Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/100

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Э.Уранчимэг,

Хохирогч М.А ,

Шүүгдэгч Л.С , түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныЁ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В  овогт Л ийн С т холбогдох эрүүгийн 2209021161682 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Л.С  нь ...  тоотод 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр иргэн М.А гийн биед нь халдаж эрүүний зүүн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, хоёр бугалга, шуу гуянд цус хуралт гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.      

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд

Шүүгдэгч Л.С  нь “......  тоотод 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр иргэн М.А гийн биед нь халдаж эрүүний зүүн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, хоёр бугалга, шуу гуянд цус хуралт гэмтэл санаатай учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Нотлох баримтын талаар:

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч М.А гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ...  тоотод хоёр найз болох З , Т  нарын хамт пиво уугаад аж байхад манай хамтран амьдрагч Л.С  нь эрүүл орж ирсэн. ...хамт пиво уугаад манай хоёр найз ...ажилтай гээд явсан. Тэгээд бид хоёр юм ярьж сууж байгаад ...маргалдсан. Л.С  нь намайг хуурч, араар тавьж байсан талаар хэлээд миний хоолойг гараараа багалзуурдаад миний гар утсыг шалгая гээд гар утсыг булаацалдаж байх хооронд миний зүүн талын шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. ...миний гар утсыг шидээд эвдчихсэн. ...маргааш нь цагдаад хандсан. ...С  миний бүх хохирлыг барагдуулсан. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 43-44 дүгээр хуудас/,

 

-шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Тухай үед С  гэрт байгаагүй. Гаднаас эрүүл орж ирсэн. Тэгээд бид дөрөв юм ярилцаж сууж байгаад манай хоёр найз маргааш ажилтай гээд явсан. Тэр хоёр яваад удаагүй байхад С  өмнө болж байсан асуудлуудын талаар ярьж надтай маргалдсан. “...чи тэгвэл гар утсаа шалгуулчих...” гэхээр нь би үгүй гэтэл миний гар утсыг булаах гэж оролдсон. Булаацалдах явцад цохисон байх. ...Эмчилгээний төлбөр гэх мэт шаардлагатай бүх зардлаа гаргуулж авсан. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 11292 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт “...М.А гийн биед эрүүний зүүн хэсэгтцус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, хоёр бугалга, шуу, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Шинжээч эмч О.Болороогийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...М.А гийн биед учирсан эрүүний зүүн хэсгийн цус хуралт зөөлөн эдийн няцрал нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, 

Хөрөнгийн үнэлгээний Damno ХХК-ны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн : “...Iphone sin маркийн хучин утас дэлгэц эвдэрсэн зах зээлийн үнэлгээгээр нийт 80.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт /хх-ийн 64-66 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Л.С  мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...М.А тай утсанд ирсэн мэссэжнээс бол маргалдаж хэрүүл маргаан болсон. ...хохирогчийн бүх хохирлыг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 дугаар хуудас/,

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн хэрэг маргаан болдог өдөр А  найзуудтайгаа пиво уугаад сууж байсан. Би найзуудтай нь хамт суусан. Би А гийн утсыг хартал нэг чат байсан. Тэр чатнаас бүх маргаан болсон. А  утсаа булааж авахаар нь бид хоёр булаацалдсан. А  орон дээр сууж байхад утас нь хажууд нь байсан. Би утсыг нь авах гэтэл А  босож таараад санаандгүй утсаар нь цохисон байсан. Тэгээд А  чи намайг цохичихлоо гэж дахиж маргалдсан...” гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаар талуудын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч “...Шүүгдэгч Л.С  нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байранд иргэн М.А гийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Л.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчээс нэхэмжилсэн хохирол төлбөргүй...” гэх дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...шинжээчийн дүгнэлт дээр хохирогчийн биед учирсан 5 гэмтэл байна. Шинжээчээс мэдүүлэг авахдаа хууль сануулсан баримтад гарын үсэг зуруулаагүй. Нотлох баримтаар тооцох үндэслэл байхгүй. Шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан зүүн эрүүний зулгаралт, хөхрөлт гэх гэмтэл дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарсан. Хохирогчийн мэдүүлгээр хэрэг болдог өдрийн өмнөх өдөр сагс тоглож байгаад гэмтэл авсан. ...Хохирогч сагс тоглож ийм гэмтэл учирсан байж болзошгүй. ...С  нь санаатайгаар хохирогчийн биед халдаагүй гэх нөхцөл байдал үүсэж байна. Энэ эргэлзээтэй нөхцөл байдал бий болж байна. ...Шинжээчийн дүгнэлтэд дангаараа гэмтлийн зэрэг болж байгаа гэмтэл, хохирогчийн мэдүүлэгтэй таарахгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр яагаад зүүн эрүүний хөхрөлт дангаараа гэмтэл болж байгааг тайлбарлаагүй байна. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн гэм буруутай байдалд үндэслэл бүхий эргэлзээ бий болсон байна. Иймд миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх санал,

 

Шүүгдэгч “...Би амьдралдаа эмэгтэй хүний биед гар хүрч үзээгүй. Би тухайн өдөр А г барьж аваад зодсон үйлдэл гаргаагүй. ...утсаа аваад ир харья гээд авах гэтэл А  өндийж таараад утсанд өртсөн. ...Надад А г цохино гэсэн санаа зорилго байгаагүй. ...А  тухайн хэрэг болдог өдрийн өмнөх өдөр сагс тоглож байсан талаар улсын яллагчид хэлж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эргэлзээ бүхий нөхцөл байдал байна гэдгийг удаа дараа бичгийн болон аман байдлаар илэрхийлж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотловол зохих байдал гэж байгаа. А гийн биед учирсан 5 гэмтэл ямар цаг хугацаанд, хэн, яаж бий болсон бэ гэдгийг улсын яллагчийн зүгээс тогтоох ажиллагаа огт хийгээгүй. Хавтаст хэрэг цугларсан нотлох баримтын хүрээнд хохирогчийн гуя, бугалга, духанд учирсан гэмтлийг би нэг удаагийн үйлдлээр олон газар хохирол учруулж чадахгүй. Бусад энэ гэмтлийг яаж учирсан талаар тогтоогоогүй байж эргэлзээ бүхий байдлаар зөвхөн хохирогчийн өгсөн мэдүүлгээр хандаад байна. ...Гэм буруугүйд тооцох зарчим байгаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эргэлзээ гарвад түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байдаг. ...иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх хүсэлт тус тус гаргаж мэтгэлцэв.

Эрх зүйн дүгнэлт:

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 11292 дугаар дүгнэлтээр хохирогч М.А гийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын үндсэн шинж “...гэм буруугийн санаатай...” хэлбэрээр үйлдэгдсэн байхыг шаарддаг.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хохирогч М.А гийн биед учруулсан гэмтлийг “...болгоомжгүй байдлаар цохигдсон ...санаатай үйлдэл биш...” гэж мэтгэлцсэн ба шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтыг нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч Л.С ын үйлдэл “...санаатай...” байна гэж шүүх үзлээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...” гэж заажээ.

Шүүгдэгч Л.С ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Шүүгдэгч Л.С ын үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд “...эрүүний зүүн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, хоёр бугалга, шуу, гуянд цус хуралт гэмтэл...” шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Мөн хохирогч М.А  мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...миний хоолойг гараараа багалзуурдаад ...гар утсыг шалгая гээд ...булаацалдаж байх хооронд миний зүүн талын шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохисон...” гэж мэдүүлсэн ба шүүгдэгч нь хохирогчийн гар утсыг авах сэдэл, зорилгын улмаас хохирогчийн эсэргүүцлийг няцаан хүч хэрэглэж улмаар биед халдаж байгаа нь санаатай үйлдэл бөгөөд шинжээчийн дүгнэлтэд дурдсан дээрх хэд хэдэн гэмтлийг болгоомжгүй нэг удаагийн үйлдлээр учруулах боломжгүй, хохирогчийн биед учирсан дээрх гэмтэл нь шүүгдэгчийн хууль бус үйлдэлтэй, шалтгаантай холбоотой байна.

Иймд шүүгдэгч Л.С ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов. 

Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн “...шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, “...хохирогч сагсан бөмбөг тоглож байгаад дээрх гэмтэл авсан...” гэх санал, дүгнэлт нь үндэслэлгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн бодит байдлыг тогтоогдсон, шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж үзсэн ба хавтаст хэргийн 15-16 дугаар хуудсанд шинжээч эмчид хууль сануулсан баримт авагдсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч М.А  нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд гомдол саналгүй, хохирлыг барагдуулсан талаар мэдүүлсэн байна. Иймд шүүгдэгч Х.С ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Шүүгдэгч С  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, хохирогч гомдол саналгүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.... гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Гэм буруугийн хувьд маргаж оролцсон. Гэвч шүүхээс гэм буруутай шийдвэр гарсан учир шүүхийн шийдвэрийг дагах ёстой. ...Гэм буруугаа хүлээгээгүй нь хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй. ...Миний үйллүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээгээр тогтоож өгнө үү...” гэх санал,

Шүүгдэгч Л.С  нь улсын яллагчийн дүгнэлтэй холбоотой санал гаргагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Л.С ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.С ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 25 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар тал/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 30 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж түүний хувийн байдлыг тодорхойлов.

Шүүгдэгч Л.С т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа ...учруулсан хохирлыг төлсөн...-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Л.С т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас “торгох ял” сонгон, ялын хэмжээг 700 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр тогтоох нь эрүүгийн хариуцлагын зорилго, шудрага ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С т оногдуулсан торгох ялыг хуульд зааснаар 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Бусад асуудлаар:

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Банчиг овогт Л ийн С ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С ыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С т оногдуулсан торгох ялыг хуульд зааснаар 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.С т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин Т  болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БАТСАЙХАН