Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2021/0826

 

 

 

 

 

 

 

 

      2021         12          07                                  128/ШШ2021/0826

                                                                             

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэл гаргагч: УП ХХК /РД: *******/

Хариуцагч: ТХААГ ЕГЕБССБХНТҮХ

Хариуцагч: МУСЯ

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн худалдан авах ажиллагааны газрын ТХААГ/2021*****2 дугаар Ерөнхий гэрээгээр ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг хэвлэн нийлүүлэх Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А-1/830 дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, уг тендерт оролцсон УП ХХК-ийн тендерүүд нь нэгдүгээр шатанд тэнцсэн болохыг тогтоож, Сангийн яамны 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/3830 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, А.О нар /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У ПХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Тендер шалгаруулалтыг нээснээс хойш 7 хоногийн дараа буюу 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр мөн системээр дамжуулж хариуг зарласан бөгөөд албан ёсоор 2021 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн А-1/830 дугаартай албан бичиг нь манай компанид 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ирсэн.

 Уг албан бичгээс үзэхэд манай компанийн тендер оролцсон баримт бичгүүд нь ямар нэгэн зөрчилгүй, үнийн санал нь бусад оролцогчдийн илгээсэн үнийн саналаас хамгийн бага байхад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.1.1, Тендер шалгаруулалтад оролцогчдод өгөх зааварчилгааны 4.2.2-д заасны дагуу “Монгол Улсын эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй байна” гэх үндэслэлээр Тендерийн үнэлгээний хороо нь манай компанийн хүргүүлсэн тендерүүдээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Тендерийн үнэлгээний хорооны гаргасан шийдвэр, мэдэгдлээс үзэхэд компанийн хүргүүлсэн тендерүүдээс татгалзсан үндэслэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.1.1, Тендер шалгаруулалтад оролцогчдод өгөх зааварчилгааны 4.2.2-д заасны дагуу Монгол Улсын эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй байна” гэх үндэслэл байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27.1.1-д заасныг Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн А.Ерөнхий зүйл хэсгийн ТОӨ3 4.22 гэсэн хэсэгт Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байна гэж тайлбарласнаас өөрөөр тайлбарласан үндэслэлгүй шийдвэр болжээ.

Учир нь манай компани нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг гаргасан даруйд бүрэн төлж барагдуулдаг бөгөөд тендерийн баримт бичгийг бүрдүүлэн өгөхдөө Нийгмийн даатгалын ерөнхий газрын Ажил олгогчийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт олгодог https://nd8.ndaatgal.mn/onlineshim/ веб системээр дамжуулан тодорхойлолт гаргуулан тендерийн баримт бичигт хавсарган өгсөн.

Гэтэл дээрх систем нь тодорхойлолт гаргах өдрийн байдлаар бус тухайн тодорхойлолт гаргах өдрийн өмнөх сарын сүүлийн өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөртэй эсэхийг тодорхойлдгоос өр төлбөртэй мэт тодорхойлолт тендерийн баримт бичигт хавсаргагдсан байдаг.

Манай компани нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг хуульд заасан хугацаанд буюу дараа сарын 05-ны өдрийн дотор гаргаж холбогдох байгууллагад хүргүүлдэг бөгөөд ийнхүү тайлан гаргахаасаа өмнө нийгмийн даатгалын шимтгэлийг урьдчилан байдлаар тооцож тухайн сарын сүүлийн өдөрт багтаан төлбөрийг шилжүүлдэг. Үүнээс шалтгаалан нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг гаргахаас өмнө шилжүүлсэн төлбөр нь нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг гаргах үед илүү эсхүл дутуу байх тохиолдол гардаг бөгөөд хэрэв илүү төлсөн бол дараа сард шилжүүлэн тооцдог дутуу шилжүүлсэн бол зөрүүг тайлан гаргаснаас хойш шилжүүлдэг билээ.

Манай компани нь 2021 оны 5 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг урьдчилан төлөхдөө өмнөх саруудад төлж байсан дүнгээр төлсөн боловч тухайн сард ажилтнуудад олгосон цалингийн дүн өндөр байсны улмаас бага хэмжээгээр дутуу төлөгдсөн байсан бөгөөд энэ тухайгаа мэдсэн даруйдаа буюу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг гаргасан даруйд 2021 оны 6 сарын 08-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг бүрэн төлж барагдуулан тендер шалгаруулалтад оролцсон. Өөрөөр хэлбэл тухайн тендерийг нээсэн өдрийн байдлаар буюу 2021 оны 6 сарын 15-ны өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн ямар нэгэн өр төлбөргүй байсан билээ.

Түүнчлэн манай компани нь нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн буюу тендер нээхээс өмнө бүрэн төлж барагдуулсныг нотлох Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 72 тоот тодорхойлолт, төлбөр төлсөн баримтыг 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 25/204 тоот албан бичгийн хамт энэ тухай ТХААГт хүргүүлсэн.

Иймд Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гаргасан А-1/830 дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, уг тендерт оролцсон УП ХХК-ийн тендерүүд нь нэгдүгээр шатанд тэнцсэн болохыг тогтоож, УП ХХК-ийн тендерүүдийг дахин хянан үзэхийг тендерийн үнэлгээний хороонд даалгах, Монгол улсын Сангийн яамны 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/3830 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч ТХААГ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2021 оны А/83 дугаар тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг хэвлэн нийлүүлэх төсөл, хэмжээний нийлүүлэгчийг ерөнхий гэрээний дагуу сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хороо байгуулагдаж, тендерийн урилгыг цахим систем ( www.tender.gov.mn )-ээр зарлаж, 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр тендерийг нээхэд 10 компани тендерт оролцсон бөгөөд шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн оролцогчдод 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүргүүлж, 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 2021-2023 онд ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг хэвлэн нийлүүлэх ерөнхий гэрээ байгуулсан.

УП ХХК тус төсөл, арга хэмжээний багц 2, 3, 5, 15-т тендер ирүүлсэн. Тус компанийн ирүүлсэн тендер нь дараах шаардлагыг хангаагүй тул үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар уг тендерээс татгалзсан байна. Үүнд:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д Энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхын шаардлагыг тендер нээсний дараа тендер тус бүрийг энэхүү шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ гэж заасан бөгөөд хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Дараах нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ, 14.1.2-т Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй гэж тус тус заасан тул УП ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендер шалгаруулалтын ерөнхий нөхцөлийг хангаагүй.

2. ТОӨ3 4.2.2-д Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байна. Татварын тодорхойлолт ирүүлэх шаардлагагүй ба Татварын ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас тендер нээсэн өдрийн байдлаар мэдээллийг шалгана, ТОӨЗ 12.1 (е)-д Харъяа нийгмийн даатгалын хэлтсээс, нийгмийн даатгалын шимтгэлийн өр, төлбөргүй тухай тодорхойлолт ирүүлнэ гэж тус тус заасны дагуу УП ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалд Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим системээс 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр авсан Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтод 13.642.077.35 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өглөгийн дүнтэй байсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дээрх заалтууд болон тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаагүй байна.

УП ХХК-иас манай газарт ирүүлсэн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 25/204 дугаартай албан бичигт нийгмийн даатгалын шимтгэлийн өглөгийг баримт, харьяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс нийгмийн даатгалын шимтгэлийн өр, төлбөргүй тухай тодорхойлолтыг хавсаргаж ирүүлсэн боловч тендер авах эцсийн хугацаа 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутад дуусгавар болсон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Энэ хуулийн 21.5.6-д заасан хугацаанаас хожимдож ирсэн, эсхүл тендерийн баримт бичигт зааснаас өөр хэлбэрээр ирүүлсэн тендерийг хүлээж авахгүй бөгөөд хаягаар нь буцаана гэж заасны дагуу тодорхойлолтыг тендерийн үнэлгээнд харгалзан үзэх боломжгүй юм.

Тус тендер шалгаруулалтын үнэлгээний хороо Татварын ерөнхий газрын цахим мэдээллийн сан болон нийгмийн даатгалын цахим системээр дамжуулан бүх тендерт оролцогчдын лавлагааг шалгасан бөгөөд тус компанийн тендертээ ирүүлсэн 2*******8 дугаартай, О216T941Z2*******8539 QR дугаартай нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг шалгаж үзэхэд өр төлбөртэй байсан. 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд тус газрын дарга Н.Цэрэнсамбуу тус компанийн нийгмийн даатгалын лавлагааг мөн өдрийн байдлаар цахим системээс харахад мөн адил өр төлбөртэй бaйcан тyxaй хэлсэн байдаг.

Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар батлагдсан Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын 7.4-т Тендерт оролцогч нь өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ гэж заасны дагуу тус компани нь өөрийн тендерт хавсарган ирүүлсэн материалын үнэн зөвийг өөрөө хариуцах үүрэгтэй байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагч Монгол Улсын Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Тус компани захиалагчийн шийдвэртэй холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйл, Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журмын дагуу урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэх боломжтой байсан боловч хийлгээгүй, Сангийн яамны гомдол буцаасан шийдвэртэй маргаан үүсгээгүй тул хариуцагч ТХААГтай холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах шийдвэрлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн болох юм.

             Учир нь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаас үзэхэд тус компанийн мэдэгдлийн хуулбарыг 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-д байршуулсан нь илэрхий болсон бөгөөд нэхэмжлэгчийн эрх бүхий этгээд 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр цахим системээр нэвтрэн орж үр дүнтэй танилцсан бүртгэл байна. Ийнхүү цахим системд мэдэгдлийг байршуулсан нь Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын 3.2.7-д Үнэлгээний хороо хуулийн 29.1-д заасан мэдэгдэл хүргүүлсэн өдөрт багтаан цахим системд тендер шалгаруулалтын үр дүнг үнэн зөв, бүрэн нийтэлж, шалгарсан тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн нууцлаагүй хэсгийг Сангийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 132 дугаар тушаалаар батлагдсан Тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журмын дагуу ил болгох гэсэнд нийцүүлэн мэдэгдэл хүргүүлсэн өдөртөө үр дүнг цахим системд нийтэлсэн байна. Иймд нэхэмжлэгч захиалагчийн шийдвэрийг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан өдрийг цахим системд мэдэгдэл байршуулсан өдрөөс тооцож , түүнээс хойш ажлын 5 хоногийн хугацаанд бүрдүүлбэрийн шаардлага хангасан гомдол ирүүлээгүй бол гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэх юм” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

   Нэхэмжлэгч УП ХХК нь тус шүүхэд Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан ТХААГ/2021*****2 дугаар Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А-1/830 дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, уг тендерт оролцсон УП ХХК-ийн тендерүүд нь нэгдүгээр шатанд тэнцсэн болохыг тогтоож, УП ХХК-тай  ерөнхий гэрээ байгуулахыг даалгах,

 Сангийн яамны 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/3830 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...УП ХХК-тай  ерөнхий гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 0825 дугаар захирамжаар[1] баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Үнэлгээний хороонд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гаргасан А-1/830 дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, уг тендерт оролцсон УП ХХК-ийн тендерүүд нь нэгдүгээр шатанд тэнцсэн болохыг тогтоож, УП ХХК-ийн тендерүүдийг дахин хянан үзэхийг тендерийн үнэлгээний хороонд даалгах болгон өөрчилсөн.

 Хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үнэлж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч УП ХХК-иас Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2021 оны А/83 дугаар тушаалаар батлагдсан Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг хэвлэн нийлүүлэх төсөл, арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн 2, 3, 5, 15 дугаар багцад оролцохоор материалаа хүргүүлсэн, 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр тендерийг нээсэн бөгөөд уг тендерийн үнэлгээний хороо нь ерөнхий шаардлагад нийцээгүй гэх үндэслэлээр УП ХХК-ийн тендерээс татгалзсан.

1. Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан ТХААГ/2021*****2 дугаар Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А-1/830 дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, уг тендерт оролцсон УП ХХК-ийн тендерүүд нь нэгдүгээр шатанд тэнцсэн болохыг тогтоож, УП ХХК-ийн тендерүүдийг дахин хянан үзэхийг тендерийн үнэлгээний хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2021 оны А/83 дугаар тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг хэвлэн нийлүүлэх төсөл, хэмжээний нийлүүлэгчийг ерөнхий гэрээний дагуу сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хороо байгуулагдаж, тендерийн урилгыг цахим систем ( www.tender.gov.mn )-ээр зарлаж, 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр тендерийг нээсэн байна.

УП ХХК тус төсөл, арга хэмжээний багц 2, 3, 5, 15-т тендер ирүүлсэн. Тус компанийн ирүүлсэн тендер нь дараах шаардлагыг хангаагүй тул үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар уг тендерээс татгалзжээ.

Тендерийн үнэлгээний хороо тендерийг нээснээс хойш 7 хоногийн дараа буюу 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр У ХХК-ийг тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг цахим системд мэдээлж [2], УП ХХК-д 2021 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн А-1/830 дугаар албан бичгээр шууданд хүргүүлснийг нэхэмжлэгч 2021 оны 6 дугаар сарын 24ий өдөр хүлээн авсан. [3]

 Уг Тендерийн үнэлгээний хороо нь УП ХХК-ийн ирүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 13.642.077.35 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өглөгтэй гэсэн тодорхойлолтыг[4] үндэслэн тендерийн ерөнхий шаардлага хангаагүй гэж үзэн тендерт ороцуулахаас татгалзсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 Энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхын шаардлагыг тендер нээсний дараа тендер тус бүрийг энэхүү шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ гэж заасан бөгөөд хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 Дараах нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ, 14.1.2 Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй гэж тус тус заасантай нийцсэн байна.

Тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийн 4.2.2-д Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байна. Татварын тодорхойлолт ирүүлэх шаардлагагүй ба Татварын ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас тендер нээсэн өдрийн байдлаар мэдээллийг шалгана, 12.1 (е)-д Харъяа нийгмийн даатгалын хэлтсээс, нийгмийн даатгалын шимтгэлийн өр, төлбөргүй тухай тодорхойлолт ирүүлнэ гэж заасан.

УП ХХК-иас ...Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн өр төлбөргүй гэсэн тодорхойлолт, төлбөр төлсөн баримтыг 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 25/204 дугаар албан бичгийг хамт ТХААГт хүргүүлсэн гэх боловч Тендер хүлээн авах эцсийн хугацаа 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутад дуусгавар болсон бөгөөд  мөн өдөр УП ХХК-ийн тендерт ирүүлсэн нийгмийн даатгалын өр төлбөргүй талаарх тодорхойлолтоор тус компанийн тендерийг хянан үзээд шаардлага хангаагүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар батлагдсан Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын 7.4-т Тендерт оролцогч нь өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ. гэж заасны дагуу тус компани нь өөрийн тендерт хавсарган ирүүлсэн материалын үнэн зөвийг хариуцах үүрэгтэй.

Иймд нэхэмжлэгчээс Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан ТХААГ/2021*****2 дугаар тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А-1/830 дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, уг тендерт оролцсон УП ХХК-ийн тендерүүд нь нэгдүгээр шатанд тэнцсэн болохыг тогтоож, УП ХХК-ийн тендерүүдийг дахин хянан үзэхийг тендерийн үнэлгээний хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2. Сангийн яамны 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/3830 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа УП ХХК захиалагчийн шийдвэртэй холбоотойгоор урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгээгүй, Сангийн яамны гомдол буцаасан шийдвэртэй маргаан үүсгээгүй тул Сангийн яаманд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэжээ.

УП ХХК нь Тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Сангийн яаманд хандахад тус яамны 2021 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 6-1/3638 дугаар албан бичгээр[5] захиалагчийн мэдэгдэл хавсарган ирүүлээгүй гэх үндэслэлээр гомдлыг буцаасны дагуу дахин 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гомдол гаргасныг тус яамны 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/3830 дугаар албан бичгээр[6] ... гомдлыг ... ажлын 5 өдрийн дотор гаргах хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр хүлээн аваагүй.

Эдгээр баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийн талаар Сангийн яаманд урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан гэж үзнэ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ. Шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан  тохиолдолд хүлээн авахаас татгалзана, 56 дугаар зүйлийн 56.1.Гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно. гэж зааснаар хариуцагч Сангийн яаманд холбогдуулан гаргасан Сангийн яамны 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/3830 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүх хүлээн авч хянан шийдвэрлэсэн.

Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороо нь Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар батлагдсан Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын 3.2.7-д Үнэлгээний хороо хуулийн 29.1-д заасан мэдэгдэл хүргүүлсэн өдөрт багтаан цахим системд тендер шалгаруулалтын үр дүнг үнэн зөв, бүрэн нийтэлж, шалгарсан тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн нууцлаагүй хэсгийг Сангийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 132 дугаар тушаалаар батлагдсан Тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журмын дагуу ил болгох” гэсэн шаардлагын дагуу  УП ХХК-д мэдэгдлийг 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр шуудангаар хүргүүлж, цахим системд нийтэлсэн байна

УП ХХК нь үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Сангийн яаманд хандсан нь Үнэлгээний хорооны мэдэгдлийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр шуудангаар хүлээн авахаасаа өмнө мэдсэн болохыг нотолж байна.

   Нөгөөтэйгүүр, Маргаан бүхий мэдэгдлийг 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-д байршуулсан [7] нь хэрэгт авагдсан баримт болон хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдсон бөгөөд нэхэмжлэгч УП ХХК-ийн эрх бүхий этгээд 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр цахим системээр нэвтрэн орж үр дүнтэй танилцсан бүртгэл уг системд бүртгэгджээ.

Нэхэмжлэгч УП ХХК нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан ТХААГ/2021*****2 дугаар тендерийн үнэлгээний хорооны  мэдэгдлийг хүчингүй болгуулахаар Сангийн яаманд хандсан 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс тооцон үзэхэд уг өдрөөс хойш ажлын 5 хоногийн хугацаанд бүрдүүлбэрийн шаардлага хангасан гомдол ирүүлээгүй гэж үзэн Сангийн яамны 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/3830 дугаар албан бичгээр гомдлыг хүлээн авахаас татгалзсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Тендерт оролцогч нь ... захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана гэж заасантай нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгчээс Сангийн яаманд холбогдуулан гаргасан Сангийн яамны 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/3830 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг нэгтгэн дүгнээд, Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан ТХААГ/2021*****2 дугаар тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А-1/830 дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, уг тендерт оролцсон УП ХХК-ийн тендерүүд нь нэгдүгээр шатанд тэнцсэн болохыг тогтоож, УП ХХК-ийн тендерүүдийг дахин хянан үзэхийг тендерийн үнэлгээний хороонд даалгах, Сангийн яаманд холбогдуулан Сангийн яамны 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/3830 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.227 дугаар зүйлийн 27.1.1, 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар нэхэмжлэгч УП ХХК-иас  гаргасан Төрийн худалдан авах ажиллагааны газрын ТХААГ/2021*****2 дугаар Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан үнэлгээний хорооны 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А-1/830 дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, уг тендерт оролцсон УП ХХК-ийн тендерүүд нь нэгдүгээр шатанд тэнцсэн болохыг тогтоож, УП ХХК-ийн тендерүүдийг дахин хянан үзэхийг тендерийн үнэлгээний хороонд даалгах, Сангийн яаманд холбогдуулан Сангийн яамны 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/3830 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэл гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй.

 

                      

                         ШҮҮГЧ                          Б.АДЪЯАСҮРЭН

 

                                                

 

[1] Хоёрдугаар хавтасны 19 дэх тал

[2] Нэгдүгээр хавтасны 246 дахь тал

[3] Нэгдүгээр хавтасны 249 дэх тал

[4] Нэгдүгээр хавтасны 207 дахь тал

[5] Нэгдүгээр хавтасны 13 дахь тал

[6] Нэгдүгээр хавтасны 16 дахь тал

[7] Нэгдүгээр хавтасны 247 дахь тал