Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 00173

 

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 153/ШШ2019/00173

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Мянгад сум, Чацаргант багт оршин суух, ... дугаарын регистртэй, Я. овогт О.ийн Цын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 153/2019/00104/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч О.Ц нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О.Ц нь 1966 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Окоо гэдэг айлын 3 дахь охин болон төрсөн. Бага насаа аав ээжийн гар дээр өнгөрөөж, 1974 онд Ховд аймгийн Мянгад сумын дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн суралцсан. Дунд сургуульд суралцаж байгаад 1981 оны 1 сард сургуулиас гарсан.

Сургуулиас гараад аав Окоогийн суурьт аав, ээжийн хамт мал малласан. Тухайн үед миний хөдөлмөрийн хөлсийг аав ээжийн хамт гаргадаг байсан.

Ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж тус шүүхийн 2018 оны 05 сарын 17-ны өдрийн 153/ШШ2018/00293 дугаар шийдвэрээр намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1982 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэж, бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд Яргай овогт Окоогийн Ц намайг 1981 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулаг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч О.Ц нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1981 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч О.Ц нь 1981 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1836 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан бригадын 1981-1982 онуудын 70 дугаар дансны хуулбарууд,

- Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2018/00293 дугаар шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Гэрч Л.Баттөмөрийн “...Би 1971 онд Ховд аймгийн Мянгад суманд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр гарч Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. 1971-1974 он хүртэл мал маллаж байгаад 1974-1977 онд цэргийн алба хаасан. 1977 онд цэргээс ирээд 1980 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад Эмчилгээ тэжээлийн цэгт санитарчнаар ажилласан. 1980-1992 он хүртэл уг нэгдэлдээ адуу малласан. Окоо гуа нь олон хүүхэдтэй айл байсан. 1981 онд О.Ц 6 дугаар ангиасаа гараад аав ээжийн хамт 1988 оны 2 дугаар сар хүртэл мал маллаж байгаад Чацаргант багийн Баатар гэдэг хүнтэй суугаад явсан.  ... гэх гэрчийн мэдүүлэг,

Гэрч Б.Нохойжавын “...Би 1977 онд Ховд аймгийн Мянгад суманд 8 дугаар анги төгсөөд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. 1979 онд хүнтэй суугаад Увс аймгийн Өлгий сумын суманд амьдарч эхэлсэн. 1980 оноос буцан ирж Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар 1990 оныг дуустал ажилласан.  О.Цын аав ээжтэй нь манай аав ээж найзууд байсан. О.Цынх ах дүү олуулаа. О.Ц нь 1981 онд 4 дүгээр анги төгсөөд аав ээжийн хамт Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад 1988 он хүртэл мал маллаж байгаад хүнтэй суусан. Тэгээд Чацаргант баг руу шилжсэн... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан О.Цыг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Яргай овогт Окоогийн Цыг 1981 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар О.Цын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.ОЮУН-ЭРДЭНЭ