Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 00169

 

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 153/ШШ2019/00169

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Дуут сум, Хөх бэлчир багт оршин суух, . дугаарын регистртэй, Д овогт Тын Н,

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Дуут сум, Хөх бэлчир багт оршин суух, . дугаарын регистртэй, Ч овогт Бийн Д,

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 4-12 тоотод оршин суух, . дугаарын регистртэй, Ш овогт Б Мын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Дуут сум, Босго багт оршин суух, .. дугаарын регистртэй, Х. овогт Б.ийн Эт холбогдох Ховд аймгийн Дуут сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Т.Н, Б.Д, Д.М нарын хоорондох барьцааны гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 153/2019/00052/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Г.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотариатын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т зааснаар нотариатч ажиллаагүй суманд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх авсан сумын Засаг даргын Тамгын газрын дарга нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэдэг. Нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэж байгаа албан тушаалтанд энэ хуульд заасан нотариатчийн эрх, үүрэг, холбогдох бусад зүйл, заалт нэгэн адил хамаарна гэж Нотариатын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т заажээ.

Иймд нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь нотариатын үйлдэл хийхдээ Нотариатын тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 дүгээр тушаалаар батлагдсан "Нотариатын үйлдэл хийх заавар”-ыг баримтална. Гэтэл Ховд аймгийн Дуут сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Т.Н, Б.Д, Д.М нарын хооронд байгуулсан барьцааны гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэл нь дээрх хууль, журмыг дараах байдлаар зөрчлөө. Үүнд:

Нэг. Нотариатын үйлдэл хийлгэж байгаа этгээдийн хувийн байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй, нотариатын үйлдэл хийхэд зайлшгүй шаардлагатай баримт бичиг, мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс шаардан аваагүй, гэрээг төлөөлөгчөөр дамжуулан хийж байгаа бол төлөөлөгчийн бүрэн эрх, итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягтлаагүй. Д.Мийн хувийн байдлыг тодруулаагүй, барьцааны гэрээ байгуулахдаа иргэн, эсхүл Зэвсэгт хүчний 123 дугар ангийг төлөөлж байгаа эсэхийг тодруулаагүй, хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх, итгэмжлэл олгогдсон эсэхийг тус тус шалгаагүй.

Хоёр. Үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөөгүй. Тодруулбал барьцааны гэрээг гэрчлэхдээ хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэх, талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ, хэлцэл байгуулсан эсэх, бусдын дарамт, шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд автаагүй эсэх, агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх, үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэхийг нягтлаагүй. Т.Н, Б.Д бид Д.Мийг хууль бус дарамт шахалт, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл, нөлөөллийн үндсэн дээр гэрээ байгуулсан нөхцөл байдлыг шалгалгүйгээр нотариатын үйлдэл хийсэн нь Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т заасныг зөрчсөн. Мөн түүнчлэн гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүний агуулга, гарах үр дагавар, үүргээ биелүүлээгүй нөхцөлд хүлээх хариуцлага зэргийг бүрэн гүйцэд ойлгосон эсэхийг талуудаас тодруулаагүй.

Гурав. Нотариатч баримт бичиг, үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хөтөлж түүнд нотариатчийн хийсэн нотариатын үйлдлийг он, cap өдрийн дарааллаар нь үнэн зөв засваргүй, гаргацтай, тодорхой бичнэ. Нотариатын бүртгэлийн дэвтэрт үйлчлүүлэгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхний болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хэрэв нотариатын үйлдэл хийхэд тэмдэглэл хөтөлсөн бол энэ тухай тус тус тэмдэглэнэ. Хуулийн дээрх шаардлагыг Ховд аймгийн Дуут сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Т.Н, Б.Д, Д.М нарын хооронд байгуулсан барьцааны гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэл хангаагүй. Нотариатчийн үүрэг гүйцэтгэгч гэрээний бүртгэлд Т.Н, Б.Д. Д.М нарын гарын үсэг байхгүй нь Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Үйлчлүүлэгч, нотариатын үйлдэл хийхэд оролцсон гэрч, бусад оролцогч нотариатын бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурна” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Дөрөв. Ховд аймгийн Дуут сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь Т.Н. Б.Д, Д.М нарын хоорондох барьцааны гэрээг ажлын бус цагаар гэрчилсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т “Долоо хоногийн ажпын цаг нь 40 хүртэл байна”, 70.2-т “Ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг байна” гэснийг зөрчсөн.

Тав. Ховд аймгийн Дуут сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгчид Нотариатын тухаи хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-т “үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж. Монгол Улсын олон улсын гэрээнд харшилсан”, 31.1.4-т “үйлчлүүлэгч нь төлөөлөх эрхгүй” үндэслэлээр нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэлтэй байсан. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно” гэжээ.

Иймд Ховд аймгийн Дуут сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Т.Н, Б.Д, Д.М нарын хоорондох барьцааны гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156, 157 дугаар зүйлд заасан журмын дагуу гомдол гаргалаа гэв.

            Хариуцагч Б.Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын Тамгын газрын дарга, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч Б.Э би танай шүүхэд хандсан Т.Н, Б.Д нарын гомдлыг гардан авч танилцлаа. Нэхэмжлэгч Т.Н, Б.Д нарын гомдолд дурдсан үндэслэлээр 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн барьцааны гэрээ гэрчилсэн нотариатын үйлдлыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэв.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Н, Б.Д нар нь Зэвсэгт хүчний 123 дугаар ангитай гэрээ байгуулан 21 үхэр, 408 бог нийлүүсэн. Гэхдээ гэрээнд заасны дагуу амьдын жингээр тооцож өгнө гэсний дагуу эр хонийг 45кг, эр ямаа 35кг жингээр бодож өгнө гэсэн гэрээний дагуу мал нийлүүлсэн боловч төлөг, шүдлэн ирсэн бөгөөд жин нь хүрэхгүй 4тн мах дутсан. Бид нарын зүгээс дутсан махыг ямар байдлаар барагдуулах талаар асуухад төлж барагдуулахаа илэрхийлдэг. Намайг 2018 оны 12 сараас өмнө ангийн захирагч дуудсан бөгөөд Т.Нийн гэрт нь очоод дутагдалтай махаа нийлүүлэхийг шаардахад ‘мал туранхай учраас одоогийн байдлаар 300 толгой мал гаргахаар хот харлах гээд байна, харин 160 бог өгнө” гэсэн асуудлыг хэлээд гэрээ байгуулахаар харилцан тохиролцоод 15 цагийн орчимд сумын төвд орж ирээд Засаг даргын Тамгын газрын дарга буюу наториатчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчтэй уулзаад. мах дутаасан талаар хэлээд гэрээний эхийг бэлдүүлээд Т.Н, Б.Д нарын авч ирэхээр гэрт нь очсон. Т.Н болон Б.Д нарт гэрээ байгуулах талаар хэлэхэд "би ер нь хотоо харлуулж байхаар шоронд явъя" гэж хэлэхээр нь хэсгийн төлөөлөгч цагдаа дээр дагуулаад очиход хуулиа судлаад эрүүгийн хэргийг үүсгүүлэхгүй гэж хэлээд гэрээгээ байгуулахаар болоод хүсэлт бичиж өгөөд. цагдаагийн өрөөнөөс гараад Засаг даргын Тамгын газар очиход иргэний үнэмлэхээ гэртээ орхисон гэж хэлээд явсаар байтал ажлын цаг өнгөрөөд гэрээгээ байгуулсан. Бид нарын зүгээс гарын үсгүүдээ зураад 6000 төгрөгийг хураамж гарсныг Б.Д "би маргааш авч ирээд төлнө” гэж хэлээд явцгаасан. Харин бид нарын зүгээс ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн, хүч хэрэглэсэн асуудал байхгүй учраас хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь хариуцагч Б.Эт холбогдуулан Ховд аймгийн Дуут сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Т.Н, Б.Д, Д.М нарын хоорондох барьцааны гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагчийн болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хуралдаанд оролцогчдоос гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад Ховд аймгийн Дуут сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Т.Н, Б.Д, Д.М нарын хоорондох барьцааны гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д “ Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч  этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно.” Мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д “итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх , хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан байх” хуулийн шаардлагыг хангаагүй буюу өөрөөр хэлбэл бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.М нь төлөөлөх бүрэн эрхгүй этгээд байхад хариуцагч нь нотариатын үйлдэл хийхээс татгалзах үүрэгтэй байжээ.

Нотариатийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д “ үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж , Монгол улсын олон улсын гэрээнд  харшилсан, 31.1.4-т” үйлчлүүлэгч нь төлөөлөх эрхгүй “үндэслэл байх юм бол нотариатч үйлдэл хийхээс татгалзах үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч Б.Э нь 2018 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн барьцааны гэрээ гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хариуцагчийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2/70 дугаартай Ховд аймаг Дуут сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн хариу тайлбар баримтаар тогтоогдож байна.

Нотариатын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Нотариат хуульд заасан нотариатын үйлдэл хийх, хууль зүйн зөвлөгөө өгөх, баримт бичиг боловсруулах, нотариатын үйлдлийн талаар лавлагаа гаргахад үйлчилгээний хөлс авах бөгөөд үйлчлэгчийн хүсэлтээр ажлын байрнаасаа өөр газар очиж үйлчилсэн бол үйлчилгээний хөлс болон тээврийн зардлыг үйлчлүүлэгчээс авна “ гэсэн хуулийн заалтыг зөрчиж үйлчилгээний хөлсийг аваагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдлоо.

Мөн Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар “Нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичиг, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэх бөгөөд итгэмжлэл, төлөөлөлнь зохих ёсоор бүрдсэн эрх зүйн чадамжтай эсэхийг шалгаж, шаардлагатай бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт эсхүл тухайн хүнийг таних хоёр гэрчээр тодорхойлуулан тогтоож болно”, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-т заасан “ үйлчлүүлэгч нь эрхзүйн чадамжгүй , эсхүл төлөөлөх эрхгүй байвал” нотариатын үйлдэл хийхээс татгалзах гэсэн хуулийн шаардлагыг хариуцагч зөрчжээ.

Учир нь Ховд аймгийн Дуут сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгч Б.Э нь уг барьцааны гэрээний агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэхийг тодруулахгүйгээр нотариатын үйлдэл хийсэн нь Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.3-д заасныг зөрчиж байгаа ба мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т зааснаар нотариатч гэрээг гэрчлэхээс татгалзах үүргээ биелүүлээгүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар уг нэхэмжлэл  нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдав.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116. 118 дугаар зүйлдзаасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2.1, Нотариатын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.1.4, 46 дугаар зүйлийн 46.2.3, 46.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Н, Б.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Эт холбогдох Ховд аймгийн Дуут сумын нотариатчийн үүрэг үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Т.Н, Б.Д, Д.М нарын хоорондох барьцааны гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.ОЮУН-ЭРДЭНЭ