Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 00174

 

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 153/ШШ2019/00174

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багт оршин суух, .. дугаарын регистртэй, Зн овогтой Х.ийн Хын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 153/2019/00113/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х.Х нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 1985 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч аав Хасгаа, ээж Тамжаа нарын хамт 1988 оны 10 дугаар cap хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад бог мал малласан. 1988 оны 10 дугаар сараас нөхөр Чүлтэмхүү овогтой Бямбацэрэнтэй гэр бүл болж, Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад 1990 он дуустал мөн бог мал малласан.

Үүнээс хойш одоо болтол тус сумандаа тасралтгүй мал малласаар байгаа. Намайг бага байхад аав ээж болон ойр тойрны бүх хүмүүс Жимсэнгуа гэж дууддаг байсантай холбоотойгоор тухайн үед аав ээжийнхээ хамт мал маллаж байхад нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрт миний нэрийг Хасгаагийн Жимсэнгуа гэж бичсэн байна. Гэтэл миний албан ёсны бичиг баримт дээрх нэр бол Х юм.

Аав ээжийн хамт мал маллаж байх үед болон нөхөртэйгөө мал маллаж байх үеийн 70 дугаар данснаас цалин авсан баримтыг шүүж үзэхэд миний нэрийг мөн Жимсэнгуа гэсэн байна.

Х.Х би өндөр насны тэтгэврээ тогтоолгох болоход хөдөлмөрийн дэвтэр, 70 дугаар дансан дээрх нэрүүд иргэний үнэмлэхний нэртэй зөрүүтэй, зарим тушаалууд олдохгүй байгаа тул заавал шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд Хасгаа овогтой Х намайг 1985 оны 08 дугаар сараас 1988 оны 10 дугаар cap хүртэл Ховд амйгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад хоньчноор, 1988 оны 10 дугаар сараас 1990 дуустал Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга бригадад хоньчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Х.Х нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1985 оны 08 дугаар сараас 1988 оны 10 дугаар cap хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад, 1988 оны 10 дугаар сараас 1990 хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Х.Х нь 1985 оны 08 дугаар сараас 1988 оны 10 дугаар cap хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад, 1988 оны 10 дугаар сараас 1990 хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад тус тус малчнаар ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 267 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн, Дарви сумын Мөнгөн аяга бригадын 1985-1990 оны 70 дугаар дансны хуулбарууд,

- Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан 1604000301 дугаартай баталгаажилтын хуудас, нийгмийн даатгалын А0776455 тоот дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

- Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Хүсэлт гаргагчийн төрсний бүртгэлийн 36/000785 дугаар лавлагаа,

- Ч.Бямбацэрэн, Х.Х нарын гэрлэлтийн бүртгэлийн 36/000762 дугаар лавлагаа,

Гэрч Ч.Энхтуяагийн ... “Би 1972 онд Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багт төрсөн. 8 дугаар ангийг 1988 онд Ховд аймгийн Дарви сумын сургуулийг төгссөн. 1988-1992 оноос Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн 4 дүгээр бригадад эцэг эхийн хамт бог мал малладаг байсан. Х.Х нь миний ах Ч.Бямбацэрэнтэй 1988 онд айл болон манай Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн 4 дүгээр бригадад шилжиж ирсэн. Тэгээд 1988-1990 он хүртэл нэгдэлд мал малласан. Бид Х.Хыг Жимсээ гэж дууддаг. Ховд аймгийн Зэрэг, Дарви сумынхан Хыг голдуу Жимсээ, Жимсэнгуа гэж дууддаг... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х.Хыг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Захынхан овогт Хасгаагийн Хыг 1985 оны 08 дугаар сараас 1988 оны 10 дугаар cap хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад, 1988 оны 10 дугаар сараас 1990 хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Х.Хын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.ОЮУН-ЭРДЭНЭ