Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/111

 

 

                                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныЁ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт С гийн Э д холбогдох эрүүгийн 2209000002453 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Э нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “... ” ХХК-ийн шатахуун түгээх станц дээр гээгдүүлсэн “Iphone 14 Promax” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж хувьдаа завшин хохирогч Л.Ү ид 4.322.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

      

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч С.Э нь ...2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “... ” ХХК-ийн шатахуун түгээх станц дээр гээгдүүлсэн “Iphone 14 Promax” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж хувьдаа завшин хохирогч Л.Ү ид 4.322.500 төгрөгийн хохирол учруулсан... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Л.Ү ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Надтай тус шатахуун түгээх станцын хувцастай намхан эрэгтэй хүн зөрсөн, өөр ямар нэгэн хөдөлгөөн мэдрэгдээгүй тул очоод өндөр биетэй түгээгч ахаас “энэ хавьд гар утас унасан байсныг харсан уу” гэж асуухад “хараагүй гэж хэлэхэд нь би “таны гар утсаар нэг удаа залгаад үзье гэж хэлэхэд зөвшөөрч утсаа өгсөн. Тэгээд өөрийнхөө гар утас руу залгахад дуудаж байсан. Би найзынхаа машинд зөндөө хайгаад олоогүй учраас гайхаад хөгжим зогссон газарт очиход намхан түгээгч ахтай таарсан. Тэгээд намайг газраас юм хайгаад байхыг тэр ах харчхаад ямар гар утас алга болгочихсон юм бэ гэж асуухаар нь би тэр ахаас “энэ хавьд гар утас унагаасан байхыг хараагүй биз гэж асуухад “ёстой анзаараагүй, мэдэхгүй байна, ямар гар утас байсан юм гэхэд нь би “Айфоне 14” гэж хэлсэн. Тэгэхэд тэр намхан түгээгч ах надад хандаж “Айфоне чинь тэгээд ч өөр хүн ашиглаж болдоггүй биз дээ, олдчих байлгүй дээ” гэж хэлээд цаашаа яваад өгсөн. Тэгээд байж байхад найз Т  руу би залгаад гар утсаа алдчихлаа гзж хэлэхэд Т  машинтайгаа хүрч ирсэн бөгөөд өмнө нь Т ын машинд блютүүтээр нь холбож байсан учраас Т ын машин хажууд ирэхэд миний гар утас мэдрэгчээрээ холбогдоод миний сонсож байсан дуу тоглоод эхэлсэн. Тэгэхэд нь гар утас маань энд ойрхон байна гэж бодоод Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Би тухайн шатахуун түгээх станцын хоёр ажилтныг сэжиглэж байсан. ...Тухайн гар утас нь Айфоне 14 промакс загварын гар утас байсан бөгөөд тухайн гар утсыг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр АНУ-аас захиалж авчирч байсан, 1300 ам доллар буюу Монгол төгрөгөөр бол 4.500.000 орчим төгрөг болж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр тал/,

 

2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7 дугаар тал/,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 11-12 дугаар тал/,

 

2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14-16 дугаар тал/,

 

2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Iphone 14 Promax” загварын гар утсыг хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 33-34 дүгээр тал/,

 

Шүүгдэгч С.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...Би өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна. Намайг ажил дээрээ байж байгаад ард тал руу гарч тамхи татчихаад буцаад ирж байхад замд нэг гар утас олсон. Тэгээд гар утсыг би дуугараад байхаар нь сандарсандаа түгээгүүрийн хажуугийн пүүтэг буюу тооцооны хэрэгслүүдээ хадгалах цагаан дөрвөлжин дээр тавьсан. Тэгээд байж байхад нэг эмэгтэй ирээд гар утас хаясан байхыг харсан уу гэж асуухаар нь би хараагүй гэж хэлсэн. Төд удалгүй тухайн эмэгтэйн нөхөр нь ч юм уу, найз залуу нь ч юм уу нэг хүн ирээд утас хайгаад байхаар нь би айсандаа гар утсыг нь гаргаж өгч чадаагүй. Тэгээд байж байхад цагдаагийн алба хаагч нар ирээд хяналтын камер шүүгээд олсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн  23-24 дүгээр тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч С.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй... гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Э нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч С.Э нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “... ” ХХК-ийн шатахуун түгээх станц дээр гээгдүүлсэн “Iphone 14 Promax” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж хувьдаа завшин хохирогч Л.Ү ид 4.322.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч С.Э  нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.

Эрх зүйн дүгнэлт:

Гээгдэл эд хөрөнгө гэдэг нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл шалтгаалан хаягдаж орхигдсон тухайн үед эзэн нь тодорхойгүй, мэдэгдэхгүй байгаа зүйлийг хэлнэ.

Шүүхээс тогтоосон үйл баримтаар хохирогч Л.Ү  нь гар утсаа хаяхыг хүсээгүй буюу түүний хүсэл зоригоос үл шалтгаалах байдлаар гээгдэж, орхигдсон эд зүйл болох “Iphone 14 Promax” загварын гар утсыг шүүгдэгч С.Э олж авч, бусдынх гэдгийг мэдсээр байж авч завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж хангаж байна.

Шүүгдэгч нь тус гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд прокуророос шүүгдэгч С.Э д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч С.Э өөс “Iphone 14 Promax” загварын гар утсыг хураан авч, хохирогч Л.Ү ид хүлээлгэн өгсөн /хх-33-34/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Шүүгдэгч С.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч С.Э нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Э ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Э ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 43-45 дугаар тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 40-41 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч С.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүхээс шүүгдэгч С.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж;

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б  овогт С гийн Э ийг “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Э д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БАТСАЙХАН