж шалгахад Баянзул гэх 60 орчим насны эрэгтэй, Мөнхбат гэх 30 гаран насны эрэгтэй нар хоорондоо маргалдсан. Мөнхбат гэх залуугийн толгойноос нь цус гарсан байдалтай. Баянзул гэх эрэгтэй хүний нүүр болон хамар хэсгээс нь цус гарсан байдалтай байсан ба Баянзул, Мөнхбат нарын хажууд 2 эмэгтэй, 1 эрэгтэй байсан... Баянзул нь тухайн үед Мөнхбатаас миний утсыг өг гэж хэлэхэд Мөнхбат нь Баянзулын нэхэж байсан Нокиа маркийн гар утсыг өмдний халааснаасаа гаргаж өгсөн юм...” /хх-ийн 105, 106/,

 

      Шүүгдэгч Ц.Мөнхбатын буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Баянзулын биед  “… тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, 2 талын нүдний ухархайн дотор хана этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дотор хана зөрүүтэй хугарал, зүүн нүдний ухархайн доод хана гайморовын хөндий рүү бага зэрэг цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн урд доод ирмэгээс гайморовын хөндийн урд хана, арын хана дайрсан зөрүүгүй хугарал, зүүн гайморовын хөндийд цус хуралдалт, зүүн талын хацар ясны нум ар хэсгийн зөрүүгүй хугарал,зүүн нүдний орчмын арын эслэг зайд хий хуралдалт, хамар ясны цөмөрсөн хугарал, духанд шарх, зүүн доод зовхи, зүүн хацрын төвгөрийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 7741 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд, шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Ц.Мөнхбатыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулахдаа түүний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Мөнхбатад ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөрөө сайн дураараа төлсөн, энэ хэрэгт хохирогчийн зохих буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэний гадна дээрх нөхцөл байдлуудад үндэслэн түүнд шүүхээс оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж дүгнэсэн болно.

 

            Шүүгдэгч Ц.Мөнхбат нь урьд хэдийгээр 2 удаа хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ялгүйд тооцох хугацаа өнгөрсөн байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин түүнийг согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэн үзэх нөхцөлд тооцон үзэв.

Хохирогч Д.Баянзул нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдвал зохино.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдоогүй болно.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Цэрэндоржийн Мөнхбатыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дүгээр зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнхбатыг 02 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Мөнхбатад оногдуулсан 02 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Ялтан Ц.Мөнхбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг  дурьдсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнхбатад шүүхээс оногдуулсан 02 жилийн хорих ялыг тэнсэж, 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

6. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

            7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Мөнхбатад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР